Хүн болгонд өгөгдсөн хувь тавилан өөр өөр байдагтай адил туулж өнгөрүүлсэн амьдралын дурсамж ч адилгүй байх юм. 30-аад жилийн тэртээх он жилүүдийг эргэн санахад дэндүү сайхан, дэндүү зоригтой байжээ. Залуу насны минь мөрөөдлийн үндэс хонгор бага наснаасаа эхлэн тэвэг өшиглөн, үзэг тоглож /тэр үеийн хүүхдүүдийн дунд ийм нэгэн тоглоом байлаа/ ижилдэн өссөн багийн хэдэн найз нараас минь эхлэлтэй. Хүүхэд наснаасаа л дотноссон нөхөрлөл минь бидэнд бие биедээ итгэдэг нэг нэгнээ түшин тулдаг ямар ч үед найзын яс чанараа хадгалж чаддаг төлөвшлийг суулгасан юм.
Тийм л найзын минь нэг С.Цогтсайхан байлаа. 70-аад оны өсвөр насны хөвгүүдийн л адил нөхөрлөсөн дөө бид. Хаана ч явсан цугтаа. Сургуулийн орчин, зуслан, пионерын лагерь, усанд сэлэх, загасанд явах, нэгнийдээ цуглаж хөөрөлдөх /ихэвчлэн Цогоогийнд цуглана/, орцонд цуглана, гитар тоглож дуулна, сонссон дуулснаа ярилцана. Ямар нэгэн сэдвээр мэдээлэл солилцох үед Цогоогийн үзэл, бодол дүгнэлт бүгдийн санаа оноонд их нийцдэг байлаа.
Аливааг харах өнцөг зөв байдаг нь түүний гэр бүлийн хүмүүжил, зан байдлын төлөвшилтэй холбоотой байсан хэрэг. Ер нь найзуудын дунд бусаддаа нөлөөтэй нэгэн байдгийн адил бидний дунд тэр хүн нь Цогоо байлаа. Энэ чанар нь хожим нь биднийг их үйлсийн төлөө эрсдэлийг тоолгүй, огт эргэлзэлгүйгээр түүнийг дагахад хүргэсэн билээ.
1988 онд би СОТ-2 /Зөвлөлтиин барилгын II трест / -д автобусны жолоочоор ажиллаж байв. Зөвлөлтийн барилгын байгууллага учраас ажлын нөхцөл сайн, цалин хангалттай авдаг, гэр бүлийн хамт боломжийн амьдарч байлаа. Оны дундуур Цогоо уулзаад “Хэсэг залуустай ярилцах хэрэгтэй байна, цуг очъё” гэж хэллээ. Хэд хоногийн дараа ажлаа зохицуулаад тэдгээр залуустай уулзсанаар нийгэм болон амьдралын тухай ойлголт маань ёстой 360 эргэнэ гэдэг болсон доо. Амарсанаа гэдэг залуу бидэнд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг танилцуулахад “Ийм юм байдаг юм уу” гэж бодож байснаа санаж байна.
Үүнээс хойш үзэл бодлоороо нэгдсэн залуус ойр ойрхон уулзаж, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн салхин дор бндний амьдарч буй нийгэм ч өөрчлөгдөх боломжтойг, үүнийг зөв зохион байгуулж эхлүүлэх хүчний байх ёстойг энэ ажлын эхлэлийг залуу үе зоригтойгоор хийх хэрэгтэйг зөвшилцөөд аль болох олон хүнд дуулгаж уулзалтандаа урьж авч ирэх ажлыг дор бүрнээ хичээн гүйцэтгэж эхэлсэн юм. Ийм уулзалтууд нилээн олон удаа болж хүмүүсийн тоо нэмэгдсээр оны сүүлчээр “Шинэ үе” бүлгэм байгуулагдлаа. Эхлээд “Шинэ үе” бүлгэм дараа нь “Ардчилсан холбоо" болсон эх үүсвэр суурийг тавьсан санаачлагчид нь С.Цогтсайхан, С.Амарсанаа, А.Баясгалан лам, Д.Амарбаяр, Л.Очирсүх нар юм.
1988 оны сүүлчээр МАХН-ын төв хорооны V бүгд хурал хуралдах байлаа. МАХНам ЗХУ-д эхэлсэн өөрчлөн байгуулалтын гол чиг шугамаа болгоно гэсэн тул бид энэ хурлын шийдвэрийг тэсэн ядан хүлээж байлаа. Бидний хүлээлт талаар болж их хурлын шийдвэрт ямар ч өөрчлөлт, шинэчлэлт хийх тухай байсангүй.
Иймээс “Шинэ үе” бүлгэм ард түмэнд хандсан ухуулах хуудас гаргахаар бэлтгэж.
түүнд:
• Их хурлын даргыг бүх нийтийн санал хураалтаар сонгох, ид тод байдлыг баталгаатай болгосон хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлэх, НҮБ-ын гишүүн орон мөн тул “Хүний эрхийн тунхаглал”-ыг ард нийтэд таниулах, сурталчлах гэсэн 3 гол шаардлагыг дэвшүүлсэн юм.
1989 оны 1-р сарын 2-ны жавар тачигнасан шөнө ухуулах хуудсаа наахаар тогтлоо. /өдрийн цагаар наалгахгүйг нь мэдээд/. Би шөнийн 1 цагт баазаас Паз автобусаа авч гарлаа. Хүмүүс их зорчдог газруудыг сонгон авсан болохоор явах чиглэл олон байв. Ажлаа дуусгаад үүрээр баазын хашаанд тэргээ тавиад автобусандаа нүдний хор гаргаад 07 цагг ажилдаа гарлаа. 10-аад хоногийн дараа бүгд НАХЯаманд баригдав. Суллагдаад ажил дээрээ иртэл халагдах болсон байлаа. Цагдаад дуудагдах, ажлаас халагдах зэрэгцэж байсан боловч Орос дарга нар тэгсгээд тайвширч автобусыг минь хураагаад, чингэлэгтэй ЗИЛ-130 тэрэг өглөө. Энэ удаад ажилтайгаа үлдсэн тул ямар тэрэг байх нь хамаагүй байлаа.
Баригдаж хоригдсон, байцаагдсан асуугдсаар 1-р сар дуусч 2-р сарын эхээр Намын үнэн сонинд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” хэвлэгдэн гарсан нь бидний үйл хэрэг зөв байсны баталгаа, нийгэмд цочрол өгсний илрэл байв. “Сайныг дагавал сарны гэрэл” гэгчээр зөв бөгөөд шударга ёсны төлөө зүтгэсэн С. Цогтсайхан, С.Амарсанааг дагасандаа маш их баярлаж билээ.
Цаашдаа үзэл бодлоо бусдад ойлгуулах, үйл ажиллагаагаа таниулахын тулд хүрээгээ өргөтгөхийн үүднээс ойрын найз нөхөд, төрөл садан, ахан дүүс хэнд ч хамаагүй ухуулах хуудсаа тараасаар л байв. Тэр үед үзэл бодлоосоо болон зөрчилдөж эхнэр нөхөр салах дээрээ тулах, ахан дүүс тангараг тасрах явдал ч гарч байсан нь нийгмийн амьдрал хичнээн донсолгоотой, ороо бусгаа байсныг илтгэнэ.
70-н жилийн нэг үзэл бодлоор явсан нийгэмд ойлгохоос ойлгохгүй нь олон байх нь аргагүй л байсан байх. Бүх нийтээрээ ойлголт, хүлээн зөвшөөрөх хүртэл 2 жилийн турш бид хот хөдөөгүй явж, хоолтой хоолгүй, нойртой нойргүй, цалинтай цалингүй уйгагүй зүтгэж ухуулах хуудас тараасаар, уулзалт цуглаан зохион байгуулсаар байлаа.
Ийм хэцүү хавчигдсан мөрдөгдсөн, асуугдсан, байцаагдсан нийгэмд хэсэг залуус шинэчлэлийн төлөө зоригтой боссон нь гайхамшиг.
1989 онд жинхэнэ бужигнаант жил байв. Орос цэргийн анги нэгтгэлүүд Монголоос гарч эхлэв. Европын соци, системийн орнууд ар араасаа ардчилал шинэчлэлд нэгдэв. “Ардчилсан холбоо” хүрээгээ өргөтгөж нам болон төлөвших явцад зарим нэг нь холбооноос гарч байсан ч нас хүйс харгалзахгүйгээр гишүүнээр элсэгчид хэдэн арваараа тоологдож байв.
С.Цогтсайхан маань “Ардчилсан холбоо” -ны зохицуулах зөвлөлд оролгүй радиодоо үлдэж уран бүтээлээр дэмжлэг үзүүлнэ гэснээр 9-р сард С.Цогтсайхан, Энхбаяр хоёр “Хонх” хамтлагийн анхны тоглолтоо өргөн барив. Найзынхаа тоглолтыг үзэхдээ “Хонхны дуу” ард түмнийг сэргээж, уриалан дуудаж чадсаныг хараад бид маш их хөөрч байлаа.
1990 онд С.Цогтсайхан маань “Ардчилал” сонинд ирснээр би ч ажлаасаа гарч шинэ тутам байгуулагдсан “Ардчилсан холбоо”-нд нярав-жолоочоор орж арын албыг хариуцан ажиллаж эхлэв. Аливаа шинэ ажилд тохиолддог бэрхшээл бидэнд ч тохиолдож байв. Үйл ажиллагаа, үзэл бодлын зөрчилдөөн, ажлын байр сууц, санхүүгийн хүндрэл, хөрөнгө мөнгөний асуудал зэрэг байсан ч “Ардчилал” сонингийн борлуулалтаар бүхнийг зохицуулдаг байлаа.
Нийгмийн шинэ хүчин төлөвшиж нам болон бүртгэгдэж хамтран зүтгэгчиддээ төрийн дээд байгууллагад томилон илгээснээр бидний тэмцэж, мөрөөдөж, зөгнөж ярилцаж байсан тэр л нийгэм байгуулагдана гэж итгэж байлаа. Цөөн хүн илүү эрх мэдэлтэй, хангалуун амьдардаг хүнд суртлыг халж, ардчилал ил тод байдлыг дээдэлсэн, ард нийтээрээ тэгш эрхтэй /хэдийгээр хуульд байдаг ч хэрэгждэггүй эрх/ өлөн зэлмүүн бус чинээлэг ард иргэдтэй байгалийн баялгийг ард түмнээрээ хэлэлцүүлж ашигладаг зөв, ил тод нийгэм бий болно гэж итгэсэн.
Хувийн шалтгаанаар олон жил гадаадад амьдарч байгаад иртэл бидний мөрөөдөж байсан бий болгохын төлөө амь нас, эрүүл мэндээ зольж байсан, итгэл үнэмшил, оюун ухаанаа дайчилж байсан тэр нийгэм алга байлаа.
1988 онд Монгол Улс орон нутагт төрөл бүрийн үйлдвэртэй, УБ хот бүхэл бүтэн үйлдвэрийн районтой олон мянган ажилчидтай байсан. Тэр үйлдвэрүүд тэр ажилчид хаачив. Би жирийн нэгэн жолооч. Улсын хэмжээний янз бүрийн тоо баримт, орлого, зарлагын статистик дүнг мэдэхгүй. Илт нүдэнд харагддаг байсан зүйлээ л асууж байна. Яагаад 1988 оныг дурсав гэхээр тэр үед байсан нийгмийн тогтолцоог өөрчлөн, тухайн үеийн хөгжлийг илүү сайжруулан, ард түмний амьдралыг сайн сайханд хүргэнэ гэж ардчиллыг эхлүүлсэн.
С.Зоригийн “Эхлээд Монгол Улсынхаа хөгжил дэвшлийг дараа нь ард түмний ахуй амьжиргааг, эцэст нь өөрсдийгөө бодох хэрэгтэй” гэж хэлсэн чиг баримжаа хаана байна.
Өнөөгийн байдлыг харахад ардчиллын нэрэн дор баяжсан тэрбумтнууд С.Зоригийн дэвшүүлсэн чиг баримжааг араас нь эхлээд хийсэн ажээ.
Ил тод байдлыг хэрэгжүүлсэн, шударга үнэний шүүхтэй, улс орныхоо газар нутагт жинхэнэ эзэн нь юм шиг ард түмэнтэй, бүтээн байгуулалт, дэвшил хөгжил цэцэглэсэн, бүх хүн орлоготой, түүнийхээ төлөө төр засагтаа талархдаг итгэдэг улс болгохын төлөө С.Зориг амиа өгсөн, С.Цогтсайхан “Хонхны дуу”-гаа бүтээсэн.
Ийм л нийгэм миний залуу насны гэгээлэг мөрөөдөл байсан. Яг өнөөдрөөс эхлэн “Хонхны дуу” дахин дахин цуурайтаж бохирдсон энэ нийгмийг цэврлэх болтугай.
Бага залуу наснаасаа үерхэж, улс орныхоо нийгмийн байдал, улс төрийн талаар санал бодлоо хуваалцаж, ардчилсан хувьсгал хийж явсан түүхээ одоо дурсан санахад бахархалтай байдаг юм.
“Шинэ үе” нууц бүлгэмд оролцож байсан сэтгүүлч С.Цогтсайхан, С.Амарсанаа, С.Майнбаяр, Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Б.Амарбаяр, А.Баясгалан лам нартаа нийт ардчиллыг дэмждэг ард түмэндээ 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дамдины Насантогтох