Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарынхны мөрөөдөл Хөх хотод


Хөршийн өөрчлөлт-шинэчлэлтийн 40 жилээр “аялав”-2
“Өөрчлөлт шинэчлэлт-40 жил, Нэг бүс-нэг зам Хятад дахь аялал” буюу Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баруун бүсийн багийнхны дараагийн танилцах газар нь манай хотынхны мөрөөдөл болсон метроны бүтээн байгуулалт.
Хөх хот сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжихийн хэрээр авто замын ачаалал ч эрс нэмэгджээ. Гурван сая хүн амтай тус хотын нийтийн тээврийн ачааллыг автобус, такси голчлон үүрдэг байсан бол өдгөө зам тээврийн салбартаа шинэчлэл хийж “Метро” төслийг эхлүүлжээ.
Зам тээврийн чиглэл шугам сүлжээний төлөвлөлт нь 2014 онд Хятадын Төрийн байгаль хамгаалалтын яамнаас, 2015 онд Төрийн зөвлөлийн хөгжүүлэлт шинэчлэлтийн хорооны зөвшөөрлөө авсан байна. Ингэснээр Бүх Хятадын хэмжээнд энэхүү батламжийг хүртсэн 39 дэх хот болсон гэнэ.

Хотын зам тээврийн сүлжээ нь таван хэсгээс бүрдэх бөгөөд нэг, хоёрдугаар чиглэл нь гол, 3, 4, 5 дугаар чиглэл нь туслах зам байх аж. 43 зорчигч тээврийн төвтэй энэхүү бүтээн байгуулалтын бүх чиглэлийн замын урт нь 154,9 км.
Нэгдүгээр чиглэл нь ирэх оны сүүлээр ашиглалтад орох бол хоёрдугаар чиглэлийнх нь 2020 оны зургадугаар сарын 30-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 38 тэрбум юань. Сонирхол татахуйц нэгэн мэдээлэл нь бүх зам шугамыг ухаж, хонгил бий болгох автомат төхөөрөмж байв. Энэхүү төхөөрөмж нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд газар доогуур малтаж орсныхоо дараа хоёр талаараа сул шороог гаргах, зөөвөрлөх зэргийг хүний оролцоогүйгээр хийж гүйцэтгэнэ. Ингэхдээ өдөрт 15 метр хонгил ухах хүчин чадалтай юм байна.

Мөн тухайн зураг төсвийн дагуу л бүх ажил явдаг гэнэ. Газрын хөрснөөс үүдэн ямар нэгэн бэрхшээл тулгарсан ч зураг төсвөөсөө гажилгүй шийдвэрлээд явдаг гэж байлаа. Гэхдээ энэ бүх бүтээн байгуулалтын ажил газар дээрх хотын замын хөдөлгөөн болон барилга байгууламжид огтхон ч нөлөөлдөггүй, мэдрэгддэггүй гэдгээрээ онцлогтой.
Ямартай ч хотынхны мөрөөдөл болсон метрог Хөх хотод гурван жилийн дотор л бүтээн байгуулж байна. 2020 он гэхэд тус хотынхон замын түгжрэлээс үүдсэн стрессээсээ ангижирч, аз жаргалтай хотдоо амьдрах нь ээ.
Харин монголчуудын маань метротой болох мөрөөдөл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын хэлснээр 2025 онд биеллээ олох ёстой.
“Жорлонгийн хувьсгал” бодит амьдрал дээр

Аяллын маань дараагийн зогсоол нь тус хотын жорлонгийн байгууламжтай танилцах. Анхлан бид жорлон үзнэ гэдгийг сонсоод чихэндээ ч итгээгүй. Ямар учраас жорлонгоо үзүүлэх гээд байгааг нь ч ойлгоогүй. Гэхдээ бидний төсөөлснөөс өөр орчин угтлаа.  
Жорлон гэж хэлэхээсээ илүүтэй “түр амсхийх газар”, мөн “өртөө” ч гэж нэрийдэж болохоор.
Хөрш орны дарга Ши Жиньпин одоогоос гурван жилийн өмнө “Нийтийн бие засах газар”-тай холбогдуулан чухал заавар өгч байсныг эргэн нэг саная. Тэрбээр “Нийтийн бие засах газрын асуудал бол жижиг асуудал биш. Хот хөдөөгийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын гол чухал хэсэг юм. Аялал жуулчлалын бүс, хот суурин төдийгүй, хөдөө орон нутагт ч энэхүү ажлыг өрнүүлж, орон нутгийг хөгжүүлэх стратегийн бодит ажил болгон ахиулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хэрэгтэй зүйл тул энэхүү асуудлыг заавал шийдэх хэрэгтэй” гэж байсан юм.
Тэгвэл  “Жорлонгийн хувьсгал” нь Хөх хотод жинхэнэ утгаараа хэрэгжиж, жуулчдад төдийгүй иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан байна. 

Өнгөрсөн оноос Хөх хотын түүхэн дэх хамгийн их хөрөнгө оруулалт бүхий, хэмжээний хувьд хамгийн том, хотын орчин нөхцөлийг цогцолбороор тохижуулах төслийн чухал хэсэг нь “Бие засах газрын хувьсгал” байжээ.  
2017 оноос эхэлж хотын зам дагуу 500 метр бүрт олон нийтийн бие засах газрыг байгуулахаар төлөвлөж, оны эцэс гэхэд 2070-ыг шинээр болон өөрчлөн байгуулах зорилт тавьсан гэнэ. Гэвч өнгөрсөн оны эцэст 3087 нийтийн бие засах газар ашиглалтад орсон байна. Гэхдээ зөвхөн бие засах газар гэж ойлговол эндүүрэл болно. Учир нь, энэхүү байгууламж нь дотроо номын сан, фото зургийн үзэсгэлэн гаргах хэсэг, хүүхэд хөхүүлэх, сонин гарчиглангаа гар утсаа цэнэглэх, шар айраг шимэнгээ ая тухтай нам гүм орчинд суух сонирхолтой хүмүүст зориулсан өрөө, танхимтай байхаас гадна хүнсний дэлгүүр, бэлэн мөнгөний машин, эрүүл мэндийн болон түргэн хоолны зэрэг олон үйлчилгээг нэг дор цогцлоож өгчээ.
Энэ боловсон жорлонгууд нь өглөөний 6:30 минутаас оройн 23:30 минут хүрэл ажилладаг бөгөөд уух зүйлс, түргэн хоолноос бусад нь ямар ч үнэ төлбөргүй. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ая тухтай үйлчлүүлэх боломжийг ч хангаж өгсөн байна.  Ямартай ч энэ оны аравдугаар сарыг дуустал Хятад улсад нийт 60,8 мянган нийтийн бие засах газар барьсан байна гэж төлөвлөсөн байна билээ.

Харин манай улсын хувьд Нутгийн шийдэл сан “Цэвэрч Монгол” төслийнхөө хүрээнд “Жорлонгоо өөрчилье” ном эрхлэн гаргаж, уг номонд орсон байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хөрсний бохирдлыг бууруулах эко жорлон барьж байгуулах технологийн шийдлүүд, эрүүл мэнд, байгаль орчин, санхүү хөрөнгө оруулалт, иргэдийн оролцоо зэрэг өргөн сэдвийг хамарсан сургалтыг орон даяар зохион байгуулж, өөрчлөн шинэчлэлт хийхээр зорьж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан