Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Дагва: Алтны салбарыг дэмжсэн цорын ганц бодит зүйл нь нөөц ашигласны татварыг 2.5 хувиар тогтоосон явдал

Алт олборлогчдын өнөө ба ирээдүйн тухай тус салбарт оролцогчид хэлэлцэв. Энэ хэлэлцүүлгийн үеэр УУХҮ-ийн сайдын зөвлөх М.Дагватай алт олборлогчдын талаар ярилцлаа.

-Манай улсын уул уурхайн салбар өнөөдөр ямар хэмжээнд байна. Сүүлийн үед олборлолтыг нь нэмэгдүүлнэ гэж яриад байгаа алтны салбарт тулгамдаж буй ямар асуудал байгаа вэ?

-Манай улс өнөөдөр нүүрс, зэсийн олборлолтоос жилд тус бүр 2-3 тэрбум ам.долларын орлого олдог. Үүнээс дутахааргүй орлого олдог томоохон салбар бас бий. Тухайлбал, алт, жонш, газрын ховор элмент, уран зэрэг ашигт малтмал олборлодог.  Тэгэхээр эдгээр салбарт анхаарал хандуулж бодлогыг нь зөв томёолох шаардлага одоо тулгарч байгаа юм. Ийм учраас өнөөдөр алтны салбарын бүхий л оролцогчдийг хамруулж асуудлыг бүх талаас нь хэлэлцэж байна. Алтны салбар бол их онцлогтой. Нэг талаас нь маш олон жижиг аж ахуйн нэгж шороон ордод ажилладаг. Гэтэл шороон ордын нөөц дуус шавхагдаж байгаа. Дараа дараагын хайгуулын ажил нэлээд тасалдсан. Энэ ордыг дагасан шийдэх ёстой байгаль орчин, нийгмийн асуудал их бий. Мөн үндсэн ордыг тойрсон асуудал ч олон. Ашиглалтад оруулахад бэлэн болсон ордууд бий. Гэтэл алтны үндсэн ордыг олон нийтийн эсэргүүцэл гарах, зохион байгуулалтай шантаажлах явдал гардаг. Эдгээрийг шийдэх ямар гарц байгааг эрж хайж байна. Тодорхой хэсэг бүлгийн эрх ашигт үйлчилдэг  нөхдүүдийг орлогжуулах хэмжээнд  үлдэх үү, эсвэл олон тулгууртай уул уурхайн салбарыг орчин үеийн технологиор хөгжүүлэх үү гэдгээ шийдэх цаг нь болсон. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын тулгуур тус бүр нь жилд 1 тэрбум гаруй ам.долларын олдог болгон хөгжүүлэх цаг үеийн эрмэгт бид ирээд байгаа юм.

-Тэгвэл алтны салбар жилд хэдий хэмжээний орлого бүрдүүлдэг вэ?

-Алтны салбар жилд дунджаар 500-600 сая ам.долларын орлого олдог. Дэлхийн зах зээлд алтны үнэ өсөглүүн, олборлолт сайн байвал 800 гаруй сая ам.долларын орлого бүрдүүлдэг юм. Ийм салбарын бодлого, чиглэлийг тогтвортой авч явах нь чухал. Зөвхөн Бороогын алтны уурхай шиг  дөрөв, таван жил өндөр орлого бүрдүүлээд алга болдог үсчсэн салбар биш. Тогтмол жилд нэг тэрбум ам.доллар давсан орлого бүрдүүлдэг салбар болгон хөгжүүлэх нь зүйтэй. Одоо үнийн тулд юу хийх ёстой вэ гэдгийг л тал талаасаа ярилцаж зөв шийдэлд хүрэх ёстой юм.

-Төрөөс алт олборлолтыг дэмжсэн ямар ямар бодлого шийдвэр байна вэ?

-Энэ салбарыг дэмжсэн цорын ганц бодит зүйл нь алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувиар тогтоосон явдал гэж хэлж болно. Үүнийг тогтвортойгоор таван жил мөрдлөө. Харин алтны салбараас улсын төсөвт бүрдүүлж буй татварын орлого хэтэрхий бага байна гэсэн шүүмжлэл гарч, байр сууриа илэрхийлж маргаан дагуулсан асуудал гардаг. Нөгөө талд нь энэ татварыг багаар тогтоож барьсанаар хууль бус алт олборлолт, ялангуяа алтны далд наймааг багасгаж таслан зогсоох талын арга хэмжээ болсон гэдэг байр суурьтай хүмүүс ч байдаг.  УУХҮЯ-ны зүгээс аль аль байр суурийг нь хүндэтгэн үзэж зөв шийдэл гаргахыг хичээж байна. Миний бодлоор нэгэнт нөөц нь шавхагдаж байгаа шороон ордын хувьд энэ татварыг нь тогтвортой үргэлжүүлэх шаардлага байгаа юм. Нөөц нь бүрэн шавхагдах хүртэл 5-10 жилийн хугацаа бий. Харин алтны үндсэн ордуудын хувьд уул уурхайн бусад төсөлтэй адил хэмжээний татвартай байх ёстой.

-Ашиглахад бэлэн болсон алтны ямар ямар үндсэн ордууд байна. Тулгарч буй бэрхшээлийг нь хэрхэн шийдэх боломж байгаа бол?

-Жишээ нь Дорнод аймагт Алтан цагаан овоо хэмээх ашиглахад бэлэн орд бий. Одоо уурхайн бүтээн байгуулалтаа хийж байна. Мөн “Эрдэнэ ресурс” компанийн алтны төсөл байгаа. Эдгээрийг ашиглахад орон нутгийн ард иргэд, нутгийн засаг захиргааны байгууллагтай  ойлголцож хамтран ажиллах  асуудал тулгарсан. Нөгөө талаас уул уурхайг илт эсэргүүцэх байр сууринаас ажилладаг иргэний хөдөлгөөнүүд олон. Иймд тэдний байр суурийг өрчилхөд хууль, хүч хэрэглэхээс илүүтэй ард иргэдийн дийлэнх нь  уул уурхайг ойлгож дэмждэг дэвсгэр суурийг бүрдүүлэхэд чиглэсэн ажилд анхаарч байгаа. Ялангуяа ашигт малтмалын нөөц дуусхад уул уурхайд өртсөн  газрыг дараагын зорилгоор эргэлтэд орохуйц хэмжээнд орон нутагт нь хүлээлгэн өгдөг, үүнд чиглэсэн бүх ажлыг хийдэг тогтолцоог бүрдүүлэх ёстой. Үүнд зарцуулах санхүүгийн баталгааг нь урьдчилан гаргуулж авдаг байх учиртай. Мөн уул уурхайн үр ашиг нь төрөл бүрийн хэлбэрээр тухайн орон нутагт орж, үлдэх шаардлага бий. Жишээ нь орон нутагт ажлын байр бий болгох, татвар төлөх, шинэ бизнес бий болгох зэрэг ажил системтэй хэрэгжих бололцоог бүрдүүлэх ажил хийж байна. Энэ бол зөвхөн УУХҮЯ-ны ажил биш. Сангийн яам, БОАЖЯ, Хууль зүйн яам зэрэг нь хамтарч олон улсын сайн туршлага чиглэлийг нэвтрүүлэх талаар ажиллаж байгаа юм.

-Алт олборлож буй компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлж байна вэ?

-Ерөнхийдөө сайн. Гэхдээ өнөөгийн хамгийн том асуудал бол алт олборлох албан ёсны болон албан бус салбар нь холилдсон явдал юм. Иймд энэ хоёрын ялгаа харагдахгүй байна. Үүнээс болоод энэ салбарт итгэх итгэл, байгаль орчин, нийгмийн хариуцлагын асуудлууд нь бүдгэрдэг. Иймд юуны түрүүнд энэ асуудлыг шийдэх шаардлага байгаа юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан