Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ухаж төнхдөггүй өсч үрждэг баялаг “олборлогчид” бодлого хүсэв

Монголын хүнсчдийн холбооны ээлжит бага хурал өчигдөр боллоо. Эдийн засгийн хямралтай үед хүнсний үйлдвэрийн тогтвортой хөгжлийг хангах, импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар ярилцав. УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Үндэсний хүнсний брэнд бий болгох ёстой. Үүний тулд төр хувийн хэвшил хамтран ажиллах зайлшгүй шаардлага бий. Богино хугацаанд үр дүнгээ өгөх менежмент хэрэгжүүлэх нь чухал. Иймд үндэсний аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын зах зээлийг бүрдүүлэх ажлыг ХХААЯ хэрэгжүүлнэ” хэмээн онцлов. УИХ-ын гишүүн Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва “Хөдөө аж ахуйн салбар монголчуудыг үеийн үед өлсгөлгүй ирсэн. Цаашид ч энэ үүргээ биелүүлэх болно. Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсан. Иймд хүнсний салбарын үйлдвэрлэгч та бүхэн ололт амжилт, саад бэрхшээл, саналаа илэрхийлж төрийн бодлого шийдвэрт тусгуулах нь чухал” гэсэн билээ.
Манай улсын эдийн засгийн гол тулгуурын нэг яах аргагүй хөдөө аж ахуй. Уг салбарт орчин үеийн техник, технологи нэвтрүүлж зөв менежментээр  хөгжүүлж  чадвал уул уурхайгаас илүү орлого олох боломж бий. Учир нь уг салбар ухаж төнхөж, олборлож дуус­даггүй. Үргэлж урган, төл­жиж байдаг. Манай улсын га­даад худалдааны гол түнш Хятад. Урд хөршийн хүн ам жилээс жилд өсч буй. Мөн эдийн засгаар дэл­хийд тэргүүлэгч гүрэн болж байна. Ингээд шинээр төрж буй тэрбумтанууд маш олширсон. Энэ нь экологийн цэвэр бүтээгдэхүүн мах, сүүний хэрэглээ нэмэгдэх гол үндэс юм.  Ийм ч учраас манайхаас мах авах сонирхол бий. Харин бид нийлүүлэх бааз суурь хангалтгүй байгаа юм. Уг хурлын үеэр мал аж ахуйн гаралтай хүнсний түүхий эдийг бэлтгэх, боловсруулахад дорвитой ахиц гарсангүй хэмээн дүгнэв. Тухайлбал, энэ онд манай улс 260 мянган тонн мах бэлтгэх төлөв бий. Үүний  20.9 мянган тонныг үйлдвэрийн аргаар боловсруулна. Гэвч экспортод 1.8 мянган тонн мах л гаргаад байгаа юм. Тэгэхээр компаниудад мах экспортлох квот зөвшөөрөл олгохоос илүү эхлэн боловсруулах, хөргөх, хадгалах, тээвэрлэх анхан шатны үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөгжүүлэх тодорхой бодлого хэрэгтэйг хүнсний салбарынхан хэлж байв. 

Үүнээс гадна “Монголын хүнсчдын холбоо” ирэх онд хэрэгжүүлэх ажлаа ярилцлаа. Үүнд эхний ээлжинд мөнгөний хатуу бодлого, валютын ханшийн өсөлт хүнсний үйлдвэрт хэрхэн нөлөөлж буйг судлах аж. Мөн гишүүдийн бүртгэл мэдээллийн сан үүсгэх, гишүүдийн тоог жил тутам таван хувиар нэмэх, тулгамдсан асуудлаа тодорхойлж төр засагт дуулгах талаар ярилцлаа.

Д.Оюунтуяа: Улирлын чанартай мах бэлтгэл экспортын түгжээ болдог

“Хүнс комплекс” компанийн захирал, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлийн дарга.

-Мах экспортлох ажил ямар шатанд явна вэ?
-Мах, махан бүтээгдэхүүн сүүлийн үед экспортлоно гэж ярьж байгаа.  Үүнд төр засгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Учир нь малын эрүүл ахуй, олон улсын шаардлага хангасан үйлдвэрлэл хэрэгтэй байгаа. Иймд дэмжлэг авахгүй л бол мах экспортлоход бэрхшээлтэй юм.

-Хоёр хөрш манайхаас авъя. Гэхдээ та нар тасралтгүй нийлүүл гэдэг. Ийм боломж бий юу?
-Харин тийм. Манай улсын мах бэлтгэл улирлын шинж чанартай. Энэ нь мах экспортлоход том түгжээ болж байна.  Иймд мал аж ахуйд илүү анхаарах хэрэгтэй болсон. Хамгийн гол нь фермерийн мал аж ахуй хөгжүүлэх шаардлага байгаа юм. 

-Манай улсад ажиллаж буй мах боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал ямар байна. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах уу?
-Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хүчин чадалтай. Гэвч өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Одоо ажиллаж буй мах боловсруулах, бэлтгэх үйлдвэрүүдийн хүчин чадал экспорт хийхэд хүрэлцэхгүй.  Уламжлалт  буюу гар аргаар мах бэлтгэж зах зээлд нийлүүлэх явдалыг зогсоох ёстой гэж мэргэжилтнүүд үздэг. Ингэж байж мах боловсруулах, экспорт хөгжих боломж нээгдэх юм.

Б.Цогтбаатар: Зохисгүй хооллолт хүн амын нийт нас баралтын 70 хувийг эзэлж байна

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор.  

-Монголчуудын хэрэг­лэж буй хүнсний аюулгүй байдал хэр хангагдсан байдаг вэ?
-Хүн төрөлхтний анхаарах гол зүйлийн нэг нь хоол хүнсний аюулгүй байдал юм. Монголчууд өнөөдөр эрүүл хүнс хэрэглэж чадаж байгаа эсэх нь маш олон зүйлээс шалтгаалсан дүгнэлт хийх асуудал. Монгол Улс түүх соёлын хувьд бусад улсаас илүүтэй экологийн цэвэр, аюулгүй хүнс хэрэглэж ирсэн. Манай хүрээлэнгээс орчин үед экологийн  материалаар, цэвэр орчинд бэлтгэсэн хүнсийг  зөв хадгалан түгээж байж хүн эрүүл байна гэж үздэг.   Иймд дотоодын хүнсний үйлдвэрүүд судалгаа шинжилгээтэй, орц найрлага нь хүний биед ямар нэг байдлаар хор болохгүй бүтээгдэхүүн зөв бэлдэж нийлүүлэх учиртай. Ингээд  манай хүрээлэнгийн лаборатор, хүнсний үйлдвэ­рүүд төр засгаас хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.

-Тэгэхээр эрүүл байхын тулд хэрхэн зөв хооллох учиртай гэж та эрдэмтэн судлаач хүний хувьд бодож байна вэ?
-Монголчууд гурван цагаан хороос татгалзъя гэж ярьдаг. Энэ нь хэтэрхий их давс, өөх тостой хоол, сахар хэрэглэхээс татгалзах ёстойг хэлж буй юм. Энэ гурван бүтээгдэхүүний өндөр хэрэглээ монгол хүнийг өвчлөх гол шалтгаан болж байгаа.  Тэгэхээр энэ гурвын орц жорыг тааруулж зөв зохистой хэрэглэхийг ойлгуулан зөвлөж байна. Тэгээд үйлдвэрлэгч нарт энэ гурвыг бүтээгдэхүүнийхээ орц найрлагад тодорхой хэмжээнд барих, болж өгвөл бууруулах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллах сонирхол бидэнд бий.

-Импортын хүнс нэ­лээд асуудал дагуулдаг. Тухайлбал, цахим ертөн­цөөр химийн бодисоор бордсон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ орж зарж байна гээд л үнэн, ху­дал мэдэгдэхгүй сэрэмж­лүүлэг явна. Мөн хяналт шалгалтаар ч илрэх тохиолдол бий. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Жил бүр импортын хүнсний нэр төрөл, хэмжээ асар их нэмэгдэж байна. Тэгэхээр хүний биед хор хөнөөлтэй бүтээгдэхүүн орж ирэх вий гэдэгт Мэргэжлийн хяналт, Хил, Гаалийн байгууллагууд анхаарч ажиллаж байгаа. Урьд нь бид өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүн, гурил хэрэглэж ирсэн. Гэтэл хэрэглэж буй хүнсний нэр төрөл олширсонтой холбоотой олон асуудал гарч ирж байна. Иймд манай импортлогчид, гадаад худалдаа эрхлэгчид олон улсын стандартад нийц­сэн орц найрлагатай хүнс­ний бүтээгдэхүүн оруулж ирэх, хууль дүрэм журмаа биелүүлэхэд илүү анхаарах шаардлага бий.  Мөн компа­нийн нийгмийн хариуцлагаа сайж­­руулах,  хүсний аюулгүй байд­лын чиглэлээр гарч буй хөтөлбөрт нийцэж үйл ажил­лагаагаа явуулах нь зүйтэй.

-Ер нь монголчуудын дунд хоол хүнснээс үүдэлтэй ямар өвчлөл түгээмэл байна вэ?
-Дэлхий нийтэд халдварт бус өвчин үндсэн дөрвөн хүчин зүйлээс болж үүсдэг гэж үзэж байна. Тухайлбал, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал болон зохисгүй хооллолт бүх өвчин эмгэгийн эх үндэс болдог. Энэ нь ганц Монголд ч бус дэлхийн хүн амын нийт нас баралтын 70 гаруй хувийг эзлэж байгаа юм. Тэгэхээр хүн ямар хүнс хэрэглэж байгаагаас эрүүл байх эсэх нь шалтгаалж буй нь батлагдсан. Монголчууд  мах, гурилаа идээд байхад эрүүл гэж үздэг. Гэвч энэ нь хоёр талтай. Нэг талаасаа экологийн цэвэр бүтээгдэхүүн  амт шим тэжээлийн хувьд бусад улсын үйлдвэрлэж буй махтай зүйрлэх аргагүй сайн. Гэхдээ өдөр бүр дан ганц мах идээд эрүүл байхгүй. Монгол хүний дундаж наслалт өнөөдөр 65. Гэтэл өндөр хөгжилтэй орны иргэдийн дундаж наслалт хэдхэн жилийн өмнө 80 гарч байсан. Өнөөдөр 90 дөхөж байна. Тэгэхээр монгол хүний өвчлөлд өртөмтгий байгаа нь хэрэглэж буй хүнстэй холбоотой. Иймд бид хүснийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж буй юм.  Тэр дундаа хүнсний ногоо, жимс, жимсгэний хэрэглээгээ нэмэгдүүлэх ёстой. Бидний судалгаагаар монгол хүн өнөөдөр жимс, жимсгэнэ хангалттай хэмжээнд хэрэглэж чадахгүй байгаа.  Иймд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, өөрсдөө тарьж ургуулсан бүтээгдэхүүнээ хэрэглэх, ямар нэг химийн бордоогүй хүнсний ногоо, жимс хэрэглэх шаардлага байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан