Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өргүй бол 150 сая хүртэл төгрөгийн ипотекийн зээл авч болно

Монгол Улсын дундаж орлоготой иргэдийн хувьд байртай болох нь мөрөөдөл. Цалингаас цалин, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа иргэдийн хувьд орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдахын тулд урьдчилгаа болох 30 хувийг бүрдүүлэх амаргүй даваа. Гэсэн хэдий ч гэр хорооллын нэг ч болов янданг буулгаж тав тухтай орон сууцанд амьдрахыг иргэд мөрөөдсөөр.  Ямар ч хамаагүй аргаар байранд орохын тулд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн ч бас нэгэн чухал даваа байдаг нь ипотекийн зээлийн шалгуур хангаж урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдах явдал юм.

Монгол Улсын Засгийн газраас орон сууцны зээлд найман хувийн хүүтэй хамрагддаг байсныг зургаан хувь болгож бууруулсан нь нүдээ олсон шийдвэр байсан. Зээлийн хүү буурсантай холбоотойгоор орон сууцны зээлд хамрагдах иргэдийн тоо өссөн ч хүсэлт бүрийг шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байсаар ирсэн юм. Тухайлбал, арилжааны банкуудад 17 мянга гаруй иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн байна.

Ипотекийн зээлд жил бүр 750 орчим тэрбум төгрөг хуваарилагддаг. Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөрөө дараагийн зээлээ санхүүжүүлдэг учраас дээр дурдсан 17 мянган иргэний хувьд зээлийн хүсэлтээ өгсөн ч 2-3 жил хүлээх дараалал үүсээд байсан юм.

Засгийн газрын төвшинд олон жил яригдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ дахь гурван намын төлөөлөлтэй ойлголцож, парламент баталсан. Үндэсний баялгийн сан гурван сантай байх бөгөөд үүний нэг нь Хуримтлалын сан. Засгийн газраас Хуримтлалын сангийн дансыг нээж, үүнд төвлөрсөн санхүүгийн эх үүсвэрээс хамгийн түрүүнд ипотекийн зээлийг санхүүжүүлэх шийдвэр гарсан нь өчигдрөөс эхлэн ажил хэрэг болж эхлэв.  Төрийн болон төрийн өмчит стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг Хуримтлалын санд төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, 2024 онд тус санд төвлөрсөн  500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр өчигдрөөс эхлэн арилжааны банкууд руу шилжүүлж эхэлсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн.

Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд одоо байгаа санхүүгийн эх үүсвэр болох 700 тэрбум төгрөг дээр Хуримтлалын санд төвлөрөх 500 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт 1.2 их наяд төгрөг бүрдэж 10 мянган айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байна.

Ипотекийн зээлийн санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээс гаргаж байсан.  Монголбанк 500, банкууд 200 тэрбум төгрөг гаргаж, энэ онд ипотекийн зээл олгох шийдвэр гаргаад байв.

Тэгвэл Хуримтлалын санд төвлөрч буй 500 тэрбум төгрөгийг нэмээд, 1.2 их наяд төгрөг болсноор орон сууцны зээл авахаар хүсэлт өгсөн 17 мянган иргэний 10 мянга нь энэ онд багтаж орон сууцандаа орох боломж нээгдлээ гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэн бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдна. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ" гэдгийг тодотгосон юм.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН 60 ХУВЬ НЬ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ХУВААРИЛАГДАНА

Ипотекийн зээлийн 60 хувь нь шахам орон нутагт хуваарилагдана. Судлагдаж байгаа зээлийн хүсэлтийн 60 хувь нь орон нутагт байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан тодотгосон.

Гэсэн хэдий ч арилжааны банкууд эцсийн шийдвэр гаргах учраас энэ шийдвэр хот хөдөөд 50:50 хувийн биелэлттэй байх талаар судлаачид таамаг дэвшүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас хотоос хөдөө орон нутагт шилжин суурьшиж байгаа иргэдийг дэмжих бодлого явуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн 20 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдэд олгогдож байсан бол энэ хувь хэмжээ 40 хувь хүртэл өссөн байна. “Орон сууцны ипотекийн зээл” гэж бүрэн баригдаж дууссан, улсын комисс ашиглалтад хүлээн авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг нэрлэдэг.

ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ 150 САЯ ТӨГРӨГӨӨС ХЭТРЭХГҮЙ БАЙНА

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмыг батлан гаргасан байдаг. Энэхүү журмын зарим зүйл заалтаас танилцуулъя.

Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлт:

  • 2.1 Энэ журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл нь дараах нөхцөлтэй байна:
  • 2.1.1 Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар;
  • 2.1.2 Орон сууцны ипотекийн зээлийн хүү 2020 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө олгосон зээлд жилийн 8 хувь, 2020 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс хойш олгох зээлд жилийн 6 хувь
  • 2.1.3 Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах;
  • 2.1.4 Орон нутагт орон сууц худалдан авахад зээлийн батлан даалтын сан болон даатгагчаас урьдчилгаа төлбөрт баталгаа, батлан даалт гаргаж болно. Баталгаа, батлан даалт гаргаагүй тохиолдолд урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй байна.
  • 2.1.5 ӨОХ өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй;
  • 2.1.6 Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2 -аас ихгүй; 2.1.7 Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
  • 2.1.8 Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй;
  • 2.1.9 Барьцааны зүйл нь энэ журмын 2.6-д заасан шаардлагыг хангасан;
  • 2.1.10 Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрийг зөвхөн шинээр орон сууцны зээл олгоход зарцуулах буюу өмнө нь олгогдсон зээлийг дахин санхүүжүүлэхгүй байх;
  • 2.1.11 Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн хэмжээ 150.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгажээ.

ЗЭЭЛ ХҮСЭГЧ ИРГЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДАГУУ ТӨЛӨХ ӨР, ТӨЛБӨРГҮЙ БАЙНА

2.5 Энэ журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл хүсэгч дараах шаардлагыг хангасан байна:

  • 2.5.1 Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • 2.5.2 Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
  • 2.5.3 Банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийн зээлийн үлдэгдэлгүй. Үүнд хамтран зээлдэгч хамаарна;
  • 2.5.4 Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;
  • 2.5.5 Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдах;
  • 2.5.6 Барьцаалбар үйлдэх;
  • 2.5.7 Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэх орон сууцны зээлийн хувьд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт өмнө нь хамрагдаагүй. Үүнд хамтран зээлдэгч хамаарахгүй.

ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРЭЭР АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВСАН ОРОН СУУЦ БАЙНА

2.6 Энэ журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээлээр худалдан авах орон сууц буюу зээлийн барьцааны зүйл нь дараах шаардлагыг хангасан байна:

  • 2.6.1 Монгол Улсад байршилтай нийтийн зориулалттай болон амины орон сууц;
  • 2.6.2 Шинээр ашиглалтад оруулсан орон сууцны хувьд инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан орон сууц;
  • 2.6.3 Ашиглагдаж байгаа орон сууцны хувьд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй байх;
  • 2.6.4 Амины орон сууцны хувьд дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга)-ийн шийдэл бүхий эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтад шинээр оруулсан, эсхүл барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй ашиглалтанд байгаа орон сууц байх;
  • 2.6.5 Амины орон сууцны газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас богиногүй байх;
  • 2.6.6 Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийн даатгалд хамрагдах;
  • 2.6.7 Эд хөрөнгө өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүссэн бол хэлцлийн талууд зөвшөөрсөн байх.
  • 2.7 Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар зээлийн хугацаа, зээлдэгчийн орлоготой холбогдуулан журмын зохицуулалтыг түр хугацаанд өөрчлөн тогтоож болно хэмээн заасан байна.

1 Сэтгэгдэл
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Хамгийн их уншсан