Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЗИ ТИВИЙН ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭ БУУРАХГҮЙ

Сүүлийн жилүүдэд зэсийн дэлхийн хамгийн том хэрэглэгч БНХАУ, Энэтхэг болоод байгаа. Эдгээр улсын эдийн засаг сүүлийн нэг жилд түр зуурын уналтад орсон ч зэсийн хэрэглээ унахгүй. Учир нь, энэ хоёр улсад хэрэглэгдэж буй технологи нь материалын зарцуулалтынхаа хувьд Япон, Америк ба Баруун Европын орнуудаас хавьгүй өндөр. Өөрөөр хэлбэл, Хятад, Энэтхэг нэг кг зэсээр таван эд зүйл хийдэг бол Япон, Америк, Баруун Европын үйлдвэрүүд арван тавыг хийдэг. Тэгэхээр энэ хоёр ойрын хэдэн жилдээ түүхий эдийн нэн ялангуяа гарын дор, ойр байрлалтай түүхийн эдийн хэрэгцээ өндөр байх болно.

ДЭЛХИЙН ЗЭСИЙН НӨӨЦ 2012

 оны байдлаар дэлхийн 96 оронд буй зэсийн нийт нөөц 1619 сая тонн, эдгээрээс батлагдсан нь 642 сая тонн байна. Эдгээрээс нийт зэсийн 50,6 хувь, батлагдсан орд газрын 44  хувь нь Латин Америкт байна. Харин Ази тивд нийт нөөцийн 21,7 хувь, батлагдсан нь 22,5 хувь байгаа. Африк тивд нийт нөөцийн 10 хувь, батлагдсан нөөцийн есөн хувь, Европ тивд нийт нөөцийн зургаан хувь, батлагдсан нөөцийн 6,8 хувь байна.  Бүр нарийвчилбал, манай хойд хөршид дэлхийн нийт нөөцийн 5,7 хувь, батлагдсан нөөцийн 9,8 хувь бий. Харин урд хөршийн хувьд дэлхийн нийт нөөцийн 5,6 хувь, батлагдсан нөөцийн дөрвөн хувь нь байна.
Өнгөрсөн жил зэсийн зах зээлд багагүй өөрчлөлт гарсан. Тухайлбал, зэсийн зах зээл дээрх Хойд Америкийн улсуудын эзлэх хувь 27 байснаа 17 хувь болж буурав. Харин Латин Америкийн орнуудын эзлэх хувь 36 байснаа 50 хувь болж нэмэгдсэн юм. Тэгэхээр түүхий эд олборлолтын салбарт өрсөлдөж байгаа манай улсын хувьд хамгийн гол өрсөлдөгчид нь Латин Америкийн улсууд юм. Хөрөнгө оруулагчид Латин Америкт буй зэсийн орд газруудыг сонирхож байв ч Ази тив, нарийвчилбал манай улсад хөрөнгө оруулалт хийх замаар зэс олборлохыг илүүд үзнэ гэдэг чамлахааргүй зүйл. Чадахгүй гэвэл хөрөнгө оруулагчид нэг өдөр л манайхыг олон улсын шүүхэд өгч, өөр хөрөнгө оруулагч орох боломжгүй болгочихоод тив алгасан хөрөнгө оруулаад эхэлнэ. Цэвэр зэсийн үйлдвэрлэлийн хувьд 2011 онд гэхэд өмнөх жилээсээ 18,9 хувь нэмэгдэж, 19341 мянган тонн болсон. Энэ салбарт хамгийн тэргүүлэгч орон мэдээж БНХАУ. Энэ улс 1980 онд цэвэр зэсийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч дундаа сүүлд дагадаг байснаа өнгөрсөн оноос нэгдүгээр байранд орж, АНУ-ын урд орсон байдаг. Харин манай хойд хөрш нь энэ салбарт сүүлийн арав гаруй жилийн турш өгсөх ч, уруудах ч үгүй тавдугаар байраа тууштай хадгалсаар яваа. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын хувьд ОХУ нь манайхтай адилаар хөрөнгө оруулалт хийх боломжтой хэвээр.

ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭ

Энэхүү металлын хувьд 2011 онд байдал нь онц өөрчлөгдөөгүй. АНУ, Япон, БНХАУ, ХБНГУ, Өмнөд Солонгос, Тайвань, Энэтхэг, Итали гэсэн хэдэн улс зэсгийн хэрэглээний тэргүүлэгч гэсэн байр сууриа алдсангүй. Дээрх улс нийлээд зэсийн дэлхийн хэрэглээний 72-75 хувийг эзэлсэн хэвээр байна. Гэсэн ч эдгээр улсын цэвэр зэсээр хангагдсан байдал сүүлийн хэдэн жил тогтмол унаж байна. Энэ нь зэсийн батлагдсан нөөц бүхий орд газруудын тоо цөөрсөнтэй холбоотой. Нөгөө талаас, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас болж зэсийн шинэ орд газруудыг хайх, нөөцийг баталгаажуулахад зарцуулдаг мөнгө багассан байгаа. 2008 оны наймдугаар сард үүссэн дэлхийн хэмжээний эдийн засгийн хямрал нь зэсийн эрэлт хэрэгцээнд маш ихээр нөлөөлсөн. Гэхдээ Хятадаас бусад бүх улсад буурсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Учир нь, өнгөрсөн жилийн байдлаар гэхэд л 2008 оноос хойш өнгөрсөн жилийн хүртэлх зэсийн хэрэгцээ тогтмол өсч 18,9 хувь болсон байдаг. Хамгийн ээдрээтэй байсан 2008-2009 онд гэхэд л тус  улсын зэсийн импорт нь 29,5 хувь нэмэгдэж, 2040 мянган тонн болсон.
Харин энэ ээдрээтэй жилүүдэд бид ухаалаг загнасан бол эдийн засгийн хувьд алдагдалгүй явах боломжтой байжээ. Зэсийн зах зээлийн талаар аналатик компани, банк тус бүр өөрийн дүгнэлтийг гаргадаг нь нууц биш. Эдгээр нь хоорондоо зөрчилдөж, тэс өөр дүгнэлт мэдээг олон нийтэд хүргэх нь олонтаа. Гэхдээ энэ оны хувьд Ази Номхон далайн бүс нутаг нь зэсийн гол хэрэглэгч, түүн дундаа БНХАУ нь гэдэг дээр дийлэнх банк, аналитик компаниуд санал нийлж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Зөвхөн энэ оны байдлаар БНХАУ-ын зэсийн хэрэгцээ нь 7,68 сая тонн болно. Харин АНУ-ын зэсийн хэрэгцээ нь барилга гэх мэт аж үйлдвэрлэлийн олон салбарын хэтийн төлөв таагүй байгаатай холбоотойгоор хэрэглээ нь зургаан хувь унаж 1,74 сая тонн болно гэсэн ерөнхий багцаатай байгаа аж.

ЗЭСИЙН   ҮНЭ

Харин энэ жилийн хувьд зэсийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа нь өнгөт металлын үйлдвэрлэлд хийж буй хөрөнгө оруулалт заримдаа хэт бага эсвэл хэтэрсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Улмаар хэт их хөрөнгө оруулалт хийсэн үед хэрэгцээнээс давсан түүхий эд боловсруулж, үнэ буурахад хүргэж байна. Иймд хөрөнгө оруулагчид нь хаа нэгтээ хийж байгаа хөрөнгө оруулалтаа түр зогсоох замаар зэсийн үнийг нэмэгдүүлэх арга хэмжээ авбал гайхах зүйлгүй. Үүний хамгийн тод жишээ нь 2010 онд зэсийн зах зээлд үүссэн. Харин энэ онд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ огцом буурсан. Шаардлагатайгаас хавьгүй их хэмжээтэй зэс олборлосон болохоор зэсийн үнэ буурсан хэрэг. Саяхан хүртэл “Рио Тинто” компани нь Австралид хэрэгжүүлэх гэж байсан хэд хэдэн төслөө түр хойшлуулсан  нь үүний нэг жишээ. Харин 2011 оны дөрөвдүгээр сараас  эхлэн дэлхийн эдийн засгийн байдал тогтворжсонтой холбоотойгоор зэсийн үнэ аажмаар нэмэгдэж байлаа. Мэдээж, үүнийг дагаад зэсийн олборлолт, үйлдвэрлэлийн салбарын хүчин чадал ч сэргэж эхэлсэн. 2012 оны зэсийн дундаж үнэ тонн нь 9300 ам.доллар гэж мэргэжилтнүүд төлөвлөж байсан ч энэ сард 7800 ам.доллар болсон.  
Зэсийн үнэ ингэж хэлбэлзэхэд нэлээд олон хүчин зүйл нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нэг талаас дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлийн өсөлт. 2011 оны хэмжээнд үйлдвэрлэлийн өсөлт 9,3 хувь байсан бол 2012 оны зөвхөн нэгдүгээр улирал гэхэд 5,2 хувь болсон.

ДАРААГИЙН НЭГ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ АМ.ДОЛЛАРЫН ХАНШНЫ УНАЛТ

Цаашилбал, 2010-2011 онд байгалийн болон үйлдвэрлэлийн хүчин зүйлийн улмаас зэсийн баяжмалын дэлхийн томоохон үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгаснаас нийлүүлэлт буурч, цэвэр зэсийн үйлдвэрлэл багасч, зах зээлд хомсдол үүссэн. Үүний дээр БНХАУ дахь зэсийн хэрэглээ нэмэгдсэн. Улмаар БНХАУ-ын зэсийн хэрэгцээ хангагдахын хэрээр АНУ, Европын холбооны зах зээл дээрх эрэлт нэмэгдсэн нь үнэ нэмэгдэхэд хүргэсэн. Эцэст нь, зэсийн үнэ өсөхөд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл нь стратеги нөөцлөл. БНХАУ ба Өмнөд Солонгос нь зэсийн стратегийн нөөцлөл хийдэг. Тэгэхээр эдгээр улсын стратегийн нөөц багасч, улмаар багассан нөөцөө нөхөх зорилгоор худалдан авалт хийж эхлэхэд бирж дээрх зэсийн үнэ өсөх юм. Ямартай ч, мэргэжилтнүүдийн багцаалж байгаагаар ойрын 10 жилдээ дэлхийн зэсийн хэрэгцээ хоёр дахин нэмэгдэнэ. Үүн дотроо азийн зах зээл дийлэнх хувийг нь эзлэх аж. Тэгэхээр манай улсын зэсийн орд газруудын үнэ цэнэ ч буурахгүй. Товчхондоо, манай улстөрчид хөрөнгө оруулагчдыг үргээхгүй, сонгогчдоо урамтай байлгах бүх л боломж бүрдэнэ гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан