Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.БАДРАА: Би туурга тусгаар улсынхаа торгон хилийг манаж байгаа хилчдээрээ бахархдаг


Бид Хилийн 0131 дүгээр ангид ажиллаж застав харуулаар нь ороод гарахдаа олон зүйлд олзуурхаж байв. Хамгийн товчоор хэлэхэд, Өмнөговийн отрядын хилчдийн ажиллаж, амьдрах нөхцөл дээд зэргээр бүрджээ. Энэ бүх ажлыг хилчид өөрсдийн хүчээр засч, хөрөнгө мөнгө гэсэн хамгийн гол хүчин зүйлийг шийдэж өгдөг нэгэн эрхэм хүнийг отрядынхон ихэд онцолж байсан юм. Тэр хүнийг Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа гэх бөгөөд түүний дэмжлэгтэйгээр Хилийн 0131 дүгээр ангийн хамт олон харуулын байраа шинэчилж, заставууддаа орон сууц барьж ашиглалтад оруулах ажлыг эхлүүлжээ.
Ингээд отрядын даргын, “Юутай ч Засаг даргатай та нарыгаа уулзуулъя, болж өгвөл сониндоо сэтгэгдэл авчихаарай” гэсэн хүсэлтийн дагуу нутгийн удирдлагын ордныг зорилоо. Засаг даргатай уулзахаар ирсэн хүмүүс түүний албан өрөөний үүд хавиар эргэлдэнэ. Бидний хувьд ч мөн адил хүлээж байгаад өөрсдийн ээлж болоход дотогш орвол Засаг дарга тун дотночлон хүлээж авсан юм. Ийнхүү хилд элэгтэй, хилчдийн төлөө чин үнэнчээр зүтгэж яваа Б.Бадраа дарга бид хоёрын яриа сэтгэгдэл авах төдийхнөөр эхэлсэн боловч “ам хадуурч” ийм өргөн хэмжээний ярилцлага болон өрнөсөн юм.
Энэ хооронд эрхэм даргын цаг завыг хороож байгаагаа би мартаж, Б.Бадраа дарга ч үүдэндээ хүлээх олныг түрхэн зуур умартсан байлаа. Тэр хилчдэд ийм л элэгтэй хүн.

-Бид сая Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсгээр бүтэн тойроод ирлээ л дээ. Хилчдийн амьдарч ажиллах нөхцөл сайхан болсон байна. Энэ бүх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгсөнд хилчид талархаж, “Маш их баярлалаа” гэх үгийг биднээр дайлгасан юм?
-За, баярлалаа. Ер нь, айм­гуу­дын Засаг дарга нар хүчний байгууллагууддаа тэр дундаа хилийн отряд, ангиудаа их анхаардаг. Энэ нь, манай аймгийн бүр цаашлаад Монгол Улсын иргэдийн аюулгүй сайхан аж төрөхтэй шууд холбоотой асуудал юм. Хилийн аймгуудын Засаг дарга нарын хувьд хил хамгаалах зөвлөлийн даргын үүргийг мөн давхар гүйцэтгэдэг. Хилийн застав, харуулуудаар орж ажил байдалтай нь танилцаад явж байхад эх орноо хамгаалж буй хилчдийн маань зарим нь аятай тухтай орчинд байх боловч бас нэг хэсэг нь хэцүүхэн байр сууцанд амьдарч үүргээ гүйцэтгэж байгаа харагддаг. Саяхан би Хилийн 0166 дугаар ангийн Хөвд болон Шивээхүрэнгийн заставаар ороод ирлээ.  Тэгэхэд эдний маань нэг нь бүр дээр үеийн хуучирсан барилгад ажиллаж амьдардаг байх жишээтэй. Иймэрхүү  байдал ажиглагддаг уч­раас хилээ манаж буй, өөрөөр хэлбэл, биднийг бүр цаашлаад намайг хамгаалж буй тэр хилчид тохьтой тухтай орчинд байх ёстой гэж би хувьдаа боддог юм. Тиймээс аймгийн төсөв болон Засаг даргынхаа нөөцөөс тодорхой хувийг гаргаж тэр ажлуудыг хийсэн. Ажил үйлс нь сайн яваа, үүргээ онц гүйцэтгэж байгаа хилчид өнөөдөр сайхан сууцанд амьдрах ёстой. Застав дээр очиход хилчдийн ар гэрийн зарим нь ажилтай, ажилгүй янз бүр л байдаг. Тэдний хувьд суурин газрын оршин суугчдаас огт өөр орчинд амьдардаг хүмүүс шүү дээ. Харуулын байранд байгаа цэргүүдийн хувьд ч тэр албаа гүйцэтгэхийн зэрэгцээ тэндээ хооллож, ундалж, унтаж амарч байна. Тиймээс ажиллаж амьдрах орчин нь сайн байх ёстой гэж боддог. Хилийн застав,  харуулаар очихоор их гоё. Нэг л өөр орчинд орчих шиг болдог юм даа. Тэр болгонд энэ хилчидтэйгээ бид улам нягт ажиллах хэрэгтэй, тэдний төлөө бололцооныхоо хэрээр улам их хөрөнгө зориулах ёстой шүү гэсэн бодол төрдөг. Тэгээд яахав, чадлынхаа хэрээр Хил хамгаалах байгууллагаа, застав, харуулаа дэмжин ажиллаж байгаа. Цаашдаа ч орон нутгийн удирдлагуудын зүгээс бүр илүү дэмжих болно. Манай аймгийн хувьд БНХАУ-тай хиллэдэг, хилийн боомт бүхий аймаг. Нэлээд олон заставтай. Тиймээс хилчид маань илүү их орчин үетэй хөл нийлүүлсэн, аятай нөхцөлд амьдарч үүргээ гүйцэтгэх учиртай.

-Аймаг орон нутгийн удирд­лагын хувьд өнөөгийн Хил хам­гаалах байгууллагын өнгө төрхийг хэрхэн харж, дүгнэж явдаг юм бол. Өмнөговь аймгийн хөгжлийн үе шатанд хилчдийн оруулж буй хувь нэмрийг нэрлээч гэвэл та юуг онцлох вэ?
-Хилчид үүргээ маш сайн биелүүлж байгаа. Би үүнийг очсон газар бүртээ хэлдэг. Өмнөговь уул уурхайгаа дагаад хурдацтай хөгжиж буй газар. Хилчдийн үйл ажиллагаа энэ салбараас ангид ч гэлээ хилээ хамгаалах, газар нутаг, ан амьтны бүрэн бүтэн байдлын төлөө өдөр шөнийг ялгалгүй зүтгэж байна. Хилчид энэ үүргээ маш сайн биелүүлж байгаа. Мөн хилчид өөрсдөө бие дааж ойр орчмын нутгийн ард иргэдийн тусламжтайгаар их зүйл хийж бүтээж байна.

-Ингэхэд таны ажил хилчид рүү тодорхой хэмжээгээр чиглэн бага­гүй хугацааг өнгөрүүлээд бай­гаа шүү дээ. Ер нь, энэ эрээн хув­цастангуудтай хамтарч ажил­лаж эхэлсэн тухайгаа ярьж болох уу?
-Таван жилийн хугацаа өнгөрөв үү дээ. Засаг даргын орлогч байхаасаа эхлээд хилчидтэй илүү дотносч хамтран ажиллаж эхэлсэн. Аймгийн Засаг дарга болсноосоо хойш хилийн застав харуулаар бүр олон орох болсон. Ингэх болгонд тэнд дутуу зүйл юу байна гэдгийг олж харахыг хичээдэг. Засаг дарга болчихоор хилчдийн үйл ажиллагаанд туслах боломж минь илүү болдог учраас арай өөрөөр харж эхэлдэг. Эд маань ийм сайхан зүйл хийж дээ, гэхдээ үүнийг нь ингээд өгчих юмсан гэсэн бодол илүү төрдөг юм билээ. Орон нутгийн удирдлагын зүгээс эргээд хилчдээсээ тусламж дэмжлэг хүсэх тохиолдол ч гарна. Хурандаа Б.Баярбат бид хоёр их сайхан хамтарч ажилладаг. Аливаа амьдрал, ажил аль нь ч тэр хамтын хүчээр явдаг. Энэ жишгийн дагуу л бид хамтарч ажиллаад, сайхан нөхөрлөөд тав, зургаан жилийн нүүр үзэж байна даа.

-Та яриандаа түрүүн хальт дурдаад өнгөрлөө. Хилийн зас­тав харуулд очихоор огт өөр ор­чинд орох шиг болдог гэж. Энэ мэд­рэмжийнхээ талаар хуваал­цаач?
-Өмнө нь хилийнхэнтэй уулзаж, туслах зэргээр хамтран ажиллаж байсан тохиолдол бий л дээ. Гэхдээ Засаг дарга болсныхоо дараахан бүр зорьж  Монгол Улсынхаа өмнөд захын цэг Орвог гашууны бор толгой дээр очсон юм. Тэгэхэд сэтгэлд үнэхээр огт өөр бодол төрдөг юм билээ. Эхлээд энэ сайхан нутаг усанд төрсөн хувь заяандаа баярлах, дараа нь тэр сүлдэт баганы дэргэд ёслоод зогсч байгаа хилчдээ хайрламаар санагддаг. Өөрийн эрхгүй хилчдээрээ бахархах сэтгэл төрсөн. Нэгэнтээ надад тэднээр бахархах сэтгэл төрж байгаа учраас би хилчиддээ туслах учиртай. Тэднийхээ төлөө ажиллах ёстой юм байна, сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг хилчдэд хэрэгтэй гэдгийг ойлгосон. Хилчдээрээ бахархаж, тэднийхээ албыг дэмжиж байгаа минь л энэ шүү дээ. Түүнээс би ямар хилийн зурвас дээр очоод буу үүрч харуулд гарах биш. Тэгэхээр би хилчиддээ туслах хэрэгтэй гэж бодоод зарим нэг орон сууц байхгүй заставт барилга барих төсөв хөрөнгийг нь шийдэж өгсөн. Өөр бусад газарт харуулд явах унаа мотоциклийг нь шинэчилсэн. Хамгийн сүүлд, хилийн харуулын байр барих 36 сая төгрөгийн төсөв хөрөнгө шийдэж өглөө. Энэ бол миний хилчиддээ баярлаж, албаар нь бахархаж, хүндэлж яваагаа л илэрхийлж байгаа явдал гэх үү дээ. Одоо Хилийн 0166 дугаар ангид мөн иймэрхүү ажлууд хийхээр ангийн захирагч, хурандаа П.Наранбаттай ярьж тохирсон юм бий. Энд мөн Овоотын отрядын хилчдээ дэмжиж ажиллана гэдгээ хэлье. Тэднийхээ харуулын байруудыг мөн орчин үеийн стандартад нийцэхүйцээр засч тохижуулъя гэх мэтээр бодсон юм бий.

-Таны ярианаас хилчдэд үнэхээр хайртай, албаар нь бахархаж явдаг сэтгэл үнэртээд байна л даа. Бид багагүй хугацаанд алба ярилаа. Одоо хилчин гэдэг тэр хувь хүн рүү хандвал ямар вэ. Сайхан монгол төрх, эвдрээгүй зан хилчдэд бий гэж би хувьдаа боддог л доо?
-Үнэхээр тийм шүү. Заставт дөнгөж хөл тавихаас эхлээд л угтаж байгаа байдал, дайлж цайлах гээд тэр бүх сайхан чанар зөвхөн хилчдийнх. Харуулын байран дээр хүртэл хэдэн бор цэрэг ямар сайхан угтдаг гэж бодно. Өнөө сайхан бор боорцогоо таваг дүүргэж тавиад, малаасаа саасан сүүгээрээ сүлсэн цай зочиндоо барина. Тэгээд өөрсдийнхөө гараар гурилтай шөлөө хийнэ. Бас цуйван хийцгээнэ. Ерөөсөө л тэр харуулд байгаа дээд зэргийн бүхнээрээ л зочноо дайлна. Заставт бүр илүү. Малын шинэ шөл уулгана гэцгээнэ. Засаг дарга гэж ингэв үү гэтэл үгүй. Тэр заставаар үдлээд гарч байгаа хүн бүхэн тэдний хувьд хүндтэй. Дарга цэрэг хэн байх нь тэдэнд хамаагүй дайлж цайлаад гаргадаг. Энэ бол хилчдийн ёстой өөрсдийнх нь брэнд гэмээр зан. Цэргүүд нь хүртэл эвдрээгүй хүүхдээрээ зантай байх шиг санагддаг. Миний хувьд энд тэндэхийн байшингийн булан хавиар бөөгнөрч зогсоод хувцсаа хайнгадуухан өмсч тамхи татаж шүлсээ хаяж буй цэргүүд харж л байсан. Гэхдээ би энэ олон жил хилчидтэй хамтарч ажиллахдаа нэг ч тийм хилчин цэрэг хараагүй гэдгээ бардам хэлнэ. Заримдаа бүр эд маань дэндүү ч ноомой юм уу даа гэж бодмоор шүү. Олон таван үггүй. Дуугүй л өмнөх ажлаа, үүргээ биелүүлнэ. Даргынхаа үгээс гөжнө, гарна гэж байхгүй. Тухайн ахлаж байгаа хүн нь үүрэг өгсөн л бол болоо. Үг бүрэн утгаараа үйлчилдэг газар бол хилийн застав, харуул. Эрчүүд олон цугласан газар элдэв асуудал гарах гээд байдаг талтай. Гэтэл хилийн заставт үг үгээрээ хүрч чаддаг учраас тийм асуудал харьцангуй байдаггүй биз ээ. Би тэгж санадаг юм. Хилийн цэрэгт татагдаж ирсэн хүүхэд алба хаах хугацаанд дэлгэр эх орноо харж хамгаалчихаад, түүгээрээ бахархах үзлийг өөртөө нэвт суулгасан эрчүүд болоод нутагтаа буцдаг. Тэр залуусыг эргэж хилийн албандаа хоргодох сэтгэл суулгана гэдэг манай хилчдийн алба, үйл ажиллагаа сайн байна л гэсэн үг. Дарга нар нь мундаг байна. Тэд хүнээрээ байна л гэж ойлгодог юм.

-Сүүлийн үед манай улсад уул уурхайн салбар маш хүчтэй хөгжиж байгаа. Энэ салбар танай аймгийг түшиглэсэн гэхэд хилсдэхгүй байх. Өнөөдөр Өмнөговь аймгийн хөгжил ямар түвшинд байгаа гэж та хэлэх вэ?
-Өмнөговь аймгийн Засаг дар­гаар тав дахь жилдээ ажиллаж байна. 2008 онд анх сонгогдож дөрвөн жил болсны дараа өнгөрсөн жилээс мөн дахин ажиллах болсон. Энэ бол ард иргэдийн маань, “Өнгөрсөн хугацаанд танд алдсан зүйл бий бол түүнийгээ зас. Амжилт ололт байгаа бол түүндээ тулгуурлаж бидэнд юм хийгээд өгөөч ээ” гэсэн үг биз. Нэг үгээр,  хүмүүсийн надад өгч байгаа итгэл. Энэ итгэлийг нь хүлээсэн учраас аймаг, орон нутагтаа бага гэлтгүй зүйл хийхсэн гэж хичээж байна. Өнгөрсөн  жилүүдэд 20 гаруй км хатуу хучилттай хар зам тавьж, 140 гаруй айлын орон сууц барьж, дулааны цахилгаан станц барьсан гээд тоочоод байвал багагүй зүйл хийсэн байна. Энэ бүхнийг харж ард иргэд маань надад дахин итгэл хүлээлгэсэн юм байлгүй. Өмнөговь аймагт уул уурхайн салбар маш эрчимтэй хөгжсөн. Уул уурхайн салбараа дагаад суурин хүн ам ихтэй. Одоогийн байдлаар тоо нь 56 мянга гарчихлаа. Хөдөлгөөнт хүн амтайгаа нийлбэл 100 орчим мянган хүн манай аймагт амьдарч байна. Ингээд үүнийгээ дагаад жижиг дунд үйлдвэр, өрхийн орлогыг нэмэгдэх талаар багагүй зүйлүүд хийж байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7,7 сая төгрөг буюу улсын дунджаас хоёр дахин их тоо гардаг. Өмнөговьчуудын хувьд амьдрал харьцангуй гайгүй болж байгаа бас хэцүү амьдралтай хүмүүс бий. Мэдээж бүгд сайн сайхан биш. Дулааны цахилгаан станц гэхэд 10 гаруй жил энэ аймгийнхныг зовоолоо. Өмнөговийнхны тухай хошин шог үг хүртэл гарсан байна билээ. “Ланд машин унах заяатай, лаа барих тавилантай” гэж. Энэ нь дулааны цахилгаан станцтайгаа холбоотой юм. Ирэх дөрвөн жилд бид ердөө таван зүйлийг гол болгон ажиллаж байна. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбараа өөрчилье. Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө “Монгол хүн Монголдоо сайхан амьдаръя” гэж байгаа бол “Өмнөговийн хүн эндээ л сайхан амьдаръя”. Өмнөговь саажилттай юм шиг хөгжилтэй болчихоод байна. Би яагаад ингэж хэлэв гэхээр уул уурхайгаа дагаад манай аймаг зүүн тал руугаа нэлээд хөгжиж байгаа. Гэтэл баруун тийшээгээ хөгжил хүрэхгүй байна. Хамгийн зам муутай газар тэнд байна. Тэгэхээр бид тийшээ 316 км хатуу хучилттай замыг улс болон орон нутгийн төсөв, бусад санхүүжилтээр тавъя гэсэн өөрсдөдөө ахадсан гэмээр зорилт тавьсан байгаа. Дараа нь уул уурхай хөгжсөн газар байгаль хамгаалах асуудал маш хурцаар тавигддаг. Говьд хамгийн хэрэгтэй зүйл ус. Энэ том уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулахын тулд маш ихээр ус хэрэглэдэг. Гэтэл говийнхон өөрсдөө газар дээрх усаа хэрэглэж амжаагүй шахам байхад гүний усны хомсдолд орвол яах вэ. Тиймээс бидэнд мод зүлэг тарих, гол усныхаа эхийг хамгаалах шаардлага тулгарч байна. Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг маш сайн шахаж шаардсанаар нөхөн сэргээлтийн ажлыг нь явуулах хэрэгтэй болно. Ийм асуудлыг бид маш хурцаар тавиад эхнээс нь шийдээд явж байна. Эрүүл мэндийн салбарт бид 11 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авлаа. Эмч нарынхаа мэргэжлийг дээшлүүлж, гадаадаас мэргэжилтэн урьж ажиллуулж байна. Өмнөговийн хүн заавал Улаанбаатарт орж биеэ үзүүлэх шаардлагагүйгээр энд тийм нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжийн авчирч суурилууллаа. Ингээд бусад салбарт ч мөн адил маш их хэмжээний хөрөнгө төсөвлөн ажиллаж байгаа. Манай аймаг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, улсаас төсөв авдаггүй гэдгээрээ онцлог. Харин улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг. Ирэх долдугаар сарын 1 гэхэд гэрэл цахилгаан нь төвтэйгээ бүрэн холбогдох юм. Нийслэлтэйгээ замаар холбогдчихлоо. Тэгэхээр одоо ерөөсөө аймаг орон нутгийнхаа төлөө бид л сайн ажиллах хэрэгтэй байна. Энэ тогны асуудал чинь олон жил зовоолоо шүү дээ. Сүүлдээ бүр улстөржиж тог тасрахад аймгийн дарга руугаа иргэд утасддаг болсон. Гэхдээ яахав сайн, муу хэлүүлээд энэ ажлыг таван жил гүйцэтгээд явж л байна даа.

-Говийнхныг тал шигээ сэт­гэлтэй хүмүүс гэлцэх юм билээ. Та нутгийнхаа ард олны нийтлэг онцлог зан чанар, үзэл бодол талаас нь бидэнд сонирхуулаач?
-Манайхан дуулдаг шүү дээ. “Миний ардын сэтгэл цагаан” гээд. Мөн яруу найрагч Ц.Чимиддоржийн “Малчин” шүлэгт,
“...Давхиад очиход цоожгүй айл малчин танайх
Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных...” гэж үнэхээр манай говийн ард иргэдийг хэлсэн шиг санагддаг юм. Дээхнэ үед үнэхээр талд давхиж яваад очиход гэрээ цоожилдог айл говьд лав байгаагүй юм. Гэрийнхээ хаалгыг салхинд онгойно гэж сэрэмжлээд юмханаар дарсан болоод эсвэл дээс бүслүүрээр тогтоогоод л орхино. Одоо яахав нийгэм цагаа дагаад өөр болж байна л даа. Гэхдээ говийн улс үнэхээр уужим, тайвуу сэтгэлтэй. Баргийн юманд бачуурч бухимдаад байхгүй. Элдэв жагсаал цуглаан хаанаас гарч байна, тэр хангайнхан л байх юм. Би ганцхан жишээ хэлье. Манай энд байсхийгээд тог, цахилгаан тасарна. Тэгэхэд хангайнхан бол нэлээд юм болноо. Манайхан харин эсрэгээрээ. Тэгж л байх ёстой юм шиг. Тог тасарч л байх ёстой юм шиг, “Миний хүү цаанаасаа лаа аваад ир” л гэнэ. Ийм л хүмүүс дээ.

-Монгол Улсынхаа нэгэн аймгийг удирдаж яваа хүний хувьд олон хүний нүдэн дээр үг, үйлдэл бүхэн тань ил байдаг учраас сайн, муу олон л үг сонсдог байлгүй. Харин Б.Бадраа гэж хүн амьдрал дээр хэн байхсан гэж зорьж явдаг юм бол?
 -Миний хувьд энэ нутагтаа төрж өссөн. Аав ээжтэйгээ сайхан амьдарч ирсэн. Энэ хооронд хүний амьдралд тохиолдох баяр гунигийг ч мөн адил туулсан байна. Энд миний багаасаа явж ирсэн цэцэрлэг, суралцаж төгссөн сургууль минь бий. Тиймээс би энэ нутгийн төлөө заавал сайн сайхан зүйл хийхсэн л гэж зорьж яваа энэ нутгийн унаган хүүхэд. Манайд үеэс үед л нэг хэвийн дундаж эсвэл дунджаас доогуур амьдарч ирсэн айл өрх олон байна. Тиймээс хэлтсийнхээ дарга нараа дуудахаараа, “Та нар ерөөсөө энэ хүмүүсийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд л анхаар. Дундаж нь дунджаас дээгүүр. Ядруухан нь дундаж амьдрал руу орж ирэх тэр боломжийг нь л та нар гаргаж өг”  гэж хэлээд байгаа юм. Хүний амьдрал яг нэг хэвийн түвшинд үеэс үед, хүүхдүүдэд нь дамжаад л байж болохгүй. Дэвжиж дээшилж байх хэрэгтэй. Дунд зэргийн амьдралтай айлуудад орон сууцны зээлд хамруулахыг би их дэмжиж байгаа. Хэлтсийн дарга нартаа “Барилга орон сууц барих байгууллагуудад газрыг нь олго, байрны үнийг 900-950- мянгын хооронд хатуу барь” гэсэн үүрэг өгчихсөн. Үүний үр дүнд нэг ч гэсэн дундаж амьдралтай хашаа байшингийн айл байранд орж, нэг хүү өвөл худгаас усаа түрэхдээ гар нь даарахаар халаасандаа хийн гэдсээрээ түрэхээ л болино. Харин дэндүү хэцүү амьдралтай улс нь дундаж түвшин рүү шилжинэ. Хүүхэд харах хүнгүйгээс болоод ажил хийж чадахгүй байгаа бүсгүйг бид дэмжих хэрэгтэй. Хүүхдийг нь цэцэрлэгт оруулж, өөрт нь жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх боломжийг олгохыг зорьж байна. Ингэж байж бид хүмүүсийнхээ амьдралыг дээшлүүлэх юм аа. Түүнээс бид өнөөдөр дарга гээд ширээний ард ярвайж суучихаад ганган машин унаад давхиад байж таарахгүй. Хүн надтай ингээд ойртож хэдэн үг сольж байж л миний юу хүсч зорьж явааг мэднэ үү гэхээс хөндлөнгөөс хараад өнгөрсөн хэн ч бусад дарга нарын л ижил хямсгар нөхөр л гэж дүгнэнэ. Тэгээд тэндээсээ болж энэ юу идэж, уув гэсэн хардлага төрүүлдэг. Сонгууль болохын өмнө сайн муугаар хэлүүлж, сайхан муухайгаар дуудуулна. Яахав зорьсон зорилго байхад няцахгүй хөдөлмөрлөж л байна. Төрж өссөн нутгийнхаа төлөө зүтгэж л байна. Ах нь товчхондоо ийм л хүн дээ.

-Чин сэтгэлээсээ ярилцаж, цаг гаргасан танд маш их баярлалаа. Ярилцлагаа Хилийн 0131 дүгээр ангийн 80 жилийн ойд зориулсан мэндийн үгээр тань өндөрлөе?
-Хилчиддээ, хилчин дайчиддаа энэ сайхан түүхт ойг тохиолдуулан хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та нар минь эрүүл байгаарай. Цаашдын ажил хөдөлмөр нь үргэлж сайн сайхныг дагуулж байгаасай гэж хүсэх байна. Хилчдийн ар гэр үр хүүхдэд нь мөн энэ хорвоогийг эрхэм сайхан бүхнийг хүсье. Би та нартайгаа үргэлж хамтдаа байна. Байнга дэмжинэ гэдгээ хэлье. Гагцхүү харуулд хамт гарч чадахгүй байх шүү. /инээв.сур/. Бусдаар бүх зүйл дээр хилчидтэйгээ сэтгэл зүрхээрээ, ажил үйлсээрээ байнга нэг байхаа амлаж байна.

Ярилцсан Г.Нямгэрэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан