Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

681034539_1162054909351606_2152911849813004214_n

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Цар тахлын үед цаг наргүй ажиллаж, олон мянган хүнийг эмчилж, амь насыг аварсан эрүүл мэндийн салбарын хамт олон, гэр бүлд нь Ерөнхийлөгч  ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.Хүн ам өсөж, дундаж наслалт нэмэгдэх, өвдсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилсан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэгт салбарынхны оруулж байгаа хувь нэмэр асар их гэдгийг тэмдэглэлээ.Мөн эмч, ажилтны цалин хөлс, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулах зэрэгт бүх талын дэмжлэг үзүүлж байгаагаа хэллээ.

 Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, тэр дундаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт болон нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.Хоорондоо харилцан уялдаатай дээрх хөдөлгөөн, хөтөлбөр, түүний дотор “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбарынхны мэдлэг, боловсрол, ур чадвар, хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.Цаашид бүх шатанд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эвийг эрхэмлэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хүчин зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгчийн ивээл дор эмч, сувилагч нар улсын зөвлөгөөнөө тогтмол хийн, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, гарц, шийдлээ төр, засагт хүргэж, үр дүнд хүрч байна.Тухайлбал өнгөрсөн онд зохион байгуулсан “Сувилагч тандаа баярлалаа” зөвлөгөөний үеэр бүтээн байгуулалт нь эхэлсэн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ойрын өдрүүдэд ашиглалтад орно.Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу барьж байгаа энэ төв сувилагчдыг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх юм.

Манай улсад жилд 7,000 хүн хорт хавдраар өвчилж, 4,500 хүн нас бардаг бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэх  тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан.Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвчилсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог.Иймээс Ерөнхийлөгч захирамж гарган хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан.Төрийн тэргүүний санаачилга, дэмжлэгээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ашиглалтад орсон бол Уламжлалт анагаах ухааны үндэсний төвийн бүтээн байгуулалт ид өрнөж байна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зарлиг гаргасан нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр уламжлалт анагаах ухаанд суурилсан цогц арга хэмжээ авахад чиглэсэн төрийн бодлогын нэг юм.

Төр, засгаас Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг боловсронгуй болгож, цахим шилжилтийг эрчимжүүлж байна.Энэ хүрээнд эмийн үнэ, чанарт онцгой анхаарч эм, эмнэлгийн хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэх, эмийн нэгдсэн худалдан авалт хийх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд анхаарч байгааг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.Энэ онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувь нэмэх бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдээд байна.

Улсын хэмжээнд эрүүл мэндийн 4,900 гаруй байгууллагад 67 мянга гаруй хүн ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг.Нийт ажиллагсдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний 60 гаруй хувь нь 40 хүртэлх насныхан юм.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдар судлалын үндэсний төв”-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Дүнтээгийн Жаргалсайхан, Нийслэлийн “Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч Баянзулын Цэнгэлмаад Хүний гавьяат эмч, “Монголын эмгэг эд эс судлалын нийгэмлэг”-ийн тэргүүн, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Готовын Уянга, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Тусгай тасгийн сувилагч Бямбаагийн Лхагваад Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ.Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан