Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Баатарсүрэн: Бидний хүсч хүлээсэн, хийсэн Ардчилсан хувьсгал зөв замаар явж чадсангүй

МоАХ-ны анхдагч гишүүн Л.Баатарсүрэнгээс Ардчилсан хувьсгалын өнөөгийн байдал болон Багануур дүүрэгт баригдаж буй цахилгаан станцын асуудлаар ярилцлаа.

-Та МоАХ-нд хэдэн онд элсэв. Тэр үеийн дурсамжаа хуваалцахгүй юу?

-Би Монгол Улсад Ардчилсан хувьсгал эхэлсэн 1989 онд МоАХ-нд элссэн хүн. Тэгээд Сүхбаатарын талбай, Ялалтын талбайн жагсаалд оролцож тугийг нь барьж явлаа. Ер нь бүх л жагсаал цуглаанд оролцсон доо.

-Тухайн үед та ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан бэ?

-Багануур дүүрэгт Зөвлөлтийн барилгын байгууллагад мастераар ажиллаж байсан. Энэ дүүргийн бүтээн байгуулахад гар бие оролцсон юм. Одоо энэ дүүрэгтээ амьдардаг.

-Ардчилсан хувьсгал хийх гэж байгаа мэдээллийг та анх яаж, хаанаас авсан бэ?

-Миний найз Галбадрах гэж гэрэл зурагчин байсан. Тэр хүн манай журмын нөхөд ийм ажил эхлүүлж байгаа. Чи үүнд Багануур дүүргээс оролцох ёстой хүн гэж хэлсэн юм. Ингээд би Ардчилсан хувьсгалд эргэлт, буцалтгүй орсон. Намайг төрүүлж өсгөсөн эцэг, эх маань эх оронч хүмүүс байсан. Миний эцэг хоёр дайн, тулгаралтад оролцож явсан хүн. Тэгээд надад “Миний хүү улс эх орон, Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын төлөө ухамсарт амьдарлаа зориулаарай. Энэ талаар үр хойчдоо сургаж захиж яваарай. Хүн ядуу байж болно. Эх орноо алдаж болохгүй. Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн газар нутгаа үр хүүхэддээ бүтнээр үлдээхийн төлөө яваарай” гэж захиж хүмүүжүүлсэн юм. Ийм ч учраас би Ардчилсан хувьсгалыг анхнаас нь дэмжиж оролцсон юм. Тухайн үед НАХЯ-ны хүмүүст баригдаж, зодуулж явсан. Гэвч би үзэл бодлоосоо ухарч, шантраагүй. Одоо ч гэсэн үргэлж л дарамтад явдаг. Намайг Ардчиллын эсрэг хүн гэдэг. Би өмч хувьчлал буруу замаар явлаа гэж эсэргүүцдэг байлаа. Өнөөдөр хар л даа ард түмэн ажилгүй, орлогогүй байна. Миний хэлж байсан шүүмжлэл өнөөдөр зөв гэдэг нь харагддаг.

-Ардчилсан хувьсгалын өнөөгийн дүр төрхийг та хэрхэн харж байна вэ?

-Бидний хүсч хүлээсэн, хийсэн Ардчилсан хувьсгал зөв замаар явж чадсангүй. Ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан өдөр маргааш болно. Би энэ хэрэг гарсан 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Монголын Ардчилал үгүй болсон гэж ойлгож явдаг. Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, улс эрх орноо өөрсдөө удирддаг болсон маань өнөөдөр алдагдаад байна. Бүгд гадны хараат байдалд орсон.

-Жишээлбэл?

-Өнөөдөр хүүхдийн мөнгө өгье гэхээр ОУВС-гаас асуу гэдэг. Багш, эмч нарын цалинг нэмэе гэхэд мөн л энэ сан шийдэж байна. Монголд ямар нэг бүтээн байгуулалт хийхэд Хятадын хөрөнгө оруулалт, оролцоогүй л бол бүтэхгүй болсон. Тухайлбал, манай Багануур дүүрэгт 700 мВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц барих нэрээр Хятадууд 25 жил амьдрах орон сууцны хороолол босгож байна. Энэ нь бидний хүсч хүлээсэн Ардчилал буруу замаар явсны нэг илэрхийлэл гэж би боддог. Үүнд МоАХ-ны гишүүн дэмжигчид, Монголын ард түмэн үгээ хэлэх ёстой.

-Тэгэхээр орон нутгийн иргэд, төрийн байгууллагууд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Ямар нэг асуудал амжилтад хүрэх, эс хүрэх нь ард түмнээс шалтгаалдаг. Би энэ цахилгаан станцын талаар анх эсэргүүцэж дуугарсанаар буруутан болсон. Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан. Миний энэ үйл ажиллагааг дүүргийн МоАХ дэмжиж  оролцсонд баярлсанаа танай сайтаар дамжуулан илэрхийлэе. Үүнээс гадна манай дүүргийн наадмын морь барьдаг талбайд Хятадын хөрөнгө оруулалтай компани ямар ч зөвшөөрөлгүй төмрийн үйлдвэр барихаар газар ухсан юм. Тэгээд би дүүргийн шударга иргэд, “Босоо хөх Монгол” бүлгэмийн залуусын оролцоотой эсэргүүцэж болиулсан. Бид энэ хууль бус үйлдлийг гурав хоногийн дотор таслан зогсоож ухсан газрыг нь тэгшлүүлж хэвийн байдалд оруулсан юм. Дүүргийн төр захиргааны байгууллага ч төмрийн үйлдвэр барих талаар бидэнд мэдэгдээгүй гэсэн. Ямар ч зөвшөөрөлгүй байсан учраас тэр газраа чөлөөлж цэвэрлээд явсан гэж ойлгодог.

-Танай дүүрэгт барьж байгаа цахилгаан станцын бүтээн байгуулалт ямар шатанд явж байгаа вэ?

-Орон сууцны хороолол нь гэхэд таван давхар 10 гаруй барилга баригдаад байгаа. Миний бодлоор цахилгаан станцын бүтээн байгуулалт нь 100 хувь гэж үзвэл 20 гаруй хувь нь баригдсан байх. Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард барилгын ажил эхэлсэн гэж бодоход ийм хэмжээнд хүрсэн. Би орон нутгийн засаг захиргаа, төрийн холбогдох яам, байгууллагад шаардлага хүргүүлсэн байгаа.

-Та ямар шаардлага тавив. Хариугаа авсан уу?

-Өнөөг хүртэл ямар ч хариу өгөөгүй. Таг чиг байна. Харин ч Зөрчлийн тухай хуулиар 2 сая төгрөгөөр торгоно гэж сүрдүүлдэг. Тэгээд та эх орон тусгаар тогтнолын эсрэг үргэлж дуугарч байдаг гэдэг. Би уг нь тэр цахилгаан станцын талаар 10 зүйл шаардлага тавьсан юм. Үүнд Үндэсний аюулгүй байдал, байгаль экологт хэрхэн нөлөөлөх, зүүн гурван аймгийн цөлжүүлэх зэрэг сөрөг асуудал байгааг дурдсан.  Эрчим хүч бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Гэтэл үүнийхээ товчлуурыг гадаадын хүмүүст атгуулчихаад сууж байна гэдэг эмгэнэл. Эрчим хүч, дулааныг нь өнөөдөр өгөх болих уу гэдгийг тэд шийддэг болох нь. Өгсөн цахилгаан, дулаан нь ямар үнэ өртөгтэй байхыг мөн шийднэ гэсэн үг. Тэгэхээр бүгд гадаадаас хараат болох гээд байна. Өнөөдөр хонины нэхийгээ 500 төгрөг болтлоо унагуулж эдийн засгаараа хохирч байна. Гэтэл одоо эрчим хүчээрээ хараат болох гээд байгаа юм. Би ч яахав 70 дөхөж яваа өвгөн үсрээд өгдөг байгаа биз. Миний ард үлдэж буй үр хүүхэд, ач, зээ минь цаашид яаж амьдрах болж байна. Монгол нутаг, газар шорооны төлөө алтан амиа өргөсөн үе үеийн эх орончдын үйлс талаар өнгөрч үнэ цэнэгүйдэж болохгүй.

-Манай улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа. Ийм учраас цахилгаан станц барих төслийг төр засгаас дэмжиж байгаа юм биш үү?

-Эрчим хүчний хэрэглээгээ зохицуулах үүднээс дэмжиж болно. Гэхдээ яаж дэмжих вэ гэдэг нь чухал. Өнөөдөр бид нэг киловатт нь 80-90 төгрөгийн цахилгаан хэрэглэдэг. Гэтэл энэ цахилгаан станц ашиглалтад орсноор нэг киловатт нь  290-300 төгрөгийн үнэтэй цахилгаан хэрэглэх тооцоо гараад байгаа юм. Үүнээс гадна байгаль орчноо хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хаана байна. Өнөөдөр Хэрлэн голд 7 том цооног ухаж цахилгаан станцад хэрэглэх усаа татаж авахаар болсон. Усны энэ хэрэглээ нь Хэрлэн голын урсац буурах, зүүн гурван аймаг цөлжихөд хүргэнэ гэж би бодож байна. Үүнээс гадна Хэрлэн голын эхэнд Бурхан Халдун ууланд ойн цэвэрлэгээ нэртэй мод бэлтгээж эхэллээ. Том том техник орчихсон сүйтгэх болсон. Голын эхэнд байгаль сүйтгэсэн ийм үйл ажиллагаа явуулж болохгүй шүү дээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан