Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад паспортыг заавал “100 айл”-д очиж захиалахгүй

Б.МЯГМАРЖАВ

Монголчууд гадаадыг зорих нь нэмэгдэхийн хэрээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар иргэдийн хөл хөдөлгөөнд дарагдах болсон. Тус газарт жилд дунджаар гадаад паспорт захиалах 120 мянган хүсэлт ирдэг байсан бол 2016 оны эхний хагас жилд захиалга 130 мянгад хүрснээр ачаалал нь дээд цэгтээ тулжээ. Паспорт захиалж байгаа иргэдийн  дийлэнх нь 18-40 насныхан. Эндээс харвал улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор гадаадыг зорих залуусын цуваа үргэлжилсээр. Тиймээс  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон Дүнжингарав, Мишээл экспо, Драгон төвд байрлах нэг цэгийн үйлчилгээгээр гадаад паспортын захиалга авдаг болох нь.

Мөн гадаад паспорт захиалах иргэдээс заавал цээж зураг шаарддаг байсан бол дээрх газруудаар үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг нэхэхгүй бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг авах юм байна. Түүнчлэн бэлэн болсон гадаад паспортын буцаан олголтыг иргэн өөрийн хүсэлтээр “Монгол шуудан” ХХК-аар дамжуулан гэрт болон ажил дээрээ хүргүүлэн авч болно. Мөн захиалсан газраасаа заасан өдөрт нь ирж авах ч боломж нээлттэй аж.
 
Гадаад паспортын үнэ 22500-32500 төгрөг

Гадаад паспортыг яарал­тайгаар болон энгийн гэсэн хэлбэрээр захиалдаг. Энгийнээр захиалбал ажлын 10 хоногт, яаралтайгаар захиалбал ажлын гурав хоногт таны паспорт бэлэн болох юм. Мөн яаралтайгаар захиалбал арван мянган төгрөгийн  нэмэлт төлбөртэй. Үнийн хувьд гадаад паспортыг жилийн хугацаатайгаар энгийнээр захиалбал 22 мянга 600 төгрөг яаралтайгаар захиалахад 32 мянга 500 төгрөг. Харин таван жилийн хугацаатайгаар захиалбал 32 мянга 500 төгрөг. Мөн адил гурав хоногийн дотор паспортоо авах шаардлагатай бол нэмж 10 мянган төгрөг төлнө. Харин сунгалтыг нэгээс таван жилийн хугацаатай хийх бөгөөд ингэхдээ жилээр сунгавал 4500 төгрөг, хоёр жилээр бол 6500, гурван жилээр 8500, таван жилээр бол 12 мянга 500 төгрөг төлж сунгуулах боломжтой гэнэ.

Хаяж үрэгдүүлбэл торгуультай

2002 оноос хойш авсан гадаад паспортоо хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд торгууль төлөх нь. Ингэхдээ бүртгэл хяналтын улсын байцаагчид Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу хугацаанаас нь хамааран 10-40 мянган төгрөгөөр торгодог гэнэ. Мөн торгуулиас гадна шинээр паспорт захиалах төлбөрийг нэмж төлнө. Харин хугацаа нь дууссан 2002 оноос өмнөх гадаад паспорттай хүн торгууль төлөхгүйгээр дахин авах боломжтой. Гадаад паспорт хүчингүй болгох хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, эзэмших, ашиглах  хугацаа дууссан, паспортанд улсын хил нэвтрэх тухай тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дууссан байвал хүчингүй болдог. Мөн паспорт эзэмшигчийн зураг танигдахааргүй өөрчлөгдөх, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн бол хүчингүй болгоно. Түүнчлэн эрх бүхий байгууллагын шийдвэрээр овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар өөрчилсөн, гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийг бусдад шилжүүлж хуурамчаар ашигласан бол тухайн иргэний гадаад паспортыг хүчингүйд тооцдог. Тухайн иргэн өөрийн анхаарал болгоомжгүйгээс гадаад паспортаа гэмтээсэн, хаясан, үрэгдүүлсэн, эсвэл паспортанд бичсэн үг, үсэг, бичлэг, зурагт хууль бусаар засвар хийсэн байвал мөн хүчингүй болгодог.


Р.Содхүү: Гадаад паспорт хэвлэх үйл ажиллагааг цэгцэлсэн

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгээс зарим зүйлийг  тодрууллаа.

-Гадаад паспортыг орон нутгийн иргэд хэрхэн за­хиалах вэ. Паспорт хэв­лэх бэлдэц байхгүй гээд за­­хиал­га хэдэн сараар сун­­жирч байгаа гэсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-Гадаад паспортын бэлдэцийг ХБНГУ-д бэлтгэж байсан юм билээ. Гэтэл гэрээний дагуу мөнгөө төлөөгүй байсан учир бэлдэц нь ирэхгүй болсон. Ингээд гадаад паспортын дараалал нэмэгдсэн. Шинэ Засгийн газраас нэлээд их хэмжээний мөнгө төлж шинэчилсэн гэрээ хийсэн. Ингээд өнгөрсөн сарын дунд үеэс гадаад паспорт хэвлэх үйл ажиллагааг цэгцэлсэн. 100 хоногт 94 мянган иргэн гадаад паспорт захиалан авсан.

-Та ажлаа аваад бараг гурван сар өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажил амжуулж өөрчлөлтийг хэрхэн хийж байна вэ?
-Би ажлаа аваад 75 хонож байна гэхэд болно. Бүртгэлийн газрын ажилчдын уулзалтыг улиралд нэг удаа зохион байгуулахаар болсон. Оюуны өмч, УБЕГ болж шинэчлэн зохион байгуулагдлаа. Энэ хугацаанд Монгол Улсын нийт хүн ам гурван сая 4201 болсон гэсэн тоог гаргалаа. Мөн шинээр 28 мянга 938 хүүхэд шинээр мэндэлсэн.  Гадаад паспортыг 94 мянга 830 иргэн захиалан авсан байна. Түүнчлэн 2272 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан гэж бүртгүүлсэн байна. Эд хөрөнгөө бүртгүүлж байна гэдэг эдийн засаг явж байна гэсэн үг. Оюуны өмч, УБЕГ 75 хоногийн хугацаанд нэлээд хүнд үеийг тууллаа. Өмнөх Засгийн газрын үед Үндэсний статистикийн хороог УБЕГ-тай нийлүүлсэн байсан. Үүнийг хоёр тийш нь  салгаж, Оюуны өмчийн байгууллагыг нэмсэн. Ингэхэд 3000 гаруй ажилчдыг эргүүлэн ажилд нь авч, 167 ажилтны орох гарах тухай асуудал хөндөгдсөн. Шинээр байгуулагдсан Засгийн газрын яам, агентлагуудаас манай газарт хамгийн их өөрчлөлт орсон.

-Энэ сарын 29-нд дахин санал хураалт болно. Сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?
-Иргэний бүртгэл мэдээл­лээр дамжиж сонгогчдын нийт тоо гардаг. Энэ жилийн нийт сонгогчдын тоо хоёр сая 6000 болсон. 2082 сонгуулийн санал хураах байранд 15 мянга 212 мянган нэр дэвшигч өрсөлдсөн. Энэ сарын 23-нд нэмэлт санал хураалтын ажлыг зохион байгууллаа. Энэ их сонгуулийн ажлын 40 гаруй хувийг манай газар дангаараа хийсэн. 57 санал хураах байранд дахин  санал хураалт явуулахад бэлтгэл ажлаа хангаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан