Л.БАТБААТАР
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор нийслэл хотын доторх машины болон сэлбэг хэрэгслийн ил задгай худалдааг хориглох шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 18 дугаар тогтоолоор авто машин худалдаалах нэг цэгийн үйлчилгээ бүхий “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн.
Үүний дагуу “Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлжийн бүтээн байгуулалт болох дөрвөн блокийн 6375 автомашины зогсоолыг барьж байгуулан, Улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Ингээд аравдугаар сарын 4 буюу өнгөрсөн ням гарагт “Авто худалдааны цогцолбор”-ын эхний хэсэг ашиглалтад орж нээлтээ хийлээ. Тус цогцолбор нь төрийн болон хувийн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж автомашины худалдаа эрхлэгчид болон үйлчлүүлэгчдэд зориулан автомашинтай холбоотой бүх төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилгоор татвар, даатгал, оношилгоо, дугаарын үйлдвэрлэл, банк, нотариат, цайны газар, ариун цэврийн өрөө, автомашины угаалга, засвар зэргийг ажиллуулахаар болоод байгаа.
Өнгөрсөн баасан гарагт “Авто худалдааны цогцолбор” үйлдвэрийн газар, хамтран ажиллаж буй төрийн болон бизнесийн байгууллагын төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ.
“Авто худалдааны цогцолбор”-ын захирал Д.Байдраг “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Энэ төлөвлөгөөний хүрээнд “Авто худалдааны цогцолбор” байгуулагдан үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон. Автомашин худалдан авах нэг цэгийн үйлчилгээ бүхий “Авто худалдааны цогцолбор” аравдугаар сарын 4-ний ням гарагт нээлтээ хийнэ гэсэн.
Мөн цогцолборын үйлчилгээг “Улаанбаатар нэгтгэл”-ийн баруун бүсийнхэн хариуцах юм. Автомашины бүртгэл, шилжилт хөдөлгөөн болон татвар хураах үйлчилгээг нийслэлийн Татварын газар хариуцна.
Сэтгүүлчдийн асуултад “Авто худалдааны цогцолбор”-ын захирал Д.Байдраг хариуллаа.
-Автомашин худалдаалагчид та нарын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж нүүхгүй хэмээн мэдэгдэж, хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан. Мөн нэг зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр үнэлсэн. Энэ нь хэр бодитой үнэлгээ вэ?
-Авто цогцолборын төслийг 2014 оны тавдугаар сард бизнес эрхлэгчдэд танилцуулан захилга авч эхэлсэн. Одоогийн байдлаар 400 иргэн 1200 автомашины зогсоол худалдан авсан. Мөн автомашины зогсоол худалдаж авахаар олон иргэн санал ирүүлсэн байгаа. ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2014 онд нэг зогсоолын үнийг дөрвөн сая төгрөг гэж тогтоосон. Бүх татвар, даатгал нь суутгагдаад дөрвөн сая төгрөг болсон. Тус цогцолборын зогсоол нь өмчлөх эрхийн гэрчилгээтэйгээр автомашин худалдаалагчдад шилжинэ. Өнөөдөр Улаанбаатар хотын төвийн орон сууцны подвалийн гарааш 40 сая төгрөгөөр зарагддаг. Харин манайх хөдлөх хөрөнгө болон ажлын байрыг дөрвөн сая төгрөгөөр үнэлж байна. Ил задгай, шороон талбайтай зогсоолын гурван жилийн түрээс төлөх үнээр, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй ажлын байрыг нийслэлээс гарган өгч байна. Өөрийн өртөг нь үнээсээ 2-3 дахин давсан байгаа. Улаанбаатар хот зөрүү мөнгийг нийслэлийн төсвөөс болон цогцолборын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан барилгуудын газрын дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг эх үүсвэрээс гаргасан. Ингэснээр зогсоолын үнийг хямдруулсан.
-Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй автомашины захууд хэзээ нүүж очих вэ?
-Улаанбаатар хотод 2014 онд 156 цэгт автомашиныг ил задгай талбайд, замын зорчих хэсэг, хүүхдийн цэцэрлэгийн хашаа, цэцэрлэгт хүрээлэн зэрэг зориулалтын бус газарт борлуулж байна гэсэн судалгааны дүн гарсан. Энэ онд нийслэлээс хийсэн судалгаагаар 102 цэгт автомашин худалдаалж байна. Сэлбэг хэрэгслийг үүнээс олон цэгт борлуулдаг. Автомашиныг зориулалтын бус газарт худалдаалах нь нийслэлийн нийгмийн амьдралд маш их сөрөг нөлөө үзүүлдэг.
Томоохон техникийн захуудын хөрсний бохирдлын хувь хэмжээ өндөр гарсан. Мөн хүнсний захууд нянгийн бохирдолттой. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдсан. Авто худалдааны төслийн зорилго нь эдгээр нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оршино.
Эрх зүйн хувьд Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт нутгийн өөрөө удирдах ёсны тухай заалт байдаг. Улаанбаатар хотын иргэдийн хурлын байгууллага нь нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй гэсэн заалт бий. Энэ заалтын хүрээнд нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль, нийслэлийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрхийн дагуу нийслэлийн Иргэдийн хурал шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хэрэгжилтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Худалдаа үйлдвэр, үйлчилгээний хэлтэс биелүүлнэ. Автомашины бизнес эрхлэгчид болон худалдан авагчдын нийт эрх ашгийн төлөө “Авто худалдааны цогцолбор” ажиллана. Гарал үүслийн гэрчилгээ байхгүй, баталгаагүй машиныг “аман” оношилгоогоор худалдаж аван, иргэд хохирдог. Гэмтэлтэй автомашинаас үүдсэн авто ослын тоо жилээс жилд ихэсч байна. Эвдэрсэн, мөргөлдсөн автомашиныг вьетнам засварын газраар засуулан шинэ болгон зардаг. Энэ бүхний цаана хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирдог нь зохион байгуулалтгүй, замбараагүй байдлаас үүдэлтэй. Эмх цэгцгүй, замбараагүй байдлыг халж, бүхнийг нэг цэгт төвлөрүүлэх зорилгоор “Авто худалдааны цогцолбор”-ыг нээн ашиглалтад оруулж байна. Нүүхийг эсэргүүцэж буй нэг хэсэг хүний үгийг нийт хүмүүсийн үг гэж ойлгож болохгүй.
150 цэгт машин зараад 25 жил өнгөрлөө. Баянзүрх дүүрэгт замын зорчих хэсэгт болон явган хүний зам дээр автомашин байрлуулан зардаг байсан. Та бүхэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суудаг бол энэ зовлонг маш сайн ойлгоно. Дуу чимээ, шороо тоос, түгжрэл гээд л. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын талаар томоохон судалгааг мэргэжлийн байгууллага хийсэн.
-Автомашин худалдаалагчдад цогцолборын зүгээс олон төрлийн татвар түрээсээр дарамтлаж болзошгүй гэсэн болгоомжлол байна. Энэ талаар?
-Нийслэлийн зүгээс “Авто худалдааны цогцолбор” нь ашгийн бус үйл ажиллагаа эрхэлнэ хэмээн үүрэг өгсөн. Ашгийн бус гэдэг нь Улаанбаатар хотын нийгмийн тулгамдсан асуудал болох төвлөрлийг сааруулах, түгжрэлийг багасгах, авто ослын тоог бууруулах, давхар түрээсийг арилгах зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. “Өгөөмөр” захад 20 тонны чингэлэгийг 35 сая төгрөгөөр хоорондоо өгөлцөж авалцдаг байсан. “Да Хүрээ” захад зогсоолын түрээслэх эрхийг 2-3 сая төгрөгөөр хоорондоо наймаалцдаг.
“Би энэ зогсоолд зогсож машин зарна” гэж “Да Хүрээ” захтай байгуулсан гэрээгээ бусдад шилжүүлж 2-3 сая төгрөгөөр дамлан зардаг завхарлыг манай төсөл цэгцэлнэ. “Авто худалдааны цогцолбор” ашиглалтад ороход, түрээсийн эрхээ 2-3 сая төгрөгөөр зардаг бизнес байхгүй болж байна. Худалдаж авсан орон сууцанд амьдрахад Сууц өмчлөгчдийн холбоо болон Нийтийн аж ахуйн өрөө тасалгаанд мөнгө төлдөг. Үүнтэй адил, ашиглалтын захиргаанд мөнгө төлнө. Иргэний өмч болсон зогсоол болон дээр нь байгаа хөдлөх хөрөнгийг харж хамгаалсны төлөө мөнгө авна. Нэг зогсоолын ашиглалтын зардлыг сард 15 мянган төгрөг байхаар тооцоо хийсэн. Өнөөдөр циркийн машины зогсоолд хоногийн түрээс 5000 төгрөг. Үүнтэй харьцуулахад боломжийн төлбөр. Зогсоолын үнэ дөрвөн сая төгрөгөөс эхэлж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон эдийн засгийн эргэлтэд орохоор, энэ үнэ зах зээлийн зарчмаар чөлөөлөгдөн, өсөх болно.
-“Авто худалдааны цогцолбор” хэзээ бүрэн ашиглалтад орох вэ?
-“Авто худалдааны цогцолбор” нь 130 га талбайтай. Цогцолборт баригдах 15 том объект бий. Арвыг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барина. Үүнээс есөн объектыг барих эзэн тодорхой болсон. Есөн объектын газрыг дуудлага худалдаагаар худалдсан. Дуудлага худалдаагаар 39 сая төгрөгөөс эхэлсэн 0.3 га газар 530 сая төгрөг хүрч зарагдсан. Үүнийг монгол компани, монгол хүн худалдаж авсан. Тус цогцолбор нь Евро-Азийн авто замын сүлжээнд багтсан.
Хэвлэлийн хуралд оролцсон Автотээврийн үндэсний төвийн Техникийн хэлтсийн дарга н.Адъяасүрэн “Манай Автотээврийн үндэсний төвөөс тус худалдааны цогцолборт авто тээврийн бүртгэлийн үйл ажиллагааг иргэдэд үзүүлнэ. Үүнд шинээр орж ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар гэрчилгээ авсан автомашиныг өмчлөлд шилжүүлэх зэрэг үйлчилгээ хамрагдана. Мөн Автотээврийн үндэсний төвөөс автомашины техникийн хяналтын үйлчилгээг үзүүлэх болно” гэлээ. Мөн нийслэлийн Татварын газрын Тээврийн хяналтын байцаагч н.Эрдэнэтогтох “Авто худалдааны цогцолборт татвар хариуцсан байцаагч ажиллан, иргэдэд хөнгөн шуурхай татварын үйлчилгээг үзүүлнэ” гэлээ.