Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Самат: Ер нь Үндсэн хууль гэлтгүй аливаа хууль хэрэгжвэл хууль, хэрэгжүүлэхгүй аваас гууль болдгийг санууштай

Монгол улс ардчиллын замыг сонгож, шинэ Үндсэн хуулиа баталсны 29 жилийн ой энэ сарын 13-нд тохионо. Энэ өдрийн өмнөхөн 1992 онд Ардчилсан Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Н.Саматтай ярилцлаа. 

 

-Ярилцлагын эхэнд эхлээд уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу. Зарим нь таныг мэдэхгүй байж мэднэ? 
-Миний хувьд орос хэлний багш мэргэжилтэй. Гэвч багшлахаасаа илүү насаараа орчуулагч, сэтгүүлч  хийж яваа олон улсын сэтгүүлч. Баян-Өлгий аймгийн Монголын Ардчилсан Холбоог байгуулж, анхны даргаар нь сонгогдон цагаан морин жилийн ардчилсан хөдөлгөөнд манлайлан оролцсон. БНМАУ-ын сүүлчийн Ардын Их Хурлын депутат, Монгол улсын анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон Монгол улсын ардчилсан Үндсэн хууль батлалцсан. Түүнчлэн Ардчилсан намыг байгуулалцсан, МҮАН-ын аймгийн хорооны даргаар ажиллаж, завсраар нь аймгийн Гаалийн газар, Хөдөлмөрийн хэлтсийг удирдаж, “Тогтвортой амьжиргаа” төслийн аймгийн багийн ахлагч байсан. Одоохондоо тогтсон ажилгүй, хувиараа орчуулга хийж амь зуудаг ийм л товч намтартай хүн дээ. 
-Тэртээ 1992 онд судлаачид, хуульчид, депутатууд олон талын санаа бодлоо уралдуулж байж Үндсэн хуулиа баталсан. Тэр үеийн үйл явдлаас ярилцлагаа эхэлье?
-Улсын Бага Хурлаас 1990 онд  шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах комиссыг Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулан байгуулсан юм. Уг комисс эрдэмтэн мэргэдийн дэвшүүлсэн санал, бусад улс орнуудын ардчилсан Үндсэн хуулиудын ерөнхий жишгийг  нарийн судалсны үндсэн дээр Үндсэн хуулийн төслийг боловсруулж, Улсын Бага Хуралд оруулсан. Улсын Бага Хурал Үндсэн хуулийн төслийг зүйл заалт бүрээр нь хэлэлцэж, нийт ард түмнээр сонордуулан улмаар Ардын Их Хуралд өргөн барьж батлуулсан юм. 
-Нийгмийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх үзэл санаа бүхий Үндсэн хууль батлахад оролцсон дурсамжаасаа юуг онцлох вэ?
-Шинэ Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурал, Ардын Их Хурлаар хэлэлцэхэд саналаа хэлж, төсөл боловсруулахад гар бие оролцож явсан минь л хамгийн тод дурсамж болон үлджээ. Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан 430 депутат бол ардчилсан Монгол улсын түүхэнд анх удаа чөлөөт, ардчилсан зарчмаар нэр дэвшиж, сонгогч олноос хамгийн шударга өрсөлдөөнөөр сонгодсон, тухайн үеийнхээ нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд манлайлагч, орон нутагтаа танигдаж, ард олны итгэл найдварыг хамгийн ихээр хүлээсэн хүмүүс байсан юм шиг санагддаг.
Дийлэнх нь сум нэгдлийн дарга байснаас гадна Улсын баатар, Хөдөлмөрийн баатар цолтой хүмүүс, тухайн үеийн нам төрийн зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, алдар гавъяатнууд, нэрт зохиолч, яруу найрагчид,  аварга бөхчүүд бүгд шахуу Ардын Их Хуралд суусан. 
-Ард түмний санал асуулга явуулж, бүх нийтээрээ баталсан хууль ч гэдэг. Иргэдээс 200 мянга орчим санал ирсэн юм билээ. Хамгийн түгээмэл нь ямар асуудал байсан бэ?
-Үндсэн хуулийн төслийг улс даяар бараг бүх байгууллага, хамт олон хэлэлцэж, давхардсан тоогоор 220 мянгаад санал гарсан тооцоо байдаг. Улсын Бага Хурал, Ардын Их Хурлын танхимд төдийгүй малчны хотонд, хонины бэлчээрт, автобусны буудал, гудамж талбай, хэвлэл мэдэлэл, радио телевиз гээд хаана л бол хаана хүмүүс Үндсэн хуулийн талаар маргалдаж,  санал бодлоо бичгээр тасралтгүй ирүүлж байсан. Ер нь Үндсэн хуулийн төслийн бараг зүйл заалт бүрээр  саналууд ирдэг байсан. Үзэл баримтлал, бодлогын чанартай маргаан, мэтгэлцээн ч их дэгдсэн.
Үндсэн хуулийн төслийг ард нийтээр гурван сар, Улсын Бага Хурал гурван ч удаа хэлэлцсэний дараа  Ардын Их Хуралд оруулсан юм.
-Тухайн үед ард нийтийн санал асуулгыг ямар хэлбэрээр авч байсан бэ? Үндсэн хуулийн заалт тус бүрээр санал авсан гэсэн үг үү?
-Монгол улсын Их Цаазын анхны төслийг төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд нийтэлсэн юм. Мөн  төрийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр “Их Цаазын төсөл хэлэлцэж байна” сэдэвт булан ажиллуулж, бараг өдөр бүр  төслийн гол гол асуудлуудаар эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцуулсан радио телевизийн ярилцлага, сурвалжлага тусгай хөтөлбөрийн дагуу нэвтрүүлж байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ард түмнээс гаргасан санал болгоныг нэгтгэн дүгнэж, багц багцаар нь ажлын хэсэгт хүлээлгэн өгдөг, Улсын Бага Хурлын Тамгын газар нэг бүрчлэн уншин бүлэглэж, бичгээр УБХ-ын гишүүдэд танилцуулга бэлтгэдэг байлаа. 
-Төрийн сүлдийг хэлэлцэх үеэр багагүй маргаан гарч, цаг хугацаа ч зарцуулсан. Тухайлбал цагаан шонхор шувууг сүлдэндээ дүрслэх үү, морио үлдээх үү хэмээн депутатуудын санал зөрөлдсөн гэдэг?
-Анх Улсын Бага Хурлаас өргөн барьсан төсөлд төрийн сүлдээр таван сум атгасан шонхор шувуу оруулсан байсныг “Эвэр хушуутай махчин шувууг сүлдэндээ залахгүй, халуун хошуутай морио дээдлэх нь зүйтэй” гэж бас л хэдэн хоног маргаж байлаа. Морины явдал таалагддаггүй. “Хар хурдаараа давхиж яваа морь амархан цуцна” гэж нэг хэсэг нь бурахад нөгөө хэсэг нь “Хатирч яваа морины хурд нь таарахгүй байна” гээд цуурах. Ер нь морины явдал олонхийн саналд огт нийцсэнгүй. Бидний унаж эдэлдэг, түүгээр ч барахгүй алаад идчихдэг морь байж таарахгүй гээд л. Тэгээд сүүлдээ билэгдлийн чанартай, хийсвэр  морийг сүлдээрээ баталсан юм даа. 
-Монгол улсын Их цааз гэдэг төслийн нэрийг хэдийд нь Үндсэн хууль гэхээр болсон юм бол?
-Үндэсний бахархал ид оволзсон тэр үед Үндсэн хуулийн үг хэллэг, нэр томъёог аль болох монгол хэл дээр буулгахыг хичээж байлаа. Ийм ч учраас Үндсэн хуулийн эхний нэр нь “Их цааз” байв. Цааз гэдэг үгийг ихэнх нь хүлээж аваагүй. Их хэлмэгдүүлэлтийг биеэрээ туулсан үеийн үр сад цааз гэхийг цаазаар авахтай холбож ойлгодог байсан цаг. Хууль гэдэг нь манж үг болж таараад хэлэлцүүлгийн явцад “Их засаг” болгож өөрчилсөн ч эцэс сүүлдээ “Үндсэн хууль” гэж батлагдсан даа. 
-АИХ-ын депутатууд Үндсэн хуулийг 76 хоног хэлэлцэж, янз бүрийн хэлэлцүүлэг, санал гарч байж баталсан. Мэдээж санал нэгдэх гэж багагүй хугацаа зарцуулсан биз. Хамгийн их маргаан дагуулсан асуудал нь юу байв?
-”Монгол улсын Ерөнхийлөгч Монгол улсын уугуул иргэн байх” талаар хамгийн олон удаа санал хураалт явагдсан. Монгол улсын гурван үеийн уугуул иргэн л улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй байх тухай асуудал хүчтэй яригдахад Дорнод аймгийн депутатууд хурал хаясан билээ.
Улсын Бага Хурлаас улсын нэрийг “Монгол улс” гэж оруулж ирсэн  ч депутатууд “НҮБ-д шинээр бүртгүүлэх хэрэг гарвал хэцүүднэ, тусгаар тогтнолоо ч алдаж мэднэ, мөн олон улсын гэрээ хэлэлцээр бүгд хүчингүй болно” гэж муйхарлан зүтгээд байхаар нь зарим нь БНМУ гэсэн  дундын хувилбар гаргаж ирж нэг хэсэгтээ намжаасан. Хамгийн сүүлд “Монгол улс” гэж батлагдахад   зарим депутат үүнийг “МУ” гэж товчлохыг хориглох хууль гаргах хэрэгтэй гэсэн санал хүртэл толилуулж байсан. Энэ нь товчоор дуудахаар “муу” гэж сонсогддогтой холбоотой байлаа. 
Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нэгийг сонгож чадалгүй бас л олон хоног маргалдсан юм. Хамгийн сүүлд үндэсний аюулгүй байдал, ард түмэнд нээлттэй, тайлагнахад хялбар байх зэргийг тал талаас нь бодолцож, удтал зөвшилцсөний үр дүнд Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох, гэхдээ парламентын засаглалтай байх дундын хувилбар дээр тогтсон.
Мөн газрыг өмчлүүлэх эсэх талаар ч багагүй маргаан өрнөсөн. Газрыг хувьд эзэмшүүлбэл бүгд газраа зараад алга болно, тэгээд тусгаар тогтнолоо алдана гэж их болгоомжилсон ч газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлэхээр заасан юм.
Үндсэн хуулийг хэлэлцэх явцад үндсэндээ хоёр өөр ойлголттой, шинэ хуучин хоёр сэтгэлгээний хоорондын тэмцэл өрнөсөн. Хуучнаа хамгаалах хандлагатай дарга нарын бүлэглэл, урагшаа давшиж, ирээдүй рүү тэмүүлсэн өөр нэг бүлэглэл хооронд. Сэтгэхүйн хоцрогдолд нэрвэгдсэн олон хүмүүсийн хуучинсаг сэтгэлгээ, хэт болгоомжлол, хардлага сэрдлэгээс шалтгаалж Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг олон удаа мухардалд орж байлаа.
-Парламентын гишүүдийн тоог яагаад 76 гэж тогтоож байсан юм бэ. Хүн амын тоонд харьцуулсан уу? Гэхдээ энэ тооны учир утга гэж байгаа болов уу?
-Улсын Бага Хурлаас УИХ-ын гишүүдийг 112 эсвэл 76 гишүүнтэйгээр зургаан жилээр сонгож, гурван жил тутам сэлгэхээр санал оруулсан ч 76 гишүүнтэй, нэг танхимтай, дөрвөн жилээр сонгогддог байнгын ажиллагаатай парламентын хэлбэр батлагдсан юм. Тухайн үеийн Ардын Их Хурал, Улсын Бага Хурал шиг хоёр шатны парламентын хэлбэр дэмжлэг аваагүй. 76 гэдэг тооны хувьд мэдээж бусад улсууд шиг парламентын гишүүдийн тоог хүн амых нь тоотой харьцуулж дунджаар тооцоолсон бөгөөд нөгөөтэйгүүр нэгэнт туршигдаж шалгарсан Улсын Бага Хурлын гишүүний тоо 50 байсныг хоёр дахин нэмбэл нүсэрдэнэ гэж гуравны нэгээр л ахиулж баталсан хэрэг. 
-Ардчилсан Үндсэн хуультай Монгол улс болсны маргаашнаас Үндсэн хуулийн хэрэгжилт ямар байсан бэ? Та бүхний бодож санаж баталсан шиг замаар явж чадсан уу? 
- Үндсэн хууль батлагдсаны дараахь 1992 оны сонгуулийн дараа байгуулагдсан шинэ Улсын Их хурал органик хуулиудыг эхэлж батлах явцад Үндсэн хуулийн үзэл санааг илт гуйвуулж, гажуудуулж эхэлсэн нь л харамсалтай. 2000 онд намуудын зөвшилцөл нэрийдлээр оруулж, хууль бусаар хүчээр мөрдүүлсэн дордуулсан долоон өөрчлөлт нь сүүлийн хорин жилийн улс төр эдийн засгийн хямрал, хулгай луйвар, завхралын эхлэлийг тавьсан  гэж болно. 
-Үндсэн хуульд эрх мэдлийн хуваарилалт сайн хийж өгөөгүй нь хамгийн том асуудал гэж тайлбарлах нь бий. Энэ талаарх таны бодол?
-Одоо харамсаад байх нь ч хаашаа юм. Батлагдсан Үндсэн хуулиа бүрэн утгаар нь хэрэгжүүлж, зохих ёсоор нь мөрдөж чадаагүй байж шууд голоод эхлэх нь утгагүй л дээ. Би дээр хэлсэн шүү дээ. Эрх мэдлийн хуваарилалт түр зуурын, завсрын гэмээр дундын хувилбараар батлагдсан гэж. Өөрөөр хэлбэл Улсын Бага хурлаас боловсруулж өргөн барьсан концепци нь эвдэрч, зарчим нь алдагдсан. Зөвшилцөл болгон аль нэг талаас буулт шаарддаг учир дандаа зөв байдаггүй. Үүнээс үүдэн Ерөнхийлөгч хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх  засаглалын алинд нь ч хамаардаггүй бие даасан институци юм шиг мөртлөө Засгийн газрыг байгуулахад ч оролцдог, хууль санаачилж, хуулинд хориг тавьдаг, шүүгчийг томилдог гээд аль алиных нь ч эрх мэдлийг давхар хуваалцаж эдлэлцдэг, хууль тогтоох байгууллагын гишүүн нь гүйцэтгэх эрх мэдлийг давхар хэрэгжүүлж, гүйцэтгэх засаглалын төлөөлөл Засгийн газрын гишүүн нь хууль тогтоох байгууллагын гишүүнээр давхар ажиллаж, хууль ч баталж, өөртөө ч хяналт тавьж, өөртөө тайлагнадаг ойлгомжгүй  холимог тогтолцоо бүрдсэн. Ер нь шинэ нийгмийн байгуулалтын талаар бараг бүх депутат маш бүрхэг ойлголттой, мэдлэг боловсрол нь төсөөлөл төдий байснаар Үндсэн хууль ерөнхийдөө Улсын Бага Хурлын оруулсан төслөөр батлагдсан гэж хэлж болох ч бидний төслөөс гажиж муудсан явдал бий. 
-Ер нь шинэ Үндсэн хууль батлахад алдсан зүйл нь юу вэ? 
-Үндсэн хууль батлахдаа алдсан гол зүйл гэвэл байгуулах нийгмийнхээ мөн чанарыг урьдчилан тааж, таамаглаж чадаагүй явдал юм шиг санагддаг. Бараг хүнээ таниагүй гэмээж амьдралаа атгуулсантай адил түүхэн алдааг бид хийсэн. Тухайн үед  улс нийгмээ төвхнүүлэх, удирдах, зохицуулах бүх механизмыг хийж өгсөн шиг л санагдаж байсан. 
Засаглал хоорондын хяналтын механизм, эрх мэдлээ тус бүрдээ бие даан хэрэгжүүлэх баталгааг сул хийсэн, бараг орхигдуулсан юм шиг. Өнө мөнхөд дөрвөн жил тутам ардчилсан чөлөөт сонгууль болдгоороо болно, ард түмэн хамгийн ухаантай, хамгийн эх оронч, хамгийн шударга хөвгүүдээ хуулийн дагуу шударгаар шүүж, хууль тогтоох байгууллагын гишүүнээр сонгоно, УИХ нь Засгийн газрыг байгуулна, Засгийн газар нь УИХ-д тайлагнана, шударга шүүх нь хуулийг сахиулж, илүү харж билүү долоосныг нь байранд нь тавьж, ҮХЦ хуульт ёс, шударга байдлыг баталгаатай манаж, нийгэм зөвхөн эрх тэгш хөгжлийн замаар урагшлана гэж өөдрөгөөр бодож байсан. Түүнээс биш нам нь төрийн дээр гарна, чөлөөт нийгэмд мөнгө ноёрхож, эрх мэдэлд хүрсэн баячууд сонгогчдыг мөнгөөр худалдаж авна, ард түмэн сонгох сонгогдох эрхээ таван цаасаар арилжина, бүгд албан тушаал наймаалцана, эх орныхоо баялгийг хүртэл хулгайлна, харьд худалдана, төр өөрөө авилгалд автана гэж хэн нь ч төсөлөөгүй. Хувьсгалчид гэнэн байдаг гэдгийг мэддэггүй  гэнэн хүн л хувьсгал хийдэг нь хорвоогийн хамгийн хачин, шударга бус жам юм уу даа.  Үндсэн хууль гэлтгүй аливаа хууль хэрэгжвэл хууль, хэрэгжүүлэхгүй аваас гууль болдгийг санууштай. Баталсан л бол хэрэгжиж л байх ёстой доо. Цаасан дээр бичиж  харуулчихаад улаан цайм эсрэгээр хийдэг нь коммунистуудын гэм биш зан болтлоо хэвшсэн башир арга шүү. 
-Үндсэн хуулийн ололттой талууд бишгүй л байсан нь мэдээж. Тэднээс онцолж дурдмаар нь юу вэ?
-Шинэ Үндсэн хуулиар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгохоо дэлхий нийтэд зарлан тунхагласан юм. Үндсэн хууль батлагдсанаар ард түмэн хуучин тогтолцоог үндсээр нь халж, Монголын төр нийгмийн байгууллыг ардчиллын үндсэн дээр цогцлоон байгуулах чиг баримжаа, үндэс, зарчмуудыг тогтоож, нийтээр дагаж мөрдөх улс төр, эрх зүйн хэм хэмжээний үндсийг тавьсан билээ. Тиймээс эрх баригчид Үндсэн хуулиар хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах үүрэг хүлээснээ хэзээ ч мартах ёсгүй.   
Чухамхүү энэ Үндсэн хуулийн үр дүнд Монгол улс харийн гүрнээс хараат бус жинхэнэ бие даан бүрэн тусгаар тогтнож, монгол хүн эх орныхоо эзэн, эрх чөлөөт иргэн болсныг хэн ч үгүйсгэж чадахгүй. 
-27 жилийн дараа Үндсэн хуульдаа өөрчлөлт орууллаа. Энэ хуулийн өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байна вэ? 
-Дэлхий нийтийн ерөнхий жишиг, хөгжлийн хандлагыг харахаар Үндсэн хуулиа мөрддөг улсууд хөгжин дэвждэг харин ойр ойрхон өөрчилдөг улсууд улам урууддаг, төр нь тогтворгүй, авилгалд идэгдсэн, дээрэм тонуул гаарсан, дайн байлдаантай хоцрогдсон орнууд Үндсэн хуулиа мөрддөггүй, эрх баригчид нь солигдох тоолонд Үндсэн хуулиа өөрчилдөг хоёр талт зүй тогтол ажиглагддаг. Гучин жилийн турш Үндсэн хуулиа мөрдөхийн оронд өөрсдөдөө тааруулж байн байн өөрчилж ирсэн нь нийгмийн хөгжилд тийм ч таатай үр дүн авчирсангүй. Би лав 1992 оны Үндсэн хууль бүрэн гүйцэд хэрэгжсэнийг биш харин хэрхэн гажуудаж өөрчлөгдөхийг л харлаа.  Үндсэн хуулиа ашиг сонирхолдоо тааруулж өөрчлөөд байх  нь хууль дээдэлдэг нийгмийн шинж биш. Харин Үндсэн хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа эрх баригчдаа сольдог дэлхийн шалгарсан арга бийсэн.
-Үндсэн хууль баталсан депутатууд хоорондоо их холбоотой гэсэн. Энэ тухайд?
-Сүүлчийн Ардын Их Хурал,  Улсын Бага Хурлын  нэг онцлог, түүхэн гавъяа  гэвэл бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад улс орныхоо шинэ хөгжлийн төлөө өөрсдөө  сайн дураар тарсан явдал юм. Депутатууд хийх ёстой зүйлээ хийсэн гэж үзээд бүрэн эрхээ дуусгавар болохоос 2 жилийн өмнө дараагийн Улсын Их Хуралд үүргээ шууд шилжүүлсэн дээ. Тэд хойч ирээдүйгээ бодож хувийн нэр төр, ашиг сонирхлоос тийнхүү татгалзаж чадсан нь дараа дараагийн үедээ үзүүлсэн үлгэр дууриал, түүхэн сургамж мөн нь гарцаагүй. Үндсэн хууль батлалцсан депутатууд бүгд ах дүү шиг их дотно харьцаатай явдаг. Цөөрсөөр байгаа ч хааяа нэг тааралдахад сайхан. Хувь заяа нь улсынхаа Үндсэн хуулиар холбогдсон болоод тэр үү аливаа жалга довын үзэл, намчирхлаас ангид хүмүүс шүү.

1 Сэтгэгдэл
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан