Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Амгаланбаатар: “Алтайн хүдэр”-ийн дөрвөн даргад Говь-Алтайн шинэ удирдлагууд хэзээ ч авлига авдаггүйг хэлсэн


Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай ярилцлаа. Говь-Алтай аймагт сүүлийн 24 жил МАН эрх барьж байсан бол энэ жилээс эхлэн алтайчууд АН-д итгэл хүлээлгээд байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сараас ажлаа авсан ч чамгүй олон ажил эхлүүлж, бас дуусгаж амжжээ.

-Есөнбулаг сумын ир­гэд­тэй уулзалт хийгээд тарах шиг боллоо. Маш их ачаалалтай ажиллаж байгаа бололтой. Говь-Алтай аймагт анх удаа АН орон нутгийн сонгуульд ялалт байгуулаад ажиллаж байна. Иргэдийн хандлага ямар байна вэ?
-Их л шүүмжилж байна. Олон хүнийг ажлаас нь халсан гээд л. Тэгж л багаа бүрдүүлэхгүй бол ажил урагшаа явахгүй байна. Нам хамааралгүй хөгжиж болох юм байна гэсэн гэрэл иргэдэд харагдаж эхэлсэн учраас тэр гэрлийг алдахгүйгээр л тод тусгах хэрэгтэй байна. Гурван жилийн дараа гэхэд л Алтайн хөгжил шал өөр болчихно. Говь-Алтайчууд хэвшсэн үзэл бодолтой, түүндээ маш үнэнч. Энэ хүмүүс намайг шүүмжилж ярьж байгаа нь өмнөх намдаа итгэдэг учраас л тэр. Иргэдийг орлоготой болгоод, тухтай орчинд амьдруулах гэж байхад шүүмжилж байгаа нь утгагүй. Өмнө нь юу ч хийхгүй байхад дуугүй л суудаг байсан.
Орцыг нь гэрэлтэй болгоод, хаалгыг нь кодтой болгоод, явган замыг нь хүртэл өсгийтэй гуталтай алхах хэмжээний болгоод өгөхөөр намайг шүүмжлээд яах ч юм билээ. Эмэгтэй хүн өсгийтэй гутал өмсөх эрхтэй, хүүхэд сургуульдаа явахдаа өмднийх нь шуумаг шороо болохгүй байх ёстой. Энэ бүгдийг л хийх гээд ажиллаж байна. МАН-ын фон болсон хөгшчүүд шүүмжлэлдээ хамгийн бат зогсч байгаа. Гэхдээ алтайчууд нэгэнт АН-д итгэж, сонгож чадсан учраас цаашид урвахгүй болов уу.

-Найман сарын хуга­цаанд хийсэн ажлаа иргэдэд тайлагналаа. Тэд хэр сэтгэл ханамжтай байна?
-2014 оны нэгдүгээр сарын 19-нд болсон Орон нутгийн дахин сонгуулийн үр дүнгээр миний бие сонгогдсон. Түүнээс хойш нэг сар гаруй хугацааг сумдын иргэд, аймгийн төвийн иргэдтэй уулзахад зориулж энэ онд юу хийвэл зохих талаар иргэдийн саналыг авсан. 2014-2016 онд хэрэгжүүлэх “Бидний Алтай” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ямар зүйлүүд хийх ёстой талаар уулзалт хийсэн. Түүнээс хойш мөрийн хөтөлбөрийн дагуу 66 ажил хийж хэрэгжүүллээ.
Түүнээс 2013 онд хийж эхэлсэн дөрвөн ажил байсныг дуусгасан. Тиймээс хийсэн ажлуудаа сум­даар дахин явж иргэдэд тай­­лагнаж байна. Өнөөдөр /арав­­дугаар сарын 25/ Аймгийн төв болох Есөнбулаг сумын иргэдтэй уулзаж, ажлаа тайлагналаа. Манай Алтай хот Монгол Улсын 21 аймгаас хөгжлөөрөө хамгийн сүүлд явж байна. Алтай хотод амьдарч байгаа иргэд маань бусдаас ая тухгүй амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ Алтай хотод амьдарч байгаа иргэд Улаанбаатараас дутахааргүй амьдрах ёстой. Тийм учраас ирэх онд иргэд юу хийлгэмээр байгааг, юутай болгохыг хүсч байгаа саналыг ч авлаа. Магадгүй нүүдэл Улаанбаатар руу биш Говь-Алтайруу чиглэх цаг ирнэ.

-Аймгийн үүх түүхийг үнэн зөвөөр нийтэд таниулах ажил хийсэн гэж сонссон. Өнгөрсөн оноос эхлэн зарим сумд 90 жилийнхээ ойг тэмдэглэж байхад Говь-Алтай аймаг саяхан 70 жилийнхээ ойг тэмдэглэсэн шүү дээ?
-Аймгийнхаа түүхийг үнэн зөв болгохоор ажилласан. Миний хувьд хийх ёстой ажлын нэгдүгээрт заавал энэ байх ёстой. Засаг дарга болоод удаагүй байхад манай аймгаас төрөн гарсан эрдэмтэд энэ асуудлаар хандсан. Тэднийг хандах хүртэл би аймгийн түүх худлаа гэдгийг мэдээгүй л явлаа. Говь-Алтай аймгийг 1940 онд Завханаас салсан гэж ойлгодог байсан. Тийм учраас захирамж гарган ажлын хэсэг байгуулж, ТЕГ-ын архив, Монгол Улсын түүхийн архив, БНХАУ-ын түүхийн архиваас хүртэл Засагт хан аймгийн түүхийг судаллаа. Түүхийг үнэн зөв болгосноор иргэдэд ямар ач холбогдолтой юм бэ гэдэг нь л чухал байсан. Ямар ч ажил үр дүнтэй байх ёстой. Аливаа түүхийг буруугаар бичих, түүхийг үгүйсгэх оролдлого бусад орнуудад байдаг. Түүхээ судлаад архивт очиход Монгол Улсын түүхийн архивт 1670 оноос өмнөх түүх байдаггүй юм байна. Манжууд манай улсыг эзлэхдээ тэр цаг үеэс өмнөхийг аваад явчихаж. 1668 онд БНХАУ-ын түүхийн архиваас Оросын эрдэмтэн Монголын нууц товчоог хулгайлан гаргаад орос хэл дээрээ орчуулснаар дэлхий нийтээр мэддэг болсон юм билээ. Энэ мэт хэрэг олон удаа давтагдаж байсны нэг нь манай аймгийн түүхийг 1940 оноор тасалсан явдал.
Баянхонгор аймгийн худалдааны төв Баруун бүсийн гэсэн тодотголтой, Завхан, Ховд аймгийг Баруун бүсийн тулгуур төв гэдэг. Увс аймаг Галдан бошигтын нутаг гээд зарлачихлаа. Яагаад ингээд өрсөлдөөд байна вэ гэхээр Монгол Улс цаашид аймгаараа биш бүсчлэн хөгжүүлэх бодлогыг дэмжиж байгаа юм. Ингэж хөгжих нь хурдтай. Тийм ч учраас бүсийн төвд бусад аймгаас илүү хөрөнгө оруулалт хийж, хөгжил нь хурдасна. Бүтээн байгуулалтууд өрнөж, иргэдийн амьжиргаа ч дээшилнэ. Тийм учраас аймгууд бүсийн төв болохоор өөрсдийгөө бэлдээд эхэлчихсэн байгаа юм. Энэ уралдаанд ганцхан манай аймаг баруун аймгуудаас хоцорчихсон. Бид түүхийн үнэн зөвийг сэргээснээр баруун бүсийн гал голомт нь Говь-Алтай юм байна гэдгийг тогтоох учиртай. Монголын нууц товчооны 205-д Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг гурван бүс болгохдоо баруун бүсээ Алтайн нуруу орчимд байгуулан Боорчид захируулсугай гэж зарлигдсан байдаг. Боорчи одоогийн Дэлгэр сумд нутаглаж байсан нь хожмоо Боорчийн хоолой болсон юм билээ. Түүнээс хойш түүхийг судлахаар 1558 онд Монгол Улс гурван түмт байсныг задалж, аймгуудад хуваасан байдаг. Ингэхдээ Алтайн нурууны орчмыг Засагт хан аймаг гэж нэрлэсэн байдаг.
Тийм учраас “БИДНИЙ АЛТАЙН ТҮҮХ“ сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж,  Аймгийн ИТХ-ын 2014 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолоор 1558 онд байгуулагдсан Засагт хан аймаг, 1923 онд байгуулагдсан “Хантайшир уулын аймаг”-ийн үргэлжлэл гал голомт нь Говь-Алтай аймаг болохыг тогтоолоо. Говь-Алтай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойг 2018 онд тэмдэглэхээр болсон.  “Бидний Алтайн түүх” эрдэм шинжилгээний хурлын материалын эмхтгэлийг “Засагт ханы голомт-Говь-Алтай” нэртэйгээр ном болгон хэвлүүлсэн байгаа. Манай Говь-Алтай бол баруун бүсдээ хамгийн том газар нутагтай, цөөн хүн амтай, хамгийн урт түүхтэй аймаг. Тийм учраас баруун бүсийн тулгуур төв болох учиртай.

-Говь-Алтай аймгийн хувьд нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудал Алтай хотын ундны ус. Үүн дээр ямар арга хэмжээ авч ажиллах гэж байна вэ?
-Хавар уулзалт хийж байхад арван мянган иргэн саналаа өгсөн байдаг. Тэдний найман мянга нь аймгийн төв Алтай хотын ундны усны асуудлыг шийдээч гэсэн байдаг. Хоёрдугаарт зам, гуравдугаарт битүү зах, түүний дараа боловсролын асуудал, Улаанбаатар орох 260 км зам, ажилгүйдэл гэх зэргээр саналаа өгсөн. Өнгөрсөн хугацаанд эдгээр ажлыг иргэдийн санаанд хүртэл хийхээр ажиллалаа. Ний нуугүй хэлэхэд Говь-Алтай аймгаас УИХ-д нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн хамгийн эхэнд усны асуудлыг шийдвэрлэнэ гэсэн байдаг.
Гэтэл өнөөдрийг хүртэл Алтай хотын иргэд цэвэр ус ууж үзээгүй л байна. Гомбосүрэн гэж эрдэмтэн Говь-Алтай аймгийн усны асуудлаар доктор зэрэг хамгаалсан байдаг. Түүний бүтээлд бидний одоо хэрэглэдэг Харзатын усыг эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан. 1970-1990 оныг хүртэл энэ дүгнэлтийг удаа дараа гаргаж, 1990 онд усны асуудлаар хурал ч хийж байсан. Гэтэл түүнээс хойш огт шийдээгүй. Тэр номын дүгнэлт дээр усны асуудлыг шийдвэрлэснээр Говь-Алтай дахь нас баралт 11 хувиар, ходоод, элэг цөсний өвчлөл 13 хувиар багасна, хорт хавдрын тохиолдол 13 хувиар буурна гэж байгаа юм.
Тиймээс хамгийн бага зардлаар ундны усны асуудлыг шийдвэрлэхээр эрэл хайгуул хийсэн. Аймгийн төвийн усны асуудлыг ундны ус болоод ахуйн хэрэглээний гэж хоёр ангилсан.  Өөрөөр хэлбэл, иргэдийн уух усны хэрэглээг 20 литрийн цэвэршүүлсэн баллонд савласан усаар хангахаар болсон. Энэ шийдэл маань маш бага өртгөөр хүртээмжтэй ус хэрэглэх бололцоотой. Бид юуны өмнө Завхан голын усыг шинжилгээнд өгөхөд эрүүл ахуйн шаардлагад 100 хувь нийцэж байна гэсэн. Тэгэхээр Завхан голд түшиглэсэн усны үйлдвэр барихаар шийдсэн. Энэ үйлдвэрээсээ  20 литрийн баллонтой ус цэвэршүүлж, вакумжуулаад аймгийн төв рүү зөөнө. Өвөл нь дулаалгатай, зун нь хөргүүртэй байх тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэх юм. Ингэхдээ  500 хэрэглэгч тутам усны супермаркет байгуулна. Энэ ажилд 1.4 тэрбум төгрөг зарцуулна.

-Иргэд одоо хэрэглээнд нийцэхгүй усыг ч зөөврөөр хэрэглэдэг шүү дээ. Тэгэхээр цаашид цэвэршүүлсэн ус худалдан авч хэрэглэх нь. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Супермаркет бариад эхэлчихсэн үү?
-Энэ усыг аймгийн төвийн иргэн бүр уух ёстой. Тийм учраас усны үнийг хамгийн бололцоотой хэмжээнд тогтоохоор ярилцсан. Одоогийн байдлаар манай аймагт  20 литрийн баллонтой ус 4500 төгрөгийн үнэтэй. Нийслэлд 5000 төгрөгийн үнэтэй гэсэн.
Харин бид 20 литрийн баллонтой усыг хамгийн ихдээ 500 төгрөгөөр өгнө. Үндсэндээ нэг өрх бүтэн жилийнхээ цэвэр усны хэрэгцээнд 72-100 мянган төгрөг зарцуулахаар тооцоо гарч байна. Энэ бол дэлхийд байхгүй жишиг. Маш бага өртгөөр цэвэр ус ууна гэсэн үг. Дээрээс нь нэг нас хүртэлх хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүдэд үнэгүй ус өгөхөөр ярьж байна.
Ингэснээр алтайчуудын өмнө тулгамдсан усны асуудлыг шийдчихэж  байгаа юм. Үүгээрээ ч бахархдаг. Иргэн бүрт хэрэгтэй зүйл хийж чадсан гэж бодож байна. Энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэх компаниудын дунд тендер өнгөрсөн наймдугаар сард зарлаад нэг компани шалгарсан. Тайшир сумаас гурван км зайтай, Завхан голын эрэг дээр байгуулж буй усны үйлдвэр маань арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Аймгийн төв дэх согтууруулах ундааны зөвшөөрөлтэй 52 дэлгүүр болон тусгайлан баригдаж байгаа найман дэлгүүрээр усаа худалдана. Алтайчууд анх удаа орон нутгийн сонгуульд АН-ыг сонгосны хариу бэлэг энэ ус байх болно. Иргэд одоо хэрэглэж буй зөөврийн усаа цаашид ахуйн хэрэглээндээ ашиглаад явна.

-Алтайчуудыг цэвэр усаар хангахын тулд нэлээд олон баллон хэрэг болох нь ээ?
-Алтай хот таван мянган өрхтэй. Тэдэнд өдий тооны баллон хэрэгтэй. Нөгөө дэлгүүрүүдэд энэ тооны баллонтой ус байна. Үйлдвэрт 2500 баллонд ус савлаж байхад, замд 2500 баллон ус тээвэрлэж байна гэж тооцоод нийтдээ 15 мянга байхад хангалттай гэж тооцсон. Нөөцөд таван мянган баллон байх юм.
Усны асуудал  шийдвэрлэх олон хувилбар байсны нэг нь өмнөх удирдлагуудын ярьж байсанчлан Тайширын Гэгээн нуураас 50 км хоолой татах төсөл байсан. Энэ төсөлд 30 сая евро буюу 80 орчим тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай. Тэр 78 тэрбум төгрөгийг хаанаас олох вэ. Энэ бол үлгэр. Дараагийн хувилбар нь аймгийн төвийг нүүлгэх шаардлагатай. Гэвч  нүүлгэн шилжүүлэхэд дахиад л их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болж байгаа юм. Харин бид 1.4 тэрбумаар л энэ ажлыг шийдчихлээ.

-Орон нутгийн ирээдүй залуучуудаас эхэлнэ. Тийм ч учраас боловсролын чиглэлээр хэрэгжүүлж байгаа “Англи хэлийг Алтайдаа” хөтөлбөр их таалагдлаа. Энэ талаар тодруулж яриач?
-Аймгуудаас англи хэл сурах хөтөлбөрийг анх удаа санаачилж, боловсролын чиглэлээр англи хэл сурахад хамгийн их мөнгө төсөвлөсөн. Алтайн хүүхдүүд хаана ч очсон сурлагаараа гологддоггүй. Гэтэл ганцхан англи хэлээр тааруу.
Тийм учраас сум бүрээс багш нарыг гадаадад сургалтад явууллаа. Монгол хэлээр дэлхий дээр зургаан сая хүн л ойлголцож байхад англи хэлээр дөрвөн тэрбум орчим хүн харилцдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дэлхийн шилдэг 100 сургуульд элссэн оюутнуудын сургалтын зардлыг зуун хувь төр хариуцахаар болсон. Тэр боломжийг хүртье гэвэл англи хэл шаардлагатай.

-Аймгийн хэмжээнд ажилгүйдэл их байна. Үүнийг шийдэх ямар гарц байна?
-Сум бүрт арван хүнтэй оёдлын үйлдвэр зээлээр байгуулахаар ажиллаж байна. Машин, бүтээгдэхүүний загвар дизайн зэргийг бүгдийг нь БНСУ-аас нийлүүлэхээр болсон. Ингэхээр нутгийн иргэд хямд үнээр хувцсаа авахаас гадна иргэдийн амьжиргаа дээшилж байгаа юм. Мөн аймагт зайлшгүй байх ёстой хөөсөнцөр, оёдол, цемент, чулуу, мах, будаг, шохой, газар тариалан зэргийг дэмжиж ажиллана. Таван үйлдвэрлэлийг 500 саяар дэмжиж, ирэх оны төсөвт оруулахаар саналаа өгөөд байгаа. Ингээд үйлдвэрүүд байгуулаад ирэхээр ажлын байр нэмэгдэнэ.

-Малчдын амьжиргаанд чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Говь-Алтайд хамгийн анх удаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх гэж байна. Ингэснээр уламжлалт мал аж ахуй болон эрчимжсэн мал аж ахуйг харьцуулан харах боломжийг малчдад олгож байна. Австралиас махны чиглэлийн хонь оруулж ирсэн. Энэ хонины зургаан сартай хурганы мах 25 кг орчим байдаг. Монгол хонины мах нас бие гүйцэж байж ийм хэмжээнд хүрдэг. Мөн Сэлэнгэ аймгаас бух авчирч байгаа. Мөн энэ бухаар хээлтүүлсэн үхрийн мах илүү жинтэй. Мөн Алтай улаан ямааг үүлдэр болгож батлуулахаар ажиллаж байгаа. Жирийн ухна ишиг 25 мянган төгрөгөөр зарагдаж байхад бусдаас 250 гр илүү ноолуур гардаг, хамгийн нарийн ноолууртай улаан ямааны ухна ишиг 50 мянган төгрөг байх ёстой. Хэрэв үүлдэр гэж зарлахгүй бол адилхан үнээр л худалдагдана. Ингэснээр шууд утгаараа малчдын орлого өсөх болж байгаа биз.

-Говь-Алтай аймгаас хамгийн олон бизнесмен төрж гарсан атлаа тэдний оролцоо орон нутагт чамламаар юм шиг харагддаг. Түүнийг нааш нь татах ажлыг өмнө нь хийж байгаагүйгээс тэр үү эсвэл тэдэнд нутгаа гэсэн сэтгэл байдаггүй хэрэг үү?
-Говь-Алтайгаас гарсан бизнесмэнүүд орон нутагтаа хөрөнгө оруулах нь бага. Тийм ч учраас бид удахгүй Улаанбаатарт суугаа Говь-Алтайгаас төрөн гарсан бизнесмэнүүдийн дунд форум зохион байгуулах гэж байна. Гэхдээ заавал гуйлга гуйхгүй. Говь-Алтай аймгийн өнөөгийн байдлыг танилцуулаад, хэрэв та хөрөнгө оруулалт хийвэл ийм ашигтай гэсэн санал тавих юм. Өмнө нь ийм оролдлого хийж байгаагүй юм билээ. Нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийг татахаар уриалга гаргана. Өөрийнхөө байгууллагын нэрэмжит нэг байшинг бариач. Бид дэд бүтэц, газрыг нь өгье гэнэ. Энэ бол орон нутагт хийх том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт.

-“Алтайн Хүдэр” ком­пани аймагт хөрөнгө оруу­­лалт огт хийдэггүйг Алтайчууд ярьдаг. Тэднийг нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллах талын хэлэлцээр хийх санаа бий юу?
-Цээл сумын иргэдтэй очиж уулзахад аймгийн Засаг дарга ирлээ гээд “Алтайн Хүдэр”-ийн удирдлагууд бас ирсэн. Иргэд санал бодлоо эхлээд хэлж чадахгүй байсан. Гэтэл нэг эмэгтэй босч ирээд уйлсан. “Би “Алтайн хүдэр”-т цэцэрлэг байгуулж өгөөч гэж бичиг өгсөн чинь намайг авилгатай тэмцэх газар өгчихсөн. Улаанбаатараас намайг дуудаад очихоор шалгаж байна гэж долоо хонуулчихаад буцаад яв гэдэг. Нутагтаа ирээд хоёр хонохоор дахиад дууддаг. Ингэж яваад ажлаа л алдаж, хэцүүдэж байна” гэсэн. Тэгэхэд яг “Алтайн хүдэр”-ийн дөрвөн дарга байсан. Тэднээс үнэн үү гэхэд үнэн л гэсэн. Би тэнд нэг л зүйл хэлсэн. Говь-Алтайд бизнес хийж л байгаа бол та нарын дарга энэ нутгийн иргэд шүү, хүлээн зөвшөөрөхгүй бол зайлаарай гэж хэлсэн чинь иргэд шуугилдаад, үгээ хэлээд эхэлсэн.
Говь-Алтай аймгаас сон­гогдсон Ж.Энхбаяр гишүүний “Алтайн эрин” сангийн данс руу “Алтайн хүдэр”-ийнхэн тэгш сар бүр 100 сая, сондгой сар бүр 50 сая төгрөг хийдэг баримт ч олдсон. 450 сая төгрөгийг өнгөрсөн онд шилжүүлсэн байсан. Үүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн байгаа. Энэ компани УИХ-ын гишүүний хамгаалалт дор иргэдийн толгой дээр сандайлсан байна. Тийм учраас тэр дөрвөн даргад Говь-Алтайн шинэ удирдлагууд хэзээ ч авлига авдаггүй юм гэдгийг хэлсэн.

-Одоо тэд нийг­­мийн хариуцлагаа ухамсарлаж ажиллах нь ээ?
-Бид эхний ээлжинд 2014 онд 80 км зам тавь, Говь-Алтай аймгийн сум бүрээс нэг хүүхдийн сургалтын төлбөрийг даа гэсэн. Энэ компани өдөрт нэг тонн мах хэрэглэдэг. Гэтэл аймгаас нэг ч кг мах авдаггүй. Мах, ногооны хэрэгцээгээ Говь-Алтайгаас ав гэсэн шахалт тавьсан. Мөн нийт ажилчдын 40-өөс доошгүй хувь нь Говь-Алтайгаас байх ёстой гэсэн. Үүний үр дүнд саяхан Цээл суманд ажиллахад 110 км шороон далангийн ажил, 50 км хатуу хучилттай замын ажил дууссан. Хүүхдүүдийн сургалтын төлбөр, мах ногооны асуудлаа ч бидний хэлснээр шийдсэн байна лээ. Энэ компанийнхан надад янз бүрээр дарамт учруулах гэж оролдсон.

-Энэ жилийн төсвийг дүгнээд хамгийн авлигагүй аймгаар Говь-Алтайг шал­гаруулсан байна билээ. Авлигыг таслан зогсоох ямар ажил хэрэгжүүлж байгаа юм бэ?
-Энэ жилийн манай аймгийн төсвийг зориулах ёстой зүйлд л зарцуулсан. Тийм ч учраас өмнө хэзээ ч байгаагүй их бүтээн байгуулалт хийж чадсан. Төрийн байгууллагууд сар бүрийн эхний долоо хоногийн бямба гараг бүр иргэдэд тайлангаа тавьж байгаа. Анх энэ уулзалтад цөөн иргэн очдог байсан бол одоо маш идэвхтэй оролцдог болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан