Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баярсайхан: Хайрлах сэтгэлтэй энэрэнгүй ёс зүйтэй эмч мэргэжилтэн бэлтгэх нь чухал

-Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна-

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг анагаах ухаан, эрүүл мэндийн хөтөлбөрөөр сургалт явуулж буй их, дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Шинэ анагаах ухаан их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Ач анагаах ухааны их сургуулийн үйл ажиллагаа хөтөлбөр, багшлах боловсон хүчний байдал, сургалтын орчинтой танилцлаа.

Шинэ анагаах ухаан их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль нь сувилахуйн хөтөлбөрөөр элсэлт аваад хоёр жил болж байгаа бол Ач их сургууль энэ мэргэжлээр 2004 оноос хойш элсэлт авчээ. Орон нутгаас ирсэн төгсөгчид буцаад орон нутагтаа ажиллах нь ховор байна гэдгийг дурдаж байлаа. Харин Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн суралцагчдыг дөрөв, тавдугаар дамжаанаас эхлэн байгууллагууд сургалтын төлбөрийг нь төлж, орон нутагт ажиллуулах гэрээ байгуулж байгаа гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан, “Чанартай, шинжлэх ухаанч боловсон хүчин бэлтгэхээс гадна өндөр хариуцлагатай ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх нь чухал. Орчин үед гадаад хэлгүй анагаах ухааны мэргэжилтэн байх боломжгүй. Тиймээс гадаад хэл болон бусад шаардлагатай мэдлэгийг өндөр түвшинд олгох хэрэгтэй. Хайрлах сэтгэлтэй энэрэнгүй ёс зүйтэй эмч мэргэжилтэн бэлтгэх нь чухал” гэлээ.

Анагаахын мэргэжил нь хүний амь нас, эрүүл мэндийг бүрэн хариуцдаг онцгой мэргэжил тул төгсөгчдийнхөө хариуцлагатай байдалд санаа зовниж явдгаа сургуулийн удирдлагууд хэлж байсан юм. Тухайлбал, Шинэ анагаах ухаан сургуулийн захирал доктор М.Амбага, “Бид оюутанд мэдлэг олгож чадаад байна. Харин ёс зүй, суурь ёс суртахууныг төлөвшүүлэхэд хүндрэлтэй байна. Иймд гэр бүл тогтвортой байх, гэр бүлийн суурь хүмүүжил, төлөвшил олж авахад эцэг, эхийн үүрэг хариуцлага чухал байна” гэв.

Анагаах ухааны хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулийн бас нэг онцлог нь өндөр өртөг бүхий тоног төхөөрөмж, лаборатори хэрэгцээтэй байдаг. Ийм лабораторийг сургуулиуд өөрийн хөрөнгө, нөөц бололцоогоор боломжийн хэмжээнд хангасан нь харагдаж байлаа.

Нийслэл хотод нийт 12 их, дээд сургууль эрүүл мэнд, анагаах ухааны хөтөлбөрөөр дээд боловсрол олгодог. Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар 10 сургуулийн үйл ажиллагаатай танилцаад байна.. Ажлын хэсэг эрүүл мэнд, анагаах ухааны хөтөлбөрөөр дээд боловсрол олгодог бүх сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, нэгдсэн дүгнэлт, гарган цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус яамнаас гадна Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын алба, Боловсролын хүрээлэн зэрэг байгууллагууд орж байгаагаас гадна Мэргэжлийн хяналтын Ерөнхий газартай хамтран ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан