Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МСК Улаанбаатарын усан хангамжийг 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар шийднэ


АНУ-ын Мянганы сорилтын корпораци /МСК/-ийн Удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар Монгол Улстай хоёр дахь удаагаа Компакт гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ гэрээ боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд Үндэсний ажлын алба тус корпорацийн мэргэжилтнүүдтэй хамтран Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байгаа хүчин зүйлсийн судалгааг 2015 онд хийсэн байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар судалгаа хийж Компакт гэрээгээр хөрөнгө оруулах боломжтой салбар, чиглэлийн талаарх ерөнхий саналыг МСК-д танилцуулсан аж. Мөн  “Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр”-ийн дэлгэрэнгүй саналыг ч хүргүүлэв. Эдгээр саналыг МСК-ийн Хөрөнгө оруулалтын менежментийн хороо өнгөрсөн оны 4 дүгээр сард хэлэлцээд саналд багтсан тодорхой төсөл, үйл ажиллагааны техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан судалгааг гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

 Ингээд Үндэсний ажлын алба, МСК-ийн баг хамтран Компакт гэрээгээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн саналыг эцэслэн боловсруулж бэлэн болгоод байгаа юм.
АНУ-ын Конгресс өнгөрсөн  04 дүгээр сард хүлээн авч  Компакт гэрээгээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн саналыг хэлэлцэн дэмжижээ.  
Компакт гэрээний хүрээнд нийтдээ 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж, холбогдох зэрэг ажлыг гүйцэтгэх юм.

 Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Энэ удаагийн буцалтгүй тусламж нь Улаанбаатар хотын ундны усан хангамжийг сайжруулахад чиглэж байгаа. Төслөөр цэвэр усны 52 худаг, түүнийг дагасан дэд бүтэц, ус цэвэршүүлэх байгууламж барина. Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин боловсруулж “ДЦС-4”-ын хөргөх системд ашиглах юм. Ингэснээр Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 68 сая шоо метрээр нэмэгдэнэ. Энэ хэрээр хот баруун тийш тэлэх дэд бүтцийн боломж бүрдэнэ. Уг төслийн ТЭЗҮ судалгаа бэлэн болсон, усны шинэ эх үүсвэр гаргах худаг барихад газрын маргаантай асуудал байхгүй” хэмээж байна.
АНУ-ын Мянганы сорилтын тухай хуулийн дагуу хоёр дахь Компакт гэрээг хэрэгжүүлж байгаа улс нь төслийн нийт хөрөнгө оруулалтын 15 хувиас багагүй хэмжээний хөрөнгийг гаргах үүрэгтэй байдаг аж.  Иймд Монгол Улсын  Засгийн газар 52.5 сая ам.доллар гаргах үүрэг хүлээж байгаа аж.
Энэ Компакт гэрээний төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор шийдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан