Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арчаатай тариаланчид ургац алдахгүй

Монголчууд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд л бизнес гэдэг чухам юу болохыг ухаж ойлгож байх шиг... Соц нийгмийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай үед дээрээс бүгдийг шийддэг байсан цагт харин ч хөдөө аж ахуй чамлахааргүй хөгжиж байсан бололтой юм. 1980-90 оны хооронд 600 гаруй мянган га-д үр тариа тарьж, түүнээсээ 700 гаруй мянган тонн ургац хураан авдаг байсан тухай Ш.Гунгаадорж гуайн илтгэлээс харлаа. Гэхдээ 2000 оноос хойш газар тариалан аажим сэргэж, техник, технологийн хувьд дэлхийн хэмжээ рүү дөхсөөр.

Өнөөдрийн байдлаар манай улс 400 орчим мянган га-д тариалалт хийж 465 мянган тонн улаанбуудай авахаар тооцсон байна. Харамсалтай нь гантай жилийн хувьд ургац ид ургах үеэр хур бороо тасарснаас тодорхой хэмжээнд ургац алджээ. Гэхдээ арчаатай тариаланчдын арчилгаатай талбайгаас төлөвлөсөн ургацынхаа 90 гаруй хувийг авахаар байгаа аж. Ингээд дүгнэхээр манай улс энэ жилийн нийт ургацынхаа 60 гаруй хувийг хураан авахаар урьдчилсан тооцоо гаргажээ.

ХХАА-н сайд Р.Бурмааг Сэлэнгэ, Орхон аймгаар явж тариаланчидтай уулзах сургаар миний бие энэ жилийн ургац хэр ургасан, гантай зуныг хэрхэн давсан талаар газар дээр нь очиж үзэхээр бусад сэтгүүлчийнхээ нэгэн адил дагалдан явлаа.

Бид Сэлэнгэ аймгийн Хушаат, Орхон аймгийн Жаргалант сумдаар хэд хэдэн тариалангийн компаниар зочиллоо. Ургац алдаж, “гантай зун”, “сайд” хоёрыг буруутган бусдаас өө хайх нэгэн байхад гантай жилийг угтан тариалалтаа технологийн горимын дагуу хийж, бас ч үгүй дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр чармайн хортон шавьжтайгаа тэмцэж байж тариагаа хангалттай ургуулсан тариаланчид олон байна. Хангалттай ургац хураана гэхийн цаана жишээ татаж, хэдэн тоо дурьдмаар санагдлаа. Саяхан Төв аймгийн Жаргалант сумын “Хөх баян булаг” компанийн захирлын нэгэн ярилцлагыг уншиж байсан минь санаанд оров. Ж.Ариунболд гуай “Монголд үе үе л хална. 1999, 2000 онд ч халж л байсан. Халалтын үед ялгаагүй тариагаа тариад хурааж авч л байсан. Асуудал байхгүй. Өөр өөрийнхөө тавиланд л захирагдаад явна шүү дээ” гэсэн юм. Мөн тэрээр бас нэгэн ярилцлагадаа тариалан эрхлэхэд га-аас найман центнер ургац авахад л алдагдлаа нөхдөг юм шүү гэж ярьж байсан нь тодхон санагдаж байна. /Сэтгүүлч Ж.Гангаа агсантай хийсэн ярилцлага. http://gangaa.niitlelch.mn/content/935.shtml эндээс харах/

Бид Хушаатын “Цэгээн хуст” компанийн хэд хэдэн талбайгаар орлоо. Тэд “ТЭГ” элдэншүүлэлтийн технологи нэвтрүүлсэн гэнэ. Энэ технологи нь үр дүнгээ өгчээ. ТЭГ элдэншүүлэлт хийгээгүй талбай нь ургац алдаж, харин энэ технологиор элдэншүүлэлт хийсэн талбайгаас нэг га-гаас хамгийн багадаа 12 центр, зарим талбайгаас бол 22 хүргэж авах боломжтой тухай уг компанийн захирал Д.Ганболд ярилаа. “Цэгээн хуст” компанийн тариан талбайгаас холгүй байх “Өгөөж Мандал уул” компанийн хувьд ч чанартай элит үрийг технологийн дагуу тариалсны үр дүнд гантай жилд ургац алдаагүйгээр барахгүй мөн л га-аас 15 орчим центнер ургац авахаар ажиллаж байгаа ажээ. Тэгэхээр ямар технологи нэвтрүүлж, тариан талбайгаа хэр арчилснаас хамаараад гантай жилээс үл хамааран ашигтай ажиллах боломж байгааг энэ эрхэм харууллаа. Тэндээс бид буцахдаа хэд хэдэн талбайгаар дайран гарахад арчилж тордсон нь ургац алдаагүй байх ч мөн ургац алдаж, эзэнгүй мэт дүнсийх тариан талбайд ч тааралдаж байлаа.

Үдээс хойхно бид Орхон аймгийн Жаргалант сумын гурван ч компаниар зочиллоо. Бүгд л гантай, хэт халуун зун болсон, хавар тариалалтын үеэр хур бороо тасарсан... гэхдээ олон жилийн туршлага байна даа ямар ч байсан ашигтай ажиллана гэсэн өөдрөг үгээр угтлаа. Монголчууд ашдын билгээс амны билиг гэдэг дээ. Бид ч урам орж асуух зүйлсээ сайтар асууж авлаа. Мэдээж бизнес болохоор олон л зүйлээс хамаардаг бололтой юм. Хавар газраа хагалаад үрээ суулгаад намар болтол мартаж орхиод наадам хэсч морь уяад явчихдаг нөхөд бол ургац алдах юм байна. 2013, 2014 оны улсын тэргүүний тариаланч “Бүтлийн ундарга” ХХК “сүпер элит” гэх үрийн будааг өндөр үнээр авч, үрээ суулгахдаа эко бордоо ашиглаж, улмаар ургацын ид үед нь царцаа шавьжтай тэмцэх хор цацах, мал оруулахгүйгээр эргэж тойрох зэргээр арчилгаа, тордолгоо сайтар хийжээ.
Түүний зэргэлдээ байх “Орхон тариа” компанийг дурьдахгүй байхын аргагүй. Уг компанийн захирал, хатагтай Л.Отгонбат “Байгальд бид өгч байж л авна шүү дээ. Түүнээс үрээ суулгачихаад хур бороо горьдоод, гараа хумхиад суувал хангай дэлхий үр шимээ хайрлахгүй шүү, хөдөлмөрлөх л хэрэгтэй. Энэ жил манайх Сэлэнгэ сортын үр тарьсан, гантай хэдий ч га-аас 20 центнер ургац хурааж авна” гэж хэлээд түүнийгээ нотлох гэсэн шиг өөрийн компанийн үтрэмдээ урьсан юм. Тэднийх үтрэмийн хашаатайгаа зэрэгцүүлээд гурван том хаус барьж, тэндээ оффис, өөрийн амрах байр, ажилчдын амралтын байр болгон тохижуулжээ. Хашаандаа олон төрлийн мод, жимсний бут тарьж ургуулсан байх бөгөөд мөн таван төрлийн шувуу  тэжээж байгаа нь ажилсаг хамт олны шинжийг илтгэх мэт... Бид “Орхон тариа” компанийхны ажил амжилт, хөдөлмөр зүтгэлийн талаар оройжин сонсч суугаад буцлаа.

Айдаа “гар хөдөлбөл ам тосдоно” гэж манай ардын зүйр үг байдаг даа. Ямар ч ажил хийсэн чин сэтгэлээсээ л хийвэл байгаль дэлхий хишгээ харамгүй хайрладаг бололтой. Түүнээс бус газрын шимд найдан, хур бороо горьдон “бингодох” юм бол ёстой зарим жил аз таарч, заримд нь ургац алдаж, буруугаа бусдаас хайхын үлгэр болдог ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан