Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Оюунбилэг: АСЕМ-ын санхүүд аудит хийхэд 40 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн


Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Оюунбилэгтэй яамд, төрийн байгууллагад хийсэн 2016 оны аудитын шалгалтын дүн, зөрчлийн талаар ярилцлаа.

Т.ЖАНЦАН

-Шилэн дансны тухай хууль хэрэгжээд хоёр жил боллоо. Гэсэн ч олигтой үр дүн гарсангүй гэсэн шүүмжлэл гардаг. Энэ хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна гэж дүгнэж байгаа вэ?

-Үндэсний аудитын газар Шилэн дансны тухай хуулийг жилд хоёр удаа хүлээсэн чиг үүргийнхээ дагуу шалгадаг. Өнгөрсөн оны тайлангаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. Одоо энэ  хуулийн хэрэгжилтийн аудит эхэлсэн. Шалгалтын баг ажиллаж байгаа. Энэ шалгалтын тайлан, дүгнэлт  12-р сарын эцсээр гарна. Тухайн үед дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Төрийн байгууллагууд хуулийн дагуу шилэн дансны бүртгэл хийдэггүй, ил тод мэдээлэхгүй байх явдал түгээмэл. Мөн Төсвийн тухай хуулийн дагуу санхүүгийн зарцуулалт хийхгүй байна.  

-Байгууллага бүрийн цахим хуудаст Шилэн данс гэсэн хэсэг бий. Үүнийг хөтлөх нэгдсэн журам, стандарт гэж бий юу?

-Хуульд тодорхой заасан байгаа. Түүний дагуу л хөтөлж байх ёстой. Үндэсний аудитын газар Гүйцэтгэлийн, Санхүүгийн нийцлийн аудит хийх чиг үүрэгтэй. Шилэн дансанд Нийцлийн аудитын хянаж шалгадаг.

-Шилэн данс хөтлөх ёстой хэчнээн байгууллага байна. Тэдний хэдэн хувь нь уг хуулийг хэрэгжүүлж байгаа вэ?

-Монгол Улсад төсвийн орлого бүрдүүлдэг, төсвөөс санхүүждэг  6700 байгууллага, төсөл хөтөлбөр бий. Эдгээрийн төсөв захирагчид  шилэн данс хөтлөх ёстой. Нийтлэг гардаг зөрчлийн тухай мэдээллийг хувиар тооцон гаргаж болно. Харин нийт байгууллагын тэдэн хувь нь хөтөлж байна гэж хувиар тооцон үзэх боломжгүй.
 
-Өнгөрсөн оны аудитын тайлан, дүгнэлт одоо гарч байна. Хамгийн их зөрчилтэй ямар байгууллагыг онцлох вэ?
-Хамгийн их зөрчилтэй байгууллагын нэг нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр. Энэ үйлдвэр шилэн дансны хууль хэрэгжүүлээгүйгээс гадна хэд хэдэн зөрчил гаргаж байна. Манай Гүйцэтгэлийн аудитын газраас  2013, 2014 онд ОХУ-тай хамтарсан мөн Үндэсний аудитын газрын хийсэн хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар аудит хийж эхэлсэн. Үүний дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.

-Төрийн байгууллагуудад жилд хоёр удаа шалгалт хийдэг гэлээ. Хоёр дахь шалгалтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Одоогийн шалгалт нь 2016 онд хийсэн  аудитын дүгнэлтээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг шалгаж байна. Мөн энэ оны эхний хагас жилийн аудитын дүгнэлт гарна гэсэн үг.

-Ирэх оны улсын төсөвт та бүхэн ямар санал, дүгнэлт хийж байна вэ?

-Төрийн аудитын тухай хуулийн дагуу манай газар жил бүрийн төсөвт дүгнэлт гаргадаг. Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т энэ жил хамрагдсан. Уг хөтөлбөр ирэх онд ч үргэлжилнэ. Иймд энэ хөтөлбөрийн шаардлагад нийцсэн төсөв батлах нь хамгийн гол зорилго байлаа. Ингээд Үндэсний аудитын газар ирэх оны төсвийг дээрх хөтөлбөр болон Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдсан гэдэг дүгнэлт хийгээд байна. Мөн “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-тэй нийцсэн гэж үзсэн.

-Энэ удаагийн аудитын шалгалтаар хэчнээн төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн бэ?

-Бид одоо 2016 оны аудитын дүгнэлт тайлангаа гаргалаа. Тэгээд зөрчил дутагдлыг нь төсвийн захирагч бүрт нь танилцуулж байна. Үүнээс гадна өнгөрсөн онд илэрсэн зөрчлөө энэ оны 12-р сарын 01-ний дотор засч сайжруулах үүрэг даалгавар өгсөн байгаа. Энэ үүрэг, даалгаврын хэрэгжилт өнөөдөр  ямар байгааг шалгаад цаашид энэ төсвийн жил дуусах хугацаанд юуг анхаарах ёстой талаар зөвлөмж өгч байна.

-Та бүхэн одоогоор яамдын санхүүд хийсэн аудитын дүгнэлтээ танилцуулж байна. Гадаад харилцааны яаманд хийсэн аудитын шалгалтаар  багагүй зөрчил илэрчээ?

-Бид одоогоор таван яаманд хийсэн аудитын тайлангаа танилцуулаад байна. Яам бүрт өөр өөрийн асуудал бий. Монгол улсын түүхэнд анх удаа төсвийн 31 ерөнхийлөн захирагчаас 11 нь “Хязгаарлалттай” гэсэн санал дүгнэлт авлаа. Энэ санал дүгнэлт нь тухайн төсөв захирагчийн төсөв  нь ил тод, нээлттэй биш, санхүүгийн зөрчил дутагдалтай, хязгаарлаж үзэх шаардлагатай болсон зарим үйл ажиллагаа нь тодорхойгүй, зөрчилтэй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл санхүүгийн сахилга бат сул, анхаарал татсан газар юм. Гадаад харилцааны яам яг ийм санал дүгнэлт авсан газрын нэг. Учир нь ГХЯ-ны 2016 оны  нийт төсвийн 47 хувийг нь АСЕМ эзэлсэн юм. Энэ хурал олон улсын бодлогын түвшинд ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэж дүгнэсэн. Гэвч санхүүгийн зөрчил нэлээд бий. Магадгүй гэмт хэргийн шинж чанартай зүйл гарахыг үгүйсгэх аргагүй санхүүгийн зөрчил илрээд байгаа.  Төрийн аудитын тухай хуулиар тухайн төсөв захирагчийн үйл ажиллагаа, санхүүгийн шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь ноцтой гэсэн дүгнэлт гарсан бол  эрсдэлийн аудит нэмж хийдэг. Тэгэхээр 2016 оны санхүүгийн аудитын тайлангаар ГХЯ-ны төсөв захирагчийн санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой зөрчил гарсан тул эрсдэлийн аудит хийнэ. Ингээд АСЕМ зохион байгуулсан үйл ажиллагаанд шалгалт хийхээр баг бүрэлдэхүүн томилогдоод байна. Энэ шалгалт ирэх долоо хоногт ажлаа эхэлнэ. ГХЯ өнгөрсөн онд гарсан санхүүгийн зөрчил дутагдлаар өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврын 60 хувийг засч биелүүлжээ.

-Яг хэдэн төгрөгийн зөрчил илэрснийг тодорхой хэлж болох уу?

-Урьдчилсан байдлаар АСЕМ зохион байгуулахад хамгийн багадаа 40 гаруй тэрбум төгрөгийн зөрчил гарчээ гэж үзэж байгаа. Гэхдээ үүнээс гадна татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн, том хотхон барьсан, хуралд зориулж оруулж ирсэн өмч хөрөнгийн эзэмшлийн байдал, мөн хэнд шилжсэн эсэх нь тодорхойгүй оньсого таавар шиг маш олон асуудал бий. Үүнд аудитын шалгалт хийж дүгнэлтийг нь олон нийтэд мэдээлнэ.

-БСШУС-ын яамны төсвийн зарцуулалтад  бас л хязгаарлалттай гэсэн дүгнэлт өгсөн байсан?

-Энэ яам мөн л “Хязгаарлалттай” дүгнэлт авсан. Одоо төсвийн жил дуусах дөхлөө. Үндэсний аудитын газраас өгсөн акт, албан шаардлага зөвлөмжийг хэрэгжүүлж дуусах хугацаа 12-р сарын 01 юм. Гэтэл дөнгөж 34.4 хувийг нь биелүүлээд байна. Алдаа дутагдлаа бараг засахгүй байна гэсэн үг. Харин БОАЖЯ эсэргээрээ. Зөрчилгүй гэсэн санал дүгнэлт авсан яам. Гэхдээ тавьсан акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлт  87 хувьтай гарсан. Ер нь төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний харьяаны төсөв захирагч нар, Төрийн нарийн бичгийн дарга, санхүүгийн албадын хүмүүсийн алдаа дутагдалаа засахын төлөө хичээн ажиллаж буй хүчин чармайлтаас бүхий л зүйл шалтгаалж байна.

-Барилга хот байгуулалтын яамны үйл ажиллагааг хэрхэн дүгнэсэн бэ?

-Бас л санхүүгийн дүгнэлтээр “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт авсан. Энэ дүгнэлтэд хүргэсэн гол шалтгаан нь ТОСК юм. Энэ байгууллага санхүүгийн эрсдэлд орсон. Үүгээр барахгүй үйл ажиллагаа нь доголдсон гэж үзэж байгаа. Ингээд ирэх долоо хоногт Гүйцэтгэлийн аудит хийхээр болоод байна.

-ХХААХҮЯ-ны хувь хамгийн асуудалтай  газар нь юу байв?

-Уг яам бас зөрчилтэй. Хэд хэдэн асуудалд “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт гарсан. Ялангуяа “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д олон зөрчил илэрсэн. Одоо зөрчил дутагдлаа арилгаад ажиллаж байна.

-Таны ярианаас үзэхэд төрийн байгууллагуудад санхүүгийн зөрчил, алдаа дутагдал нэлээд гарч байгаа юм байна. Тэгвэл гайгүй ажиллаж байгаа газар байна уу?

-Бий. ХЗДХЯ гайгүй ажиллаж байна. Өөрсдөө хуулийн байгууллагын хүмүүс учраас зөрчил харьцангуй бага байдаг. Аудитын шалгалтын явцад залруулах боломжтой, Монгол Улсад хохирол багатай нягтлан бодох бүртгэлийн бичилтийн зөрчлүүд илэрсэн. Үүнийг засч залруулж байгаа.

-Төрийн байгууллагуудаас нийт хэдэн төгрөгийн санхүүгийн зөрчил илрээд байна вэ?

-Үүнийг нэгтгэн хэлэх боломж алга. Яагаад гэвэл төсөв захирагч тус бүр дээр тайлан гарч байна. Засгийн газрын нэгдсэн тайлан 2016 оны 6 дугаар сард УИХ-аар батлагдсан. Жишээ нь 2016 оны нэгтэгсэн тайланд ГХЯ 23.2, БОАЖЯ 57.5 тэрбум төгрөг гэх мэт тус бүр зөрчилтэй гарсан байгаа. Гэхдээ илэрсэн зөрчлийг  арилгуулах гурван арга бий. Нэгдүгээрт акт тавина. Хоёрдугаарт албан шаардлага өгнө. Гуравдугаарт зөвлөмж гаргана. Нэгэнт Төсвийн тухай хууль зөрчсөн, тухайн хөрөнгийг шамшигдуулсан тохиолдолд заавал төлж барагдуулах шаардлагатай үед акт тавьдаг. Тухайлбал, ГХЯ-нд 3.8 тэрбум төгрөгийн материаллаг алдаатай  гэж аудтын дүгнэлт гарчээ. Үүнийг шалгалтын явцад  залруулаад 500 сая төгрөгийн нөхөн төлбөрийн акт тавьсан. Тэгэхээр тэр 23.2 тэрбум төгрөг тэр чигтээ алга болсон, идэж шамшигдуулсан зүйл биш. Албан шаардлага тавьсан зөрчлийг  тухайн төсөв захирагч өөрийн эрх мэдлийн хүрээнд тушаал шийдвэр гаргаад арилгадаг юм. Зөвлөмжийг тухайн асуудлыг хариуцсан санхүүгийн албадын хүмүүст өгдөг.
Тодруулбал, ГХЯ-ны Диполмат төлөөлөгчдийн газарт гардаг нийтлэг алдааг дурдъя. Тус газраас Элчин сайдын яамдын бүтэц бүрэлдэхүүн, орон тоог томилж явуулдаг. Гэтэл мэргэжлийн нягтлан бодогчийн орон тоо байдаггүй. Иймд тухайн дипломат төлөөлөгчийн газрын жолоочийн гэр бүлийн хүн нягтлан хийх жишээтэй. Гэвч энэ нь төсөв хэмнэж байгаа л нэг хэлбэр. Харин тэр хүн нь мэргэжлийн хүн биш байдаг. Тэгээд санхүүгийн программд бүртгэхдээ буруу хөтөлдөг. Энэ бол мөнгө шамшигдуулсан асуудал биш. Аудитор үүнийг зөрчил гэж үзнэ. Учир нь бараа материал худалдаж авчихаад үл хөдлөх хөрөнгөд бүртгэх нь Засгийн газрын нэгдсэн тайланд худал дүн орж ирнэ гэсэн үг. Энэ бүх зөрчлийг нэгтгэвэл том болно. Тэгэхээр зөрчилүүд ийм ялгаа заагтай юм.

-Тэгэхээр акт тавиулах зөрчил гаргасан хүмүүс  нөхөн төлбөрөө төлж байна уу?
-Жишээ нь ГХЯ-ны 500 сая төгрөгийн актын нөхөн төлбөр төлөгдсөн.

-Нөхөн төлбөр тавихаас гадна хариуцлага алдсан албан тушаалтанд ямар шийтгэл ногдуулдаг вэ?
-Тухайн акт, албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд  тухайн төсөв ерөнхийлөн захирагчид энэ хүнд хариуцлага тооц гэсэн албан бичиг хүргүүлнэ. Жишээ нь, энэ төсвийн жилд гаргасан алдаагаа ирэх жил давтах юм бол хариуцлагад татна. Өөрөөр хэлбэл нэг удаа алдаагаа засах боломж олгодог гэсэн үг. Нөгөө талаас гэмт хэргийн шинж чанартай гэж үзсэн тохиолдолд хуулийн байгууллагад шууд шилжүүлдэг. Ингээд 2016 оны аудитын шалтгалтаар илэрсэн санхүүгийн зөрчил нь гэмт хэргийн шинж чанартай гэж үзээд хэд хэдэн газрыг хуулийн байгууллагаар шалгуулахаар өгөөд байна.
 
-Яг ямар ямар байгууллага байгаа вэ?
-Төрийн өмчит “Мон-Атом” компанийн санхүүгээс 2 сая ам.доллар ор сураггүй алга болсон. Энэ нь удирдлагатай нь холбоотой. Уг асуудлыг АТГ-т шилжүүлсэн. Мөн  ТОСК-ийн санхүүгийн зөрчлийг хуулийн байгууллагаар шалгуулахаар өгөөд байна.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан