Л.ЦЭРЭН-ОЧИР
Нийслэл хотноо 1989-11-27-ны өдөр хуралдсан Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөлгөөний үеэр МАХН-ын Төв Хороо, Улс Төрийн товчоонд өргөх бичиг барьж, зүүн европ, орос оронд өрнөсөн өөрчлөн байгуулалт Монгол орноо өрнөж, төр засгийн газрын үйл ажиллагааг анх удаагаа шүүмжилсэн залуучуудын дуу хоолой цуурайтаж эхэлсэн билээ. Удалгүй 1989-12-10-нд Олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр Хүүхэд залуучуудын Соёлын төвийн үүдэнд улс төрийн анхны цуглаан болж, МоАХ байгуулагдсанаа зарлав. 1989-12-17-ны өдөр МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн 15 гишүүн хуралдаж, залуучууд “Тайван замаар хувьсгал хийх стратегийг” тодорхойлж, МоАХ-ны Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгов. Нийслэлд болсон цуглаанаас сар гаруйн өмнө Ховд аймгийн Багшийн сургуулийн хэсэг багш, оюутан улс төрийн цуглаан зохион байгуулж, аймгийнхаа МАХН-ын хороо, Засаг даргадаа өргөх бичиг барьсан байсныг тухайн үеийн эрх баригчид бүхнээс таг дарж нуусан нь хожим илэрч, энэ цуглааныг эдүгээгийн Ардчилсан намын гишүүн Болдбаатар, Буяндэлгэр нар санаачлан зохион байгуулсан байлаа.
Төв хөдөөд дуу дуугаа авалцан борооны дараах мөөг мэт улс төрийн хөдөлгөөнүүд байгуулагдаж, “С.Цогтсайханы Хонхны дуу” эгшиглэн 10-100 гаруй мянга хүртэл хүн оролцсон улс төрийн цуглаан удаа дараа болж, ийнхүү ардчилсан хөдөлгөөн хүчээ авч, олон нийтийг хамарсан ардчилсан хувьсгал болж өрнөсөн юм.
-1989-12-28. Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдав.
-1990-02-17. Шинэ дэвшил холбоо байгуулагдав.
-1990-02-18. МоАХ-ны анхдугаар их хурлаас Монголын Ардчилсан нам байгуулагдсанаа зарлав. / дарга нь Эрдэнийн Бат-Үүл/ . 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн учир энэ өдрийг МоАН байгуулагдсан өдөр болгон тэмдэглэсэн байна.
-1990-03-02. Монголын социал Демократ нам байгуулагдав. /дарга нь Бат-Эрдэнийн Батбаяр/
“Монголын Ардчилсан нам”, Монголын Социал Демократ нам”, “Монголын үндэсний дэвшил нам”-ууд ардчилсан хувьсгалын тулгын гурван чулуу болж байсан юм.
1990-03-04–нд улс төрийн томоохон цуглаан болж, 1990-03-07-ны өдрөөс эхлэн Монголын түүхэнд улс төрийн анхны өлсгөлөн зарлаж, МАХН-ын Төв Хороо Улстөрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага тавьсныг гадаад дотоод улс төрийн нөхцөл байдлын улмаас эрх баригчид арга буюу буулт хийж, огцорсон юм. 1960 онд баталсан Үндсэн хуулийн оршил хэсгээс “БНМАУ-ын төр, нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн” гэсэн заалтыг хасч олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрч хуульчилсан нь ардчилсан хувьсгалын томоохон ялалт байлаа.
-1990-07-29. Олон нам оролцсон анхны ардчилсан сонгууль явагдаж, АИХ буюу ардчилсан парламентыг зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр П.Очирбатыг, анхны ардчилсан Засгийн газрын Ерөнхий сайдаар Дашийн Бямбасүрэнг, шадар сайдаар Д.Дорлигжав, Да.Ганболд нарыг томилж, Улсын дэд ерөнхийлөгч, Улсын бага хурлын даргаар Р.Гончигдоржийг сонголоо. Улсын бага хурлын 51 гишүүний 23 нь ардчилсан хүчнийхэн байлаа.
-1991-11-30. Монголын сэргэн мандлын нам байгуулагдав.
-1992-03-23. Монголын чөлөөт хөдөлмөрийн нам, С.Зориг даргатай БНН-ууд нэгдэж Монголын нэгдсэн намыг үүсгэн байгуулав./ дарга нь С.Зориг/
-1992-10-25. МоАН-ын дарга нь Э.Бат-Үүл, МҮДН-ын дарга нь Да.Ганболд, Монголын Сэргэн Мандлын Нам-ын дарга нь Ц.Цолмон, К.Зардыхан нарын удирдсан улс төрийн намууд нэгдэж, “Монголын Үндэсний Ардчилсан нам” /МҮАН / байгуулагдаж даргаар нь Да.Ганболдыг сонгосон байна.
МҮАН 1994-03-27. Олон улсын Ардчилсан холбоонд гишүүнээр элсэв.
1995-12-01. МҮАН-ын тэргүүний марафон орон даяар эхлэв.
1996-04-05. МҮАН-ын хоёрдугаар их хурлаар Ц.Элбэгдорж тус намын тэргүүнээр сонгогдов.
1996-02-26. МҮАН, МСДН, МНН “Ардчилсан холбоо эвсэл” нэрээр УИХ-д 50 суудал авч ялалт байгуулав. Ардчилсан намын түүхэнд хамгийн сургамжтай тодоор бичигдэж үлдсэн он жилүүд байдаг. Өвөрхангай аймагт АХЭ-ээс нэр дэвшиж ялалт байгуулсан тус аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Түмэн-Өлзийгийн саналыг МАХН-аас нэр дэвшигч Шийлэгийн Батбаяр будлиантуулж, гуравхан саналаар ялсан болгож, Ардчилсан холбоо эвсэлд хохирол учруулсан нь тэмдэглэгдэж үлджээ. Ардчилсан холбоо эвсэл 1996-2000 оны хооронд дөрвөн ч Засгийн газраа огцруулж, парламентынхаа үйл ажиллагааг ч явуулж чадахгүйд хүрч байлаа. Бүр сүүлдээ Засгийн газрын гишүүн, төрийн сайдаар ажиллуулах төрийн албан хаагчаа хаа нэгтэйгээс эрж хайх, сайдын сэнтийд суулгасны дараа Ардчилсан намын гишүүнээр элсүүлж байлаа. УИХ дахь МАХН-ын 25 гишүүн, Уламжлалын намын нэг гишүүн, Монголын социал демократ намын 15 гишүүн нэгдэж, Ардчилсан намын Засгийн газрыг дөрвөн ч удаа огцруулсан улс төрийн ээдрээтэй явдлын учир шалтгааныг Нийслэлийн МҮАН-ын дарга С.Эрдэнээс өөрөөр хэн ч эргэж ухаарч байсангүй. Тэр цагт С.Эрдэнэ хэлэхдээ: “Социал Демократууд Ху-гийнхантай нэгдэж, бидний байгуулсан Ардчилсан нам, төр засгийн газраар тоглож байна. Бидэнд эрүүл саруул улс төрийн орчин хэрэгтэй. 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын тугийг өргөж явсан манай МоАХ-ны партизануудынхаа үүсгэн байгуулсан Монголын Ардчилсан нам /МоАН/-аа дахин байгуулаагүй цагт эрүүл саруул улс төрийн орчин хэзээ ч эргэж ирэхгүй. Хатуу санацгаа. Партизануудаа!“ гэсэн байдаг. Удалгүй тэрбээр 2000 оны эхнээс эхлэн МоАН байгуулах болсноо зарлан тунхаглаж, улс төрийн элдэв луйвар булхайг нээж, шинээр байгуулагдах намынхаа үзэл баримтлал, дүрмийн төслийг боловсруулан түгээхэд ардчиллын анхдагчид төдийгүй эрдэмтэн, мэргэд судлаачдын анхаарлыг татаж байсан жинтэй бүтээл болж нийгэмд үнэлэгдэж байлаа. 2000 онд явагдсан УИХ-ын сонгуульд МоАН 76 тойрогт нэр дэвшүүлж, сонгуулийн үр дүнгээр МАХН, МҮАН, МСДН, ИЗН-уудын араас шил даран хүчтэй улс төрийн нам болохоо харуулсан юм. Ардчиллын төлөөх намуудын нэгдэлгүйгээр монголын ард түмний төлөөх улс төрийн бодлогыг цаашид тодорхойлох боломжгүй болохыг ухаарч эхлэсэн намууд нэгдэх алхмыг хийхэд С.Эрдэнийн тэргүүлсэн МоАН голлох үүрэгтэй байлаа.
Их Монгол Улс байгуулагдсан 1206 оныг билгэдэн 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн морин цагт Төрийн ордонд Улс төрийн намууд нэгдэх их хурлаа зарлан хуралдууллаа. МҮАН дарга нь Р.Амаржаргал,. МСДН дарга нь Р.Гончигдорж, МАСМН дарга нь Д.Бямбасүрэн, МШАН дарга нь Баярсүрэн, МоАН-ын дарга нь С.Эрдэнэ нарын санаачилгаар намууд нэгдэж Монголын Ардчилсан намыг байгуулснаа зарлан тунхаглалаа. С.Эрдэнэ даргатай МоАН-ын их хурлын гишүүдийн шийдвэрээр тус намын нэрийг “Монголын ардчилсан нам” хэмээн нэрлэхийг их хурлаас тунхаглан зарласан юм.
Намынхаа даргаар Д.Дорлигжавыг сонгож, дэд даргаар Байгаль орчны сайд асан С.Мэндсайханыг, Нийслэлийн намын даргаар УИХ-ын гишүүн асан Ц.Ганхуягийг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Төрийн өмчийн хорооны дарга асан З.Энхболдыг, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан С.Ламбаа, Ц.Энхтүвшин нарыг мөн УИХ-ын гишүүн, ЭМНХ-ын сайд асан Ш.Батбаяр, Англи улсад элчин сайд асан Ц.Сүхбаатар, Улсын нөөцийн газрын дарга асан Я.Санжмятав нарыг тус тус томилсон байдаг.

Намын төв хэвлэлээр “Сайн байна уу” сонин гаргаж, эрхлэгчээр нь Ш.Батбаярыг томилон 2001 оныг 6 дугаар сарын 1-нээс эхлэн долоо хоног тутамд нэг дугаар гаргаж, аймаг, сум, дүүрэг ,хороо, бүрт хүргэж зохион байгуулалтын шинэ арга хэлбэрт шилжсэн байлаа. “Сайн байна уу” сонин нэг удаа 2000 ширхэг хэвлэгдэн нийт аймаг, дүүрэг бүрт 100 ширхэг хүргэгдэж байлаа. АН “ард түмнээ сонсох” аян өрнүүллээ. Төв хөдөөд 21 аймаг, 200 гаруй сумаар намынхаа аяныг явууллаа. Намынхаа удирдах дээд байгууллага болох ҮЗХ-оог УИХ-ын нэг суудалд хоёр гишүүн байхаар квот тогтоож, намын бодлогод зөвлөх үүрэг бүхий Зөвлөл байгууллаа. Зөвлөлийн бүрэлдэхүүнд:
-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
-Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
-Ерөнхий сайд асан М.Энхсайхан
-Ерөнхий сайд асан Р.Амаржаргал
- Сангийн сайд асан П.Цагаан
-Сангийн сайд асан Б.Батбаяр
-БО-ны сайд асан М. Мэндсайхан
- Шадар сайд асан Да.Ганболд
-ЭМНХ-ын сайд асан Ш.Батбаяр
-УИХ-ын гишүүн асан С.Ламбаа
УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл нар багтаж байлаа.
Намынхаа дээд шагналаар “Чингисийн одон” байхаар дүрэмдээ тусган батлаж, анхны Ерөнхийлөгч П.Очирбат, ардчилсан анхны ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, Дархан аварга Х.Баянмөнх, Сумо бөхийн аварга, Д.Дагвадорж, Ардчиллын анхдагч Да.Ганболд, Дэд ерөнхийлөгч Улсын бага хурлын дарга, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж нарын хүмүүсийн шагнасан юм. 2004 оны УИХ-ын сонгуульд “Ардчилсан намын даргаар М.Энхсайханыг ҮЗХ-оос сонгож, “Эх орон-Ардчилсан холбоо эвсэл” байгуулан парламентад намууд бараг тэнцүү суудал авсан ч Хамтын ажиллагааны гэрээ байгуулж Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдов. ҮЗХ-ны хурлаар М.Энхсайханыг огцруулж, Р.Гончигдоржийг Ардчилсан намын даргаар сонгов. Ардчиллын өдөр- Ард түмний өдөр” нь АН байгуулагдсан өдөр юм. 2006 оны 10 дугаар сард хуралдсан ҮЗХ-ны хурлаар өөрийнх нь хүсэлтээр намын даргаас Р.Гончигдоржийг чөлөөлж, намын даргаар Ц.Элбэгдоржийг сонголоо. АН-д шинэчлэл өрнөж, 2006 оны 3 дугаар сарын 30-31 өдрүүдэд намын гуравдугаар их хурал төрийн ордонд хуралдаж, дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, намын дарга Ц.Элбэгдоржид итгэл үзүүллээ. Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Дорлигжавыг баталлаа. ҮЗХ-ны чөлөөт цагаар ажиллах Гүйцэтгэх Зөвлөл байгуулагдаж, намын ЕНБ дарга, ХЭГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулав. Жил бүрийн 4 дүгээр сарын 7-ны өдрийг “Ардчиллын өдөр” болгон уламжлалт үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэв.
2008 онд явагдсан УИХ-ын сонгууль ихээхэн будлиантай болж, МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан боловч дангаараа Засгийн газар байгуулан явах улс төрийн нөхцөл боломжгүй болж, АН-ыг Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд татан оролцуулсан нь сонгуулийн будлианыг дарах, олон зуун хүнийг баривчлан хууль бус арга хэрэглэсэн, хэд хэдэн хүний амь насыг буудан хөнөөсөн, хүн бүрт 1,5 сая төгрөг бэлнээр тараах амлалт авсан зэрэг байж боломгүй гэмт будлианаа АН-ын нэр нүүрээр халхавчлах гэсэн улстөрийн башир арга байсан юм. АН-ын дарга Ц.Элбэгдорж АНУ руу сургалтанд явлаа. Намын даргаар Норовын Алтанхуягийг ҮЗХ-ны хурлаас сонгов. Н.Алтанхуяг ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ, Орон нутгийн сонгуульд намаа ялалтанд хүргэлээ. Н.Алтанхуягийг тойрсон авлига, гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээлэл орон даяар түгж, тэр хэмжээгээр АН-ын нэр хүнд унасаар байлаа.
2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам 34 суудалтай болж парламентад олон суудал авсан ч олонхи хараахан болж чадаагүй. МАХН-МҮАН-ын “Шударга ёс, эвсэл”-тэй хамтран Засгийн газраа эмхэлсэн. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн Ц.Элбэгдоржийг Ардчилсан намаас нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, ялалт байгуулав. 2014 онд нь Н.Алтанхуяг намын даргаас чөлөөлөгдсөн. Тэрээр 16 жилийн түүхийн хугацааны зургаан жилд нь Ардчилсан намыг тэргүүлжээ. Гэхдээ тухайн цаг үеийн нөхцөл байдал Ардчилсан намд ээлтэй жилүүд байсан гэсэн тайлбарыг ч хэлэх нь цөөнгүй.
2014-11-15. ҮЗХ-оос З.Энхболд Ардчилсан намын даргаар сонгогдов. Тэрээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулсны дараа Ардчилсан намын даргын албан тушаалд очсон. УИХ-ын дарга ,намын дарга болсон анхны тохиолдол. Энэ үеэс намын дунд үүссэн зөрчил ил гарч эхэлсэн билээ. Яг үүнтэй зэрэгцэн Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгууль /ротаци/ хийгээгүй олон жил явсан талаар гишүүдээс гомдол гарч, дотоод асуудал гадна гартлаа даамжирсан. Гэхдээ энэ нь өмнөх дарга Н.Алтанхуягтай холбоотой гомдол. Ерөнхийдөө ойлголцохгүй явсаар 2016 оны сонгуультай Ардчилсан намынхан золгов. УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуульд олон тойрог, суудлаа алдаж Ардчилсан нам ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн.
Парламентын 34 суудал ес болтлоо буурав. Иймээс З.Энхболд Ардчилсан намын даргаас огцорч, хариуцлага хүлээхээ мэдэгдсээр хагас жилийг үдэж байна. Энэ хугацаанд Ардчилсан намыг Д.Эрдэнэбат удирдаж, орон нутгийн сонгуульд чамлахааргүй амжилттай оролцоод байгаа. З.Энхболдоос тамга тэмдгээ хүлээн авах даргыг харин Ардчилсан намын бүх гишүүдийн саналаар сонгох их сунгаа эхлээд байна. Ардчилсан намын дараагийн түүхийг бичих долоо дахь даргыг албан ёсоор сонгох юм. Тэр хүний хамгийн эхний сорилт нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль байх болно.