Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр (2026.03.25) боллоо. Хуралдааны эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газраас олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэн яамд, төрийн байгууллагуудад өгсөн үүрэг, чиглэлийг танилцуулав.
Тухайлбал, Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэж, зам, тээврийн салбар, ялангуяа иргэний нисэх, төмөр зам, автотээврийн салбарт шатахууны нөөцийг бүрдүүлж, тасалдал үүсгэхгүй байх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахыг харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Мөн олон улсын нөхцөл байдлын Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв тооцоолж, харьяа байгууллагууд төсөв, санхүүгийн хэмнэлтийн горимд шилжин ажиллах, дотоод албан томилолт болон сургалтын зардлыг түр хугацаанд танах, нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшууллыг зогсоох, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бууруулах замаар болзошгүй эрсдэлд бэлэн байдлыг хангаж ажиллахыг чиглэл болгов.
Ялангуяа агаарын тээврийн салбарт түлшний нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж, “МИАТ” ТӨХК-ийн одоогийн болон цаашдын түлшний хэрэгцээ, нөөцийн төлөвлөгөөг танилцуулж, зохих арга хэмжээ авах үүрэг өглөө.
Эх сурвалж: Зам тээврийн яам


























