Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тони Квок:Авлигатай тэмцэхэд олон жил шаардлагагүй, 3 жил л хангалтттай

 “Азийн сан”-гаас зохион байгуулсан “Азийн зарим улсын авлигатай тэмцэх туршлагаас суралцах нь” семинар энэ сарын 10-нд Блю скай зочид буудалд болж өнгөрсөн билээ. Энэхүү семинарт Хонконгийн Авлигатай тэмцэх газрын дэд дарга асан Тони Квок “Хонконг болон бусад Азийн улс орнуудын авлигаас ангижирсан туршлага” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний ярилцлагыг уншигч танд хүргэе.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хэлж байгаачлан  хамгийн их авлигажсан улс гэж нэрлэгдэж байсан Хонконг хэрхэн авлигыг бууруулж чадсан бэ?   

-Би 2002 онд Хонконгийн Авлигатай тэмцэх газрын дэд даргын ажлаа хүлээлгэн өгсөнөөс хойш Дэлхийн 26 оронд авлигатай тэмцэх чиглэлээр мэргэжлийн зөвлөх, сургагч багшаар ажиллаж байна. Эдгээр улсын дийлэнх нь Азийн улс орнууд, түүн дотор Монгол улс ч багтана. Авлигыг гурван түвшинтэй гэж үзвэл Хонконг хамгийн их авлигажсан улсаас хамгийн эрсдэл багатай улсруу шилжиж чадсан. Энэ туршлагаасаа хуваалцахаар ирсэндээ баяртай байна. 1970 онд Хонконг хамгийн их авлигажсан улс байсан. Сар болгон таксины жолоочид стикер худалдан авч машиныхаа урд наадаг. Ингэснээр таксины жолоочид замын цагдаа нарыг үл ойшоож дураараа явах боломж бүрддэг байсан л даа. Дүрэм ч их зөрчдөг. Нэг үгээр иргэд ч мөнгөөр стикер авч наагаад цагдаад баригдалгүй явж болдог гэдгийг мэддэг болчихсон, өөрөөр хэлбэл авлига ил тод сүлжээ байдлаар хөгжиж эхэлсэн байсан. Бараг компанийн түвшинд очсон нөхцөл байдал бий болсон. Тэр үед Хонконгчууд юу гэж боддог байсан бэ? гэхээр бид эхийн хэвлийгээс төрөөд үхэх хүртлээ л авлига өгөх ёстой юм байна гэсэн ойлголттой болчихсон байсан. Гэхдээ бид авлигатай тэмцэж чадсан. Эхний алхам юу байсан бэ гэхээр бүх нийтээрээ төрийн байгууллага ч тэр, ард иргэд ч тэр авлигыг зогсооё гэдэг нэг шийдэлд хүрч, зохион байгуулалттайгаар анхаарлаа хандуулж эхэлсэн. Хоёр дах алхам нь бид олон улсын зөвлөхүүдийг авчирч туршлага судлаж эхэлсэн.

“Арабын хавар”-ыг эхлүүлсэн гэх авлигатай тэмцэж өөрийгөө шатаасан Тунисын худалдаачин байдаг. Тэр өдөр бүр нэг долларыг цагдаад өгөхийг эсэргүүцэж өөрийгөө шатаасан. Хүмүүс ердөө л нэг долларын төлөө амиа золиосоллоо гэдэг ч тэр өдөр бүр гэр бүлдээ зарцуулах мөнгөнөөс нь авлига авч байдаг төр засгаа  зоригтойгоо шүүмжилж, амиа алдсан. Энэ авлигын асуудлаас болж засгийн газар нь унаж,  ерөнхийлөгч нь огцорсон. Ганц Тунис биш Имейн, Ливи, Египэт зэрэг улсад халдварласан. Эндээс юу гэж хэлмээр байна гэхээр хэрвээ та бүхэн авлигатай тэмцэе гэж бодож байгаа бол “Үл тэвчих зарчим” гэдэг зүйлийг авч хэрэгжүүлэх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр том зүйлийг онцлох биш жижиг зүйлийг ч орхигдуулж болохгүй гэсэн санаа. Жижиг авлигуудтай тэмцэх ч гэсэн маш чухал. Учир нь эгэл жирийн иргэдэд том авлигаас илүү жижиг авлигын хэргүүдийг зогсоох нь илүү ач холбогдолтой байдаг. Бүр сүлжээнд орсон авлигыг таслан зогсоохын тулд олон нийт, нийгмийн нөлөөлөл маш чухал гэдгийг мартаж болохгүй. Хүмүүсийн ихэнх нь хэн нэгнээс бэлэг авах, гар цайлгах зэрэгт багахан хэмжээний мөнгө өгөх нь зүгээр гэж ойлгодог, авлига өгөөд дадчихдаг. Жижиг зүйл авахын тулд бага хэмжээний авлига өгдөг том зүйл бүтээхийн тулд их хэмжээний авлига өгдөг, энэ нь бүр нийгмийн соёл болоод төлөвшчихсөн. Хүн болгон ингэх л ёстой юмшиг хүлээж авч байгаа энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй.

-Авлигатай тэмцэх ажил тасралтгүй үргэлжлэх ёстой байх. Магадгүй олон хүн урт хугацаанд үргэлжлэх зүйл гэж боддог. Богино хугацаанд авлигыг бууруулах боломжтой юу?

-Авлигатай тэмцэж үгүй болгоход урт хугацаа шаардлагатай юу? гэж үү. Тэгвэл би “үгүй” гэж хариулна. Би их олон улсад ажиллаж байсан. Ажиллаж байсан улсаасаа асуудаг л даа. Авлигыг хэдий хугацаанд устгах боломжтой вэ гэж. Үнэндээ хүмүүс 10 жил ч юмуу урт хугацаа шаардлагатай  гэж үздэг. Гэтэл Хонконгийн туршлагаас үзэхэд тийм биш. Авлигыг гурван жилийн дотор мэдэгдэхүйц бууруулах боломжтой. Энэ бол зохион байгуулалттай авлигыг бууруулахад хангалттай хугацаа. Би итгэл өгөх гэж энд ирсэн гэж бодож байна. Хэрвээ Монгол Улс авлигатай тэмцэхэд олон жил шаардагдана гэж бодож байгаа бол энэ тийм биш шүү л гэж хэлмээр байна. Дахин хэлэхэд томоохон өөрчлөлт гарахад 3 жил хангалттай.

Нэгэнт бий болоод иргэд ч дадчихсан тэр авлигаас хэрхэн яаж ангижрах вэ. Магадгүй олон хүн авлигатай тэмцэх байгууллага л авлигатай тэмцэх ёстой гэсэн ойлголттой явдаг.

Авлигатай тэмцэхийн тулд эхлээд системийн өөрчлөлт хийх шаардлагатай. Систем байгаад дээр нь хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж байж үр дүнтэй байх болно. Филлипин улс маш сайн хуультай ч дагаж мөрддөггүй байсан учраас төрийн худалдан авалт хамгийн их авлигад автсан байсан. Мөн бүх нийтээрээ авлигаас татгалзахгүй бол үр дүнд хүрэхгүй, хөнгөхөн шийтгэл оногдуулаад байвал бас ямар ч үр дүнгүй. Авлигаас сэргийлэх гэдэг чухал ч хуулийн хэрэгжилт маш үр дүнд хүргэх болно.  

Ихэнх улс орны иргэд Авлигатай тэмцэх чиг үүрэгтэй байгууллагадаа найддаг. Авлигатай тэмцэх газар л энэ ажлыг хийх ёстой гэдэг. Гэтэл тийм биш авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хүн болгоны оролцоо чухал. Төр иргэдтэйгээ хамтарч түншлэлийн харилцаатай байж илүү үр дүнд хүрнэ. Иргэд өөрсдөөсөө байнга асуух хэрэгтэй “Би авлигатай тэмцэхэд яаж улс орондоо тус болж чадах вэ?” гэж. Мөн төрийн байгууллагад байгаа авлигыг анхаараад хувийн хэвшилд нүүрлэсэн авлигыг тоохгүй өнгөрүүлж болохгүй. Адилхан тэмц. Учир нь төрийн авлига даамжирч бүхий л салбарт хувийн хэвшилд нэвтэрч хүнд суртал, авлига улам өөгшүүлэх болно. Азийн ихэнх улсад Авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай  болсон байдаг. Гэхдээ эдгээр газрын дийлэнх нь мөн л үр дүнгүй ажиллаж байгаа нь харамсалтай. Сингапур, Хонконг л арай илүү амжилттай байсан. Цаана нь мэдээж олон шалтгаан байгаа. Улс төрийн хүсэл зориг дутуу, улс төр хийгээд хөндлөнгийн оролцоо ихтэй, төсөв санхүүгийн хомсдолтой, хараат бус байж чаддаггүй, буруу стратегитэй, зөвхөн урьдчилан сэргийлэхэд л анхаардаг, шүүх прокурор нь авлигажсан, мэргэжлийн ажилтангүй байх гээд олон шалтгаан бий. Авлигатай тэмцэх газар нь өөрөө авлигажсан байх юм бол ямарч үр дүн гарахгүй нь ойлгомжтой. Энэ бүхнийг анхаарч бусад улсын сайн жишгээс суралцаж, туршлагажих хэрэгтэй.

-Хонконг хэрхэн богино хугацаанд авлигаасаа ангижирсан бэ?

-Авлигатай тэмцэх газрын хараат бус байдал маш чухал. Хонконгийн загвар хамгийн сайн загвар биш ч гэлээ амжилттай хэрэгжиж байгаа. Хонконг үндсэн хууль дээрээ “Хонконгийн засаг захиргааны тусгай бүсэд авлигатай тэмцэх газар нь хараат бусаар үйл ажиллагаа явуулж, Хонконгийн ерөнхий захирагчид ажлаа тайлагнаж байна” гэж заасан. Авлигатай тэмцэх газрын даргыг Хонконгийн тусгай бүсийн захирагчид санал болгож Бээжингээс томилдог. Авлигатай тэмцэх газар бол маш их эрх мэдэлтэй. Ямар ч яамны сайд энэ байгууллагын дарга руу утсаар залгаж мөрдөж буй хэргийг нь зогсоож чадахгүй. Харин ч тэгсэн тохиолдолд баривчлуулах эрх нь Авлигатай тэмцэх газарт нь байдаг учраас тэгэх зоригтой хүн ч гардаггүй.   

Хонконгод “Шударга ёсыг хангах тухай хууль” гэж бий. Хэрэв хэн нэгэн өндөр албан тушаалтан Авлигатай тэмцэх газрын дарга руу утасдаад шалгаж байгаа хэргээ зогсоохыг шаардвал Авлигатай тэмцэх газар “шударга ёсыг тогтооход саад учруулсан” гэсэн үндэслэлээр тухайн хүнийг баривчлах, ял оноох эрхтэй. Энэ бол хараат бус байдал ямар чухал болохыг харуулж байна. Ямар ч улсын авлигатай тэмцэх байгууллага нь улс төрийн оролцооноос хараат бус байх ёстой. Хэн ч гэсэн утасдаад Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд саад учруулж болохгүй.

-Авлигатай тэмцэж үр дүнд хүрсэн улсууд ямар стратеги хэрэгжүүлдэг вэ?

-Авлигатай тэмцэх гурван тулгуурт стратегийг авч хэрэгжүүлэхийг чухалчилдаг. Нэгдүгээрт боловсрол олгох, хоёрдугаарт урьдчилан сэргийлэх, гуравдугаарт таслан зогсоох. Аль нэг нь илүүтэй чухал гэхээсээ илүү гурвуулаа чухал зүйл. Монгол Улсын хувьд эхлээд боловсролоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Авлигатай  тэмцэх чиглэлээр боловсрол мэдлэгтэй байгаа тохиолдолд хэн ч авлига авахыг бодохгүй.  Боловсрол хүслийг нь хязгаарлаж өгдөг. Гэхдээ мэдээж боловсролд дангаар нь найдаж болохгүй. Харин авлига авахыг хүссэн ч авлига авч чадахгүй болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэр авлига авахад хүндрэлтэй болгож өгөх хэрэгтэй. Үүнийг манай урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хангаж өгдөг. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, системийг бий болгох, камержуулах зэргээр тухайн хүнийг авлига авахыг хүссэн ч авлига авах боломжгүй болгох хэрэгтэй гэсэн үг л дээ.

Боловсрол бол авлига авах хүсэлгүй болгодог бол урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа авлига авч чадахгүй байдалд оруулдаг. Харин дараа нь таслан зогсоох арга хэмжээ авснаараа шийтгэл хүлээлгэж ингэснээрээ авлига авч зүрхлэхгүй болгодог. Энэ бол гурван тулгуурт стратеги юм. Авлигатай тэмцэх газар авлига авсан хэнийг ч илрүүлээд барих боломжтой шүү гэдгийг анхааруулж байх хэрэгтэй. Иргэдэд тийм итгэл үнэмшлийг төрүүлэх хэрэгтэй.

Хонконгийн туршлагаас хэлэхэд хамгийн чухал нь мөрдөн шалгах ажиллагаа байсан. Мөрдөн байцаах газар нь 1400 ажилтантай 1000 нь мөрдөн байцаагчид. Энэ тоо л гэхэд авлигыг өндөр эрсдэлтэй гэмт хэрэг болохыг иргэдэд шууд утгаар нь харуулж байна. Хонконгд дээрх стратегиар үр дүнд хүрсэн. Хонконгийг дагаад Сингапурт үр дүн гаргасан.

-Төрийн өндөр дээд албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдох нь буурахгүй байгаа энэ үед бид ямар арга хэмжээ авах ёстой гэж та зөвлөх вэ?

-Азийн ихэнх улс Монгол Улс ч гэсэн Авлигатай тэмцэх бие даасан хуультай. Хэрэгжилтийг сайтар хангах хэрэгтэй. Хонконгийн хуульд юу гэж байдаг вэ гэхээр Хонконгоос өөр улсад ч гэсэн авлига авсан тохиолдолд яах вэ гэдгийг хуулиндаа оруулж өгсөн байдаг төдийгүй дээр нь нэмээд төрийн албан хаагч давуу тал олж авахгүй байхыг хуульчилсан. Давуу тал гэдэг нь Монголд бол хээл хахууль авах гэж ойлгож болно.

Төрийн өндөр дээд албан тушаалтан давуу байдлаа ашиглаж барилгын тендер хэн нэгэн хүнд авч өглөө гэхэд ажил бүтээж өгсөнийхөө төлөө тухайн төсөл дээр хамаарал бүхий хүнээ зөвлөхөөр орж ажлуулах, өндөр цалин өгөхийг шаардаж эсвэл бүр барилгын туслан гүйцэтгэгч компаниар ах дүүгийнхээ компанийг оруулах тохиолдол байдаг. Хэрэв ингэж давуу талаа ашигласан бол хорих ялтай.

Бас нэг жишээ хэлэхэд 10 мянган долларын үнэтэй автомашиныг эгэл жирийн иргэд 10 хувийн хөнгөлөлт эдлэж авах боломжтой атал төрийн албан хаагч  50  хувийн хөнгөлөлтэйгээр авсан тохиолдолд үүнийг хээл хахууль авсан гэж үзнэ. Учир нь өөртөө давуу тал бий болгож зах зээлд байхгүй хөнгөлөлт эдлэсэн гэсэн үндэслэлээр мөн л хорих ялтай. Авлигажсан хүмүүс маш ухаантай, уснаас хуурай гарах аргаа байнга эрэлхийлж байдаг. Тийм учраас хуулийн  заалтыг тодорхой болгох хэрэгтэй.  Хонконгд авлига авахгүй байх, давуу тал олохгүй байх зэрэг бүх асуудлыг улс төрчдийн болон төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэм дээрээ оруулж өгсөн байдаг.

Ашиг сонирхлын зөрчил гэсэн бас нэг ойлголт байна. Шууд утгаараа мөнгө авч өгөлцөөгүй ч шууд бусаар ашиг хонжоо олж байгаа хэргүүд гардаг. Өөрөөр хэлбэл албан тушаалаар хүлээсэн ашиг сонирхол нь хувийн ашиг сонирхолтой нь зөрчилдөх явдал гардаг. Албан тушаалаа ашиглаад хамаатан садандаа дэмжлэг үзүүлдэг байдал Монголд түгээмэл байгаа ажиглагдсан. Хонконгд үүнийг гэмт хэрэг гэж үздэг. Өөрөө юу ч аваагүй найздаа, хамаатан садандаа тусалсан гэдэг. Мөн 20 сая долларын тендерийн шалгарлуулалтанд орохдоо хамаарал бүхий компани нь өрсөлдөж байгааг мэдсэн ч мэдэгдэлгүй шалгаруулсан төрийн албан хаагч 30 сар хорих ял авсан.

Эцэст нь хэлэхэд Хонконг жилд 143 сая долларыг авлигатай тэмцэхэд зарцуулдаг. Энэ нь 7 сая хүн амтай манай улсын нэг хүнд жилд 20 долларыг авлигатай тэмцэхэд зарцуулж байна гэсэн үг л дээ. Их юм шиг сонсогдож магадгүй ч манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0,18 хувь нь авлигатай тэмцэхэд зарцуулагдаж байгаа. Тэгэхээр авлигатай тэмцэхийн тулд төсөв гаргаж, илүү үр дүнд хүрэхийг ганцхан төрийн байгууллагад даатгах биш бүх нийтээрээ анхаарлаа хандуулж чадвал авлигыг бууруулж чадна.

Ярилцсанд баярлалаа.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

1 Сэтгэгдэл
АТГ ЭНЭ САЙХАН ТУРШЛАГУУДИЙГ МОНГОЛДОО ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ТУУШТАЙ БАЙГААРАЙ,, САЙН ТУРШЛАГА БН ШҮҮ АМЖИЛТ
Хамгийн их уншсан