Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮҮРСЭЭ ЯПОН, СОЛОНГОС РУУ ГАРГАХАА АЖИЛ ХЭРЭГ БОЛГОЁ


Дэлхийн эдийн засгийн хямралын давалгаа одоо Хятадаас эхэлнэ гээд эдийн засгийн шинжээчид бичиж байна. Үнэхээр өмнөд хөршийн маань эдийн засаг хямраад эхэлбэл түүхий эдийнх нь бэлтгэн нийлүүлэгч манай эдийн засаг яах бол. Хятадын өөрийн бэлтгэдэгийн дэргэд өчүүхэн ноолуур, арьс шир, ноос зэрэг ч одоо яана гэхэв. Тэртэй тэргүй манайх үүнийг нэгдсэн журмаар гаргаад нэг их ашиг олж шалихгүй, сайндаа л хэд гуравхан аж ахуйн нэгж, иргэд зөөж байгаа.
Харин манай өмнөө барьдаг уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрс юу болох вэ. Хятадын гангийн үйлдвэрлэл буурвал Монголыг ирэх зуунд аваад явчихна гээд байгаа уул уурхай, өнөөх Тавантолгойн нүүрс яах вэ.
2010 онд манай улс Хятадад 21 сая тонн нүүрс гаргасан юм билээ. Манайд л их тоо болохоос биш Хятадын дотоодын хэрэглээ, Австрали, Оросоос авдаг нүүрсний дэргэд атгын чинээ л эд.

Гэтэл өнгөрсөн долдугаар сард Хятадын гадаадаас авдаг нүүрсний хэмжээ өмнөх сараасаа 11, түрүү оны мөн сараас 14 хувиар буурсан дүн тус улсын Гаалийн удирдах  газрын мэдээгээр гарсан байх юм. Яахав, оны эхний хагасын дүнгээрээ өмнөх оныхоос 55 хувь өсч 164,1 сая тоннд хүрсэн гэсэн  дүн байна.
Гэхдээ ердөө л энэ оны эхэнд Хятадын нүүрсний импорт өссөөр байна гэж мэдээлж байсан юм шүү дээ. Хятадын гадаадаас авдаг нүүрсний хэмжээ буураад ирвэл бид өөр зах зээл хайх хэрэгтэй болох нь гарцаагүй. Хаашаа гаргах вэ.
Өмнөх Засгийн газрын үед хөндлөн төмөр замын тухай яриа болоход өргөнийг тавина, тэгвэл одоо байгаа төмөр замтайгаа нийцэж нүүрсээ хойшоо ч, урагшаа ч тээвэрлэхэд дөхөм гээд, нөгөө хэсэг нь манай гол хүлээн авагч Хятад болохоор тэдний замтай нийцүүлж нарийн царигтайг тавина гээд маргалдаад байсны аль нь зөв бэ гэдэг одоо л шалгагдах гэж байна.

Сү.Батболдын Засгийн газрын үед ярьж байсан бас нэг яриа бол нүүрсээ Оросын Транссибирийн төмөр замаар тээвэрлэж алс дорнод хүргээд тэндээсээ Япон, Солонгос руу гаргах тухай юм. Тэгээд ч анхны 16 вагон нүүрс явуулж туршлаа гээд хэвлэлээр шуугисан. Хэвлэл мэдэээллээр рекламдах дуртай МАН-ын, тэр дундаа Сү.Батболдын зохион байгуулсан үлгэр л байгаагүй бол одоо энэ чинь л хэрэг болох нь. Үлгэр гэхийн учир нь ийм боломж байна, үр дүнтэй байна гэж дараа нь огт яриагүй.

Ер нь, өнөөх хөндлөн төмөр замаа барьж дуусах хүртэл Таван толгойн нүүрсээ Сайншанд юм уу, Чойроос ачаад Орос руу гаргаж алс дорнодын боомт хүргэх талаар эртхэн сэтгэж хөөцөлдөж байхад болохгүй нь юу байх билээ. Авто замаа ч аятайхан тавьчихаж чаддаггүй манай улс тэр төмөр замыг хэзээ тавьж дуусна.
Оросын “Zabinfo.ru” сайтад “Монголчууд Таван толгойн ордын нүүрсээ Сайншанд өртөөнөөс ачиж Транссибирийн төмөр замаар Приморын боомт хүргээд Өмнөд Солонгос, Япон руу гаргах сонирхолтой байна” гэсэн мэдээлэл гарчээ. Оросуудын хувьд энэ урт замаар манай нүүрсийг тээвэрлэнэ гэдэг бөөн мөнгө болохоор дуртай байгаа нь мэдээж.

Харин цаад талд нь Япон, Солонгос авахад бэлэн үү. Үүнтэй холбоотой ийм нэг мэдээлэл бас байна. Украйны  “Минпром.ua”   сайтад өнгөрсөн сарын 15-нд “Японы коксжих нүүрсний импорт буурч байна гэсэн мэдээнд “Энэ оны нэгээс зургадугаар сард тус орны коксжих нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 0,9 хувиар унаж 34,3 сая тонн болжээ. 2012 оны зургадугаар сард 5,5 сая тонн коксжих нүүрс гадаадаас оруулсан нь өмнөх сараасаа 0,3 хувиар буурсан байна” гэж бичжээ.

Үүнийг анхаарахгүй орхиж болох уу. Тэд нүүрс хэрэглэхээ багасгаагүй нь ойлгомжтой. Бас л үйлдвэрлэл нь хумигдаж, хэрэгцээ нь багасч байгаа.
Ер нь, дэлхий дахинаараа  эдийн засгийн хямралд өртөж улс орон бүрт дотоод үйлдвэрлэл нь хумигдаад ирэхээр гадаадаас авдаг түүхий эдээ хязгаарлахаас аргагүй болж байгаа нь эндээс харагдаж байна.
Хятад, Япон хоёр коксжих нүүрс гадаадаас авах хэмжээгээрээ өрсөлдөгч том гүрэн. 1975 оноос хойш Япон эхний байранд явсан бол 2011 онд Хятад 182,4 сая тонн нүүрс авч тэргүүн байранд ороод байгаа нь энэ. Яахав , Хятадын цаана Энэтхэг гэж нэг зах зээл байна. Нүүрс гадаадаас авдаг хэмжээгээрээ дээрх хоёр орны дараа ордог.

Хоол болтол шийр зугаа гэж монголчууд ярьдаг. Юутай ч хөндлөн төмөр зам ашиглалтад ортол нүүрсээ Хятад руу гаргахын зэрэгцээ бас хойшоо тээвэрлэж алс дорнодоор дамжуулан Япон, Солонгос руу гаргах боломж хайж байх нь хэрэгтэй болов уу. Гэхдээ тууз хайчилж шоудаад мартах  биш, үнэхээр ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан