Доллар (USD)

Улаанбаатар

Монголын ашигт малтмалын нөөцийг 1.3 их наяд ам.доллараар үнэлжээ



Монголын тал нутагт түм түжигнэж, бум бужигнаж байна. Хаа сайгүй л хайгуулын өрмийн машин ажиллаж, газар ухагч техникүүд хүржигнэж буй. Нэг хэсэг ашигт малтмалын ашиглалт, хайгуулын лицензийг  баруун солгойгүй тараасан. Энэ үед нийт нутгийн 44.5 хувь нь лицензийн талбай болон хувирсан. Эдүгээ нутаг дэвсгэрээ хэсэгчлэн хуваахаа больж урт нэртэй хуулиар 1782 лиценз цуцлагдахад хүрсэн. Гэвч өнөөдөр 242-ыг нь цуцаллаа. Өнгөрсөн оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 14.2 хувь нь 1900 гаруй лицензийн талбай гэсэн судалгаа гарсан байдаг. Хэдийгээр лицензийн тоо цөөрөх, га талбай нь буурах хандлага бий ч хөрс хуулалт, ашигт малтмал олборлолт жилээс жилд огцом нэмэгдсээр буй. Өнгөрсөн оны байдлаар 264 компани олборлох үйлдвэрийн ил тод байдлын тайлангаа гаргажээ. Тэдэнд хайгуулын 556, ашиглалтын 350 лиценз бий аж. Тухайлбал, алтны 174, нүүрсний 60, жоншны 43, төмрийн хүдрийн 17 ордын лиценз байгаа юм.

Уг нь, манайд ажиллаж буй уул уурхайн бүхий л компани үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй тайлагнах ёстой. Гэвч ашигт малтмалын багахан нөөцтэй орд эзэмшдэг компаниуд тухайн жилийн тайлан төлөвлөгөөгөө тэр бүр гаргаж өгдөггүй аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд олборлолт нь хамгийн их өссөн ашигт малтмалаар нүүрс, нефть, төмрийн хүдэр тодров. Жишээ нь, нүүрс олборлолт 91.8, нефтийнх 17 орчим хувиар нэмэгдсэн аж.  Зөвхөн энэ оны эхний таван сарын байдлаар төмрийн хүдэр 68, нефть 54 хувиар олборлолт нь өсчээ. Харин алтных 26 хувиар буурсан байна.

 Монгол Улс байгалийн баялгаа хожуу нээж, өнөөдөр олон улсын Хөрөнгийн биржийн “лангууны” шинэ бүтээгдэхүүн болоод буй. Нээгдсэн баялгийн хувьд алт, зэс нүүрс, төмрийн хүдэр, уран, мөнгө, жонш гээд 80 орчим төрлийн ашигт малтмалын 1170 орд, 7600 гаруй илрэл бий. Энэ нөөцийг олон улсын судлаач, эдийн засагчид  дунджаар 1.3 их наяд ам.доллар хэмээн үнэлсэн байдаг. Монголчууд өнөөдөр уул уурхай руу хошуурч, аж амьдрал нь түүнээс шалтгаалдаг боллоо. Иймээс нөхөгдөшгүй баялгаа зөв ашиглаж эдийн засгаа бэхжүүлэх, бусад салбараа хөгжүүлэх тухай яриа хаа сайгүй л дэлгэрч байгаа. Хурал зөвлөлгөөн ч тасардаггүй. Нөгөө талаар бүтээгдэхүүнээ боловсруулж, хэрэглэгчдэд нь шууд өгвөл өндөр үнэ хүрнэ. Гэвч ганцхан зах зээлд  борлуулалт хийж байна.

Тухайлбал, манай ашигт малтмалын 90 орчим хувийг урд хөрш авдаг. Сүүлийн үед дэлхийн зах зээл эрдэс баялгийн үнэ уруудах шинжтэй болсон. Үүнд, Евро бүсийн хямрал, Хятадын эдийн засгийн удаашрал нөлөөлсөн хэмээн шинжээчид дүгнэж буй. Үүнээс гадна урд хөршийн зэсийн нөөц дундарч буй мэдээлэл ч бий. Иймд ирэх сараас металлын үнэ нэмэгдэх боломж байгаа аж. Гэсэн хэдий ч уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай орнууд эрдэс баялгийн үнэ өсөх бус буурах тооцоо хийж зардлаа тогтоодог жамтай. Тэгэхээр зэс болон металлын үнэ өгсөх, уруудахын зааг дээр байгаа бололтой.
Ингээд Монголын эдийн засгийг дангаараа тодорхойлж буй уул уурхайн үйлдвэрлэл, стратегийн бүтээгдэхүүн гэж дэлхий дахин болон манайд нэрлэгдээд байгаа зарим ашигт малтмалын олборлолт, экспортын өнөөгийн байдлын талаар дор өгүүлье.    

Нүүрс

Ажиглагчид нүүрс олборлолтын тухай бодолгүйгээр Монголыг төсөөлөх боломжгүй хэмээсэн байдаг. Нүүрсний нийт нөөц нь 170 гаруй тэрбум тонн. Үүний дийлэнх нь эрчим хүчнийх хэмээдэг. Одоогоор нөөцийнхөө 20 гаруй тэрбум тоннийг нь ашиглах шатандаа яваа. Эл нүүрсийг зөвхөн угаагаад экспортлоход л нэг тонн 100 ам.доллараас илүү үнэ хүрэх сайн чанартай. Коксжих нүүрс нь л гэхэд найм орчим тэрбум тонн гэсэн тооцоо бий. Өнгөрсөн онд 25 сая тонн орчим тонн нүүрс олборлож, 18 саяыг нь экспортолсон дүн гарсан. Энэ онд олборлолт гучин сая тоннд хүрч, экспорт 25 сая тонн болох төлөвтэй байна Нэг тонн түүхий нүүрсний жишиг үнийг энэ сард чанараас нь шалтгаалж, 69-95, боловсруулсан нүүрснийх 195 ам.доллар хэмээн тогтоожээ. Манай дэд бүтэц сул хөгжсөн, хөрөнгө оруулалт төдийлэн хийж чадахгүй байгаа. Иймд энэ жилээс эхлэн дорвитой хөрөнгө оруулалт хийж чадахгүй бол нүүрсээ ойрын хэдэн жилдээ үнэ хүргэх, зах зээлээ тэлж чадахгүй гэсэн дүгнэлт гарч буй юм.  Нүүрсний хамгийн том орд  нь Таван толгой. Нөөц 6.4 тэрбум тонн. Үүний 25 хувь коксжих, үлдсэн нь дулааны сайн чанарын нүүрс болох нь тогтоогдсон билээ. Шинжээчид уг ордыг 2.4 тэрбум ам.доллар хэмээн үнэлсэн байдаг. Энэ жил дөрвөн сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө бий. Багануурын уурхай эрчим хүчний нүүрсний хамгийн том олборлогчийн нэг. Нөөцийг нь жорк стандартаар 1.3 тэрбум тонн хэмээн тооцжээ. Одоогоор 25 хувь нь иргэд, үлдсэн нь төрийн мэдлийнх юм. Уг уурхайн хувийн хэвшилд буй хувийг нь 49 хүргэх төлөвлөгөөтэй. Энэ онд дээрх ажлыг дуусгах график гарсан байдаг.    
Зэс

Зэсийн баяжмалын экспорт ирэх жилээс нэмэгдэнэ. Учир нь, Оюу толгой ордын баяжуулах үйлдвэр энэ оны сүүлчээр ашиглалтад орох юм. Уг үйлдвэр “Эрдэнэт”-ээс гурав дахин том. Эрдэнэтийн овоо орд дэлхийн 10 том зэсийн уурхайн нэг. Мөн Цагаан суваргын зэс молибденийн ордын ашиглах бэлтгэл ажил ч ид хийгдэж буй. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилд 540 орчим мянган тонн баяжмал экспортолдог. Үүнийг цэвэр зэсээр тооцвол 130 гаруй мянган тонн болно.
Ингээд ДНБ-ий 12 хувийг үйлдвэрлэдэг билээ. Ирэх жил Монголоос экспортлох цэвэр зэсийн хэмжээ 111 мянган тонноор нэмэгдэх судалгаа гарсан. Дэлхийн металлын  зах зээлд нэг тонн зэсийн үнэ 8000 ам.доллар болоход манай зэсийн баяжмал 2000 ам.долларт хүрдэг  гэсэн тооцоо бий. Энэ сард нэг тонн зэсийн жишиг үнийг дунджаар 7300 гаруй ам.доллар гэж тогтоон татвар авах болсон. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглаж “Эрдмин” үйлдвэр цэвэр зэс ялган авч байна. Тус үйлдвэр жилд 2800 тонн зэс ялгах хүчин чадалтай. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ ашиглаж, зэс утас үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлдэг. Гэвч улсынхаа хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа билээ.

Төмрийн хүдэр

Төмрийн хүдрийн уурхай нээх, хайгуул хийх хөрөнгө оруулалт Монголд 2007 оноос эхлэн их хэмжээгээр орж ирэх болсон. Тухайлбал, Ерөө голын төмрийн хүдрийн ордод Сингапур 2008 онд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Дараа жил нь  хятадууд 700 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. Энэ үеэс л уг металлын олборлолт эрс нэмэгдэж эхлэв. Хоёр жилийн өмнө 251 сая ам.доллараар 3.5 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Энэ нь төмрийн хүдрийн олборлолт бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Өнгөрсөн онд экспортын хэмжээ таван сая тонн дөхсөн. Энэ жил сая гаруй тонноор нэмэгдэх төлөв бий гэдэг. Австралийн төмөр үйлдвэрлэгчээс Японы гангийн үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлэх  гэрээний үнийг манайхан жишиг болгон ашиглаж байгаа. Ингээд энэ сард 58 хувийг агуулгатай нэг тонн төмрийн хүдрээ 120, баяжмалыг нь 117 ам.долларын үнэтэй хэмээн тогтоожээ. ЭБЭХЯ-ны мэдээгээр оны эхний таван сарын байдлаар 2.3 сая тонн төмрийн хүдэр олборлосон мэдээлэл бий. Монгол Улс 33 ордод 660 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Өнөөдрийн хурдаар олборлоод байвал ирэх арван жилд төмрийн хүдрийн нөөц дуусч, боловсруулах юмгүй үлдэж магадгүй хэмээн зарим эдийн засагч болгоомжилж буй юм.
Одоогоор Сайншандад гангийн үйлдвэр барих төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссан. Мөн Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх хөтөлбөр ч гараад буй билээ.     

Нефть

Өнөөдөр монгол нутагт 25 талбайд нефтийн хайгуул хийж, олборлолт явуулж байгаа. Газрын тосны газар энэ жил дөрвөн талбайд хайгуулын ажлын сонгон шалгаруулалт хийхээр төлөвлөж буй. Монгол Улс өнгөрсөн онд гурван сая гаруй баррель нефть экспортолсон дүн байдаг. Энэ оны эхний таван сарын байдлаар 1.2 сая гаруй баррель нефть экспортолсон судалгаа гарчээ. Үнийн хувьд тогтворгүй байгаа ч дунджаар нэг баррель нь 80-100 орчим ам.доллар аж. Хятадын үндэсний газрын тосны корпорац Тамсагийн сав газарт 1.5 сая тонн нефтийн нөөц бий гэж тогтоожээ. Монгол Улс шатахууны хэрэглээгээ гадаадаас хангаж байгаа.
Сүүлийн жилүүдэд нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай ярьж ирсэн ч, олигтой үр дүн гараагүй л байна. Гэвч жил бүр арав гаруй нээгдэж буй уурхайн нөлөөгөөр шатахууны хэрэглээ тэр дундаа дизелийн түлшний эрэлт огцом нэмэгдэх боллоо.

Уран

Монголд ураны 62 мянга орчим тонн нөөц бий гэсэн таамаг гарсан. Одоогоор уран экспортлоогүй байгаа ч олборлолт эхэлсэн гэж болно. Учир нь, Францын “Арева” группийн салбар “Коже говь” компани Дорноговийн Дулаан уулын ордоос туршилтын журмаар 2000 тонн ураны хүдэр олборлоод байгаа. Ирэх онд шар нунтаг гаргах туршилтын үйлдвэрээ ашиглалтад оруулах мэдээлэл бий. Мөн Дорнод аймаг ураны хэд хэдэн ордтой юм. Эдгээрээс Мардайн ордыг урд нь оросууд ашиглаж уран олборлож байв.  Тухайн үед нийт 500 гаруй тонн хүдэр олборлосон гэдэг. Гэвч тухайн бүс нутагт цацраг идэвхт бодисын тархалтын хэмжээ нэлээд өндөр байдаг судалгаа гарсан. Цөмийн энергийн мэргэжилтнүүд уран болон хар тугалга, газрын ховор элементийн уурхайн ойр орчимд цацраг идэвхт бодисын тархалт, хэмжээ өндөр байдаг хэмээж буй билээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан