Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж болохгүй"

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, Журам гэрээний төсөл батлах тухай асуудлыг хэлэлцэв.

Журам, гэрээний төсөл батлах тухай асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулав. Тус газраас үйл ажиллагаа нь зогсонги байгаа гурван байгууллагыг менежментийн хувьчлалаар хувьчлах санал боловсруулжээ. Тухайлбал, "Үртсэн шахмал түлшний үйлдвэр" ОНӨААТҮГ-ын тоног төхөөрөмжүүд хуучирсан тул Чех улсаас шинийг авахад 250, түүхий эд болон урсгалд засварт 150 сая төгрөг шаардлагатай байгаа аж.

Улаанбаатар хотын иргэдэд стандартад нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд "Багахангай мах боловсруулах үйлдвэр" НӨҮГ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулж, барилгад засвар хийх шаардлага тулгарчээ. Нийтдээ 12 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Тиймээс уг ажилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахаар нийслэлийн Өмчийн харилцааны газраас менежментийн хувьчлалаар хувьчлах санал боловсруулжээ. Мөн өнгөрсөн жилүүдэд тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн Налайх дүүргийн "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-ын ахуй үйлчилгээний төвийн барилгыг менежментийн хувьчлалаар хувьчлах санал оруулж ирсэн юм.

Менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах журмыг боловсруулахдаа ТБОНӨТХ-ийн 46 дугаар зүйлийг үндэслэжээ. Сонгон шалгаруулалтад оролцогч нь тухайн салбарт хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх чадамжтай байх, бизнес төлөвлөгөөний төсөлтэй байх шаардлагатай болж байна. Бизнес төлөвлөгөөний төсөлд үйл ажиллагааны хүрэх үр дүн, зах зээлийн цар хүрээ, хөрөнгө оруулалт, хугацаа зэргийг зааж өгчээ. Улмаар менежментийн гэрээг гурав хүртэл жилээр байгуулахаар төлөвлөжээ. Ингээд гэрээний хугацаа дуусахад үйлдвэрийн үйл ажиллагааг тодорхой түвшинд хүргэсэн тохиолдолд хувьчлах аж. Хэрэв үр дүнд хүрээгүй бол гэрээг хаах бөгөөд энэ тохиолдолд дэнчинг улсын орлого болгохоор төсөл боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан "Мах боловсруулах үйлдвэрт 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Менежментийн гэрээг дүгнээд цуцлах, хаах гэсэн заалттай. Гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй бол гэрээг цуцална. Шахмал түлшний үйлдвэр 2012 онд нээгдсэн. Өдгөө тоног төхөөрөмж нь элэгдсэн учраас шинэчлэх шаардлагатай. Энэ үйлдвэрийг 2014 онд нээлттэй дуудлага худалдаагаар худалдах гэсэн боловч санал ирээгүй юм. 2016 онд хувьчлах өмчийн жагсаалтад оруулсан байсан ч агаарын бохирдол ихсэж буй үед хувьчлах нь буруу юм байна гээд жагсаалтаас хасуулсан. Ингээд хувийн хэвшилтэй хамтран үйл ажиллагааг нь жигдрүүлэх шаардлагатай гээд менежментийн үр дүнг харгалзан хувьчлах санал оруулсан" гэсэн юм.

Уг асуудлыг Тэргүүлэгчид дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулсан юм. Тэргүүлэгчид дараах саналыг гаргасан учраас ийнхүү хойшлуулсан.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа: -Төлөвлөлт, бодлогогүйгээс гарсан алдааг зассаар байгаад л таарч байна. Үүний жишээ нь өнөөдрийн хэлэлцэж буй асуудал. Ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийгээд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгөө 400 сая төгрөгийн барьцаанд алдчихаад байна. Булган аймагт шахмал түлшний үйлдвэр бариад бүтээгдэхүүнээ яаж нааш нь нийлүүлэх гэсэн юм бэ. Цаашид ийм алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Хувийн хэвшлийн хийж чадах зүйлд хөрөнгө оруулалт хийгээд хохирол учруулж болохгүй гэсэн санал хэлмээр байна. Хувийн хэвшил орж чадахгүй байгаа салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгож байгаа. Үйл ажиллагаа, эдийн засгийн төлөвлөлт нь ямар байгааг сонсох ёстой. Нийслэлийн Өмчийн харилцааны газар бодлого гаргаж ажиллаарай.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун: -Өмч хувьчлалын жагсаалтад оруулчихсан учраас хувьчлах нь зүйтэй. Нийслэлийн Өмчийн харилцааны газар аль нэг байгууллагыг хувьчлах болохоороо журам боловсруулдаг байдлаа болих хэрэгтэй байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Батнасан: -Хувьчлахаар оруулж ирсэн гурван байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хөрөнгө нь өөр байна. Шахмал түлшний үйлдвэрийг 2010 онд ашиглалтад оруулсан байхад яагаад 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог юм бэ. Ямар үйл ажиллагаа явуулж, хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болоод тоног, төхөөрөмж нь элэгддэг юм бэ. Үүнийг сонсох хэрэгтэй. Мах боловсруулах үйлдвэрийн барилга 1990 онд ашиглалтад орсон. Мэргэжлийн хяналатын газраас барилгад нь үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг. Тэгэхээр хувьчлаад үр дүн авчрахгүй. Үйл ажиллагаа явуулаагүйн улмаас дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө ашиглаагүй байхад элэгдчихсэн. Тэгэхээр тус тусад нь санал хураах хэрэгтэй.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл: -Тусад нь санал хураах нь зүйтэй. Махны үйлдвэр шүүхийн маргаантай байгаа. Уг асуудлыг нь шийдэж байж хувьчлах нь зүйтэй. Өмчийг нь жагсаалт, тухайн байгууллагын саналыг авах хэрэгтэй. Газар нь байгаа, эсэх талаар ч мэдээлэл авах ёстой. Тиймээс махны үйлдвэрийн хувьчлалыг хойшлуулах саналтай байна. Шахмал түлшний үйлдвэрээс нийслэлд түлш нийлүүлнэ гэвэл өртөг өндөртэй байж мэднэ. Тооцож үзэх хэрэгтэй. Чехээс авах төхөөрөмж нь лацтай байдаг учраас турших боломжгүй. Эхлээд туршиж үзэх хэрэгтэй.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхжаргал: -Уг асуудлыг хойшлуулаад нийслэлийн Засаг даргаар томилогдсон С.Амарсайханы бодлого ямар байгааг сонсох хэрэгтэй. Тодорхойгүй зүйл олон байгаа учраас мэргэжлийн дүгнэлтүүдийг тусгах нь зөв гэж бодож байна. Аливаа өмчийг хувьчлахдаа бодлоготой оруулж ирэх хэрэгтэй. Гэвч санал оруулж ирсэн гурван байгууллагыг хувьчилснаар нийслэлийн иргэдэд ямар өгөөжтэй вэ гэдэг нь тодорхойгүй байна. Өртэй учраас хувьчлах нь зөв гэсэн байдалтай байж болохгүй. Тиймээс буцаах саналтай байна. Менежментийн гэрээг гурван жилээр хийнэ гэж байдаггүй. Арван жилээр хийж байж үр дүн нь гардаг.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: -Эдгээр үйлдвэр орон нутагт ажлын байр бий болгож, иргэд ажилтай болох сайн талтай. Гэвч ингэж хувьчлах болсноор нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж байна гэдэг хардлага төрж байх шиг байна. Хувьчлал хотын хөгжлийн бодлоготой яаж уялдах юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Ялангуяа шахмал түлшний үйлдвэрийн хувьд. Үйл ажиллагаа явуулаагүй байхад тоног төхөөрөмж нь элэгдээд үхмэл хөрөнгө болж байна. Тиймээс цаашид хэрхэн ашигтай байлгах талаар бодох хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан