Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2026.06.16/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонссон.
Манай улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1936 МВт-д хүрчээ. Эх үүсвэрийг төрлөөр авч үзвл
- 82 хувь буюу 1566 МВт-ийг нүүрсээр буюу дулааны цахилгаан станцууд,
- 8.2 хувийг салхин цахилгаан станц,
- 8,1 хувийг нарны цахилгаан станц,
- 26 МВт-ийг усан цахилгаан станц,
- 7 МВт-ийг дизель станцууд тус бүр бүрдүүлдэг.
Улсын хэмжээнд 2025 онд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12,6 тэрбум кВт.ц болсон нь өмнөх оноос 8,6 хувиар, өвлийн улирлын оргил ачаалал 1803.2 МВт-д хүрч өмнөх оноос 8.9 хувиар өсжээ.
Нийт хэрэглээний
- 78.6 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж,
- 21.4 хувийг импортоор авчээ.
Өнгөрсөн өвлийн их ачааллыг давахын тулд системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашигласан. Нөөц тоноглолгүй, аваарын горимд ажилласан нь эрчим хүчний хангамжийн найдвартай байдал өндөр эрсдэлд байгааг харуулав.
Ирэх өвлийн бэлтгэл ажлыг хангахаар салбарын 27 төрийн өмчит үйлдвэр, компаниуд үндсэн болон туслах тоноглолын их засвар, хөрөнгө оруулалт, техник, зохион байгуулалтын арга хэмжээнд нийт 575,1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
Гэвч санхүү, хөрөнгө мөнгөний дутагдал, үнэ тарифын алдагдлаас шалтгаалж 60 хувиар бага буюу 231,5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан гэдгийг салбарын сайд хэллээ. Байнгын хорооны гишүүд эрчим хүчний салбарт эрсдэл гарвал даван туулах төлөвлөгөө гаргах, дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчилж ажиллах, салбарт шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай гэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт эрчим хүчний салбарын шинэчлэл, өвлийн бэлтгэлд онцгой анхаарч, Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзэн Эдийн засгийн байнгын хороонд тогтоолын төсөл бэлтгэх үүрэг өгчээ.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авав.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг мөн тав хоногийн завсарлага тус тус авлаа.

























