Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баасандэлгэр: Монгол дизайнерууд задгай сэтгэж сурах хэрэгтэй

 

 

А.АКЭРКЭ

Шинэ онтой зэрэгцээд олны анхаарлын төвд байсан нэгэн таатай мэдээлэл бол Монголын загвар зохион бүтээгч Украины нийслэл Киев хотноо болсон “Mercedes benz Kiev fashion show”-нд өөрийн загвараа толилуулсан явдал байв. Монголын загвар зохион бүтээгчдийн ур чадварыг олон улсад таниулж, улс эх орныхоо нэрийг дэлхийн загварынхны дунд өндөрт өргөж яваа энэ эгэл бүсгүйг Б.Баасандэлгэр гэдэг. Найман настай байхаасаа л Италийн Милан хотод очиж загвар зохион бүтээгчээр ажиллана хэмээн хэмжээлшгүй их хүсэл мөрөөдөл тээсэн тэрээр өнөөдөр мөрөөдлийнхөө үр шимийг хүртэж сууна. Ингээд олон үг нуршилгүй түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Б.Баасандэлгэр гэдэг загвар зохион бүтээгч, ийм олон улсын шоунд, тийм тэмцээн, уралдаанд оролцлоо гэдэг ч яг хувь хүн талаас тань мэдээлэл байдаггүй юм байна. Тэгэхээр хоёулаа багадаа ямар хүүхэд байв, аль сургуульд сурч байсан талаар эхэлж ярилцъя?
-Багадаа их томоотой, дуу цөөтэй хүүхэд байсан л даа. Гэхдээ хичээл номдоо их сайхан. Багын л их сайн зурдаг байлаа. Нийслэлийн 48 дугаар сургуулийг 2004 онд төгсөөд тэр жилээ Урлах эрдэм дээд сургуульд хувцасны зураач, дизайны чиглэлээр суралцаад 2008 онд төгссөн. 

-Ямар нэг тэмцээнд түрүүлээд Италийг зорив уу эсвэл өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөж очив уу?
-Анхнаасаа л Италид суръя гэсэн бодолтой байсан. Хоёр жил гаруйн хугацаанд хөөцөлдөж байж энд ирсэн. 2010 оноос хойш л энд ажиллаж, амьдарч байна. 

-Таны сурдаг Урлагийн академид ямар хүмүүс суралцдаг юм бэ. Танаас гадна монгол оюутан бий юу?
-Манайх яг загвар, дизайны анги биш. Үйлдвэрлэлийн зураач, дизайн гэж явдаг. Олон улсын оюутнууд ирж суралцдаг юм. Надаас өөр монгол оюутан байхгүй. Яахав, өмнө нь сурч байгаад буцсан оюутнууд байдаг юм билээ. 

-Анзаараад байхад багадаа зурдаг байсан хүмүүс ихэвчлэн загвар зохион бүтээгч болсон байдаг. Та ч гэсэн тэдний нэг байх нь?
-Янз бүрийн зүйл зурдаг ч гэлээ ихэнхдээ л загварыг голчилдог байлаа. Эмэгтэй хүн их зурна. Миний хийж чадах, хүсдэг ганц зүйл нь энэ байсан хэрэг. Хамгийн анх ,жаахан байхдаа өөртөө зориулж хувцас хийж билээ. Цамц хийж өмсч байсан санагдана. Ээжийнхээ хувцсыг тэсгээлгүй хайчилчихна. Харин Италид ирснийхээ дараа хийсэн хамгийн анхны загвар нь пластик, жинс хоёрыг хослуулж эрэгтэй хүний мини коллекшн гаргасан. Энэ загвараараа анх тэмцээнд орсон. Италид анх ирэхдээ загварын тэмцээнд оролцохыг гол зорилгоо болгож байсан юм. Тэгээд зохион байгуулагддаг тэмцээнүүдийг судалж эхэлсэн. Гурван ч тэмцээнд материалаа явуулсан ч тэнцээгүй. Яагаад тэнцсэнгүй вэ гээд өөртөө дүгнэлт хийж, тэнцсэн хүмүүсийн коллекцийг судалсан. Тэгээд юун дээр алдаад байгаагаа сайн судлаад шинэлэг өвөрмөц санаа гаргавал тэнцэх юм байна гэдгээ ойлгосон. Үүний үндсэн дээр пластик, жинс хоёрыг хослуулсан загвараа хийсэн. Судалгаа маань амжилттай болсон болохоор энэ коллекцоороо тэмцээнд тэнцсэн. 

-Тэнцсэн тэмцээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Олон улсын “Mittelmoda” гээд дизайнеруудын тэмцээн. Миланд зохион байгуулагдсан. Намайг оролцдог жил энэ тэмцээн нь 21 дэх жилдээ зохиогдож байсан. Олон улсын залуу дизайнеруудыг дэмжих зорилготой юм билээ. Тухайн үед дэлхийн 56 орны дизайнеруудын 600 гаруй материал ирсэн байдаг. Тэднээс 25-ыг нь шалгаруулахад би багтсан хэрэг. Тэр үед маш их баярлаж, өөрөөрөө бахархаж билээ. Хоёр жилийг зарцуулсан хүч хөдөлмөрийн маань үр шим байсан болохоор арга ч үгүй юм уу даа. 

-Таны энэ санааг Италийн загвар зохион бүтээгчид хэрхэн хүлээж авсан нь сонин байна?
-Итали улс загварын төв учраас олон улсын бүхий л загвар зохион бүтээгчид ирдэг. Над шиг авангард загвар хийсэн олон дизайнер байсан л даа. Харин минийх юугаараа илүү байсан бэ гэхээр пластик, жинс хоёрыг хослуулснаараа онцлог. Нэг нь өдөр тутмын хувцсанд ашиглагддаг материал, нөгөөх нь пластик. Тэгэхдээ тэр пластик зузаан байсан болохоор хувцас хийхэд их хэцүү. Тэгээд хүний араг яснаас санаа авч загвар гаргаснаараа онцлог болж чадсан юм. 

-Хамгийн түрүүнд баярласан сэтгэгдлээ хэнтэй хуваалцсан бэ?
-Гэр бүлийнхэнтэйгээ, найз залуутайгаа хуваалцсан. Мөн Италид амьдардаг монголчуудтайгаа хуваалцсан юм байна. 

-Тэр олон загвар зохион бүтээгч дундаас танигдаж гарч ирнэ гэдэг хамгийн том бэрхшээл байх, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Бүгд дизайнер болно гээд өч төчнөөн олон оюутан ирдэг. Тийм болохоор шалгуур өндөртэй. Босго өндөртэйгөөс гадна өрсөлдөөн ихтэй. Хэн онцгой байж чадна, тэр л гарч ирнэ.

-Загвар голчлох нь мэдээж хэ­рэг. Гэхдээ мате­риалд их ан­хаарлаа хан­дуулдаг юм шиг санагдсан. Ер нь, ямар материалыг илүүд үздэг юм бол? 
-Хувцас хийхэд хамгийн чухал зүйл нь материал байдаг. Европчууд материалд их өндөр шаардлага тавьдаг. Тиймээс хэрэглээний хувьд материал нь маш сайн чанартай байх ёстой. Яагаад гэвэл тухайн загварын гол хүчин зүйл нь гэж авч үздэг. Гэхдээ авангард хувцасны материал бол хамаагүй л дээ. 

-Анхны тэмцээндээ амжилт гаргасан хүн дараа ямар тэмцээнд зориглож оролцов?
-“Vogie talent” гэдэг тэмцээн байсан. Энэ тэмцээнд 500 гаруй бүтээл ирснээс эхний ээлжинд 150-ийг нь шалгаруулсан. Дараа нь санал хураалт явуулаад 50 дизайнер шалгаруулахад миний бүтээл багтсан байсан. Гэхдээ шилдэг аравт үлдэж чадаагүй. 

-Загвараа хүмүүст хүргэхийн тулд модель хэрхэн амьдруулахаас шалтгаалдаг байх. Ингэхэд өөрийн тань загварыг өмсөх моделиудаа хэрхэн шалгаруулж авдаг вэ?
-Загварын агентлагуудад харьяалагддаг моделиудтай хувиараа холбогдож хөлсөлж ажилладаг. Харин тэмцээнд оролцоход зохион байгуулагчид нь моделиор хангадаг юм. Мөн энд загвар өмсдөг, сурдаг монгол охин бий. Тэр охин миний “Deelte” коллекшны зураг авалтад оролцож загварыг маань өмссөн. Тэргэл гэж мундаг охин бий. 

-Монголын загвар зохион бүтээгчидтэй хэр холбоотой байдаг вэ. Хамтарч ажилладаг уу. Ер нь, танд ямар нэгэн санаа өгч, урам зориг өгдөг хамгийн ойрын хүн хэн байдаг вэ?
-Оюутан ангийн дизайнер найзуудтайгаа болон багш нар­тайгаа хол­боотой байдаг. Манай найз нараас Мон­голын брэнд болсон каш­меруудад дизай­нераар ажилладаг. Урам зориг өгдөг гэвэл миний хайртай хүмүүс л байна даа. Харин яг одоогийн байдлаар бол найз залуу маань хамгийн их дэмжиж, урам өгч байна. Найз залуу маань энд эдийн засагчаар магистр хамгаалсан. Гэхдээ загварын тал дээр намайг маш сайн дэмждэг. 

-Та ямар нэгэн загварын агентлагтай хамтарч ажилладаг уу. Хамтарч ажиллах санал ирдэг байх?
-Одоогийн байдлаар ямар нэгэн агентлагт харьяалагддаггүй. Хамтарч ажиллая гэсэн санал маш их ирдэг. Гэхдээ тавигдаж байгаа шаардлага, хамтран ажиллах гэрээг нь харж байхад миний хүсэл зорилгод нийцдэггүй. Тийм болохоор хувиараа бүх зүйлээ амжуулж байна. Үйлдвэрлэлийн хэмжээнд хүргээгүй ч гэсэн тодорхой хэмжээний худалдан авагчтай болсон болохоор ямар нэгэн газарт харьяалагдаж ажилламааргүй байна. 

-Италийн Туринд та өөрийн брэндийг бий болгосон байсан. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач?
-Өөрийнхөө брэндийг 2014 оны долдугаар сард албан ёсоор байгууллагад нь хандаад бүртгүүлсэн. Цаашид шинэ коллекшн гаргаж шоу, тэмцээн, уралдаанд оролцох зорилготой байгаа. Тийм учраас заавал бүртгүүлэх шаардлагатай болсон. Монголдоо очоод бүртгүүлж болох л байсан. Гэхдээ Италид ажиллаж, амьдарч буй болохоор энд бүртгүүлсэн хэрэг. Ерөнхийдөө өөрийн брэнддээ монгол үндэсний хэв шинж, хуваалт гэсэн шийдлүүдийг оруулж өгөхийг боддог. Тиймдээ ч миний загвар Италид өвөрмөц байж чаддаг. Гэхдээ үндэсний хувцас гээд монголчуудынхаа эдэлж хэрэглэдэг шиг нь бүтээж болохгүй. Европын цаг агаар, загвар, соёл гээд бүх зүйл нь өөр. Тийм учраас тэдний хэрэглэж буй гол чиг хандлагад нь нийцүүлсэн байх ёстой учир монгол үндэсний хувцасныхаа элементүүдийг л оруулж өгдөг юм.

-Таны загваруудыг харахад цаанаа л нэг монгол хэв маяг анзаарагддаг шүү. Гэхдээ гадаадын дизайнерууд болон худалдан авагчдад ямар сэтгэгдэл төрүүлдэг бол. Мэдээж тантай төрсөн сэтгэгдлээ хуваалцдаг байлгүй?
-Аль болох монгол хэв маяг анзаарагдах тийм сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг шүү. Европчууд монгол хувцасны мөрөнд их дуртай байдаг. Тодруулбал, эхнэр дээлний мөрийг их сонирхдог. Мөн миний “Deelte”-д ашиглаж байсан өнгө, хүрэмний хуваалт хүмүүсийн сонирхлыг их татсан. Өвөрмөц болж чаджээ гэж олон хүн санал хэлж байсан. 

-Олон улсаас ирсэн дизай­нерууд хамтарч ажиллах тохиолдол хэр байдаг вэ?
-Таньдаг дизайнерууд байдаг ч хамтарч ажиллаад байдаггүй. Гэхдээ миний хувьд цүнхний, аксусиор дизайнертай хамтарч ажиллахаар ярилцаж байна. 

-Итали бол загварын эх орон. Өлгий нутагт нь нэг эд эс нь болж, загвараа хүмүүст толилуулж яваа хүний хувьд гадаадын болон Монголын загвар зохион бүтээгчдийн ялгааг олж харсан байх? 
-Монгол Улсын маань зах зээл жижиг учраас тэр хүрээнд, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхолд баригдаад байдаг юм шиг санагддаг. Энэ бол миний л бодол юм шүү. Түүнээс бол авьяас, сэтгэн бодох чадвар гологдоод байхгүй. Гэхдээ задгай сэтгэж сурах хэрэгтэй. Түүнчлэн англи хэл, санхүү, менежментийн бэрхшээл дээр гацдаг юм болов уу. 

-Ер нь, Монголын загвар зохион бүтээгчдийн дэлхийд гарах гарц нь юу байна вэ. Ямар загварыг голчилж хийвэл дэлхийд танигдаж чадахаар байна?
-Бусад хүнээс хуулбарлаад, ямар нэгэн байдлаар дууриалгаж хийгээд байвал явцгүй л дээ. Олон улсад гаръя гэж бодох юм бол өөрийн гэсэн онцлогтой, шинэ мэдрэмж төрүүлэхүйц загвар зохиох хэрэгтэй. Өөрийн загварынхаа онцлогийг тодорхой болгох хэрэгтэй. Шинэ, шинэлэг санаа олж байж л бусдад танигдана. Би ингэж л тодорхойлдог. Харин гарах гарцын хувьд хэн бүхний өмнө нээлттэй шүү дээ. Олон улсын тэмцээнүүд байна. Гагцхүү санхүүгийн бэрхшээл тулгарч болох юм. Томоохон тэмцээнд оролцохдоо өөрийн гэсэн онцлогтой загвартай байх л юм бол дэлхийн тавцанд гарах бүх зүйл нээлттэй. “Showroom”-д оролцоод том том худалдан авагч нарын хараанд өртөж болно. Тэгэхээр хамгийн түрүүнд маш сайн судалгаа хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. Ямар загвар зонхилж байна, аль нь хүмүүсийн сонирхлыг татаж байна гэх зэргээр.
 
-Дизайнер хүн өөрийгөө хөгжүүлэх ганц хөшүүрэг нь судалгаа хийх гэж ойлгож болох нь ээ?
-Миний хувьд цаг үргэлж судалгаа хийж, шинэ санаа олж, тэрийгээ хувцас болгон хүмүүст хүргэж өөрийгөө хөгжүүлдэг. Бусад дизайнер ч гэсэн ингэж л өөрийгөө хөгжүүлдэг байх гэж бодож байна. 

-Хэрвээ залуу дизайнерууд танд хандаж Италид хүрэх гүүр нь болооч гэвэл ийм боломж, бололцоо бий юу?
-Одоохондоо би өөрөө залуу дизайнер, залуу брэнд. Хараахан олонд танигдаад алдартай болчихоогүй байна л даа. Гэхдээ миний брэнд бага багаар өсч дэвжиж байна. Европын зах зээлд өөрийн байр суурийг олж авна гэдэг тийм ч хялбар зүйл биш. Үнэндээ толгойны өвчин. Миний зүгээс дизайнерууд болон гадаадад зах зээлтэй болох гэж хүсэмжилж байгаа хүмүүст өөрийнхөө хэмжээнд мэдэж буй бүх зүйлээр туслахад бэлэн байна. 

-Өөрийн брэндтэй болсон хүн тодорхой хэмжээний худалдан авагчтай болсон байж таарна. Нууц биш бол брэндүүдээ хэд орчим төгрөгөөр худалдаалж байна вэ. Зөвхөн танаар үйлчлүүлдэг үйлчлүүлэгч хэр олон бэ?
-Үнийг нь тоочны хэлмээргүй байна. Гэхдээ миний брэнд үнэтэйд тооцогддог. Надаар үйлчлүүлдэг олон хүн бий. Саяхан Киевт очихдоо нэлээд олон үйлчлүүлэгчтэй болсон. Тэр дунд Украины миссүүд, дуучин, безнесмэнүүд бий. Хүмүүс худалдаж авахдаа ч гэсэн цор ганц биз дээ гэдгийг асууж лавладаг. Ер нь үйлчлүүлэгчид маань цорын ганц загварт дурладаг юм. 

-Шинэлэг санаа гаргахын тулд судалгаа хийнэ, хамгийн сайн чанарын материалаар урлана гээд санхүүгийн асуудал их тулгардаг байх. Энэ асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Италийн “Lanificio Cerruti” гэдэг даавууны том үйлдвэр байдаг. Энэ компани миний материалын ерөнхий спонсроор хамтарч ажилладаг. Миний хувьд маш том дэвшилт бол энэ. SS/16 коллекцид багтсан загваруудаа энэ компанийн даавуугаар хийсэн. Тиймдээ ч их үнэтэй зарагдсан. Ер нь иймэрхүү том компаниуд залуу дизайнеруудыг дэмжиж ажилладаг юм. “Lanificio Cerruti” компанийхны хувьд миний загварыг хараад, ивээн тэтгэлгээр болоод материалаар хангасан. Ерөнхийдөө хөрөнгө, мөнгөний хувьд асуудал их гардаг л даа. 
Зураг авалт, моделио цалинжуулна гээд өртөг өндөртэй. Зардал их гарна. Ямар ч гэсэн санхүүгийн асуудлаа би өөрөө зохицуулаад явж байна. 

-Саяхан Украины нийслэл Киев хотноо болсон “Mercedes benz Kiev fashion show”-д загвараа толилуулсан мэдээлэл тань монголчуудад маань нэлээд хүрсэн ч таны сэтгэгдлийг сонссон нь үгүй. Тэгэхээр  “Mercedes benz Kiev fashion show 2016” хэмээх энэхүү шоуны талаар мэдээлэл өгөөч. Ямархуу болж өнгөрсөн бэ?
-2010 оны аравдугаар сараас эхэлж үйл ажиллагаа явуулсан шоу юм билээ. Жилд хоёр удаа зохион байгуулагддаг. Зүүн Европын залуу брэндүүдийг дэлхийн төвшинд сурталчлах зорилготойгоор зохиогддог юм байна. Миний хувьд залуу дизайнер учраас шууд том том шоунд оролцъё гэж бодсонгүй л дээ. Дээрээс нь их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэг болно. Тийм учраас багаас нь эхэлье гэж бодоод энэ шоунд оролцсон. Үнэхээр сайн зохион байгуулалттай болсон. Энэ шоу надад шинэ мэдрэмж өгсөн. Өмнө нь загварын долоо хоногийн хэмжээнд зохион байгуулагддаг шоунд оролцож байгаагүй учраас сайхан байсан. Украины бүхий л том одод нь ирсэн. 

-SS/16 коллекцид багтсан шар хүрэм тань сэтгүүлийн сайтад албан ёсоор тавигдсан гэсэн. Ингэхийн тулд ямар шалгуур давах ёстой болдог вэ?
-Киевт болсон шоунд оролцсоны дараа “VOGUE ITALIA”-гийн стилист нь өөрөө санал тавьсан. “Цөөн тооны дизайнеруудын хувцаснаас сонгож зураг авах гэж байгаа юм. Чиний шар хүрмийг зураг авалтад ашигламаар байна” гэсэн. Тэгэхэд маш ихээр баярласан. Миний энэ хүрмийг Украины топ модель Алина Байкова өмсч зураг авалтад оролцсон.

-Ингэхэд Монголдоо ирж загварын шоу хийе гэсэн төлөвлөгөө байдаг уу?
-Төлөвлөсөн зүйл байхгүй. Хүслээр болдог бол зун очмоор л байна. Загварын шоуны тухай бүр ч бодсонгүй. Эхлээд эндээ загварын долоо хоногийн шоунд оролцъё гэж бодож байна. Мөн одоогоор 2016 оны өвөл, намрынхаа загвар дээр ажиллаж байгаа болохоор энэ загваруудаараа тэмцээнд оролцох бодол бий. 

-Манай монголчууд загварын чиг хандлагаас нэг их хоцроод байхыг хүсдэггүй. Тэгэхээр энэ өвөл, намрын загвар ямар байгааг сонирхож буй болов уу?
-Загварын трендийн хувьд энэ жил залуучуудад зориулсан хувцас хүмүүсийн сонирхлыг татаж байна. Жишээлбэл, сонгодог загварын хувцас үйлдвэрлэдэг компаниуд хүртэл залуучуудад зориулсан энгийн хэлбэртэй хэрнээ өнгөлөг өнгөтэй сул загваруудыг гаргаж ирж байна. Тэгэхээр сул өмд, цамц загварыг тодорхойлж буй гэж болно. 

-Өнгөлөг гэхээрээ тод өнгө голчилно гэсэн үг үү?
-Байгалийн өнгө гэгддэг цайвар өнгөнүүд моданд орж байна. 

-Таны цаашдын зорилго, бодож төлөвлөсөн ажил юу байна вэ. Уншигчдад маань сонин байх болов уу?
-Миний зорилго бага багаар биелсээр байна. Наймдугаар ангид байхдаа өөрийн дотны найздаа Миланд очиж өөрийн загвараа танилцуулна гэж ярьдаг байсан юм билээ. 
Саяхан найз маань надад сануулж хэлсэн. Энэ мэтээр мөрөөдөл маань биелсээр байна. Тиймээс ирээдүйн зорилгоо их томоор төсөөлж байгаа. Европт өөрийнхөө брэндийг нэрд гаргаж, Европ болон Азийн зах зээлд гаргаж худалдан авагчтай болохыг зорьж байна. 

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан