Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Транзит Монгол-2019” форумаас хүлээх хүлээлт

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Транзит Монгол” хөтөлбөр 2008 онд батлагдаж, анхны танилцуулгаа 2009 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хийсэн түүхтэй. “Транзит Монгол-2017” анхны форум БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо, “Транзит Монгол-2018” форум ОХУ-ын нийслэл Москва хотноо тус тус зохион байгуулагдаж байв. Харин энэ удаагийн “Транзит Монгол-2019” форум манай улсад тэр дундаа “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д зохион байгуулагдаж байна.  

“Транзит Монгол-2018” форумын үр дүнд “Улаанбаатар төмөр зам”-ын транзит тээврийн хэмжээ 3.37 сая тонн болж өсчээ. “Улаанбаатар төмөр зам”-аар тээвэрлэгдэж буй транзит ачааны хэмжээ жилд дунджаар БНХАУ-ОХУ чиглэлд 22.1 хувиар, ОХУ-БНХАУ чиглэлд 13.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Тэгвэл энэ удаагийн форумын үр дүн ямар байгаасай хэмээн хүлээж буйг оролцогч талуудын холбогдох хүмүүсээс тодрууллаа.  

Б.Энх-Амгалан:Худалдааны эргэлтийг дамжуулах гол бааз суурь нь манай улс байх ёстой

/УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд/

-Монгол Улс Ази, Европыг холбосон хамгийн чухал цэг дээр оршиж буй орон. Удахгүй ОХУ, БНХАУ-ын хоорон дахь худалдааны эргэлт 200 тэрбум долларт хүрэх гэж байна. Мөн Монгол Улс, Хятад улсын худалдааны эргэлт 10 тэрбум долларт хүрнэ. Энэ том худалдааны эргэлтийг дамжуулах гол бааз суурь нь манай улс байх ёстой юм. Тийм учраас бид төмөр замынхаа бүтээн байгуулалтыг, ялангуяа төмөр замынхаа суурь бүтцийг шинэчлэх шаардлага, хэрэгцээ бий.

Мөн бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэх, хойд хэлээсээ, урд хэл хүртэлх автозамын бүтээн байгуулалтыг сайжруулах хэрэгтэй байна. Энэ хүрээнд Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км, дөрвөн эгнээтэй автозамын бүтээн байгуулалтын ажил хийгдэж буй.

Налайх-Улаанбаатар чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажил ч эд өрнөж байна. Эдгээр ажил энэ жил нэлээд дөхчихнө. Налайхын замын ажил бол дуусна. Дарханы замын хоёр эгнээ нь энэ жилдээ дуусч ашиглалтад орох ёстой. Алсдаа бид энэ дөрвөн эгнээ замуудаа үргэлжлүүлж бариад урд, хойд хилдээ хүргэх хэрэгтэй. Ингэж байж транзит тээврийнхээ урсгалыг нэмэгдүүлнэ. Тиймээс бидэнд нэлээд санаачилгатай ажиллах шаардлага тулгарч байна.

Мөн агаарын тээврээр дамжин өнгөрч байгаа онгоцны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнгөрсөн жил 207 тэрбум төгрөгийн орлого нагивацын орлогоос олсон. Энэхүү орлого энэ жил нэмэгдэх төлөвтэй байна. Түүгээр ч зогсохгүй манай улсаар дамжин өнгөрөх агаарын тээврийн компаниудын тоо, манай улстай хамтран ажиллах агаарын тээврийн компаниуд нэмэгдэх хандлага бий. Тиймээс транзит тээвэр, транзит жуулчдаас, транзит худалдаанаас олох манай улсын орлого нэмэгдэх бололцоо бий гэж үзэж байна.

А.А.Скачков:Ачааны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч ажиллана

/Өвөр-Байгалийн Төмөр замын дарга/

-УБТЗ-тай бид хоёр өртөөгөөр дамжуулж транзит тээвэр хөгжүүлэхийн төлөө хамтарч ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн. 2013 онд дамжин тээвэрлэх хэмжээ нь 7,3 сая тонн байсан бол 2018 онд 12 гарамтай болж нэмэгдсэн. Хоёр хилийн өртөөгөөр дамжин өнгөрөх тээврийн ачааг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа. Бидний хүлээж байгаа 2018-2019 оны ачааны хэмжээ бол 12,5 сая тонн. Ачааны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч ажиллана.

“Транзит Монгол-2019” арга хэмжээнд оролцож байгаадаа тун баяртай байна. УБТЗ ХНН-ийн 70 жилийн ойн босгон дээр энэ удаагийн форум болж буйгаараа онцлог болж байна. Тиймээс арга хэмжээнд нь өндөр амжилт хүсээд, нийт төмөр замчдад хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Ли Бэйжан:Ачаа, тээврээ хүлээж авах чадвар нь хүрэлцэхгүй байх вий гэдэгт санаа зовж байна

/Хятадын “Нэг бүс нэг зам” Тээвэр зуучийн холбооны нарийн бичгийн дарга/

 -Хятад, Монгол, Орос гурван улсын коридорын ажил нэвтрэх үйл явц яг эд явагдаж байна. 2017 оны байдлаар гурван улсын коридорын ажлын явц жаахан удаан байсан. Харин Бээжинд зохион байгуулагдсан уулзалтын үр дүнд ажлын явц хурдацтай өсөх хандлагатай байна. Ерөнхийдөө Бээжинд болсон арга хэмжээний үеэр Хятад, Монгол улсын Засгийн газрын удирдлагууд уулзсанаас хойш тээвэр маш хурдацтай өссөн. Миний хувьд ачаа тээвэр хурдацтай өсч байгаа энэ үед хүлээж авах чадвар нь хүрэлцэхгүй байх вий гэдэгт их санаа зовж байна.  

Өмнө нь Хятадаас Монголын нутгаар транзитаар дамжаад Орос руу гарч байсан ачаа их байсан. Одоо бол Хятадаас Монголоор дамжаад Орос руу яваад эргээд Хятад руу явж байгаа транзит өссөн. Тийм учраас ачаалал маш их байгаа. Нэг хүндрэлтэй зүйл нь нэвтрэх зам. Энэ асуудлыг Монгол болон Хятадын тал аль болох хурдхан шийдээд зохицуулах арга хэмжээ авч байгаа. 2018 оны долдугаар сард Замын-Үүд өртөөн дээр шилжүүлэн ачих том талбай байгуулсанд бид маш их олзуурхаж байгаа. Энэ том талбайн ачаар Эрээний ачаалал багассан. Энэ байдлаараа ес, аравдугаар сард Эрээнд ачаа ихсээд байгаа асуудал шийдэгдчих болов уу. 2016 онд ачааны хэмжээ тийм ч их байгаагүй. 2017 онд хэд дахин өссөн. Үүнээс болж Эрээн дээр ачааны бөглөрөл үүссэн. Гэхдээ энэ асуудлыг бүх арга талаас нь шийдээд явна. Энэ удаагийн арга хэмжээ дууссаны дараа Монгол, Хятадын тээвэр ихэсч байгаатай холбоотой ачааны бөглөрөл аль болох хурдан шийдэгдэж байгаасай гэж хүсч байна. Мөн Монголоор дамжаад цаашаа явж байгаа транзит ачааны хэмжээ нь ихсээсэй гэж бодож байна. Ачаа, тээвэр нь саадгүй нэвтэрч байгаасай гэж хүсэх байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан