Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Чингис хаан" одонг академич Ч.Доржготов болон АНУ-ын иргэн Жек Уэтерфордод гардуулна

 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Чингис хаан" одонг энэ жил хоёр хүнд олгохоор болжээ. Тодруулбал, АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфордод "Чингис хаан" одонг гардуулах бөгөөд тэрээр Чингис хааны музейд лекц уншихаар Монгол Улсад ирээд буй. Түүнчлэн Монголын газар зүйн ухааны ноён оргил, Соёлын гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготовт "Чингис хаан" одонг гардуулах аж. Д.Доржготов нь 1957-1962 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцаж, хөрс судлаач-агрохимич мэргэжил эзэмшжээ. Тэр цагаас хойш өдгөө хүртэл Монгол улсын ШУА, Газар зүй, геоэкологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, салбар, лабораторийн эрхлэгч, захирлаар тасралтгүй 60 жил ажилласан манай улсын  нэртэй эрдэмтэн юм. Д.Доржготов 1973 онд “Монголын хойд хэсгийн хөрсний газар зүйн үндсэн шинж, хээрийн хөрсний тодорхойлолт” сэдвээр дэд доктор, 1992 онд “Монгол орны хөрс” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Тэрээр 1998 онд академич цол хүртсэн юм. Д.Доржготов нь судалгааны ажлын үр дүнгээрээ 1974 онд “Монгол орны хөрсний 1:2500 000 машстабтай зураг”-ийг анх удаа зохиож хэвлүүлснээс хойш олон бүтээлээ нийтийн хүртээл болгосон бөгөөд эдгээр бүтээлүүдээрээ дэлхийн олон оронд үнэлэгдсэн газар зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн юм. Манай улс энэ жил “Монгол Улсын Үндэсний Атлас”-ыг шинэчлэн гаргасан. Эрдэмтэн Д.Доржготов дээрх бүтээлийн редактороор ажилласан юм. Үндэсний атлас нь монгол-англи хэлээр 1000 гаруй хувь хэвлэгдсэн бөгөөд нийт ‭246‬ зургийн тоон мэдээ, нэр, тайлбарыг шинэчилжээ. Үндэсний атлас нь дөрвөн бүлэг, 22 дэд бүлэгтэй аж.

“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг бүтээгч Жэк Уэтерфорд нь АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төржээ. Тэр Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан. Өдгөө Уэтерфорд Монгол болон Өмнөд Каролинад ирж очин амьдардаг аж. 

Тэрээр 20 дугаар зууны сүүл үеэс Монголын түүх, соёлыг судалж эхэлсэн. Монгол Улсаас гадаадын иргэдэд олгодог Алтан гадас одонг түүнд 2006 онд шагнажээ. Түүнчлэн 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хүндэт одон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн одон медалиар тус тус шагнагдаж байсан. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номд Чингис хаан бол ухаангүй, харгис хүн гэсэн ойлголтыг эсэргүүцэж, илүү алсын хараатай дүр зургаар гаргаснаараа онцлогтой. Монголын эзэнт гүрэн зөвхөн цус урсгаж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан гэхээс илүүтэй чөлөөт худалдаа, үзэл санааны шилжилт, шашны хүлцэнгүй байдлын эрин үеийг авчирсан гэж Уэтерфорд үзжээ. Түүний номууд өдгөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа уншигчдад Монголын эзэнт гүрнийг таниулж буй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан