Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тодын Оюунчимэг: Шударга байцгаая

“Ардчиллын албан тушаалтан таныг би шүүмжилье. Таныг шүүмжилснээр би ардчиллаас урвахгүй. Ардчиллын төлөө тэр үед гүйж явсан та танигдахаа больтол өөрчлөгдсөн байна. Ардчилагч гэж цээжээ дэлддэг бид өөрсдөө хэн болцгоочихов оо” гэж ирээд үнэн хийгээд хатуухан үгсээ “Миний хүссэн Ардчилал биш...” номоороо дайсан Тодын Оюунчимэгтэй ярилцсанаа уншигч танд хүргэе. Ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцож, үзэл бодлоосоо урваагүй өдийг хүрсэн түүнтэй тухайн үеийнх нь түүхээр хамтдаа аяллаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Ардчилсан хувьсгалд анхнаас нь зүтгэж залуу сайхан насаа, өөрт байсан бүхнээ зориулсан хүний хувьд хэлэх үг их л байдаг байх. Хоёулаа ярилцлагаа энэ үйл хэрэгт хэрхэн татагдаж орсон талаар тань эхэлье?

-МоАХ-г анх байгуулагдахаас өмнөхөн Уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөн болох гэж байлаа. Тэр үед Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хорооны эрдэм шинжилгээ, сургалтын төвд сургалт хариуцсан зохион байгуулагчаар ажилладаг байв. Зөвлөгөөнийг угтаж Уран бүтээлчдийн эвсэл холбоодын өдрийг “Залуус” танхимд хийх МХЗЭ-ийн Төв хорооны шийдвэр гарсан байсан. “Залуус” танхимын зохион байгуулалт нь дугуй хэлбэртэй болохоор “Дугуй заал” гэж нэрлэж заншсан. Энэ танхимд хичээллэж байсан аймаг, хотын эвлэлийн хороодын үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, зааварлагчдын давтан сургалтыг нь өөр өрөөнд, харин “Дугуй заал”-ндаа мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөнийг хийлгэж байв. Тухайн үед би хичээл, хурлын танхимаа давхар хариуцан ажилладаг байсан болохоор хуралдааных нь дундуур орж гарна. Орох бүрт л их сонирхолтой зүйл яриад хурлын уур амьсгал урьд өмнөхөөс өөрчлөгдөж, сонирхол татаад болохгүй байлаа. Мэргэжлийнхээ тухай ярьж байснаа аажмаар улс төрийн яриа руу ороод, засаг төрөө шүүмжлэх янзтай болоод ирсэн.

-Тэр үед засаг төрөө шүүмжилнэ гэдэг чинь аюултай байсан байх шүү. Гэтэл эвлэлийн ажилтан хүн тэрхүү яриаг нь сонсоод хүлээн зөвшөөрсөн нь сонирхол татаж байна. Ингэхэд тэр хуралд ямар хүмүүс оролцсон байдаг юм бэ?

-Тухайн үед бол зүс таних төдий хүмүүс л дээ. Харин одоо бодоход МУГЖ Б.Сарантуяа, тухайн үеийн МХЗЭ-ийн Төв хорооны бүгд хурлын гишүүн байсан МУГЖ Ж.Сүххуяг, Кино нэгтгэлийн дарга Ж.Солонго байсан. Мөн цэргийн хувцастай, үсээ хоёр тийш босоо хагалж самнасан нэлээд хэлэмгий залуу байсан нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж юм. Би тэдний ярианд бүр уусчихсан, сэтгэл зүрхээ өгсөн. Тиймээс хамт ажилладаг эрдэм шинжилгээний ажилтан Д.Дорлигжав, Сүхбаатарын районы ХЗЭ-ийн хорооны зааварлагч Л.Жаргал хоёрт “Сонирх, их сонирхолтой хурал болж байна” гэж дамжуулан орж байлаа. Жаргалд тэр хурал таалагдаагүй л дээ. Надад бол их таалагдсан болохоор Залуучуудын соёлын төвд Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөлгөөнд нь очихоор шийдсэн. Залуучуудын соёлын төвд урилгагүй ч гэсэн аль ч хаалгаар нь орж болохоор байв. Бүгдээрээ л таньдаг хүн байсан учраас тэр л дээ. Зөвлөгөөний үеэр төлөөлөгчид мэргэжлийн асуудал ярьж зөвлөлдөж байснаа сүүлдээ шүүмжлэл өрнүүлсэн. Дараагаар нь улс эх орондоо эдийн засгийн шинэчлэл хийж ардчиллын үйл явцыг түргэтгэх сэдэв рүү хазайсан юм. 

Харин зөвлөгөөний төгсгөлд МАХН-ын хуучирсан дэглэмийн эсрэг сөрөн зогсох залуучуудын шинэ байгууллага байгуулснаа зарласан. Улс эх орноо хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэсэн залуучуудын шинэ хүчин бий боллоо гээд сайн, сайханд уриалсан утгатай үгнүүд хэлээд тарж байв.

-Тухайн үед Орост перестройкийн тухай яриа идэвхжсэн байсан шүү дээ. Тийм болохоор тэдний хөндсөн сэдэв танд их дотно байсан болов уу. Москвад багагүй хугацаанд амьдарсан болохоор ч тэрүү таны сэтгэлийг ёстой л нэг гижигдсэн байх даа?

-Ийм шинэчлэл манай улсад хэрэгтэй, хийх цаг нь болсон гэж үзэж байсан хүний хувьд тэднийг хоёр гараа өргөөд л дэмжсэн. Зөвлөгөөний төгсгөлд Залуучуудын шинэ байгууллага байгуулна, нэгдэнэ гэдгээ зарласан ч хурал, цуглаан хийх байр савгүй байсан нь сэтгэл зовоосон. Өөрөө зөвлөгөөнд нь сэтгэл зүрхээрээ оролцсон болохоор хэрэг болгож тарангуут нь тэдэнтэй уулзсан. Нүдний шилтэй залууд нь “Та нар цуглах байргүй бол манай дугуй зааланд буцаж ирж болно шүү” гэж хэлж байв. Тэр хүн нь Ардчиллын 13-ын нэг Амарсанаа байсан юм. Уг нь би Малыш Энхтүвшинд хэллээ гэж л бодсон шүү. Ингэж л залуус маань “Дугуй заал”-нд цуглардаг болсон. Дураараа, хэнээс ч зөвшөөрөл авалгүй гадны хүмүүс цуглууллаа гээд хэл аманд их ч өртсөн. Тэгсэн ч тэднийгээ оруулсан хэвээр байлаа. Ээлжит уулзалт хийж байхдаа байгууллагынхаа нэрийг Монголын Ардчилсан холбоо гэж нэрлэхээр тогтсон.

-“Намайг тэр шорондоо оруулж байж түлхүүр аваарай” гээд хүзүүндээ түлхүүрээ зүүчихдэг байсан гэж сонсч байсан. Бас л эмэгтэй хүнээс гарахааргүй эр зориг шүү?

-Надаас түлхүүр авах гэж нэлээн хэл ам, хэрүүл шуугиан болдог,  байгууллагын захирал, эвлэлийн төв хорооны том дарга нартай үнэхээр их үзэлцдэг, “Шорондоо хий, тэгж байж аваарай” гэдэг байж билээ. Тэр битгий хэл “Ардчиллыг дэмжсэн залуучуудыг урьж байна. Ажлаа тараад өдөр бүр Дугуй зааланд цуглаарай, тэдэн цагаас” гээд зар биччихдэг байлаа. Дарга нар намайг барьж идэх шахна. Аймаар тэмцэл дунд хүмүүсийг цуглуулж чаддаг байсан байгаа юм. “Хөдөө тал минь малаар дүүрэн Хөвчийн ой минь чоноор дүүрэн” гэж хэлээд ээжийн маань нутгийн хүн шоронд орж байсан юм гэнэ лээ. Гэтэл МАХН-ын дайчин туслагч бэлтгэл хүчин эвлэлийн ажилтан хүн ийм болчимгүй юм хийнэ гэдэг одоо бодоход ёстой л эр зориг байж дээ. Ажил тарсны дараа МоАХ чуулганаа хийдэг болохоор их оройтно. Тарсных нь дараа хэл аманд орохгүйн тулд дугуй заал, жорлон, коридорт тарьсан хогийг нь цэвэрлэж дуусгаад гарахад автобус аль эрт зогсчихсон байдаг байж билээ. Зарим үед 8 дугаар ангийн хүүгээ ажил тарах үед автобусаар ирүүлээд орой нь цэвэрлэгээ хийлгээд тардагсан.

-Анхны Ерөнхий зохицуулах зөвлөлийн 15 гишүүнийг 1989 оны арванхоёрдугаар сарын 9-ний орой сонгосон байдаг. Маргааш өглөө нь анхны цуглаан болсон шүү дээ. Энэ цуглааны бэлтгэл ажилд та бас тусалж байсан байх аа?

-Цуглаанд оролцох хүмүүсийнхээ гарт таних тэмдэг болгохоор цайвар цэнхэр даавууг Дорлигжавтайгаа хамт цуулж 27 эвлэлийн ажилтнууддаа өгч байлаа. Үзэл суртлын хэлтсийн дарга нар маань их айдастай байсан санагдана. Социализмын үеийн хүмүүс учир очоод ажлаас халагдана, арга хэмжээ авахуулна гээд айдастай байх нь ч аргагүй. Тийм болоод ч тэр үү цуглааны явцад нөгөө цэнхэр таних тэмдэг заримынх нь гарт харагдахгүй байсан юм.

Энэхүү цуглаанаас 13 заалт бүхий өргөн барих бичгийг МАХН-ын Төв  хорооны 7 бүгд хурал, БНМАУ-ын Ардын их хурлын 7 дугаар чуулганд илгээж байгаагаа уншиж танилцуулсан юм. Ингэж л Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа МоАХ-г олон түмэнд тунхаглан зарлаж, “Хонхны дуу”-гаар монголчуудаа анхлан сэрээж эхэлсэн дээ.

Дараагаар нь МоАХ нь байгуулагдсаныхаа 70 дахь хоног дээрээ буюу 1990 оны хоёрдугаар сарын 18-нд анхдугаар хурлаа хийсэн. Тэр хурал дээр Эвлэлийн байгууллагыг татан буулгах талаар үг хэлсэн. “Олон жил МХЗЭ энэ янзаараа явбал зөвхөн хий номлогч байгууллага болох нь гарцаагүй. МАХН-ын бүх шатны байгууллагууд эвлэлийг аль ч шатанд нь удирдаж бүх ажлыг нь чиглүүлж аливаа дотоод ажилд нь хөндлөнгөөс орж, эвлэлийн дарга нарыг шууд дээрээс нь томилон ажиллуулж байгаа нь нэгэн бодлын маш дуулгавартай өөрсдийн зарцаа болгож ирсэн нь таалагддаггүй” гэж ирээд онцлон тэмдэглэж хэлсэн байдаг юм. Ердөө хоёр, гурван эмэгтэй үг хэлсний нэг нь би. Мөн энэ хурал дээр миний дүү Т.Отгонбаярын бүтээсэн МоАХ-ны тугийг ёс төртэйгөөр байрлуулан тавьж байлаа. Ингэж л анхнаас нь бүхий л үйл хэрэгт оролцсон. 

-Та чинь бас АИХ-ын депутатад нэр дэвшиж байсан билүү?

-Ардчилсан намаас намайг Ардын Их хурлын депутатад нэр дэвшүүлэн 13 хүнээс хоёрт үлдэж байв. Тэгэхэд их айж билээ. Жинхэнэ депутатаар үлдчихвий гэж айсан хэрэг. Яагаад гэхээр дээд боловсрол эзэмшсэн ч гэлээ өөрийнхөө боловсролыг голсон. Дарга хүн гэдэг чинь өөр байх ёстой гэж миний сэтгэлзүйд төсөөлөгдсөн байхгүй юу. Би өөрийгөө хүмүүсийг тэргүүлэх хүн биш гэж бодсон. Манай хажуу байранд иргэн Ламжавынх байсан юм. Түүнийг дуудаж авчраад чи нэр дэвшээч гэж шахаад “Намайг дэмжих хүмүүс иргэн Ламжавт саналаа өгөөрэй” гэж хэлж билээ. Ламжав ч гараад ирсэн. Уг нь бол Цогтсайхан бид хоёр өөр өөрийнхөө тойрогт хоёрт үлдсэн байсан юм. Нэр дэвшиж байсан үеийн зураг, үнэмлэх надад бий. Их дурсгалтай санагддаг. Цогоо маань яагаад ч юм нэгд үлдээгүй байсан.

-Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт хэрхэн оролцож, тухайн үед ямар үйл явдлууд өрнөж байсан талаар өгүүлсэн таны “Миний хүссэн Ардчилал биш...” номын нэр их сонин содон санагддаг. Энэ нэр олон хүний дургүйг ч хүргээд авсан байх. Тухайн үед тэмдэглэл хөтөлдөг байсан тань их хэрэг болов уу?

-Үнэндээ Ардчиллаа магтан дуулж, ардчиллаар олж авсан олон сайхан зүйлээр номоо дүүргэхийг хүсээгүй. Бид урд нийгмээ үзэн ядталаа тэмцэж гарч ирчихээд одоо хуучин социализмын үеэсээ ч бараг долоон дор ямар гээч нийгэм рүү даялж яваагийн харахаас ч ой сэтгэл гутам санагдсан юм аа. Гэхдээ тэмдэглэсэн зүйлсээсээ эвлүүлэн бичсэн болохоор алдаа мадаг байхыг үгүйсгэхгүй ээ. Бид өөрсдөө хүмүүсийг шүүмжилж гарч ирчихээд шүүмжилсэн зүйлсээ өөрсдөө хийдэггүй л байх хэрэгтэй. Эвлэлээс сүрхий сурсан юм нь бүхий л зүйлсийг тэмдэглэж авдаг,  тэмдэглэлээ байнга хөтөлдөг байлаа.

Манайх гэдэг айл гэр бүлээрээ ардчилалд оролцсон. Миний дүү Отгонбаяр МоАХ-ны хөх тугийн загварыг бүтээж өгч байлаа. Түрүүн дурдаад өнгөрсөн шүү дээ. Мөн МоАН-ын тамганы эх загварыг хийж өгсөн. Аав, ээж маань хувьсгалт намын гишүүн байсан мөртлөө ямар мундаг дэмжиж оролцсон гэж санана.

Бас нэгэн сонин түүх ярихад анхны өлсгөлөн зарлахад би талбай дээр эмэгтэйчүүдээс ганцаараа хонож байлаа. Эмэгтэйчүүд маань орой болтол байж байгаад яваад өгдөг байсан. Харин Нина маань өлсөгч тул тэр маань л үлдэнэ. Анхны эмэгтэйчүүдийн нэг Зана бид хоёр эхний шөнө гэрт нь очоод маск оёод өлсгөлөнд оролцож байгаа залуусаа маскжуулж байв. Миний хоёр хүүхэд тухайн үед нэг нь найм, нөгөө нь аравдугаар ангид сурдаг байсан. Тэр хоёр гэрээс цоо шинэ, Москвагаас авчирсан хүнд матрасыг талбай дээр авчирч өгч байв. Яаж авчирч чадсан юм болоо гэж одоо боддог. Маш хүнд матрасыг гуравдугаар хорооллын Өргөө кино театрын автобусны буудлаас автобусанд суугаад авчирсан байдаг. Тэгээд шууд Дорлигжавт дэвсч өгсөн. Баячууд биш болохоор өлсгөлөнгийн дараа буцаагаад гэртээ авчирсан. Олон жил тэр матрасыг хэрэглэж сүүлдээ ач гуч нарын зусланд дээр нь тоглодог дэвсгэр болж хуучирсан даа. Сүүлд Үндэсний түүхийн музейгээс та тэр матрасаа авчирч өгөөд музейд тавиулж болно гэсэн. Би авчирч өгсөн. Манай аав өлсгөлөнд оролцож байсан хүмүүст үстэй дээлээ авчирч өгч байсан юм. Түүнийг нь бас музейд өгсөн байгаа. Түүхийн музей хүлээн авсан гэсэн дурсгалын диплом гардуулсан.

-Таны дүү нар бас их сонирхолтой хүмүүс шиг санагддаг. Нэг нь цэнхэр тугийг бүтээсэн, нөгөө нь НАХЯ-нд ажиллаж байсан хэрнээ ардчиллын чухал бичиг баримтуудыг өрөөндөө олшруулдаг байсан гээд л?

-Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцсоны төлөө манай гэр бүлийнхэнд зарим найз нөхөд, ах дүү, танилууд маань ихээхэн дургүйцдэг,  заналхийлдэг ч байлаа. Энэ тухайгаа би номондоо бичсэн. Миний төрсөн түү Т.Тунгалаг Эрхүүд Улс ардын аж ахуйн дээд сургуульд төгсөөд Олон Улсын геологийн экспедицид эдийн засагчаар ажиллаж байхдаа байгууллагадаа МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулалцсан. Т.Отгонбаяр маань МоАХ-ны тугны эскизийг хийж, Биокомбинатад МоАХ-ны анхны салбар зөвлөл байгуулж явсан. Т.Оюунцэцэг маань НАХЯ-нд ажиллаж байхдаа бидэнд бичиг баримт хэвлэж өгдөг байсан. Энэ мэтээр бүгд л өөр өөрсдийнхөө хувь нэмрийг оруулсан даа. Ингээд би бид гээд яриад байна л даа.

-Гэхдээ та ингэж ярих эрхтэй хүн шүү дээ?

-Би өөрөө оролцож явсан зүйлээ үнэнээр нь хэлэх нь зүйтэй байх. Түүхийг гуйвуулж болохгүй болохоор л би гэж яриад байгаа юм шүү, ойлгоорой.

-Ингэхэд та Ардчилал гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Дээд зэргийн сахилга бат, дэг журам гэж ойлгодог. Ардчилал гэдэг нь дураараа авирлаж, дунд чөмгөөрөө жиргэхийн нэр биш. Энэ чиглэлээр би жаахан юм хэлэх гээд байдаг хүн. Одоо бол хүн бүр дураараа дургиж байна. Бүр юу ч ярьсан хамаагүй болжээ.

Ардчиллыг дэмжсэнээр байгууллагадаа, танил нөхөддөө хүртэл ад үзэгдэж явсан үе надад бий. Манай гэр бүлийн хүнийг Р.Доржбат гэдэг, Монголын үндэсний телевизийн анхны эрэгтэй нэвтрүүлэгчийн нэг. Мэдэх хүмүүс нь мэднэ. “Хатанбаатар” кинонд Сүхбаатар жанжны дүрийг бүтээсэн хүн шүү дээ.

Тухайн үед бүх нэвтрүүлэг нь улам цензуртэй болж, манай хүн ч бас нэрвэгдсэн. Манай хүн надад ямар ч хориг тавьж байгаагүй. Ганц л удаа “Надад жаахан хэцүү байх болов уу даа” гэж хэлж билээ. Ханьдаа учирч болох бэрхшээлийг хүртэл анзаарах сөхөөгүй л явж ирсэн дээ. Бид хоёр чинь уг нь хоёулаа үзэл суртлын байгууллагын ажилтан. Би чинь эрдэмтэн болох ёстой хүн байсан юм. Гэхдээ л хүсэл зориг гэдэг хүнийг хурцалж чаддаг юм байна. Айх эмээхийг ч мэдэхгүй явжээ. Хариуцлага тооцно гэдгийг бол мэддэг байсан. Ямар сайндаа ажлаасаа халагдчихсан гэдгээ мэдэхгүй явж байх вэ дээ. Намайг ес хоног акттай үед ажлаас маань халсан байдаг юм. Гэхдээ халагдчихлаа гэж сэтгэл санаагаар унаагүй, харин ч амарсан гэж хэлж болно. Тухайн үед чинь би өндөр цалинтай байсан. Харин МоАХ-г дэмжлээ гээд нэг ч төгрөгийн цалин авахгүй гэдгээ мэдэж байсан. Ийм амьдрал руу би өөрөө, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн гулсан орсон юм.    

-Та анхнаас нь бүхий л үйл хэрэгт оролцож явсан хэрнээ яагаад улс төрийн карьер хөөгөөгүй юм бэ?

-Манайх гэр бүлээрээ хүчин зүтгэсэн ч хэн нь ч албан тушаал аваагүй. Албан тушаалд дурлая гэвэл надад олон ажил санал болгож байсан. СТӨ-ний захирал, Хүүхдийн паркийн дарга, Найрамдал зуслангийн дарга болох уу гээд олон санал ирж байлаа. Тэр үед манай хүнийг “Ардын эрх” сонины Москва дахь төлөөлөгчөөр явуулъя гэсэн юм. Тэр саналыг нь нэгдүгээрт тавиад бид явсан. Москвад очсон хойно чинь Консулаар тавина гэж байлаа. Албан тушаалд шунаж яваагүй л дээ. Тэртээ тэргүй манай хүн Москвагийн радиогийн нэвтрүүлэгчээр гурав дахь удаагаа явсан шүү дээ.

Москвад их хэцүү үед очсон. Тусгай хангамж нь байхгүй болчихсон байв. 100 рублийн цалингаар амьдарч чадахгүй, тиймээс хүүхдийнхээ урилгаар Лондон явцгаасан. Гэхдээ миний үзэл бодол үргэлж л Монголд явж байдаг. МоАХ-гоо хаяж чаддаггүй. Анхнаас нь дэмжиж байсан МоАХ-г маань дотор нь задрал явуулж байгаад харамсч сууна. Хэдэн хэсэг хуваагдчихсан юм шиг байна. Зарим нь Элбэгдоржийг МоАХ-ны дарга болгох гэж зүтгэж байгаа юм байна. Үүнийг хэрхэвч дэмжихгүй. Элбэгдоржийн гоё үгэнд хууртаж явсан үе бий. Номондоо ч гэсэн энэ талаар дурдсан. Хуудуутай явдлыг нь өөрсдөд нь бичиж өгч байсан хэрэг. Би тэднийг ад үзсэндээ эсвэл үзэл бодол нэгдэхгүйдээ шүүмжлээгүй. Хамгийн гол нь шударга биш байгаа юм. Шударга ёсны төлөө гэж гарч ирчихээд өөрсдөө шударга биш байж болохгүй биз дээ.

-Тухайн үед та ямар л бол ямар албан тушаал хаших боломжтой байж. Энэ нь таны үзэл бодолдоо тууштай явсныг гэрчилж байна. Гэхдээ МоАХ-ны партизанууд гэхээр хүмүүс амьдрал нь уруудсан, доройтсон л гэх юм. Үүнтэй та санал нийлэх үү?

-Хүнээсээ л шалтгаална шүү дээ. Сэтгэлээр их унасан, гуньсан, уйлсан үе олон. Хүүхдээ Англид сургахын тулд гурван өрөө байраа нэг өрөө болгож зарж байлаа. Москвад очсон хойноо орох оронгүй, оочих аягагүй болсон үе ч бий. Тэгэхээр нь Монголдоо буцаж ирээд ганц өрөө байраа зараад өр ширээ дарсан. Амьдрах нөхцөлгүй болсон учраас Англи руу явсан. Өмнө нь бол манайх айл шиг айл, нэр хүндтэй ч байлаа. Гэхдээ үзэл бодол маань тэс өөр байсан учраас тэр амьдралаа орхисон. Тэглээ гээд гутаагүй. Үзэл бодолдоо үнэнч явсан учраас. Хүмүүс биднийг их тэнэг гэж боддог байх. Бид бусдад хэрхэн үнэлэгдэх, дүгнэгдэх нь огтхон ч хамаа байхгүй. Үзэл бодолдоо үнэнч байх л чухал. Миний амьдрал ингэж л явж ирсэн.

-Хүний амьдралын бараан, сүүдэр бүхнийг дурсах нь тийм таатай хэрэг биш л дээ. Ардчилсан хувьсгалд амьдралаараа төлөөс төлсөн ардчилагчдын нэг нь таныг гэж боддог. Тиймээс яалт ч үгүй амьдрал руу тань гулсан орохоос өөр аргагүй байлаа?

-Бид хоёр угаасаа ямар ч албан тушаал бодоогүй. Москва гэж сонсоод өөр болсон. Өмнө нь амьдарч байсан болохоор таатай санагдсан. Очсон хойноо бид 100 рублиэр амьдарч чадаагүй. Энэ ажлаасаа чөлөө гуйя гэж тухайн үед телевизийн дарга байсан Билэгтэд хандсан. Тэгээд Лондонд амьдраад хэл суръя, ганц нэг хар бор ажил хийж үзье гэдгээ хэлээд өргөдлөө өгсөн. Ингээд л хүүхдийнхээ урилгаар Лондонд очиж амьдарсан даа.

Ямар ч гэсэн хүний амьдралаар амьдраад явж л байна. Хүүхдүүд маань араас очоод амьдрал дээшилсэн. Манай хүн үнэртэй ус бөглөдөг ажил хийж, би гэдэг хүн цэвэрлэгчээр ажилласан. Үүнээсээ би ичдэггүй. Цэвэрлэгчээс би босч ирсэн. Нэвтрүүлэгч байсан хүний хувьд энэ нь гунигтай амьдрал байхгүй юу. Гэхдээ бид энэ амьдралд хүрэх гэж их зүйлийг давсан юм шүү. Хүн өөрөө л хичээх хэрэгтэй. Хувь хүнээсээ л шалтгаална.

Ардчилал гэж явсандаа би гуньдаггүй. Хэзээ ч, хэдийд ч үүнийхээ төлөө явна. Энэ үгээрээ ардчиллын төлөө үзэл бодолдоо үнэнч яваач ээ гэж нөхдөдөө уриалмаар байна. Нэр нь жаахан муудангуут битгий алга болоочээ, битгий янз бүрийн бүлэг үүсгээчээ, битгий хүнд худалдагдаачээ, эв эеэ бодоочээ гэмээр байна.

Элбэгдоржийг МоАХ-ны даргаар тавих гээд янз бүрийн арга саам хэрэглээд байгаа юм билээ. Би үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Дугуй заалны хүмүүс бол яах аргагүй партизанууд. Тэдний сайтад би байдаг. Юу ярьж байгааг нь харж л суудаг. Саяхан хоёр өдөр тэдэнтэйгээ агаар салхинд гарч сэтгэл тэнийсэн ч гунигтай буцаж ирсэн. Хамгийн гол нь үзэл бодол нь өөр болчихсон явна уу даа гэж харамсаад байна. Ингэж болохгүй ээ. Битгий ийм байгаасай, бүгд анх ардчилалд нэгдэж байсан шигээ байгаасай гэж журмын нөхдөөсөө хүсэх байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан