Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нохой зан гахай авир

Нью-Йорк мужийн Дээд шүүх дээр хэлэлцэж буй 656507-2020 дугаартай Монгол улсын Төрийн өмчийн бодлого зохицуулах газар, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс Оюу толгой ХХК нэхэмжлэгчтэй, Сүхбаатарын Батболд, Чимиддоржийн Ганзориг, Уламбаярын Туул, Очирбатын Нямдалай, Чёон Чү Ёон, Ким Хак Сёон, И Юү Жон зэрэг хариуцагчтай хэрэгт АНУ-ын К2 Intelligence компаний захирал Жэ­рэ­ми М.Кроллын гэр­чийн мэдүүлэгт орсон баримтуудын ху­раан­гуй (мате­риа­­­луу­дыг бүтнээр нь /http:iapps.courts.state.ny.us/iscroll/ хая­гаар орон “Index Number” хэсэгт нь хэр­гийн 656507-2020 дугаа­рыг оруулан үзэх боломжтой).

Мэдээлэл цуг­луулах, зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшсэн “К2 intelligence” ком­па­ний үүсгэн бай­гуулагч Кролл энэ чиглэлээр 1972 оноос эхлэн ажиллажээ. Өмнө  нь Филиппиний Фэрдинанд Мар­­­ко­с, Гаитигийн Жан-Клод Дувалье, Пэругийн Албэрто Фужимори зэрэг дарангуйлагчдын хулгайлсан эд хөрөнгийг илрүүлэх, буцаан шилжүүлэх хэргүүд дээр ажиллаж байсан туршлагатай.
К2-ын хувьд Монгол улсаас хулгайлсан эд хөрөнгүүдийг эрэн сурвалжлах, олж тогтоох, сэргээх ажлын хүрээнд хариуцагч УИХ-ын гишүүн Сү.Батболд, түүний өмнөөс ажлыг нь зохицуулдаг хүмүүсийн хууль бус үйлдлүүд дээр төвлөрч ажиллажээ. К2-ын олж тогтоосноор Сү.Батболд Монголоос гадна гадаадын цөөнгүй оронд нууц эсвэл далдалсан байдлаар олон өмч хөрөнгө эзэмшдэг.
Хариуцагч Ч.Ганзориг Эрдэнэт ТӨҮГ-ын даргаар ажиллах үед Сү.Бат­болд хувь хүртдэг эсвэл эзэмшдэг компаниуддаа ашигтай гэрээ байгуулахаар шахдаг байсан бололтой. Мөн өөрийн хүү Батболдын Баттүшиг, У.Туул, О.Нямдалай, Чёон Чү Ёон, Ким Хак Сёон, И Юү Жон, Ким Ёнжун, И Юү Жёон, Ри Бёон Үк, Кан Ын Жоо   нараар дамжуулан Сү.Батболд эд хөрөнгөө нуудаг, хувь хүртдэг байжээ.
Түүнчлэн хариуцагч “Baloas”, “Lovitas”, “Glowassets“ зэрэг компаниуд нь Нью-Йорк, оффшор бүс Британий Виржиний арлуудад бүртгэлтэй агаад эдгээр компаниудыг ашиглан дээр дурдсан хүмүүс Монгол улсаас хууль бусаар олсон мөнгөө нууж байжээ. Тэд Нью-Йорк дахь 12E East 61st Street, New York, NY 10065, Unit 58D, 230 West 56th Street, New York, NY 10019 хаягууд дээрх байруудыг өөрсдийн хууль бус үйл ажиллагаагаараа худалдан авчээ.
К2 компани  2018 оноос Монгол улсын баялгаар хууль бусаар хөлжсөн хүмүүсийг илрүү­лэх су­дал­гаа хийх явцдаа ашиг сонирх­лууд бөөгнөсөн Оюу­толгой, Эр­дэ­нэт үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдолтой газрууд дээр төвлөрчээ. Тэдний зорилго нь Монголын төрийн албан хаагчид, бизнесийнхэн дээрх газруудаас дамжуулж хэрхэн хууль бусаар хувь хүртдэгийг тодруулах явдал байв.
К2-ын олж тогтоосноор Сү.Батболд нь олон улсад оффшор компаниуд, төлөөний хүмүүсээрээ дамжуулан үнэ цэнтэй хөрөнгө эзэмшдэг. Тэрээр эдгээр хөрөнгүүдээ Монгол улсын хуульд заасны дагуу Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй байв. Судалгааны явцад олсон баримт шүүхийн өмнө хангалттай нотолгоо юм. Сү.Батболд нь К2-ын судалсан гол хүмүүсийн нэг.
К2-ын хувьд өнгөрсөн хугацаанд олон нийтэд нээлттэй компаний болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлүүд, зээлийн мэдээллийн сан, бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, шүүх, арбитр, нийтийн сүлжээ, вэбсайтууд дээрх мэдээллийг эх сурвалжуудаас нь хэд хэдэн хэл дээр нарийн судалж, уялдаа холбоог нь гаргажээ.
К2-ын судалгаагаар Сү.Батболдын гэр бүлтэй холбоотой өндөр үнэтэй олон хөрөнгө илэрсэн юм. Ялангуяа Чёон Чү Ёон, Ким Хак Сёон нар Сү.Батболдын өмнөөс олон хууль бус гэрээнд оролцож, хөрөнгө эзэмшиж байжээ. БНСУ-ын иргэн энэхүү хоёр хүн оффшор бүс Британий Виржиний арлууд, Хонконг, Сингапур, Их Британи, АНУ зэрэг олон газарт бүртгэлтэй компаниудаараа дамжуулан Хонконг, Их Британи, АНУ-д үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгүүд эзэмшиж байжээ.
Чёон, Ким хоёртой холбоотой компаниуд Эрдэнэттэй зэс молибдены баяжмалын өндөр үнэтэй гэрээнүүд байгуулж, Оюутолгой төслийн хэлэлцээрийн чухал мөчүүдэд хууль бус гүйлгээнүүд хийснийг К2 тогтоосон байна.
К2-ын ажилд АТГ-ын зүгээс дэмжлэг үзүүлсэн бөгөөд Hunton Woods Ltd компаний дижитал ул мөрийн эксперт Др. Пол Хантоны тусламжтайгаар Эрдэнэтийн серверүүдэд буй имэйл, файл зэрэг эд мөрийн баримтуудыг судалж үзсэн байна. Сү. Батболд хамаарал бүхий компани, хөрөнгүүдээ нуухаар ихэд чармайсан учир гэрчийн мэдүүлэгт олж тогтоосон зүйлс нь түүний бүхий л хөрөнгө, үйл ажиллагааг хамарсан гэж хэлэх боломжгүй.
К2-т олдсон баримтуудаас үзэхэд Сү.Батболд нь Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой төслөөс өөртөө хууль бусаар ашиг хүртжээ. Эрдэнэт үйлдвэрийн хувьд тэрээр хамааралтай этгээдүүдээр дамжуулан зэсийн баяжмал бага үнээр худалдан авахаар гэрээлэн цааш дэлхийн зах зээл дээр дамладаг байжээ. Харин Оюутолгойн хувьд Сү.Батболд түүний ил болон оффшор компаниуд төслийн хэлэлцээрийн чухал мөчүүдэд томоохон гүйлгээнүүд хийжээ.

Сү.Батболд 2009    оны 10 ду­гаар сараас эхлэн Ерөн­хий сайдаар томилогдож, 2012 оны 8 дугаар сар хүртэл ажиллах үед нь Эрдэнэт ТӨҮГ-ын дарга Ч.Ганзориг Сү.Батболдын төлөөний хүмүүс эзэмшдэг дор хаяж 4 компанитай зэс молибдены баяжмал нийлүүлэх өндөр өртөгтэй гэрээ хийжээ. Тэрхүү 4 компани гэрээг үзэглэхээс өмнөхөн байгуулагдсан бөгөөд “Catrison Limited”, “Cliveden Trading AG”, “Genetrade Limited”, “Lidex Holdings Limited” гэсэн нэртэй.
Хэдийгээр дээрх 4 компани оффшор бүс Британий Виржиний арлууд, Хонконг, Швейцарт бүртгэлтэй ч эцсийн дүндээ Сү.Батболдын төлөөний хүмүүс Чёон Чү Ёон, Ким Хак Сёон нарын эзэмшлийнх юм. Хуульд заасны дагуу Сү.Батболд хэзээ ч дээрх компаниудтай холбоотой гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэггээ дурдаж байсангүй.

Эрдэнэт

Дурдсан 4 компаний нэг Catrison Limited нь 2011 оны 2 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан бөгөөд Хак Сёон 100% эзэмшдэг. Энэхүү компани “catrisonlimited@yahoo.com” имэйл хаягаар Сү.Батболд, түүний хүү Б.Баттүшиг нарын хувийн имэйлтэй харилцаж байсан нь тогтоогдсон. Catrison компани байгуулагдсанаасаа хойш 7 хүрэхгүй хоногийн дараа буюу 2011 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 150,000 метр тонн нойтон баяжмалыг 3 жилийн хугацаанд авах гэрээг Эрдэнэттэй байгуулжээ. Уг гэрээг байгуулах хүртлээ Catrison компани хийгээд эзэн Хак Сёон нар нь зэсийн баяжмал зарж байсан ямар нэг туршлагагүй.
2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Catrison дахин 240,000 метр тонн нойтон баяжмал 3 жилийн хугацаанд авах гэрээ байгуулсан байна. 2011 онд Catrison компанид Эрдэнэт 69 сая, 2012 онд 93 сая ам.долларын баяжмал заржээ. Харин Catrison компани эдгээрийг худалдан авсан даруйдаа Их Британы “Ocean Partners UK Limited” компанид дамлан заржээ. Catrison-той гэрээ хийхээсээ өмнө Ocean Partners компани нь Эрдэнэтийн томоохон худалдан авагч байлаа. Гэтэл 2011 оноос тодорхойгүй шалтгаанаар Catrison  компаниар дамжуулж баяжмалаа зардаг болжээ.
Cliveden Trading AG компанийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдөр эрдэс баялгийн арилжаа хийгч Марк Форсайт байгуулан удалгүй 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр захирлаар нь Сү.Батболдын төлөөний хүн Хак Сёон томилогдож, Сү.Батболд болон түүний гэр бүл Cliveden компаний Марк Форсайт, Хак Сёон зэрэг гол хүмүүстэй “clivedenmongolia@gmail.com” хаягаар нь харилцаж байжээ.
2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Cliveden компани Эрдэнэтээс 3 жилийн хугацаанд 240,000 метр тонн нойтон баяжмал авах гэрээ байгуулж, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр дахин 86,000 метр тонн нойтон баяжмал авахаар Эрдэнэтийн захирал Ц.Даваацэрэн гарын үсэг зуржээ. 2012-2019 оны хооронд Эрдэнэт Cliveden компанид 163.6 сая ам.долларын зэсийн баяжмал нийлүүлжээ.
Genetrade Limited нь оффшор бүс Британий Виржиний арлуудад 2010 оны 11 дүгээр сарын 19-нд бүртгүүлжээ. Уг компаний эзэн нь Сү.Батболдын төлөөний хүн Чёон Чү Ёон юм. Компаниа бүртгүүлснийхээ дараахан тэрээр “genetrade@yahoo.com” имэйл хаяг нээсэн бөгөөд үүгээрээ мөн Сү.Батболдтой харилцаж байжээ. Genetrade компани бүртгүүлснээсээ хойш удалгүй 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3,300 метр тонн, 2011 оны 12 дугаар сарын 6-нд хоёр дахь гэрээгээ байгуулан 3,800 метр тонн нийтдээ 68.5 сая ам.долларын баяжмалыг Сү.Батболд, Чёон Чү Ёон нар Өмнөд Солонгосын Пусан, Инчон дахь түншүүддээ зарсан бололтой.
Lidex Holdings Limited нь Хонконгд 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн компани юм. 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чёон “indexholding@yahoo.com” имэйл хаяг нээжээ. 2009-2010 оны хооронд Чёон Lidex компаний захирлаар ажиллаж улмаар 100% эзэмшигч нь болжээ. 2007 оны эхээр Lidex нь 20,000 тонн, 2008 оны 11 дүгээр арын 14-ний өдөр 150,000 тонн зэсийн баяжмал авах гэрээ байгуулсан ч гэрээгээ 2011 он гэхэд хүчингүй болгон Catrison оронд нь гол худалдан авагчаар тодорчээ. Lidex-ийн хувьд Худалдаа хөгжлийн банк дахь Чёон, О.Нямдалай нарын хамтын данс руу гүйлгээ хийсэн олон баримтууд бий.

Оюутолгой

Хэргийн хариуцагч хувь хүмүүс ил болон оффшор компаниудаараа дамжуулан Айвэнхоу Майнз компаниас хууль бусаар хөрөнгө авчээ. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд зурагдсаны дараа 2010 оны 8 дугаар сарын 25-26-ны өдөр Сү.Батболд Оюутолгойн уурхай дээр Роберт Фридландын зочноор очин төслийн явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэх цаг үетэй давхцан Британий Виржиний арлууд, Хонконг дахь Батболдын төлөөний хүн Чёон зэрэг этгээдүүдийн дөрвөн оффшор компани руу өөр оффшор компаниудаас шилжүүлгүүд хийгджээ.
2010 оны 12 дугаар сард Монгол улсын Засгийн газар Оюутолгой төслийн эзэмшил, менежментийн асуудлаар Айвэнхоу, Рио Тинто компаниудтай хийх хэлэлцээг Сү.Батболд ахлаж, хэлэлцээний үр дүнд Рио Тинто компани Айвэнхоу дахь хувиа 42.3% болтол ихэсгэж Оюутолгой төслийн олборлолт, үйлдвэрлэл, менежментийг хариуцах болсон юм. Яг энэ үеэр  Чёон гэх мэт Сү.Батболдын төлөөний хүмүүс рүү дахин мөнгө  шилжсэн байна. Энэ бүх хууль бус орлогоо нуун далдлахын тулд Сү.Батболд болон хэргийн хариуцагч этгээдүүд 10 гаруй улсад 100 орчим компаниар  дамжуулан олон тооны үл хөдлөх хөрөнгө, банкны дансууд эзэмшиж байна.

Чёон Чү Ёон, Хак Сёон нар Сү.Батболдын төлөөний хүмүүс болох нь

Чёон нь БНСУ-ын иргэн бөгөөд Монгол улс, Хонконгд байртай. Тэрээр 1987 оноос Сөүл дэх Samsung С&Т Соrporation-д харин 1995 оны 8 дугаар сараас Самсунг, Эрдэнэт үйлдвэрийн хувь нийлүүлсэн Эрдсам компанид Солонгосын талыг төлөөлөн ажиллаж 2007 онд Самсунг дахь албаа хүлээлгэж өгөн Сү.Батболдын төлөөний хүнээр дор хаяж 8 оронд 60 компаний захирал, хувь эзэмшигчийн үүрэг гүйцэтгэсэн байна. Ингэж тэрээр нэхэмжлэгч талын хууль бусаар завшсан хөрөнгийг нуун далдалж чаджээ.
Чёоны хувьд Сү.Батболдын гэр бүлийн гишүүд амьдардаг Лондон дахь хоёр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр гарын үсгээ зурсан байна. Мөн Сү.Батболдын гэр бүлтэй шууд холбоотой Midlink компаний захирлаар ажиллаж, Чингис хаан зочид буудлынх нь “chinggiskhaan.org” хаягийг бүртгүүлжээ. Түүнчлэн  2012-2014 оны хооронд Бостон хотноо Сү.Батболдын хүүхдүүд амьдарч байсан үл хөдлөх хөрөнгө эзэмшигч компаний захирал, гэр бүлийнх нь гишүүдийн компаниудынх нь даргаар ажиллаж, маш ойр дотны 50 хүн оролцсон Б.Баттүшигийн хуриманд уригдсан байна. Цаашлаад 31 сая ам.доллар хүртэлх үнэ бүхий Нью-Йорк, Лондон, Хонконг дахь үл хөдлөх хөрөнгүүдийг Сү.Батболдын нэрийн өмнөөс эзэмшиж байна.
Чёоны эхнэр Хак Сёон нь БНСУ-ын иргэн бөгөөд Хонконгд амьдардаг. Тэрээр хэл шинжлэлийн ухааны докторын зэрэгтэй, монгол, япон хэлний талаар судалгааны бүтээлүүд нийтлүүлсэн  ч нөхрийнхөө нэгэн адилаар Сү.Батболдтой холбоотой олон компаний захирлаар ажиллажээ. Энгийн судлаач нэгэн тэрбээр 8 улсад 25 компанитай баримт олджээ. Түүний Бостон, Хонконг, Тайланд дахь банкны дансууд, үл хөдлөх хөрөнгө нь дор хаяж 14 сая ам.долларын үнэ хүрнэ.

Сү.Батболдын эзэмшлийн хөрөнгүүд

К2-т олдсон баримтаар Сү.Батболд Нью-Йорк хотноо дор хаяж хоёр үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байна. Unit 12E, 21 East 61st Street, New York, NY 10065  болон Unit 58D, 230 West 56th Street, New York, NY 10019 хаягууд дээрх байрууд нь Сү.Батболдын төлөөний хүмүүсийн Lovitas, Balaos гэсэн хоёр компаний эзэмшилд байдаг аж. Эхний байрыг нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 10 сая ам.доллараар Хак Сёоны эзэмшдэг Lovitas компани худалдан авчээ. Нийтийн сүлжээний баримтаас харахад Сү.Батболдын охин Б.Бадамханд найз залуу Чулууны Баясаатайгаа уг байранд 2016 оны 4 дүгээр сард амьдарч байжээ. Харин хоёр дахь байрыг Balaos компани 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 3.9 сая ам.доллараар худалдан авсан нь Сү.Батболдын хүү Б.Баттүшигт хамаарна.
Хэдийгээр Сү.Батболдын нэр дээр эдгээр үл хөдлөх хөрөнгүүд бүртгэлгүй ч түүний төлөөний хүмүүс эзэмшдэг нь тодорхой. Төлөөний хүмүүс  хэл шинжлэлийн эрдэмтэн Хак Сёон, Самсунг корпорацийн ажилтан асан Чёон нар хууль бусаар олсон мөнгөөрөө дээрх өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгүүдийг авчээ. Харин тэднийг Монголын ард түмний хөрөнгөөс хууль бусаар шамшигдуулж баяжих боломжийг Сү.Батболд бүрдүүлжээ.

Сү.Батболдын Нью-Йорк дахь банкны данс

К2-ын судалгаагаар Сү.Батболд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй Нью-Йоркийн банкны дор хаяж нэг данстай болох нь тогтоогдов. Энэхүү данс нь Су.Батболд болон төлөөний хүмүүсийнх нь эзэмшдэг “Glowassets Limited”  компанийх. Glowassets-ыг Сү.Батболдтой холбох олон шижим бий. Тэдгээрээс дурдвал Чёоны найз Күмжон Юү Монгол улсад бүртгэлтэй охин компани Glowassets ХХК-ий итгэмжлэлтэй аж. Түүнчлэн Glowassets ХХК-ий эзэмшигчээр Сү.Батболдын төлөөний хүн Жамбалдоржийн Монголмаа бүртгэгджээ. Тус компани хуулийн этгээдээр бүртгүүлэхдээ ашигласан хаяг нь Чёон, Хак Сёон нарын өмнө бүртгүүлсэн хаягтай таарч байна. Үүнээс гадна Glowassets ХХК-ий 30%-ийг эзэмшдэг Сэлэнгэ минералс ХХК-ий бусад хувь эзэмшигчид нь Сү.Батболдын ах, эгч, хүргэн ах аж.
Бидний олж тогтоосноор Glowassets Limited нь Glowassets ХХК руу нийтдээ 451,979 ам.доллар гурван шилжүүлэг хийсэн бол Glowassets ХХК нь тодорхойгүй эх үүсвэрээс 300,000 ам.доллар авчээ. 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Glowassets ХХК-ийн данс руу орсон 201,933 ам.долларын шилжүүлгийн тайлбар дээр “HSBC Bank USA, N.A., New York” гэсэн нь Нью-Йоркт Glowassets  Limited өөрийн данстайг илтгэнэ гэж үзэж байна. Цаашлаад Catrison компаний Эрдэнэттэй хийсэн гэрээнд “Моrgan Chase NA, 1 Chase Manhattan Plaza, New York, NY 10081” гэсэн банкны хаяг байсан нь бусад дансуудтайг ч харуулдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан