Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Алтантулга: одоо хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байгаа иргэд дахин банкинд очих шаардлагагүй


Ж.ЖАМУХА


Сар тутам олгодог хүүхдийн мөнгийг айл өрхүүдийн амьжиргааны төвшинд харгалзах байдлаар олгохоор болж, эхний ээлжинд 18 хүртэлх насны нийт хүүхдийн 60 хувийг хамруулах болсон. Тэгвэл энэ сарын хүүхдийн мөнгө хэзээ, хэрхэн олгогдох тухай болон бусад асуудлаар ХНХЯ-ны Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээний бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас тодрууллаа.

-Хүүхдийн мөнгийг Нийг­мийн халамжийн сангаас санхүүжүүлж, танай яам хариуцан олгохоор болсон. Иргэдийн дунд энэ сардаа багтаж мөнгө олгогдох уу гэх хүлээлт үүсээд байна?
-УИХ-ын 2016 оны хаврын чуулганаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Хүний хөгжил сангийн тухай хуулийг хүчингүй болгох тухай хууль баталсан. Улмаар “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам батлах тухай” 2012 оны 70 дугаар тогтоол хүчингүй болж, хүүхдийн мөнгийг Нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлэх болсон. Үүнтэй холбогдуулж Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газраас шинэчлэн баталсан. Өнгөрсөн оны байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжид нэг сая 25 мянган хүүхэд хамрагдсан бөгөөд нийт хүүхдийн 60 хувьд нь буюу Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 502.567 гэсэн босго онооноос доогуур, зорилтот бүлгийн 660 мянган хүүхдэд бэлэн мөнгөөр олгоно. Харин үлдсэн 400 гаруй мянган хүүхдийн мөнгийг бэлэн бусаар банкинд байршуулж, 2019 оноос нөхөж олгох юм. Харин энэ оны нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө сарын сүүлээр амжихгүй бол ирэх сарын эхээр орно. Цаашдаа сар бүрийн 20-ны дотор орж байх юм.

-Нийт төсөв нь хэчнээн төгрөг болж байгаа бол?
-Энэ онд олгох хүүхдийн мөнгөнд нийт 161.5 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа.

-Иргэд хүүхдээ хүүхдийн мөнгө авах эсэхийг хэрхэн мэдэх боломжтой вэ?
-Энэ асуудлаар харьяа сум, хорооны нийгмийн ажилтанд хандах эсвэл “check.hudulmur-halamj.gov.mn” хаягаар орж бэлэн болон бэлэн бусаар авах эсэхээ нягтлах боломжтой.

-Бэлнээр авах тохиолдолд хаана, яаж бүртгүүлэх вэ?
-Мөн л оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандаж юун түрүүнд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан эсэхээ нягтална. Хэрэв хамрагдсан бол өрхийн оноо нь 502.567 онооноос дээш эсвэл доош байгааг шалгуулна. Харин хам­рагдаагүй тохиолдолд хүсэлт гаргаж, судалгаанд хамрагдах боломжтой. Түүнчлэн, одоо хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамраг­даж байгаа иргэдийн тухайд заавал дахин бан­кинд очиж хүсэлт гаргах шаардлагагүй болсон.

-Тэгэхээр дүүрэг, хороо­ноос нь хамаарч банкийг нь зааж өгдөг байснаа болиод иргэн өөрөө дурын банкаа сонгож болно гэсэн үг үү?
-Тийм. Өнөөдрийн байд­лаар хүүхдийн мөнгөн тэтгэм­жийг арилжааны 12 банкаар дамжуулан олгож байна. Иргэдийн хувьд дурын банкаа сонгон үйлчлүүлэх боломжтой.

-Бүртгүүлэх иргэд ямар би­чиг баримт бүрдүүлэх ёстой вэ?
-Хүүхдийн мөнгөн тэт­гэмж огт авч байгаагүй иргэ­дийн тухайд юуны өмнө Өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдахын тулд сум, хорооны нийгмийн ажил­танд хандаж хүсэлтээ өгөх, судал­гаанд хамрагдах шаардлагатай. Өрхийн оноогоо бодуулсны дараа дурын банкинд хүүх­дийн­хээ нэр дээр данс нээлгэнэ.

-Тэтгэмжээ 2019 оноос авч эхлэх 40 хувьд багтаж буй хүүхдүүд ч банкинд бүртгүүлж, данс нээлгэсэн байх шаардлагатай юу?
-Өрхийн мэдээллийн сангийн бүртгэлд орчихсон бол заавал дахиж бүртгүүлэх шаарлагагүй. Монголбанк болон Сангийн яаманд Хөдөл­мөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас бэлэн болон бэлэн бусаар авах хүүхдийн нэрсийг сар бүр хүргүүлж байна.
Өнгөрсөн оны долдугаар сараас хойш хүүхдийн мөнгө нь ороогүй хүүхдүүд буюу Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь тухайн өрхийн оноо 502.567 гэх босго онооноос дээш байгаа өрхийн хүүхдийн мөнгийг 2019 оноос нөхөн олгож эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан