Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чибулаг: Морин хуураа татах бүртээ Чингис хаан надтай хамт байна гэж боддог

Алдарт морин хуурч Чибулаг гуай “Хятад орныг танин мэдэх”-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдах урлагийн тоглолтод оролцохоор манай улсад иржээ. Тодруулбал, Улаанбаатар чуулгад болсон “Найрамдлын солонго” тоглолтод оролцож есөн шавийнхаа хамтаар “Түмэн агтын төвөргөөн”-ийг хөгжимдсөн юм. Дэлхийд ганцхан Монгол бий хэмээн ярих түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.  

-Энэ удаагийн соёлын арга хэмжээнд та оролцож байгаа нь монголчуудад маань нэгэн сюрприз болж чадлаа?

-Энэ жил ах нь 75 нас хүрч байна. 69 жилд нь морин хуур тогложээ. Нэг үгээр хэлбэл, морин хуурын төлөө төрж, хуурынхаа төлөө үхэх ийм л нэг хувь заяатай хүн. Ах нь, дэлхийд олон Монгол байдаг гэж огт боддоггүй. Дэлхийд ганцхан Монгол бий шүү дээ. Харин дэлхийд ганцхан морин хуурыг өвөг дээдэс, Чингис хаан маань бидэнд өвлүүлж үлдээж өгсөн өв хөрөнгө. Тиймээс ах нь энэ өв хөрөнгийг  дэлхийн ард түмэн, хүн бүрийн гарт нь бариулах юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдсөөр 75 нас хүрчээ. Гэхдээ энэ олон жилийг морин хууртаа зориулсандаа маш их баяртай явдаг. Мөн энэ удаагийн Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тоглолтод оролцож буйдаа бүр ч их баярлаж байна. Та нарыгаа үргэлж хайрлаж явдаг шүү. Миний зүрхэнд ганцхан Монгол л бий. Энэ яваа насандаа өөр эрдэм, чадвар эзэмшиж явсангүй. Тиймээс морин хуураараа та бүхнийхээ хийморийг мандуулъя гээд хүрээд ирсэн нь энэ.

-Морин хуураа дэлхийн хүн бүрийн гарт бариулах юмсан гэдэг хүсэл тань бараг л биеллээ олсон байх шүү?

-Манай Хятадад 60 мянган хүн хуурдаж байна. Морин хуурыг улс, үндэстний гэж хуваахын аргагүй болжээ. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн хөгжим болсон байна. Түүхийн эрдэмтдийн хэлснээр бол Ази тивийн хүмүүс монгол хүн гэсэн байдаг. Морин хуурын хамгийн гол онцлог нь бол нэг угсаатан, үндэстэн хэдий ч үг хэлээ мартсан хүмүүсийн генд нь байдаг оньсолсон хэдэн зуун жил нээж дийлэхгүй байгаа тэр мэдрэлийг нь нээж өгдөг гэж боддог. Өнгөрсөн хавар Хятадынхаа нэг хотод очоод морин хуураа тоглоход олон хүн уйлсан. Тэгээд багшаа бид хятад хүмүүс хирнээ морин хуурын аялгууг сонсоод уйлдаг юм бэ гэж билээ. Тэгэхэд би морин хуур бол увидастай Чингисийн хөгжим гэж хэлсэн. Яах аргагүй генийг нь нээх чадалтай юм шүү, морин хуур.

Морин хуур бол одоо дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хятад оронд гэхэд хүн болгон суръя гэж ханддаг болсон. Сурах хүсэлтэй хүмүүс миний сургууль дээр ирсээр л байна. Энэ завшааныг ашиглаад нэг мэдээлэл хүргэмээр байна. Юу гэхээр морин хуур сурмаар байгаа бол Шилийн голд байгаа Чибулагийн Олон улсын морин хуурын сургуульд ирээрэй. Миний сургууль бол улсынх. Гэхдээ ямар ч төлбөр авдаггүй гэдгээрээ онцлогтой. Морин хуураа татах бүртээ Чингис хаан надтай хамт байна гэж боддог. Тиймээс энэ амьдралдаа өөр ямар ч ажил хийсэнгүй. Ганцхан морин хуураа тоглосоор өдийг хүрлээ.

-Одоо таны сургуульд хэчнээн орны хүмүүс суралцаж байна вэ?

 -Японд миний 200 гаруй шавь бий. Японд 30 жил амьдрахдаа олон хүнд морин хуур тоглохыг зааж өгсөн хэрэг. Манай сургуульд монгол хүүхдүүдээс гадна гадаадын олон хүн суралцдаг. 200 орчим сурагчтай. Сургуулиа байгуулаад долоон жил өнгөрчээ. Хэрвээ 70 жил болсон байсан бол хэдэн мянган шавьтай болчихсон байж ч мэднэ. Миний хувьд морин хуураараа дамжуулж, өвөг дээдсээс уламжилж ирсэн соёлыг түгээн дэлгэрүүлж байна. Морин хуурыг ямар ч улсын иргэнд орчуулах шаардлагагүй гэдгээрээ бас онцлог шүү.

-Таны энэ сайхан авьяасыг хүүхдүүдээс тань өвлөж авсан уу?

-Би дөрвөн охин, нэг хүүтэй. Хүү маань намайг залгамжилна. Токиогийн Урлагийн их сургуулийг төгсөөд ирсэн. Одоо миний ажилд тусалж сургуульд маань ажиллаж байгаа.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан