Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын "М Банк арена"-д 8 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр болсон пара таеквондогийн эрэгтэйчүүдийн К44 ангиллын 63 кг-ын жинд "Парис-2024" паралимпын наадмын мөнгөн медальт, Дэлхий болон Азийн удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ түрүүллээ.Тэрбээр финалд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Ираны тамирчин Садегианпур Саидыг 2.0-ээр ялж эх нутагтаа төрийн дууллаа эгшиглүүлж, шар тивийн 6 дахь алтан медалиа гардав. Түүний хувьд ААШТ-ий хүрээнд дөрвөн тулаан хийхдээ бүх өрсөлдөгчөө илт давуу ялсан юм.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монголын гол найдваруудын нэг "Парис-2024" паралимпын наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа хамгийн өндөрт мандуулав. Манай тамирчин аваргын төлөөх тулаанд Узбекстаны Рустамова Кароматойг 2:1-ээр ялж, эх орондоо Азийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртлээ.Манай улсад анх удаа зохион байгуулсан ААШТ-ийг манай тамирчид пүмсэ төрөлд хоёр хүрэл, пара таеквондогийн төрөлд хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна.Өнөөдөр Японы Аичи муж, Нагоя хотод болох Азийн наадмын эрх олгох тулаанууд болно.
























