Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Coal Mongolia-2018” чуулга уулзалт ирэх сарын 4,5-нд Улаанбаатар хотод болно


Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2018” чуулга уулзалт, үзэсгэлэн ирэх сарын 4,5-ны өдөр Улаанбаатар хотод болно.  Энэ удаагын уулзалт “Технологийн дэвшилд хамтдаа” уриатай байна.
БНХАУ-ын Үндэсний нүүрс ассоциациас нүүрсний зах зээлийн өнөөгийн төлөв байдлын талаарх хөндлөнгийн бие даасан шинжээч нарын  судалгаа, дүгнэлтийг  танилцуулахаар болжээ.
Тухайлбал,  “Фэнвэй Энержи Информэйшн Сервисез”-ийн дэд ерөнхийлөгч Сара Лиу “Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн”-ий талаар илтгэл хэлэлцүүлнэ.  Үүнээс гадна  “Монголын коксжих нүүрсний худалдааны өнөөгийн байдал, сорилт ба боломж”-ийг Ази-Номхон далайн уул уурхай, металлын суурь шинжилгээний төвийн ахлах шинжээч Пралаб Бхаргава илтгэх юм.
Мөн “Хятадын коксжих нүүрсний импортын чиг хандлага” сэдвээр “S&P Global Platts”-ийн Азийн бүс нутаг хариуцсан захирал Жьюлиэн Халл илтгэл тавина.
Засгийн газар Улаанбаатар хотод   ирэх оноос  түүхий нүүрс оруулахыг хориглосон.  Энэ нь агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг.  Хэдийгээр   түүхий нүүрсийг  хориглосон ч өвлийн хүйтнийн өнтэй давах   сайжруулсан түлшний чанар, нийлүүлэлт, үйлдвэрлэл, түгээлт хангалттай бус байгаа. Сүүлийн жилүүдэд сайжруулсан түлш гэж баахан ярьж үйлдвэрлэж үзсэн ч олигтой үр дүн гараагүй билээ.  Иймд Засгийн газрын дээрх шийдвэр бодит амьдралд нийцэж иргэдийн хэрэгцээ шаардлага, худалдан авах чадварт тохирч чадахгүй нь тодорхой.
Харин уг   чуулга уулзалтын   “Нүүрсний боловсруулалтын технологи ба агаарын бохирдол” сэдэвт салбар хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах боломж, гарц, шийдлийн тухай  хэлэлцэх юм.  Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, Агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын шинжээч Ж.Золжаргал, “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийн ерөнхий захирал Х.Халиун, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өөрсдийн илтгэлээ хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Тэгэхээр  “Coal Mongolia-2018” чуулга уулзалтаар зөвхөн нүүрсний экспортын гарц,  худалдаа, тээвэр, дэд бүтэц, зах зээлийн төлөв байдлаас гадна   нийгмийн тулгамдсан асуудлын шийдлийг эрэлхийлэх нь.

Нүүрсний хэрэглээний талаар товчхон:


Монгол Улсын хэмжээнд 15 сав газарт 300 гаруй нүүрсний орд илрэл тогтоогдоод байна. Нийт геологийн таамаг нөөц нь 173.3 тэрбум тонн ба үүнээс 37.4 тэрбум тонн нүүрсний нөөцийг нарийвчлан тогтоожээ. 2017 оны байдлаар Монголд чулуун нүүрсий 29, хүрэн нүүрсний 20 уурхай идэвхитэй ажиллаж  байна.
Жилийн экспортын хэмжээнээс хамаарч нийт нүүрс олборлолт сүүлийн жилүүдэд 25-35 сая тоннд хэлэлбэж байгааг аж.
Харин дотоодын хэрэгцээнд ойролцоогоор жилд дунджаар 8 сая тонн нүүрс хэрэглэдэг. Үүний   6 сая тонныг дулааны цахилгаан станцууд ашиглаж үлдсэнийг нь гэр хорооллын айл өрхийн хэрэгцээ болдог судалгаа бий.
Дэлхийн нийт эрчим хүчний хэрэгцээний 41 хувийг дулааны цахилгаан станц үйлдвэрлэж байна. Мөн дэлхийн ган үйлдвэрлэлийн 70 хувьд нь нүүрс ашигладаг.
Бүтээн байгуулалтын үндсэн түүхий эд болох нэг тонн цемент үйлдвэрлэхэд эрчим хүчинд 200 кг нүүрс хэрэглэдэг бол нэг  шоо метр бетон зуурмаг үйлдвэрлэхэд 300-400 кг нүүрсний эрчим хүчийг ашигладаг судалгаа гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан