Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Отгонбагана:Цэцэрлэгийн хүүхдийг онлайнаар бүртгэдэг болно

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг богино хугацаанд чанартай зохион байгуулах, 2017 оны төсвийн төслийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх бодлого баримтлан ажиллаж байгаа Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганатай цаг үеийн асуудлаар ярилцсан юм

-Нэгдүгээр ангийн хүүхэд бүртгэх ажлыг наймдугаар сард зохион байгуулахаар болсон нь ямар учиртай юм бэ. Хэчнээн хүүхэд элсэн орох төлөвтэй байна вэ?

-Нэгдүгээр ангийн элсэлтийг сүүлийн хоёр жил хавар зохион байгуулсан. Харин энэ жил намар наймдугаар сарын 22-26-ны хооронд зохион байгуулахаар болсон. Өнгөрсөн жилүүдэд боловсролын салбарт бага, дунд, суурь боловсролын цөм хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор бүх багш нараа сургалтад хамруулж байгаа. Тиймээс энэ жил намар нэгдсэн байдлаар төрийн өмчийн сургуулиудын бүртгэлийг эхлүүлэхээр болсон хэрэг. Ер нь бол нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн 214 сургуульд 221320 сурагч суралцаж байгаагаас 12 дугаар ангийг 13946, есдүгээр ангийг 8578 суралцагч төгсөх юм. Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад  92900 хүүхэд хүмүүжиж  байгаагаас бэлтгэл бүлгийг 22292 хүүхэд төгсөнө. Харин энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх зургаан настай 27629, аравдугаар ангид 6862 суралцагч элсэх судалгаа гарсан. Элсэгчдийн тоо сүүлийн жилүүдэд байнга нэмэгдэж байна. Анх 2013 онд алтан гахай жилийн гэгдэх 26 мянган хүүхэд элссэн байдаг. Тухайн үедээ хамгийн олон элсэгчийг хүлээж авлаа гэж байсан шүү дээ. Гэтэл энэ жил статистик тоогоор 27 мянга гаруй хүүхэд элсэх гэж байна. Орон нутгаас шилжин ирэгсэд нэмэгдэх учир энэ тоо намар гэхэд өснө.

-Таван настай хүүхдүүдийг бүртгэхгүй гэсэн байх аа. Хэдэн онд төрсөн хүүхдийг бүртгэх вэ. Ямар материал бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?

-2010 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхэд бүртгэлд хамрагдана. Харин 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн таван настай хүүхдүүдийг бүртгэхгүй гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй. Бүрдүүлэх материалд төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь, хуулбар, 3x4 хэмжээтэй нэг хувь чээж зураг, шаардлагатай тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, лавлагааг үзэх юм. Түүнчлэн бүртгүүлэхдээ эцэг, эх асран хамгаалагч нь хүүхдийнхээ хамт ирж бүртгүүлнэ.

-Энэ жилийн хувьд анги дүүргэлт ямар байх вэ. Гурван ээлжээр хичээллэх сургуулиуд бий юу?

-Дунджаар 40 хүүхэдтэй байх болов уу. Энэ тооноос хэтрүүлэхгүй. Гэхдээ цөөн тооны сургууль дээр анги дүүргэлт 60, 63 хүүхэдтэй байх юм шиг байна. Бага сургуулиудын цогцолборыг намар ашиглалтад оруулчихвал ээлжийн тоог бууруулах бололцоотой. Хамгийн түрүүнд гурван ээлжээр хичээллэж байгаа, түүнчлэнцэцэрлэг, сургуульгүй хороодод цогцолборууд маань баригдаж буй учраас ээлжийн тоо буурна гэж харж байна. Гэхдээ одоохондоо гурван ээлжээр хичээллэдэг асуудлаа шийдвэрлэж чадаагүй л байна.

-Сандал ширээ, сурах бичгийн хүрэлцээний талаар ...?

-Сургалтын хэрэглэгдэхүүнийг БСШУЯ-наас буюу улсын төсвөөр шийдвэрлэдэг. Тиймээс намар ашиглалтад орох сургуулиудынхаа судалгааг яаманд хүргүүлсэн. Тэгэхээр хүрэлцээний тал дээр ямар нэгэн асуудал гарахгүй байх.

-Хамран сургах тойргийн бус хүүхдүүд хүндрэл учруулдаг гэх нь бий. Энэ байдлаас үүдэн хандив нэрийдлээр тухайн сургуулийн багш, удирдлагуудад мөнгө өгдөг болоод олон жил болж байна. Энэ асуудал одоо ч хэвээрээ?

-Элсэлттэй холбоотойгоор зохиомлоор шилжүүлэг хийх асуудал их гардаг. Тухайн хорооны, сургуулийн хамран сургах тойргийн байранд байдаг айлд шижлүүлэг хийгээд ирчихдэг. Тэгээд энэ хороонд оршин сууж байгаа учраас хүүхдээ хамран сургах тойргийнх нь дагуу өгнө гэдэг. Тэрийг нь магадлаад үзэхээр хуурамчаар шилжүүлэг хийсэн байдаг юм. Тиймээс шаардлагатай тохиолдолд тухайн байранд амьдран сууж байна уу гэдгийг нь магадлахын тулд Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь хардаг. Мөн иргэний бүртгэл цахимд шилжсэнтэй холбоотойгоор лавлагаа авчрахыг шаарддаг болсон. Гэхдээ энэ нь бүх хүүхдээс шаардах шаардлага биш. Сургуулийн удирдлагууд бүх хүүхдээ хаана оршин суудгийг нь мэдэхгүй. Гэсэн хэдий ч хороотойгоо хамтарч ажилладаг учраас тухайн хороонд харьяалагддаг байранд тэр хүүхэд амьдардаг уу, үгүй гэдгийг мэдэх бололцоотой. Тодорхойгүй айлуудад лдээрх шаардлагуудыг тавина. Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль дээр мөнгө авч хүүхэд бүртгэдэг гэх асуудал гарсны дагуу захирлыг нь дуудаж уулзсан. Тэгэхэд захирал нь ийм асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Иймэрхүү мэдээлэл байвал эцэг, эхчүүд манай Боловсролын газарт хандаж өгөхийг хүсч байна.

-Нэгдүгээр ангийн хүүхдийг  наймдугаар сард бүртгэнэ гэж байгаа ч зарим сургууль бүртгэлээ эхлүүлсэн гэх мэдээлэл бий. Ийм үйлдэл гаргаж байгаа сургуулиудын удирдлагуудад хандаж юу хэлэх вэ?

-Одоо бүртгэж болохгүй. Зөвлөмж гарсан л бол нийслэлийн  бүх сургууль мөрдөж ажиллах ёстой.

-Тэгвэл цэцэрлэгийн хүүхдийг  хэзээнээс бүртгэж  эхлэх вэ. Өнгөрсөн жил сугалаагаар хүүхдүүдийг бүртгэсэн нь зарим эцэг, эхэд таалагдаагүй. Энэ жил бас сугалаагаар бүртгэх үү. Цахимаар бүртгэнэ гэсэн албан бус мэдээлэл бий?

-Цэцэрлэгийн хүүхдийг мөн л намар бүртгэдэг. Уламжлал ёсоор наймдугаар сарын сүүлээр энэ ажил эхэлнэ. 2012 оны наймдугаар сард 65 мянган хүүхэд хамрагдсан бол энэ хичээлийн жилд 90 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагджээ. Ингээд бодохоор 2012 онтой харьцуулахад дахин 40 хувиийг нь цэцэрлэгт хамруулсан байгаа юм. Өнгөрсөн жил хүүхдүүдийн бүртгэлийг сугалаагаар явуулсан. 120 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн хамран сургах тойрогт нь 360 хүүхэд байдаг. Үлдсэн 200 хүүхдийг нь хаана багтаах вэ гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. Үүнээс улбаатайгаар янз бүрийн хардлага гардаг. Мөнгө төгрөг авдаг гэдгээс эхлээд л. Түүнчлэн өнгөрсөн жил эцэг, эхчүүд долдугаар сарын 21-нээс эхлээд очер дугаар үүсгэсэн. Хэсэг бүлэг хүмүүс үүнийг нь бизнес болгосон байсан. Энэ асуудал зөвхөн Баянзүрх дүүрэг дээр гардаг байсан бол сүүлдээ нийт дүүрэгт ийм төрлийн бизнесийн үйл ажиллагаа явах төлөв байсан учраас таслан зогсоохоор сугалааг зохион байгуулсан. Ирэх намар хүрэлцээ тааруутай дүүргүүдийн цэцэрлэгүүдийн бүртгэлийг сугалаагаар явуулна. Ер нь бол цэцэрлэгийн насны хүүхдүүдээ цахимаар бүртгэдэг байя гэж шийдээд бэлтгэл ажлаа базааж байна. Чадвал энэ ондоо багтаад бүртгэлээ онлайнаар явуулах бодол бий. Амжихгүй бол хуучин жишгээр нь явуулна.

-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байх бол. Хэчнээн барилга ашиглалтад орох төлөвтэй байна?

-Сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэлд маш олон сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Яг тодорхой тоо хэлэх юм бол өнөөдрийн байдлаар 96 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ. Үүнээс өмнөх зургаан жилд 37 сургууль, цэцэрлэг ашиглалт орсон байдаг юм. Одоо цаана нь хүлээгдэж буй сургууль, цэцэрлэгийн барилга ч байгаа. Нийслэлд хэрэгжүүлсэн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор гэж бий. Үүнээс 16 нь энэ намар бүрэн ашиглалтад орно. Мөн 89 цогцолборыг концессоор барихаар гэрээ хийгдсэн. Эдгээрийн 15-ыг нь намар ашиглалтад оруулахаар урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ төрөлт, орон нутгаас шилжиж ирж буй хүмүүсийн тоо маш их байна. Нэг сайн зүйл нь нэгдүгээр сарын 1-нээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр ирэх намар энэ үйлчилгээнд олон хүүхэд хамрагдчихвал нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж сайжирна гэж харж байгаа. Одоо бол цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 80 хувийг хамруулаад явж байна. Намар нэмээд 2000 хүүхэд авах бололцоотой. Ингэснээр 81 юм уу, 82 хувьд хүргэчих болов уу.

-Шинэ суурьшлын бүс гэгдэж байгаа “Буянт-Ухаа 2” хороололд цэцэрлэг барьсан  ч  хэзээ ашиглалтад орох нь мэдэгдэхгүй байгаа. Улс худалдаж авсны дараа гэх юм. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Тэнд амьдардаг хүмүүс хүүхдээ аль цэцэрлэгт сургах болж байна вэ?

-Бид есдүгээр сард ашиглалтад орох барилгуудыг хамран сургах тойрогтоо оруулж өгсөн. “Буянт-Ухаа 2” хороололд байгаа цэцэрлэгийн тухайд бол манай мэдэлд ирээгүй байна. Улсын төсвөөр худалдаж авах эсэх нь тодорхойгүй байгаа учраас хамран сургах тойрогтоо оруулаагүй хэрэг. Есдүгээр сард энэ асуудал шийдэгдвэл тухайн хорооны хүүхдүүдийг тэр цэцэрлэгт нь хамруулна.

-Сургуулиудын “Эрдмийн баяр”-т хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ. Мөнгө гаргахгүйгээр тэмдэглэх, ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх талаар зөвлөмж гаргасан байсан?

-Улс орон эдийн засгийн хямралтай байгаатай холбоотой нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ыг нийслэл, дүүргийнхээ түүх соёлоос суралцах, төгсөгчдийн суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш, эцэг, эх, хамт олондоо, залгамж үедээ тайлагнаж сурталчлах байдлаар хийх талаар зөвлөмж гаргасан. Ингэхдээ нэгдүгээр ангийн үсэглэлийн баярын арга хэмжээг тайлант өдөрлөг, ес, 12 дугаар ангийн сурагчдын “Эрдмийн баяр”-ыг өдөрлөг, “Боловсролын баримт бичиг гардуулах ёслол”-ын арга хэмжээ болгон нэгдсэн байдлаар хийхийг зөвлөсөн. Мөн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эхчүүдээс хавтгайруулан мөнгө төгрөг хураахгүй байх талаар чиглэл хүргүүлсэн. Хонхны баярын арга хэмжээн дээр Нийслэл Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтарч ажиллаж байгаа. Мөн Сурагчдын холбоо, Монголын оюутны холбоотой хамтарч ажиллаж байна. Хамгийн гол нь эцэг, эхчүүд өөрсдөө сайн хяналт тавьж тухай бүрт нь бидэнд мэдээлэл ирүүлэх хэрэгтэй байна.

-Ер нь, энэ асуудалтай холбоотойгоор танайд хэр олон гомдол ирж байна?

-Одоо ирж буй ганц нэг гомдлыг харж байхад сургуулийн зүгээс зохион байгуулахаас илүүтэйгээр тодорхой тооны эцэг, эхчүүд мөнгө хураах асуудал гаргаж байна. “Эрдмийн баяр” тэмдэглэнэ гэдэг нь мянга, таван мянган төгрөгийн асуудал биш шүү дээ. Тавь, зуун мянган төгрөгийн асуудал. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ бусдын дунд ичгэвэртэй байдалд оруулахгүйн тулд яаж ийж байгаад мөнгийг нь өгөхийг бодно. Энэ нь олон өрхөд дарамт болж буй юм. Тиймээс таслан зогсоох гэж зөвлөмж гаргасан. Заавал мөнгө нийлүүлж идэж, ууж баярлахаас илүүтэйгээр янз бүрийн байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх боломж бий шүү дээ. Эцэг, эхчүүд өөрсдөө манай хүүхэд төгсөх гэж байна, баярыг нь заавал хийх ёстой, монтаж хийлгэх хэрэгтэй гэдэг. Өөрөөр хэлбэл, энэ санал санаачилгыг эцэг, эхчүүд илүүтэй гаргадаг. Тиймээс бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг энэ асуудлыг шийдвэрлэхэд хэцүү байдаг. Ялангуяа эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед эцэг, эхчүүдийг иймэрхүү асуудлыг тэвчиж өнгөрөөгөөч ээ гэж уриалмаар байна. Боломжтой эцэг эхчүүд бий л дээ. Гэхдээ тэдний санал санаачилга нь бусдыгаа хөлдөө чирээд байгаа юм. Бидний зүгээс гаргаж байгаа зөвлөмж бол төрийн өмчийн болоод ерөнхий боловсролын сургуулиудын захирал, эрхлэгч, багш нарыг иймэрхүү үйл ажиллагааг санаачлахыг хориглосон.

-Ингэхэд “Эрдмийн баяр” тэмдэглэх нэрийдлээр мөнгө татаж байгаа багш, удирдлагуудад ямар арга хэмжээ авдаг юм бэ. Аль хэдийнэ эцэг, эхчүүдээс мөнгө татаад эхэлчихсэн шүү дээ?

-Энэ талаар Боловсролын тухай хуульд бий. Мөн БСШУ-ы сайдын Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай 2007 оны 232 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2014 оны тавдугаар сарын 14-нд гаргасан 375 дугаар захирамжид эцэг, эхчүүдээс нэгдсэн зохион байгуулалттайгаар мөнгө хураах, сургуулийн сурагчид архидан согтуурсан байх юм бол багш, удирдлагуудад нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авдаг. Мөн зөрчлөөс нь хамаараад ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг юм. Энэ дашрамд хэлэхэд цэцэрлэгүүдийг төгсөлтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосныг хэлэх нь зүйтэй байх.

-Цэцэрлэг сургуулийн засвар гээд  эцэг, эхчүүдээс мөнгө татах нь мэдээж?

-Энэ жил нийтдээ улсын төсвийн хөрөнгөөрдолоон сургууль дээр засвар хийгдэнэ. Нийслэлээс сургууль, цэцэрлэгийн гадна тогжилтод нэг тэрбум төгрөгийн хөрөнгө тавьсан байгаа. Удахгүй энэ мөнгөний задаргаа нь хийгдэх байх. Тэгэхээр яг хэдэн сургууль, цэцэрлэгийг хамруулах нь тодорхой болно. Боловсролын газраас ганцхан зүйл дээр эцэг, эхчүүдээсээ дэмжлэг авахыг хүсдэг. Бүтэн жил тухайн хүүхэд сургуульд сурахад тодорхой хэмжээний элэгдэл гарч байгаа учраас шинэ юм шиг болгохын тулд засварын мөнгө хэрэгтэй болно шүү дээ. Гэхдээ эцэг, эхчүүдээс зөвхөн доторх засварын мөнгийг л авдаг. Ингэхдээ ямар засвар хийх юм, хэдэн төгрөг шаардлагатай байгааг эцэг, эхчүүдэд танилцуулаад авдаг байгаа. Харин дотор засвараас бусад тохиолдолд эцэг, эхчүүдээс мөнгө хураахыг  хориглосон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан