Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд халгаатай саналууд батлагдвал хатуу тэмцэнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалын талаарх хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талын харилцан ойлголцлын санамж бичгийг 2013 оны 03 сарын 06-ны өдөр байгуулж, энэ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өнгөрсөн оны 03 сарын 28-ны өдөр “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-д өргөн барьсан билээ.

УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл дээр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарчмын зөрүүтэй саналуудыг ямар байгууллага (УИХ-ын ажлын хэсэг, дэд ажлын хэсэг болон МАОЭНХ, МҮХАҮТ гэх мэт) гаргасан нь тодорхойгүй 170 саналыг УИХ-ын НББСШУ-ны байнгын хороонд хүргүүлээд байна Гэвч дээрх 170 санал бүхий зарчмын зөрүүтэй томъёололд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудын саналыг аваагүй атлаа төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэн гэж үзэж хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлтийн хүрээнд нийгмийн түншлэгч талуудын тохиролцсон зарчмын тохиролцоог үгүйсгэсэн, хуулийн өмнө хүрсэн түвшинг дордуулсан, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудтай зөрчилдсөн, тус холбооны зүгээс санал нийлэх боломжгүй “хулгайн” асуудлууд оруулаад байгааг МҮЭ-ийн холбоо эсэргүүцэж байна хэмээн Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээллээ.
Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулиар ээлжийн амралтын нэмэгдэл хоногийг заахгүйгээр хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцох, ингэхдээ тухайн ажилтны хувийн байдлыг харгалзаж үзнэ гэжээ. Энэ нь өмнөх хуулийн хүрсэн түвшинг дордуулж, ялгаварлан гадуурхахын зэрэгцээ хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэв. Хэрэв шинэ залуу, ахмад ажилтан ялгаагүйгээр амралтын хоног нь 20 болвол ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нөхөн сэргээгдэх явцад сөргөөр нөлөөлсөн явдал болно гэдгийг сэтгүүлчдэд хэллээ.

Мөн зарчмын зөрүүтэй саналд “хөдөлмөрийн гэрээний зэрэгцээ сургалтын, үл өрсөлдөх, нууцын гэх зэрэг дагалдах гэрээ”-г байгуулахаар заасан нь хуулийн өмнө хүрсэн түвшинг дордуулсан, мөн эдгээр гэрээнүүдийн талаар хуульд тодорхой зохицуулалт тусаагүй, ажилтны эрх, ашиг сонирхлыг ноцтой хөндсөн зохицуулалт болж байна. Тухайлбал: Үл өрсөлдөх гэрээг байгуулснаар тухайн ажилтан ажлаас гарсанаас хойш 2 жилийн хугацаанд тухайн салбартаа хөдөлмөр эрхлэхгүй, цалин хөлсгүй байхаар байна. Энэ нь хүний хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдсан үйлдэл болно гэлээ.

Сахилгын зөрчлийг нээлттэй, хаалттай сануулах, цалинг 20 хүртэл хувиар хасах, ажлаас халах гэсэн төрлүүдийг зааж өгсөн хэрэглэхэд хүндрэлтэй, шат дамжлагыг нэмсэн, нээлттэй сануулах арга хэмжээний хувьд хүний үндсэн хуульд заасан нэр, төр, ажил хэргийн хүндэд халдаж, хувь хүний нууцыг задруулах, цаашлаад тухайн ажилтан ажил ажил хөлдөлмөр эрхлэх нөхцөл боломжид шууд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Мөн сахилгын шийтгэлтэй байх нэг жилийн хугацаанд шагнал, урамшуулал, үр дүнгийн нэмэгдлийг олгохгүй байхаар заасан байгаа нь ажилтныг хохироож байна. Дээр нь албан бус салбарт ажиллагчдыг хамруулах зорилгоор шинэчлэгдэх хууль маань тэднийг хамгаалах биш зөвхөн тунхагийн шинжтэй зарчмыг баримтална гэж байна. Албан бус салбарт ажиллагчдыг уг хуулийн хүрээнд оруулахгүй байсан юм бол энэ хуулийг шинэчлээд байх шаардлагагүй.
Тус хуулийн ард маш олон хүний амь амьдрал холбогдож байгаа учир яаран хөнгөн хуумгай хууль гаргаж болохгүй. Талуудын олон жилийн хөдөлмөрийг хүндэтгэж, нааштай хууль батлана гэдэгт итгэж байна. Хэрэв бидний тохиролцсон, тогтсон саналыг үгүйсгэж, “хулгайн” замаар орж ирсэн, ажилтны эрх ашгийг уландаа гишгэсэн дээрх саналуудыг дэмжин баталбал МҮЭ-ийн холбоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэмцэх болно гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан