Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эцсийн мөч хүртэл амьдрах хуулиар олгогдсон эрх Монгол хүнд бий

Н.БАТ

Хөнгөвчлөх тасаг. Хавдар судлалын үндэсний төвд хамгийн их дугаартай, гэхдээ олдоггүй эрэлттэй тийм тасаг бий. Хавдар тэр тусмаа хорт хавдар гэх зовлонг мэдэрсэн, хайртай дотно хүмүүсээ энэ өвчнөөр алдсан хүн бүр Хавдар судлалын үндэсний төвийн энэ тасгийг мэднэ. Хорт хавдар нь эцсийн шатандаа орсон гэдгийг сонсоод л эмч, эмнэлэг  хүлээж авахаас цэрвэхийг мэдрэх тусам хүнд хорвоог орхих хүсэл нь улам л нэмэгддэг юм билээ. Өвчин, өвдөлтөнд гэхээс илүүтэй сэтгэлийн шархандаа идэгдэж буй хүмүүст хөнгөвчлөх тасаг юу юунаас илүү чухал байдаг. 

Энэ хэрэгцээг харамсалтай нь биднээс илүүтэйгээр гадныхан ялангуяа хүмүүнлэгийн үйлс гэх нэрээр шашны үйл ажиллагаа явуулдаг газрууд аль эртнээс мэдэрчээ. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар хөнгөвчлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 орчим эмнэлэг байдгаас гурав нь гадаадын буюу үндсэндээ Солонгосын хөрөнгө оруулалттай гэнэ.
Гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг хэмээн Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан учраас Монгол Улсын хууль журмын дагуу үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх ёстой.

2005 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн “Грийн Хоум” гэх Солонгосын нэгэн шашны байгууллагын санхүүжилттэй энэ эмнэлэг хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлдэг гурван байгууллагын нэг. Тус эмнэлэгт хандсан зарим өвчтөн зургаан сараар ч хэвтэх нь байдаг гэнэ.  Жилдээ 50 гаруй хүн хандаж, хэвтдэг. Хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлнэ гэдэг амьдралынхаа эцсийн мөчөө хүлээж буй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг л цааргалахгүй үзүүлж, тэсхүйеэ бэрх өвдөлтийг түр ч атугай даван гарахад туслах юм. Тийм ч учраас иймэрхүү эмнэлэг хүмүүнлэгийн байгууллагад төрийн хяналт шалгалтыг тэр бүр тавиад байдаггүй бололтой. Мэргэжлийн хяналтынхан арав гаруй жил үйл ажиллагаа явуулсан энэ эмнэлгийг урьд нь хянаж шалгасан баримт алга гэдгээ өчигдөр хүлээн  зөвшөөрсөн. Сүүлийн хоёр жилд бол ямар ч шалгалт хийгээгүй нь баттай учраас өнгөрсөн сард удирдлагуудынхаа үүрэг даалгавараар байцаагчид нь очжээ.

Харамсалтай нь, хүмүүн­лэгийн гэх энэ эмнэлэг амьдралын эцсийн мөчөө хүлээж байгаа хүмүүст нүглийн нүдийг гурилаар хуурав гээч л үйлчилгээ үзүүлж байсан гэнэ.  Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх заавар нь тодорхойгүй, хугацаа нь дууссан, сав баглаа нь стандартын бус эмийг өвч­төнүүддээ уулгадаг байсан нь шалгалтаар илэрчээ.  Эм­нэл­гийн байр нь орон сууц, гэр хорооллоос 100 метрээс дотогш байрласан,  зориулалтын бус, механик агааржуулалтын системгүй, гэрэлтүүлэг, ариутгал, гал тогоо, эмийн сан нь  стан­дартын шаардлага хангахгүй, тарианы өрөөгүй, мэргэшсэн ариутгагчгүй, эрүүл ахуйч, халдвар судлаач эмчгүй гээд нийт 28 зөрчил илэрсэн байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн байгууллагад байж боломгүй зөрчлүүд зөвхөн энэ эмнэлэгт байсан болж таарав.  Эмнэлэг гэж хэлэх ч хэцүү энэ байдлаас үзвэл анхнаас нь яагаад ийм олон доголдолтой газарт эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл Эрүүл мэндийн яам олгосон юм бэ гэдэгт хамгийн түрүүнд ан­хаарал хандуулмаар санагдав.

Хэдийгээр хүмүүнлэгийн гээд улсаас нэг ч төгрөг авахгүй танай монголчуудад тусламж үйлчилгээ үзүүлье гэсэн татгалзаж боломгүй санал тавьсан байсан ч эмнэлгийн байгууллага гэдэг дуртай хүний эрхэлдэг “бизнес” биш.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Т.Гэрэлт-Од “2014 онд болон 2015 оны эхээр хугацаа нь дууссан эмүүдийг өвчтөнүүдэд уулгаж байсан баримт тодорхой харагдаж байна. Бүх эм нь солонгос бичигтэй учраас хэрэглэх заавар нь тодорхойгүй, ямар өвчинд уух нь тодорхойгүй. Өвчтөний картаас  ходоодны хүчил багасгах, гэдэсний дүүрэнгийг арилгах, өвчин намдаах эмүүд л гэж харж байна. Лабораторид шинжилж байна. Ким Хунан Баг гэдэг хүн удирдаж ажиллуулдаг эмнэлэг. Илэрсэн зөрчлийг үндэслэн Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу сая 920 мянган төгрөгөөр торгож, 28 нэрийн 24656 эмийг хурааж, зохих журмын дагуу устгалын комисст хүлээлгэн өгөөд эмнэлгийн тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх саналаа Эрүүл мэнд спортын яаманд хүргүүлсэн” гэв. 

Ямар ч байсан хүмүүнлэгийн гэх тодотголтой хамгийн эхний шалгалтад өртсөн эмнэлгээс маш олон зөрчил илэрч. Үнэндээ эмнэлэг гэсэн нэрийн дор чухам эзэн солонгосчууд юу хийж байсан юм бол гэх хар өөрийн эрхгүй төрөх. 10 жил Монголын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулаад байхад шалгалт хаагуур нь өнгөрөөд байв аа. Хэрхэн яаж Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг хил гаалиар оруулав гээд түмэн асуудал дагуулсан асуултын том тэмдэг гарч ирлээ.

Солонгосчууд улсын бүртгэлд бүртгүүлээгүй эм оруулж ирснээ хандив тус­ламж хэмээн тайлбарласан гэж байгаа. Хамгийн нарийн шалгалт хийх ёстой эмийг зүгээр тусламж гээд оруулж ирж болж байгаа юм чинь өөр юу ч оруулж ирж байгааг хэн мэдэх билээ. Эцсийн мөчөө хүлээж байгаа өвчтөн ч гэлээ Үндсэн хуулиар олгогдсон амьдрах эрхээ эдлэх л ёстой хүн. Үхэх гэж байгаа юм бол хугацаа нь дууссан эм ууж, улсын эмнэлэгт нүд үзүүрлэгдэж, хүмүүнлэгийн эмнэлэг бараадаж, хүний гар харж явах ёстой гэсэн хууль дүрэм байхгүй. Амьдарч, ар гэр үр хүүхэддээ эцсийн мөч хүртлээ харагдах эрх тэдэнд бий.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байсан “Грийн хоум” гэх байгууллага үнэндээ Монгол хүнийг, Монголын төрийг ингэж л үнэлж, ажиллаж байж. Өмнө нь асрамжийн газрын хүүхдүүдэд хугацаа нь дууссан эм хэрэглүүлсэн тохиолдол ч гарч байсан.

Өнөөдөр зөвхөн Баянзүрх дүүрэгт шашны гэх нэрээр үйл ажиллагаа явуулдаг 40-өөд байгууллага бий. Тэдний дийлэнх нь христийн шашны сүм хийд, төв. Ихэвчлэн гэр хороолол бараадаж, том том сүмийн байшин босгосон байдгийг та анзаарсан л байх. Гэтэл энэ хүмүүнлэгийн гэх бас монголчуудад тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлж байгаа гэх “сайхан сэтгэл”-д хаа хаанаа анхаарал хандуулах цаг болсныг олон олон баримт анхааруулсаар байгаа бус уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан