Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
26 жилд 610 гишүүн ажилласан Монголын парламент
Т.ЦЭЛМЭГ

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 26 жилийн ой өчигдөр тохиолоо. Улсын Бага хурал анхдугаар чуулганаа 1990 оны есдүгээр сарын 13-нд хуралдуулж байсан түүхэн өдөр юм. Олон намуудын зөвшилцлийн протоколыг 1990 оны тавдугаар сард баталж, Ардын их хурлаас баталсан БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар тунхаглаж өгсөн. Үүний үндсэн дээр Ардын их хурлыг анх удаа олон намын оролцоотой, олон нэр дэвшигч бүхий чөлөөт сонгуулиар анхны байнгын ажиллагаатай парламентыг ардчилсан зарчмаар байгуулах улс төр, эрх зүйн нөхцөл бүрджээ.

Улсын Бага Хурал болон долоон удаагийн Улсын Их Хурал өнгөрсөн 26 жилд анхдугаар хуралдааныг долоо, ээлжит чуулганыг 47, ээлжит бус чуулганыг 14, хүндэтгэлийн хуралдааныг 21 удаа хуралдуулсан байна.

Бие даасан хууль 463, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2486, олон улсын гэрээ соёрхон баталсан, нэгдэн орсон тухай хууль 416, 248 хууль хүчингүй болгож, Улсын Бага Хурлын тогтоол 163, Улсын Их Хурлын тогтоол 2223, нийт 5999 хууль, тогтоол хэлэлцэн баталжээ.

Өнөөдрийг хүртэл Улсын Бага Хурал болон долоон удаагийн парламентад давхардсан бус тоогоор 367, давхардсан тоогоор 610 хүн гишүүнээр сонгогдон ажилласан.

Үүнээс найман удаа сонгогдсон нэг гишүүн, долоон удаа сонгогдсон хоёр гишүүн байгаа юм. Хоёр гишүүн зургаан удаа,  зургаан гишүүн таван удаа, 16 гишүүн дөрвөн удаа, 35 гишүүн гурван удаа, 71 гишүүн хоёр удаа, харин 234 гишүүн анх удаагаа сонгогджээ.

Улсын Бага хурал
/1990-1992/


Шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ конвенцийг Улсын Бага хурал баталсан. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулж баталсан түүхэн үүрэг гүйцэтгэсэн хурал. Ардын их хурлын депутатууд 76 хоногийн турш хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталж, парламентын засаглалтай Бүгд найрамдах улс болсон билээ. Ардчилсан шинэ Үндсэн хуулиар төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилж, парламент нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар тогтоосон. “Монгол Улсын их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их хуралд хадгална” хэмээн заасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурлын гишүүд, Засгийн газар хууль санаачлах эрхтэй, тэдгээрийн өргөн барьсан хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалтын бүхий л асуудлыг шийдвэрлэдэг болов.

Улсын Бага хурлын даргаар Раднаасүмбэрэлийн Гончигдорж, орлогч даргаар Кинятийн Зардыхан, Нарийн бичгийн даргаар Бяраагийн Чимид нар ажиллаж байв. Монгол Ардын хувьсгалт намын 30, Монголын Ардчилсан нам 13, Монголын социал демократ нам 4, Монголын үндэсний дэвшилт нам 3 төлөөлөлтэй ажилласан. Гишүүдийн 28 хувь нь эдийн засагч, 12 хувь нь инженер, 4 хувь нь багш, үлдсэн нь бусад мэргэжлийн хүмүүс байж. Харин насны хувьд 10 нь 30 хүртэлх, 19 нь 31-40, 21 нь 41-50, гурав нь 50-иас дээш насны гишүүд аж. Нөхөн сонгуулиар есөн гишүүн анхны парламентад сонгогдож ажиллажээ. Улсын Бага хурал 1990-1992 оны хооронд ажиллахдаа 27 хуулийг шинээр баталж, 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын 17 гэрээ, конвенцийг соёрхон баталсан байна.
Сонгуульд нийтдээ 2413 хүн нэр дэвшин өрсөлдөж байжээ.
   
Анхны сонгуулиар байгуулагдсан парламент /1992-1996/

Үндсэн хуулийн дагуу анхдугаар сонгуулиар байгуулагдсан Улсын их хурал 76 гишүүнтэй, дөрвөн намын төлөөлөлтэй ч хүчний харьцаа харьцангуй байсан. Монгол Ардын хувьсгалт нам 70 суудалтай үнэмлэхүй олонхи байсан. Монголын ардчилсан нам дөрөв, Монголын үндэсний дэвшилт нам, Монголын социал демократ нам тус бүр нэг нэг суудалтай цөөнхийг бүрдүүлсэн. Тухайн үеийн сонгуулийг жижиг 76 тойрогт хуваан явуулж, санал авсан учраас нөхөн сонгууль гэж хийгээгүй. Хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн араас саналаар эрэмбэлэгдсэн нь нөхөн ордог байсан. МоАН-ын Ц.Элбэгдоржийн оронд тус намын Р.Одонбаатар, МАХН-ын Н.Жанцанноровын оронд МоАН-ын Т.Эрдэнэбилэг сонгогдон ажиллажээ. Гишүүдийн 25 хувь нь хуульч, 18,4 хувь нь эдийн засагч, 14,6 хувь нь багш, 17,1 хувь нь инженер, үлдсэн 24,9 хувь нь бусад мэргэжлийнх байв. 25-35 насны 11, 36-45 насны 37, 46-аас дээш насны 28 гишүүн ажилласан парламент.   
УИХ-ын даргаар Н.Багабанди, дэд даргаар Ж.Гомбожав ажилласан бол 1992-1996 оны бүрэн эрхийн хугацаандаа шинээр 137 хууль баталж, 142 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Олон улсын 40 гэрээ конвенцийг соёрхон баталж, 46 хуулийг хүчингүй болгожээ.  
Анхны ардчилсан сонгуульд найман нам, хоёр эвслээс 76 суудлын төлөө нийт 293 хүн нэр дэвшин өрсөлдсөн.

Хүчний харьцаа эргэсэн үе
/1996-2000/


Энэ бол парламентын түүхэнд дурдагддаг, жишээ татан хөнддөг нэгэн чухал хэсэг нь. Өмнөх УИХ нь МАХН-ын үнэмлэхүй ялалтын дүнгээр байгуулагдсан бол дараагийн дөрвөн жилийн хугацаа нь ардчиллын төлөөх намууд эвсэл болон орж олонхийг бүрдүүлж чадсан анхны тохиолдол. 1990 онд л олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн ч үүнээс даруй зургаан жилийн дараа улс төрийн хүчний харьцаанд өөрчлөлт мэдрэгдэж эхэлсэн юм. Ардчилсан холбоо эвсэлд багтах намуудын хувьд ч түүхэн цаг үе нь байсан. МҮАН, МСДН, МШАН, Ногоон намын “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал, МАХН-25, Монголын уламжлалын нэгдсэн нам нэг төлөөлөлтэй парламент ажилласан үе. Олон намын эвсэл олонхийг бүрдүүлж байсан учир гурван ч Засгийн газар со­лигдсон гэдэг тодотголтой. С.Зоригийн оронд С.Оюун, Н.Баганбандийн оронд Н.Энх­баяр, М.Чимэд­цэрэнгийн оронд Д.Цэвээнжав нар нөхөн сонгуулиар орж ирж байв. Гишүүдийн 23,7 хувь нь эдийн засагч, 22,4 хувь нь хуульч, 15,8 хувь нь инженер, 13,2 хувь нь багш, үлдсэн 25 хувь нь бусад мэргэжлийнх. 31-40 насны 21, 41-50 насны 41, 50-иас дээш насны 14 гишүүн ажиллаж байсан юм.
УИХ-ын дарга Р.Гон­чигдорж, дэд дарга Ц.Элбэгдорж, До.Ганболд. 1996-2000 оны бүрэн эрхийн хугацаандаа УИХ шинээр 173 хууль баталж, давхардсан тоогоор 255 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын 71 гэрээ, конвенцид нэгдэж, 32 хуулийг хүчингүй болгожээ.
УИХ-ын сонгуульд наван нам, хоёр эвслийн нийт 302 хүн нэр дэвшин өрсөлдөж байв.
 
72-ын том бүлэг, ахмад гишүүдтэй УИХ /2000-2004/

Ерөнхийдөө одоогийн нөхцөл байдалтай төстэй үед сонгогдсон УИХ гэж болно. Өмнөх парламентын алдаа, дутагдалд сонгогчид дүн тавихдаа нэг улс төрийн хүчинд үнэмлэхүй олонхи тэгэхдээ бүр 72+3+1 гэсэн харьцааг бүрдүүлж өгсөн. 72 нь МАХН-ын гишүүн, “Ардчилсан холбоо” эвсэл буюу МҮАН, МШАН-ын нэг, ИЗН-НН-ын нэг, Эх орон МАШСН-ын нэг, бие даагч нэг гишүүнтэйгээр ажилласан юм. Бие даагч гишүүнтэй анхны парламент. Засаглалын хэт тогтворгүй байдлын нөлөө дараагийн нь УИХ-д тусч, сөрөг хүчингүй шахам дөрвөн жилийг өнгөрүүлсэн. Ш.Отгонбилэгийн оронд Д.Туяа нөхөн сонгогдож байсан. Гишүүдийн 26,3 хувь нь инженер, 19,7 хувь нь хуульч, 15,8 хувь нь эдийн засагч, 15,8 хувь нь багш, үлдсэн 22,4 хувь нь бусад мэргэжлийнх аж. 31-40 насныхан гурав болон цөөрч, 41-50 насных 37, 50-иас дээш насныхан 36 болж нэмэгдсэн ахмадууд голлосон гишүүдтэй байсан юм.
УИХ-ын даргаар 2000-2001 онд Л.Энэбиш, 2001-2004 онд С.Төмөр-Очир, дэд даргаар Ж.Бямбадорж ажилласан. Энэ удаагийн УИХ 140 хууль шинээр баталж, 443 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон улсын 110 гэрээ, конвенц соёрхон баталж, 51 хуулийг хүчингүй болгожээ.
УИХ-ын энэ удаагийн сонгуульд 13 нам, хоёр эвслээс нийт 602 буюу хамгийн олон хүн нэр дэвшин өрсөлдсөн.

Хамтарсан Засгийн газрын түүхийн эхлэл /2004-2008/

Парламентын түүхэнд аль ч нам, улс төрийн хүчин, эвсэл олонхийг бүрдүүлж чадаагүй цаг үе 2004 оноор эхэлдэг. Хамтран Засгийн газраа байгуулж, ажилласан энэ удаагийн УИХ-ын бүтэц дараагийн хоёр ч парламентад уламжлагдсан. Дангаараа бүх шийдвэрийг гаргаж чадаж байсан өмнөх УИХ-тай харьцуулахад шинэ үзэгдлүүд их байсан. МАХН-ын 37, “Эх орон Ардчилал” эвсэл 35, Бүгд найрамдах нам нэг, бие даагч гурван гишүүнтэй ажиллаж эхэлсэн байдаг. Гэхдээ явцын дунд бие даагчгүй болсон юм. Нөхөн сонгуулиар “Эх орон-Ардчилал” эвслийн О.Энх­сайханы оронд МАХН-ын Ө.Энхтүвшин, МАХН-ын Н.Энхбаярын оронд М.Энхболд МАХН-аас сонгогдож ажилласан. Ги­шүүдийн 34,5 хувь нь эдийн засагч, 21,4 хувь нь инженер, 10,7 хувь нь хуульч, үлдсэн 33,3 хувь нь багш болон бусад мэргэжлийнх. Ерөнхийдөө олон салбар, чиглэлийн төлөөлөл энэ УИХ-аас хойш сонгогдож, ажиллах болсон. 31-40 насны 13, 41-50 насны 43, 51-ээс дээш насны 19 гишүүнтэй байсан юм.
УИХ-ын даргаар 2004-2005 онд Н.Энхбаяр, 2005-2007 онд Ц.Нямдорж, 2007-2008 онд Д.Лүндээжанцан нар ажилласан бол дэд дарга нь С.Оюун, Д.Идэвхтэн байлаа. Бүрэн эрхийнхээ хугацаанд 89 хууль шинээр баталж, 336 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан олон улсын 86 гэрээ, конвенц соёрхон баталж, 50 хуулийг хүчингүй болгожээ.
Парламентын түүхэнд хамгийн цөөн тооны буюу долоон нам, нэг эвслийн нийт 244 хүн нэр дэвшүүлэн 76 суудлын төлөө өрсөлдөж, сонгуульд оролцсон байдаг.
 
Том тойргоос сонгогдсон парламент /2008-2012/

Өмнөх парламентын үед Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын сонгууль жижиг 76 тойргоос том 26 руу шилжиж гишүүд нь сонгогдсон онцлогтой. Хэдийгээр 44 суудал бүхий олонхийг бүрдүүлсэн ч МАХН анх удаа цөөнх буюу 29 гишүүнтэй АН-ыг танхимдаа урьж стандарт бус Засгийн газар байгуулсан. Ингэснээр шийдлээ олж чадаагүй явсан томоохон шийдвэр гаргасан гэдэг. Тухайлбал, Оюутолгойн гэрээг байгуулан хөдөлгөөнд оруулж, эдийн засгийн маш таатай цаг үе байсан ч гэж тайлбарладаг. Товчхондоо тансаглал дээд цэгтээ хүрсэн гэж одоог хүртэл шүүмжлүүлдэг. ИЗН, Ногоон нам тус бүр нэг, нэг бие даагчтай ажилласан. Инженер мэргэжилтэй нь 34,2 хувь, эдийн засагчид 23,6 хувь, хуульчид 25,1 хувь, багш болон бусад мэргэжилтэй 17,1 хувийг бүрдүүлж байв. 31-40 насны 12, 41-50 насны 40, 50-иас дээш насны 24 гишүүн энэ УИХ-д ажилласан.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Г.Батхүү, Н.Энхболд нар бол бүрэн эрхийн хугацаандаа 111 хууль шинээр баталж, 485 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын 59 гэрээ, конвенц соёрхон баталсан юм.
2008 оны  УИХ-ын сонгуульд 12 нам, нэг эвслийн 544 нэр дэвшигч оролцсон билээ.

Сонгуулийн шинэчлэл, бүх төлөөлөлтэй УИХ /2012-2016/

Сонгуулийн тогтолцооны шинэ хувилбараар сонгууль явуулж, түүний үр дүнгээр байгуулагдсан УИХ. Өмнө нь том, жижиг тойрогт мажоритар системээр сонгууль явуулж парламентаа бүрдүүлсэн. Харин холбогдох хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулснаар 48 гишүүнийг шууд сонгох буюу мажоритар системээр сонгосон. 28 гишүүнийг нь хувь тэнцүүлсэн буюу пропорциональ систе­мээр намд санал өгснөөр сонгосон юм. Намууд жагсаалтаар нэр дэвшүүлснээс сонгогчид нам, нэр дэвшигч гэж саналын хуудаст хоёр сонголт хийсэн. Гадаадад байгаа монголчууд анх удаа намд санал өгч, сонгуульд оролцон, саналын хуудсыг автомат машинаар уншиж, тоолсон зэрэг хэд хэдэн дэвшилт гаргаж энэ удаагийн парламентыг бүрдүүлж байлаа. Намуудын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг эрэмбэлэх арга дулимаг зэрэг шүүмжлэл цөөнгүй гарсан ч яахын аргагүй урьд өмнөхөөс өөрөөр бүрдсэн парламент 2012-2016 онд ажиллав. Юм юмтай буюу намууд, эвсэл, бие даагчид гээд байж болох бүхий л төлөөлөл бүрдсэн байсан юм. АН 34, МАН /2012 оны сонгуулийн өмнө МАХН нэрээ Монгол ардын нам болгосон/ 26, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН-2, бие даагч гурван гишүүн ажиллаж эхэлсэн. Харин бүрэн эрхийн хугацааны төгсгөлд нэг ч бие даагчгүй болж, АН-39, МАН-31 гишүүнтэй, “Шударга ёс” эвсэл тарж, хоёр гишүүн өөр намын гишүүнчлэлтэйгээр хаалтаа хийсэн билээ. Мөн хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон учраас 11 эмэгтэй гишүүн албан бус бүлэг байгуулан, нийгмийн чиглэлийн асуудалд илүүтэй анхаарал хандуулан ажилласан.
УИХ-ын даргаар З.Энх­болд, дэд даргаар Л.Цог, М.Энхболд нар ажилласан юм.  Холимог тогтолцоогоор явуулсан сонгуульд 11 нам, хоёр эвсэл, бие даагчид нийлсэн 544 нэр дэвшигч өрсөлджээ.
   
16 жилийн дараахь “хуучин” бүтэц
/2016-2020/


Сонгуулийн тогтолцооны шат дараалсан дэвшил энэ удаад хэд дахин хойш өнхөрч, 2008 оноос өмнө үе рүүгээ очсон. Холимог тогтолцооны дараагийн шинэчлэл энд хүрээд гацаж, ухрах араандаа орсон гэж тайлбарладаг. Намын жагсаалт гаргахыг шинэчлэн, илүү сайжруулахын оронд Үндсэн хуульд харшилсан гэдэг тайлбараар хүчингүй болгож, жижиг 76 тойрогт өрсөлдүүлсэн сонгуулийн дүнгээр одоогийн УИХ бүрдээд байгаа. Олонхийн бүлгийг МАН 65 гишүүнтэйгээр, цөөнх нь есөн гишүүнтэй, МАХН нэг суудал, бие даагч нэг гишүүнтэйгээр ажиллаж эхэллээ. Гишүүдийн 21 нь хуульч, 25 нь эдийн засагч, 11 нь инженер, 19 нь бусад мэргэжлийнх аж.
УИХ-ын дарга М.Энхболд, дэд дарга Я.Санжмятав, Ц.Нямдорж. Сонгуульд 12 нам, гурван эвслээс нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн юм. 2016 оны сонгуулиар байгуулагдсан шинэ парламентын түүх дөнгөж одоо эхэлж байгаа. Тэд чухам ямар тодотголтой УИХ байхыг тааварлах боломжгүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан