Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэг дэвшигч 6 сая төгрөг хандивлана

Ардчилсан намын төв байгууллагын сонгуулийг зохион байгуулах Дэд зөвлөлөөс Үндэсний бодлогын хорооны сонгуулийн зохион байгуулалттай холбоотойгоор мэдээлэл өгч байна.

Ардчилсан намын төв байгууллагын зохион байгуулалтын ажлын хэсгийн дарга О.Баасанхүү мэдээлэхдээ, " Би төв намын удирдлага, бүтцийг зохион байгуулах ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ ажлын хэсэг ямар зүйл хариуцах вэ гэвэл Үндэсний бодлогын хорооны сонгуулийн ажлыг хариуцна. Мөн намын Хяналтын зөвлөлийн сонгуулийн ажлыг хариуцна. Дээр нь намын Их хурлын төлөөлөгчдийн нэрсийг албажуулж, намын Их хурлыг зохион байгуулах ажил хийнэ гэж ойлгож болно.

Өчигдөр манай зөвлөл хуралдаад тодорхой шийдвэрүүд гаргасан. Ялангуяа энэ удаагийн хурлын талаар, АН-ын Үндэсний бодлогын хороонд сонгогдох сонирхолтой 21 аймаг, 330 сум, 6 дүүрэгт байгаа гишүүд анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна.

17-ны өдрийн 10 цагаас 17 цаг хүртэл, 17, 18, 19-ний өдрүүдэд АН-ын байран дээр Үндэсний бодлогын хороонд нэр дэвшигчдийг бүртгэнэ.

Бид яг хэдэн хүн нэр дэвшихийг мэдэхгүй. Гэхдээ багцаалж үзэхэд багадаа 500, ихдээ 1000 орчим хүн нэр дэвших болов уу гэж бодож байна.

Тийм учраас бид нар ирсэн дарааллаар нь бүртгэнэ. Жишээлбэл, Сүхбаатар дүүргээс ирсэн хүнийг хамгийн түрүүнд ирсэн бол 1 дээр, дараа нь ирсэн хүнийг 2 дээр, гурав дахь хүнийг 3 дээр гэх мэтээр бичээд явна.

Ингээд бид нар нэрсийн дарааллыг албажуулж, саналын хуудасны загварыг гаргаад бүх аймаг, дүүрэг рүү өгнө. Тэр аймаг, дүүргүүд маань бидний өгсөн нэрсийн дарааллаар сонгуулийг явуулна.

Сонгууль хэзээ явагдах вэ гэвэл 20-ны өдөр болно гэж яригдаж байна. Яг эцсийн байдлаар нам дээр тодорхой болно. Урьдчилсан байдлаар СТӨ-нд Үндэсний бодлогын хороонд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна.

Өөрөөр хэлбэл сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна гэсэн үг. Тэгээд тэр хүмүүс 21, 22-ны өдрүүдэд тухайн газраа очиж намын төлөөлөгчдөдөө сурталчилгаа хийнэ. 23-ны өдөр аймаг, дүүргийн намын даргын сонгууль болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн сонгууль болно.

Намын дүрмээр нийт 378 хүнийг Үндэсний бодлогын хороонд сонгоно.

Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь квот тогтоож байгаа. Чөлөөт, залуучууд, эмэгтэйчүүд гэсэн квот байна.

Чөлөөт гэдэг нь 39-өөс дээш насны эрэгтэй хүмүүсийг хэлж байгаа. 39-өөс доош насныхыг залуучууд гэж үзнэ. Мөн эмэгтэйчүүдийн квот тусдаа байна.

Нэр дэвших хүмүүсийн анкетыг манай намын цахим хуудсанд байршуулна. Маргааш албажиж тавигдах байх гэж бодож байна. Тэндээс анкетаа, хүсэлтийн загвараа татаж авч болно.

Нэг чухал зүйл нь заавал биеэр ирж бүртгүүлэх ёстой. 21 аймгаас ирж байгаа хүмүүс Улаанбаатарт ирж бүртгүүлэх боломжгүй бол төлөөлөгчөөрөө дамжуулж болно. Заавал өөрийн биеэр байх албагүй. 

Манай ажлын хэсэг 3 дэд хэсэгтэй. Зохион байгуулалтын дэд хэсэг, бүртгэлийн дэд хэсэг, бичиг баримтын боловсруулалтын дэд хэсэг гэсэн гурван хэсэгтэй.

Эдгээрээс тодорхой зөвлөмжүүд гарна. Жишээлбэл Үндэсний бодлогын хороонд нэр дэвшиж байгаа хүмүүс мөнгө тараах, намын удирдлагуудыг авлигад татах зэрэг үйлдлийг хатуу хориглоно. Хэрэв ийм гомдол гарч нотлогдвол нэр дэвшигчийн эрхийг хүчингүй болгож болно.

АН өнөөдөр "100 манлай" гэсэн уриатай ажиллаж байгаа. Ардын намын 100 жилийн авлигын асуудлыг ярьж байгаа учраас бид өөрсдөө авлига гаргах ёсгүй.

Мөн намын журмын 2.4 дээр хандив гэсэн ойлголт байгаа. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намд өгч байгаа аливаа мөнгийг хандив гэж үзнэ.

Үндэсний бодлогын хороонд нэр дэвших хүмүүс 6 сая төгрөгийн хандив төлнө. Энэ мөнгийг намын дансанд тушаана. Банкны баримт, цахим шилжүүлгийн баримт, эсвэл санхүүгийн лавлагаа авч ирж болно.

Нийтдээ 6 материал шаардана. Хүсэлт, анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, намын гэрэгэ буюу баталгаа, хандив төлсөн баримт, хоёр хувь цээж зураг.

Бид маш богино хугацаанд буюу гурван өдөрт бүртгэл хийх учраас газар дээр нь бичиг баримт хуулбарлах боломж байхгүй. Тиймээс бүрэн материалтай ирсэн хүмүүсийг л бүртгэнэ.

Дарааллын маргаан гаргахгүй байх хэрэгтэй. Хэрэв дарааллаасаа гарсан бол дахин дараалалдаа орно.

Энэ бүхнийг хэвлэлийн хурал хийж, хэвлэл мэдээллээр дамжуулж албан ёсоор мэдээлж байна. Сүүлийн үед янз бүрийн шаардлага, жагсаалт явж байгаа. Харин энэ бол Үндэсний бодлогын хорооны сонгуулийн албан ёсны мэдээлэл гэдгийг ойлгоорой.

Эцэст нь, намын Их хурлаар танилцуулж баталсны дараа сонгогдсон хүмүүс Үндэсний бодлогын хорооны гишүүн болно. Харин нэр дэвшсэн ч сонгогдоогүй хүмүүсийн төлсөн 6 сая төгрөг буцаагдахгүй, намын хандив болж үлдэнэ" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан