Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Осол, эндэгдэлд өртөгсдийн 80 гаруй хувь эрчүүд байдаг



Б.МЯГМАРЖАВ


Манай улсад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажилладаг аж ахуйн нэгж өдрийн од мэт цөөн. Тэгвэл хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг маш сайн хангаж ажилладаг компанийн удирдлагууд ихэвчлэн эмэгтэй байдаг бөгөөд тэдний ажлын хариуцлага, сахилга батад байгалиас заяасан ур чадвар нөлөөлдөг хэмээн Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн менежментийн хүрээлэнгээс мэдээллээ. Иймээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар эмэгтэй бизнес эрхлэгчид бусаддаа үлгэр дуурайлал болон ажиллахаар болжээ.
Манай улсад жилд дунджаар 400 гаруй иргэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүйгээс осолд орж, бие эрхтэний гэмтэл авч цаашлаад насан туршдаа тахир дутуу болох эрсдэлд ордог гэдэг. Үүний 80 гаруй хувь нь эрэгтэйчүүд байдаг. Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль харьцангуй залуу шинэ хууль. 2008 онд анх манайд хууль эрхзүйн орчин нь бүрдсэн бол өндөр хөгжилтэй орнуудад хамгийн багадаа 40 жил хөгжиж байгаа юм байна.
Эдгээр улс оронд Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн олон улсын OHSAS 18001 стандартыг хэрэгжүүлж эхлээгүй байхдаа мөн л осол эндэгдэл өндөр байсан гэнэ. Манай улсын хувьд стандартыг “ЭСТО” ХХК-ийн хамт олон хэрэгжүүлж байна. Энэ талаар тус компанийн үйл ажиллагааны зөвлөх Г.Урангоо “Манай байгууллага анх Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн олон улсын стандартыг OHSAS 18001 нэвтрүүлэхэд олон асуудал тулгарч байсан. Хамгийн наад зах нь хоорондоо уялдаа холбоогүй олон хуультайгаас хэрэгжүүлэх шатанд бэрхшээлтэй тулгардаг. Мөн нэгдмэл удирдлагын тогтолцоог хэрэгжүүлдэггүй. Тухайлбал, нэг бичиг цаасны асуудал шийдэх гэж төрийн хэдэн байгууллагыг дамжаад улаа эргэтэл явдаг. Ингээд хамгийн анхны үедээ бичиг баримтын шатанд алдаа гарахаар ажил бууруу тийшээ л эргэнэ. Иймээс хаана хэн ямар ажил хариуцах нь тодорхой, нэгдсэн зохион байгуулалт шаардлагатай. Дээрх стандартыг хэрэгжүүлснээр манай байгууллагын үйл ажиллагаа ямар мэргэжилтэн хэрхэн ажиллах нь тодорхой болж, алба хэлтсээрээ нэгдсэн зохион байгуулалттай ажиллах болсон. Жилд 100 километрээс дээш зам тавих эрхтэй таван компани бий. Үүний нэгд манай компани шалгарсан нь олон улсын стандартыг сайн хэрэгжүүлсний үр дүн гэж боддог. Ер нь, замын тусгай зөвшөөрөлтэй 300 гаруй аж ахуйн нэгж байдаг” хэмээн ярьсан юм.

Б.Оюунтөгс: Стандарт мөрдсөнөөр гэнэтийн ослоос урьдчилан сэргийлж чадна

Дээрх асуудалтай холбогдуулан “ОШМИ” ХХК үүсгэн байгуулагч зөвлөх Б.Оюунтөгсөөс зарим зүйлийг тодрууллаа.  

-Аж ахуйн нэгжүүд олон улсын стандартыг мөрдөхөд ямар бэрхшээл тулгарч байна вэ. Уг нь, дээрх стандартуудыг нутагшуулах нь олон талын ач холбогдолтой юм билээ?
-Манайд бол 2008 оноос анхны хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр бид хөгжлийн шатандаа байна гэсэн үг. Олон улсад бол аль хэдийнэ удирдаад сурсан. Манайд эдгээр стандартыг хэрэгжүүлэхэд наад зах нь ажилчид нь ажлын хувцас, хэрэглэл өмсч хэвшээгүй эсвэл захирлуудын түвшинд аюулгүй ажиллагааны бодло­го төлөвлөгөөгөө гарга гэхээр яах аргачлалаа мэддэггүй. Нөгөө талаас төрийн байгууллагын зүгээс тодорхой зааварчилгаа тухайлбал, ажил олгогч та ийм ажлыг ингэж хийх хэрэгтэй гэж зөвлөдөггүй. Тэгэхээр ажил олгогч ажилтан хаана, хаанаа  анхаарлаа хандуулах хэрэгтэй.

-Одоо нэг үеэ бодвол томоохон компаниуд харьцангуй хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг болсон. Харин жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд хүндхэн харагддаг?
-Манай улсад дөнгөж хөгжиж байгаа салбар болохоор  шат дараатай дэвшил гарч  байна. Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдал үнэлгээний цуврал стандарт 2007 онд хоёр дахь удаагаа шинэчлэгдэн гарсан. Одоогоор олон улсад хүчинтэй тооцогдож буй стандарт. Олон улсын стандартчиллын байгууллага олон улсын стандарт гэж хүлээн зөвшөөрсөн. Энэ стандартууд нь төрийн болон төрийн бус гээд бүхий л ажил олгогчдод шаардлагатай заавруудыг тусгаж өгдөг. Ямар шаардлага хангасан компани эсвэл ямар менежментийн системийг бий болгож байж хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбоотой осол эндэгдлийг бууруулж болох вэ гэдэг шинжлэх ухаанаар батлагдсан аргуудыг багтаасан.

-Энэ стандартуудаас манайд хамгийн ойр хэрэгжиж болохуйц зүйл нь юу байна вэ?
-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа бүх хүнд хамаатай. Энд оффист сууж байгаа эмэгтэй, гадаа шал угааж буй  бүсгүй гээд бүгд хамрагдана. Одоогоос хэдэн жилийн өмнө хүний амь нас эрсдэхэд л анхаарал хандуулдаг. Бусад үед орхигдуулдаг. Аж ахуйн нэгжүүд нь ч уг хуулийг хэрэгжүүлж байгаа мэт л байсан. Засгийн газар, яам, сургалт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хамтран ажилласны үр дүнд сайжирч байна. Энэ хүрээнд ажилчдаа хэрхэн эрүүл байлгах вэ гэдэгт анхаарах болсон. Олон улсын стандартад аюултай тохиолдол 200 мянган ширхэг байсан үед нэг хүний амь үрэгдэх эсвэл дөрвөн осол гардаг. Тэгэхээр танай байгуулага  дээр нэг осол гарахад хэдэн хүн осолд өртөх талаар мэдээлэл өгч байгаа. Иргэд өглөө ажилдаа гараад орой гэртээ ирнэ гэж ярьдаг. Тэгвэл бид одоо өглөөнөөс орой хүртэл ярих биш 20, 30 жил эрүүл байх талаар ярих хэрэгтэй. Сүүлийн жүлүүдэд хорт хавдар болоод элдэв төрлийн өвчин нэмэгдсээр байна. Үүний хэдэн хувь нь  ажиллаж байгаа орчин мэргэжлээс шалтгаалж байгааг эрүүл мэндийн салбар тодорхойлж чадахгүй л байгаа шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан