Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

26 удаагийн чичирхийллээр 1.5-4.6 магнитут хүчтэй газар хөдөллөө


Ж.ГЭРЭЛЧУЛУУН


Дэлхийн нийт хүн амын 60 гаруй хувь амьдардаг Ази тив газар хөдлөлт, цунами, далайн шуурга, ган зуд гээд элдэв байгалийн гамшгийн эрсдэл ихтэй бүс нутагт тооцогддог байна. Монгол орон далайгаас алслагдмал, эх газрын төв, өндөрлөг хэсэгт байрладаг тул элдэв гамшгийн эрсдэл бага гэдэг ч сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж өссөн байна.

Тухайлбал, манай оронд жилд дунджаар 30 мянга орчим газар хөдлөлт бүртгэгддэгээс 10 орчим хувь нь 3.5 магнитут болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт байдаг аж. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2006 оны байдлаар зөвхөн нийслэлийн хэмжээнд 318 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар 1300 болж өсчээ. Энэ нь зөвхөн энэ онд өссөн үзүүлэлт бус жилээс жилд жигд өсөн нэмэгдэж буй тоо болохыг мэргэжлийн хүмүүс хэллээ.
Газар хөдлөлтийг бусад байгалийн гамшигтай адил урьдчилан тогтоох боломжгүй тул газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршиж буй улс орон, төв, суурины иргэдийг байнгын бэлэн байдалд байхыг шаардаж байна.

Манай орны газар хөдлөлтийн давтамж жилээс жилд өсч байгаа төдийгүй нийслэлийн ойр орчимд газрын гүний хагарал элбэг тохиолддог. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 2-3-ны өдрүүдэд улсын хэмжээнд 20 удаагийн чичирхийлэл бүхий 1.5-4.6 магнитут хүчтэй газар хөдлөл бүртгэгдлээ.
 

Цогтцэций сумын хөл хорио цуцлагдаж, уурхай 14:00 цагаас (өчигдөр) хэвийн ажиллаж эхлэв

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багаас зүүн урагш, 10 км зайтай газар энэ сарын 2-3-ны хооронд нийт 19 удаагийн дамтамжтай 1.5-3.8 магнитут хүчтэй газар хөдлөлт боллоо. Чичирхийллийн давтамж өндөр байсан учир Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож, 700 гаруй иргэнийг кэймп, хоргодох байранд нүүлгэн шилжүүлж, сумын хэмжээнд хөл хорио тогтоон, цахилгааны хязгаарлалт хийсэн юм. Тухайлбал, сумын сургуулийн дотуур байранд амьдардаг сурагчид, “Тавантолгой”-н ордод үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн ажилтнууд болон бусад иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна.

Тус сумын хэмжээнд энэ сарын 2-ны өдөр 10 удаа, 3-нд 9 удаа буюу нийт 19 удаа газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн аж. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс өчигдөр 13:40 цагт мэдээлснээр өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорио цуцлагдаж, уурхай 14:00 цагаас хэвийн ажиллаж эхэлсэн гэв. Мөн газар хөдлөлтийн чичирхийлэл нэмж бүртгэгдээгүй хэмээн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Л.Баярсайхан хэллээ. Мөн аймаг, сумын цагдаагийн алба хаагчид нүүлгэн шилжүүлэх ажилд татагдан оролцсоны зэрэгцээ өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр сургууль, цэцэрлэг зэрэг обьектыг давхар хамгаалалтад авч ажилласан гэв.

Он гарсаар дөрөв дэх удаагаа газар хөдөлсөн

Баянхонгор аймгийн Баянговь сумаас баруун хойд зүгт 28 км газар буюу Их Богд уул орчимд энэ сарын 3-ны өглөө 06:09 цагийн орчим 4.6 магнитут хүчтэй газар хөдлөлт болсон тухай Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлжээ. Энэ тухай аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Суманд чичирхийлэл мэдрэгдсэн, хор хохирол учраагүй” гэсэн юм.



Б.Мягмарсүрэн: Ихэвчлэн 3.5 магнитутаас дээш чичирхийлэл мэдрэгдсэн

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга Б.Мягмарсүрэнгээс газар хөдлөлтийн талаар тодрууллаа.

-Газар хөдлөлтийн бүсэд нөхцөл байдал ямар байгаа вэ, дахин чичирхийлсэн болов уу?
-Уржигдар үүрээр нэг удаа чичирхийлэл мэдрэгдсэн, түүнээс хойш дахин бүртгэгдээгүй. Албаны мэдээллээр Их Богд уул орчимд чичирхийлэл илүү мэдрэгдсэн юм билээ. Тэр хавьд хүн, мал харьцангуй сийрэг, төв, суурингүй болохоор элдэв гарз хохирол учраагүй. Газар хөдлөлтийн төвийг өргөрөгийн 44.88, уртрагийн 100.26 гэж тодорхойлсон байна.

-Аймгийн хэмжээнд газар хөдлөлтийн давтамж хэр байдаг вэ. Жишээ нь энэ онд хэд дэх удаагаа бүртгэгдсэн бол?
-Ер нь, жилд хамгийн олон нь 5-6 удаа газар хөдлөлт болох нь бий. Энэ жил дөрөв дэх удаагаа газар хөдлөлт боллоо. Өмнө нь, Их Богдын нуруунд 4.4 магнитут газар хөдлөлт бүртгэгдэж байсан. Одон орон, геофизикийн судалгааны төвөөс ирүүлсэн мэдээгээр ихэвчлэн 3.5-аас дээш магнитут чичирхийлэл мэдрэгдсэн байдаг.


Хэн бэлэн байна тэр хохирол бага амсана

Дээр дурдсанаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд, зөвхөн нийслэлийн хэмжээн дэх газар хөдлөлтийн датамж дөрөв дахин өссөн нь Монгол орны нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн шинж тэмдэгүүд давтамжтай илрэх болсныг харуулж байна. Тухайлбал, энэ оны есдүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл Баянхонгор, Завхан, Архангай, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 43 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Түүнчлэн, өнгөрсөн онд өмнөх онуудаас хоёр дахин их газар хөдлөлт ажиглагдаж байсан бол давтамж 2012, 2013 онуудад хамгийн өндөр буюу 4-10 дахин өссөн байна.
Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 896 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн бол энэ оны эхний есөн сард 1100 орчим болж өссөн тул газар хөдлөлтийн идэвхжилт, давтамж буурах төлөв ажиглагдахгүй байна хэмээн судлаачид үзэж байгаа юм.

Ялангуяа, нийслэл хотод хүн амын төвлөрөл ихэсч, барилгажилтын нягтрал нэмэгдэхийн хэрээр хуучны барилгуудын нурах эрсдэл ихэсч, шинэ барилгууд нь норм, стандарт хангахгүй байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлага бий болж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах, эрх, үүрэг бүхий байнгын ажиллагаатай орон тооны бус зөвлөл байгуулсан байдаг. Мөн дүүргүүдэд Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвүүд бий болгож, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалтуудыг сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудад зохион байгуулсаар ирсэн билээ.

Өнгөрсөн жилүүдэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд гамшгийн асуудлыг олон удаа хэлэлцсэнээс газар хөдлөлтийг онцолж болно. Учир нь, 1000 орчим жилийн өмнө Улаанбаатар хотын бүс нутагт газар хөдөлж байсан ул мөр илэрсэн бөгөөд давтамжийн хувьд томоохон газар хөдлөлтүүдийн хугацаатай таарч байгаа юм. Дээр нь, Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн хүчтэй хагаралууд бий. Түүнчлэн, хагаралууд уулзах үйл явц ойрхон байгааг мэргэжлийн хүмүүс ч хэлэх нь бий.

Товчхондоо, ойрын хугацаанд Улаанбаатар хотод өндөр магнитуттай газар хөдлөлт болох магадлал байгааг гадаад, дотоодын судлаачид, эрдэмтэд онцолж байгаа. Тиймдээ ч Улаанбаатар гэлтгүй Дархан, Эрдэнэт болон аймгийн төвүүдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалтын төвүүд бий болгох замаар зогсоож, тойрч бултах боломжгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх нь чухал юм. Япон, Чили тэргүүтэй газар хөдлөлтийн давтамж, тохиолдол элбэг орнуудаар жишээ болгоход газар хөдлөлтөд бэлтгэлтэй л байвал хохирол багатай өнгөрдгийг харж болно.


Д.Мөнхөө: Монгол орны газар нутгийн 75 хувь нь долоон баллаас дээш бүсэд оршдог

Эрдэмтэн судлаач, Монголд газар судлалыг үндэслэгчдийн нэг Д.Мөнхөөгөөс зарим зүйлийн талаар тодрууллаа.

-Газар хөдлөлтийн дав­тамжийг хэрхэн судалдаг юм бол?
-Газар хөдлөлтийн давтамжийн суурь хууль гэж бий. Энэ хуулийг бид сүүлийн 100 жилийн судалгааны дүнд үндэслэж ямар хэмжээний магнитуттай хөдөлгөөн, хэдэн жилийн давтамжтай болж байгааг тогтоосон. Энэ хуулиар бол газар хөдлөлтийн тоо хэчнээн олширно түүний хэрээр хүч нь сул байна гэсэн үг. Бид зөвхөн 100 жилийн дүн мэдээнд тулгуурлаж байгаа учир хүчтэй газар хөдлөлтийн давтагдах хугацааг нарийн тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл 100 жил гэдэг хүчтэй газар хөдлөлтийн хувьд харьцангуй богино хугацаа. Тиймдээ ч тооллын эх нь байхгүй болохоор нарийн судлан шинжлэхэд төвөгтэй асуудал. Жишээ нь, 1905 оны газар хөдлөлт дахиад хэдэн жилийн дараа яг тэндээ давтагдах вэ гэдгийг бидний хойч үе хэлж чадна. Хүчтэй газар хөдлөлт болсон газар шуудуу ухах аргаар судалгаа хийх нь бий. Дундговь аймгийн Дэлгэр, Дэрэн хоёрын хооронд арав гаруй мөргөцөг буюу эртний газар хөдлөлийн ул мөр олдсон. Уг мөрийг хөндлөн шуудуу ухах байдлаар хэчнээн үе давхарга байгааг судлахад гурван удаа хүчний хувьд ойролцоо газар хөдлөлт болсон байсан. Үүний дараа нүүрстөрөгчийн аргаар хэчнээн жилд нэг удаа газар хөдөлдөг байсныг тогтооход мянган жилийн давтамжтай байсан.
Түүнчлэн, 1957 оны газар хөдлөлтийг олон улсын эрдэмтэдтэй хамтарч 2007 онд хэд хэдэн газар шуудуу ухаж судлахад дөрвөн давхарга байсан. Энэ давхаргууд нь хоорондоо 3-4 мянган жилийн зайтай байсан нь давтамжийг тодорхойлоход хэцүү байсан. Гэтэл Чиллид 1960 онд асар хүчтэй газар хөдлөлт болсон нь 50 жилийн дараа давтагдсан. Манайд ч мөн адил 1905, 1957 гэхээр 50 жилийн давтамж ажиглагддаг. Бид шуудуу ухаж судлаад 1000 жил тогтоогоод байдаг. Гэтэл 100 жилд хоёр удаа давтагдаж байгаагаас харахад газар хөдлөлтийн давтамжийг нарийн хэлэх боломжгүй.

-Өөр улс оронд, магадгүй бүр өөр тивд болсон газар хөдлөлт манайд нөлөөлөх тохиолдол бий юу?
-Шууд хэлэхэд хэцүү л дээ. Дэлхийн бөмбөрцөг гурван хөдөлгөөнд оршдог. Нэгдүгээрт, давших хөдөлгөөн буюу нарыг 365 хоногт тойрдог. Хоёрдугаарт, тэнхлэгээрээ бүтэн эргэхэд 24 цаг болдог. Гуравдугаарт, эв хэвийн хөдөлгөөнд байнга оршиж байдаг. Магадгүй эв хэвийн гажих хөдөлгөөнд доргилт нөлөөлж болно. Гэвч нөлөөлөхдөө газар хөдлөхгүй, тухайн хөрсний тогтоцын бүтэц, хэв шинжийн байдлаар хамаарч тиктоник хавтангийн хөдөлгөөнд нөлөөлж, хөдлөлт үүсэх нөхцөл бий болгох эсвэл бүр эсрэгээрээ түгжиж ч болно. Монгол орны газар нутгийн 75 хувь нь доллоон баллаас дээш газар хөдлөлтийн бүсэд оршдог. Ер нь, газар хөдлөлт өөрөө аюул учруулах нь бага. Түүнийг дагалдах үзэгдлүүд нь гамшигт хүргэх магадлал их. Газар хөдөлсний дараа хөрсний ус шахагдана, газрын гүнээс хий гарна. Тухайлбал, 1993 онд Японы Нагасакид болсон газар хөдлөлтийн дараа 143 мянган барилга галд автсан байдаг. Үүнээс үзэхэд тухайн хот, суурин ямар газар, яаж байрласан байгаагаас үүсч болох гамшиг, эрсдэл шалтгаалдаг. Улаанбаатарт газар хөдөллөө гэхэд гол дагуу байрласан учир хөрсний ус шахагдаж, хот усанд автах магадлал өндөр.

-Сүүлийн үед манай оронд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж бай­гаа гэдэг. Тэр дундаа Улаанбаатар хотын ойр орчим газар хөдлөлтийн идэвхтэй бүс гэх юм?
-Хүмүүс газар хөдлөлт гэхээр ер болдоггүй юм болж байгаа мэт айдаст автаад байдаг. Угтаа газар хөдлөлт байнга болж байдаг. Газрын гүнд, дэлхийн давхарга, цөм байнга энерги, масс солилцож байдаг. Дэлхийн нарыг тойрохдоо 30 мянган км/цаг хурдтай буюу секундэд 473 метр зам туулдаг. Үргэлж ийм эргэлдэх хөдөлгөөнд байдаг зүйл хөдлөхгүй байна гэж үгүй. Улаанбаатар хотын тухайд газрын гүний ан цав, хагарал бий. Гэхдээ дээр хэлсэн шиг ам гарахад хэцүү зүйл шүү дээ.

-Урьд өмнө нь манай оронд хамгийн хүчтэй газар хөдлөлт хаана, хэзээ болж байсан бэ?
-Дээр дурдсанаар тооллын хувьд авч үзвэл манай оронд томоохонд тооцогдох газар хөдлөлт дөрвөн удаа болж байсан. 1905 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Хул азаргын нуруунд 8.4 магнитут буюу 11-12 баллын хүчтэй газар хөдөлсөн байдаг. Үүний улмаас газар хагарч, 130 км урт үргэлжлэх ан цав үүссэн байдаг. Мөн энэ хөдөлгөөнөөс 14 хоногийн дараа Хан Хөхий ууланд газар хөдөлж 350 км газар хагасарсан юм. 26 жилийн дараа гурав дахь газар хөдлөлт Монгол Алтайн өвөрт, 1931 онд болж 10-11 баллын хүчтэй мэдрэгдсэн байдаг. Үүнээс хойно мөн л 26 жилийн дараа буюу 1957 оны арванхоёрдугаар сард Говь-Алтайд дөрөв дэх газар хөдлөлт болж 270 км газар хагарч байсан.
Гадаадын эрдэмтэд энэ хөдөлгөөний цар хүрээг судлахад доргилт нь таван сая км газар хамарсан бөгөөд дэлхийг 18 удаа тойрсон байдаг. Нэг үгээр эл газар хөдлөлтийн чичирхийлэл дэлхийг 3-4 хоногийн турш доргиулсан гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Hujaaguud gazryn gvneer nvhleed nvvrs altyg maani zuuguud bga yum bsh bz de kk
Хамгийн их уншсан