Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дээрээ суудлаа олсон ч доороо гүйдлээ олохгүй нь


Л.НОМИН

Ардчилсан сонгуулиар засаг төрөө эмхлэн байгуулж, нутгийн өөрөө удирдах ёсны төлөөллөө сонгож ирсэн 26 жилийн түүхэнд элдэв бусын ааш авир гаргах намууд байсан. Тэдний адил сонгогчдын олонхийн буюу 50+1 хувийн санал аваагүй байж ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй засаглалын эрх булаалддаг жишээ хэд хэд бий. Унасан “бөхчүүд” ялагдаж сурах болжээ. Ямартай л МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд нь Баянзүрх дүүрэгт заргалдахаа боль гэж хүртэл хэлэхэв. Дээрээ суудлаа олчихоод л байх шиг. Харин доороо гүйдлээ олохгүй яваа хэсэг бүлэг байх аж.
 
Хоёр Засаг даргатай дүүрэг

Өнгөрсөн долоо хоногт дүүргүүдийн шинээр бүрдсэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хурал болсон. Баянзүрх дүүрэгт гэхэд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй Монгол ардын намынхан хэд хоногийн турш маргаан үүсгэж түүндээ өөрсдөө итгэчисэн яваа. Эхлээд дүүргийн сонгуулийн хорооны дарга ганцаар дур мэдэн шийдвэр гаргаж, Ардчилсан намаас нэр дэвшсэн зургаан хүнийг хууль зөрчлөө гэж хассан. Тэднийг сонгогдсон хойно нь хууль зөрчсөн байжээ гэдэг албан бичиг гаргасан. Үүнээс нь болж АН-ынхан хоёр хоног дүүргийнхээ гадаа жагсаал хийсэн билээ. Хууль шүүхийн байгууллагаар бурууг нь тогтоогоогүй байхад дүүргийн сонгуулийн хороо, тэр дундаа ганц хүнд Нийслэлийн сонгуулийн хорооноос төлөөлөгчөөр сонгогдсон гэж зарласан төлөөлөгчийг хасах шийдвэр гаргах эрхгүйг хуульчид хэлдэг.

Хэрүүл маргаан нэг тийш шийдэгдэхээргүй нь тодорхой болж шинэ төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа хийв. Анхдугаар хуралдааны тов гартал МАН-ынхан нь цаас барин хурлын танхимыг эзэлж, хурал явуулахад саад учруулсан юм. Ингээд ойлголцохгүй байсаар дүүргийнхээ ИТХ-ын хийж, хэрүүлээ цэгцэлжээ.
Ардчилсан намаас сонгогдсон 22 төлөөлөгч ирцээ бүрдүүлж ИТХ-ын даргаар Ш.Ганчимэгийг сонгож, Засаг дарга Д.Пүрэвдавааг дэмжсэн. Засаг даргад дэмжсэн Д.Пүрэвдавааг батламж­луулахаар Нийслэлийн Засаг даргад уламжилсан байна.  
Тэгвэл МАН-аас сонгогдсон 19 төлөөлөгч хуралдаад Засаг даргад Э.Бат-Амгаланг дэмжиж, нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр болж, ИТХ-ын даргаар Т.Атармааг сонгосон гэдэг мэдээлэл зэрэгцэн гарсан. 41 суудалтай тус дүүргийн ИТХ-ын ирц 50 хувиас дээш болохын тулд 21-ээс дээш төлөөлөгч оролцож хуралдах ёстой. Тэгэхээр МАН-ынхан дангаараа хуралдаад ирц 50 хувьд хүрэх боломжгүй гэсэн үг. Ингэхээр алийнх нь хурал хуулийн дагуу хүчинтэй байх вэ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /МУЗЗНДНТУТ/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасан. Энэ хуулиараа бол Д.Пүрэвдавааг батламжлах ёстой. Харин Э.Бат-Амгаланг батламжлавал хууль зөрчинө.

50+1 бол олонхи

Сүхбаатар аймагт орон нутгийн сонгуультай хамт аймгийн ИТХ-ын нэг тойрогт дахин санал хураалт явуулсан. Энэ бол шийдвэрлэх санал хураалт байсан юм. Аймгийн ИТХ-д АН болон МАН-ын авсан суудлын тоо 16:16 болж тэнцээд байсан дээр АН-ын нэр дэвшигч сонгогчдоос олон санал авч олонхи нь АН болов. Нэгэнт олон суудал авсан учир ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хийж, хуульд зааснаар ИТХ-ын даргад түрүүлж нэр дэвшүүлэх эрхтэй төдийгүй удирдлагын эрхийг авах бүрэн боломжтой юм. Ингээд ИТХ-ын даргад Д.Хосбаярыг олонхийн саналаар сонгож, Засаг дарга Ж.Батсуурийг дэмжсэн. Аймгийн Засаг даргаар найман жил ажилласан туршлагатай хүнээ дахин дэмжиж, нэрийг нь Ерөнхий сайдад уламжлахаар болжээ. Өнгөрсөн лхагва гарагт анхдугаар хуралдаанаа хийж, шийдвэрээ хүргүүлсэн ч одоог болтол батламжлахгүй байгаа аж. Харин тус албан бичиг нь тамга, тэмдэг, гарын үсэг дутуу гэх мэдээлэл мөн гараад байгаа.   
 
Тэгш бус өрсөлдөөн

Нийслэлийн хэмжээнд 152 тойрогт 295 мандатын төлөө, 21 аймгийн 1613 багаас нийтдээ 6985 төлөөлөгч сонгогдох ёстой. Нийтдээ 13 нам, хоёр эвслээс 14489 хүн нэр дэвшүүлсэн бол 723 хүн бие даан өрсөлдсөн. Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхээс эхлээд маргаан тасраагүй, одоо ч захиргааны хэргийн шүүхүүдэд сонгуулийн маргаан цөөнгүй явж буй. Нэр дэвших эрхийг нь хааж хууль бусаар хассан тохиолдол нийслэл, орон нутагт нэлээдгүй гарсан. Нийслэлийн Багахангай дүүрэгт гэхэд ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг хэнийг ч бүртгэж аваагүй 17 мандат шууд МАН-ынх болчихсон. Зургаан аймгийн найман суманд АН-ын нэр дэвшигчдийг сонгуулийн тойргийн хороо нь шалтаг тоочин бүртгэж авахгүй байсан тухай мэдээлэл өгч байв. Харин сонгуулийн санал хураалт дууссаны дараанаас л унасан бөхчүүдийн шалтаг, шалтгаанууд ар араасаа хөвөрсөн. Гэхдээ ихэнх нь МАН-ынхнаас гарсан нь хачирхалтай. Нийслэлийн есөн дүүргийн гурав, 21 аймгийн хоёрт нь л МАН цөөнх болсон. Тэгсэн мөртлөө ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс айж элдэв тэмцэл өрнүүлж, жүжиг тоглож байгаа нь нэгэнт сонголтоо хийсэн иргэдийн өгсөн саналыг үл тоомсорлосоноос ялгаагүй. Сонгогдсон хүмүүсийг хууль зөрчлөө гэж, хурлаа хийх гэхээр хаалга үүдийг нь таглаж, эсвэл ширээг нь тэгнэж хэвтээд, бүр болохгүй бол тамга тэмдгээ гаргаж өгөхгүй зугтах зэрэг ичмээр үйлдлүүд зөндөө. Гэхдээ зөвхөн олон нийтэд мэдээлснээр л энэ хэд болохоос сумдад ямархуу байдал үүссэнийг тоочих боломжгүй.

Нам дотроо тамга тэмдгээ булаалдаж, хаалга үүдээ түгжиж зугтдаг байсан бол одоо бүр аймаг, дүүрэг, сумын хэмжээнд иргэдийг төлөөлөх хуралд халдварлажээ.

Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч гэж хэн байх ёстой вэ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хэмээх энэ урт нэртэй хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаа, Засаг дарга, төлөөлөгчдийн эрх, үүргийг зааж өгсөн. Мөн Үндсэн хуульд ИТХ бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, тэдний эрх хэмжээний асуудалд хэн нэгэн, аль нэг өөр шатны байгууллага, албан тушаалтан хөндлөнгөөс оролцох эрхгүй.

Хурлын төлөөлөгч ИТХ-д оролцохдоо асуулт тавих, санал дүгнэлт гаргах, санал хураалгах, хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, хурлын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдийн сонгох, хороо байгуулах, түүнд сонгогдох эрхтэй. Мөн хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон /Засаг дарга/ албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх эрхтэй. Хамгийн чухал нь хууль тогтоомж, хурлын шийдвэрийг иргэдэд тайлбарлах, таниулах үүрэг ИТХ-ын төлөөлөгчдөд бий. Үүний зэрэгцээ хууль тогтоомж, хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг нь авах үүрэгтэй.

ИТХ-ын хуралдааны шийдвэрийн биeлэлтийг тухайн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах ёстой хүмүүс.
Иргэдээс хамгийн ихээр хүсдэг зүйл бол иргэдтэйгээ харилцаа холбоотой ажиллах. Сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө сайн сайхан бүхнийг ярьж, та бүхнийг төлөөлж ажиллана гэж ирээд л амлацгаадаг. Тэгвэл хуулиар тэднийг сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх юм уу холбогдох байгууллага, албан тушаалтад уламжиж, хариуг хуульд заасан хугацаанд, нийтийн сонсгол явуулах үүрэгтэй.

Төлөөлөгчдийн хуралд оролцсон байдлыг харгалзаж урамшуулал олгох, хэмжээ, журмыг нь аймаг болон нийслэлийн ИТХ-ын хурал батлахыг МУЗЗНДТУ тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заажээ. Нийслэлийн ИТХ-ын 2013 оны наймдугаар сарын 13-ны өдрийн хурал­даанаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд улирал тутам таван сая төгрөгөөс ихгүй байхаар тусгасан байна. Тэгэ­хээр жилдээ 20 сая төгрөгөөс ихгүй хэмжээний урамшуулал дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид авдаг гэсэн үг юм.

Амаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ төсөвтэй байхаас гадна тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулах эрхтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан