Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Экспортын “цахим боомт”-ыг иргэн бүр нээж чадна

-Сүүдэрт дагжиж нуугдалгүй, гэрэлтэй талд нь хүчээ сорих цаг ирээд байна-

Э.Батцэцэг

Цар тахлын хөл хориог сулруулж, үйлчилгээний газруудыг нээж эхэлсний дараахан Италийн нэгэн кафед үйлчлүүлсэн эрхэм тооцоонд нэг евро төлөх байсан ч 50 евро өгчээ. Талархлынх нь хариуд тэрбээр, “Би төрийн албан хаагч. Өглөө бүр танайд аяга кофе уудаг байсан юм. Харин танайх 50 хоног ажиллаагүй. Энэ хугацаанд орох байсан орлогын чинь бяцхан хувийг нөхөн олгож байгаа минь энэ. Би энэ хугацаанд ажлаа хийж л байсан” гэж хариу талархсан тухай түүх бий. Дэлхий нийтээр хөл хорионд сөхөрсөн бизнесүүдийг яг үүн шиг төр нь аварчихна хэмээн найдаж хүлээх нь өрөөсгөл билээ.

Харин COVID-19-ийн “ачаар” шинээр бий болсон боломжуудыг шүүрэн авч өндийх нь аж ахуйн нэгжүүдийн өмнө сорилт, мөн боломж болж гарч ирлээ. Энэ бол хөл хорионоос үүдэн хаагдсан, доголдсон үйл ажиллагаагаа дахин идэвхжүүлж, хил хязгааргүй өрнүүлэх цахим эринд шилжих явдал юм. 

Хоёр жилийн өмнө Хонконгт болсон нэн чухал бизнес уулзалтад Монголын нэгэн байгууллага зардлыг нь гаргах боломжгүйгээс ажилтнаа явуулж чадаагүй юм. Гэтэл тэндээс эхэлсэн бизнес модул өдгөө улам боловсронгуй болж, тив алгасан цахим уулзалтаар үргэлжлэн тэлсээр байна. Тухайн үед нислэгийн болон байр хоолны зардал болох 2000 орчим ам.доллар олдоогүйгээс оролцож чадаагүй ажилтан нь өнөөдөр ердөө 300 ам.доллар төлөөд, унтлагын өрөөндөө богино өмдтэйгөө суугаад бизнесийн шинэ модулыг судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд эхэлсэн нь COVID-ын л “ач” гэлтэй. 

Есдүгээр сарын 27-ны байдлаар www.worldconferencealerts.com-д 8681 чуулга уулзалт, форумын зар байршаад байна. Тэдгээрийн талаас илүү хувь нь цахим ертөнцөд бизнесээ хэрхэн удирдах талаар дэлхийн өнцөг булан бүрт буй гүйцэтгэх захирлууд, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийг хамруулан ямар шинэчлэл шаардлагатайг хэлэлцүүлж, хөрөнгө оруулалт татах, түншлэх орон зайг бий болгоход чиглэж байна. 

Тухайлбал, аравдугаар сарын 24-25-нд Бизнесийн шинэ загварын олон улсын бага хурал зохион байгуулахыг http://eurasiaweb.com/ мэдээлж, уул уурхай, ашигт малтмал, металлын боловсруулалт дахь хяналт, оновчлол, автоматжуулалтын талаар туршлага солилцох тул салбарын удирдлагууд, шинжээчид, инженерүүдийг нээлттэй оролцохыг уриалсан байна. Түүнчлэн 11 дүгээр сарын 1-2-нд болох “Нано шинжлэх ухаан ба нанотехнологийн олон улсын бага хурал”-д https://conferencealert.com/conf-detail.php?ev_id=351432 линкээр орж бүртгүүлээд, өөр өөр оронд боловсруулж, хэрэгжүүлж буй орчин үеийн технологийн шийдэл, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн салбар, төрийн байгууллагуудын оролцоо зэргийн талаарх мэдлэг, мэдээлэл авах боломжтой болсон байх жишээтэй. 

Зөвхөн инженерчлэл, үйлдвэрлэлийн шинэчлэлээр энэхүү цахим түншлэл хязгаарлагдахгүй. Банк санхүү, эрүүл мэнд, спорт, боловсрол, соёл урлаг, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, экологи гээд бүхий л салбарт ямар өөрчлөлт шинэчлэл өрнүүлж буйг хуваалцах олон төрлийн арга хэмжээний мэдэгдлийг http://associationforum.org/, https://www.eventbrite.com/, https://www.insidermedia.com/ гэх мэтчилэн наад захын вэбсайтаас харж болно.

Дээрх цахим арга хэмжээнүүдийн гишүүнчлэл болон зочны тасалбар өөр өөр ханштай бөгөөд дунджаар 50-200 ам.долларын төлбөр шаардлагатай. Мөн зарим эвент, сургалтууд үнэ төлбөргүй явагддаг.

Монголын сая гаруй иргэнийг “тэжээж” буй хувийн хэвшлүүд дор бүрнээ дэлхийтэй нэг нүдээр харж, нэг чихээр сонсдог болохын төлөө эрмэлзэх шаардлагыг цар тахал улам хурдлууллаа. Цахим эрин, XXI зууны иргэн гэж хоосон цэцэрхэж суусан монголчуудыг цаг үетэйгээ хөл нийлүүлж, технологид суурилсан инновацыг нутагшуулж, түүндээ дөрөөлөн эдийн засгаа өөд нь татах боломжийг цар тахал ийнхүү олголоо гэхэд хилсдэхгүй. Дэлхий улам хавтгай болж, та бидэнд бэлэн платформоо санал болгож байна.

Энгийн нэг жишээ авъя. Үйлчилгээний салбарт ажилладаг танил маань халагдсан даруйдаа онлайн худалдаанд хүч сорих болсон юм. Хэрэглээг хялбаршуулсан гэр ахуй, гоо сайхны бараа Хятадын вэбсайтаар дамжуулан захиалж аваад, өөрийн фэйсбүүкээр сурталчилж, гурван түгээгчээр зэрэг хүргүүлэх маягаар ажилладаг. Сардаа дунджаар 50 орчим сая төгрөгийн борлуулалт хийдэг. Үүнээс 70 хувь нь импортоор авах бараа, тээврийн зардал, сурталчилгааны хөлсөнд төлдөг гэв. Ингээд ямар ч түрээс төлөхгүй, түгжрэлд зоогдохгүй, цалин хүлээхгүйгээр гэрээсээ ажиллаж, сардаа арав гаруй сая төгрөгийн цэвэр ашиг олдог аж. Ийм онлайн худалдаачид улам олширсоор байна. Тэд хэдийгээр цөөхөн гэр бүлийн амьжиргааг залгуулж байгаа боловч импортын урсгалд хүч нэмсээр байгаа нь харамсалтай. Харин энэ мэт аргачлалаар гадагшаа мөнгө урсгах биш, дотооддоо татаж байвал эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргааг дэмжихэд нөлөөлж эхэлнэ.

Цар тахлын дараа эдийн засгаа өсгөх гол хүчин зүйлийг экспорт нэмэгдүүлэх явдал гэж МҮХАҮТ-аас дэвшүүлсэн. Экспортыг зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр төлөөлдөг эдийн засгийн бүтцээ өөрчлөхийг тэд онцолж буй. 

Хэрэв онлайн худалдаагаар сардаа хагас зуун саяыг эргэдүүлдэг танил шиг маань олон хүн өдөр бүр цахим ертөнцөд сая саяаараа сүлжилдэн уулзалдаж буй дээрх эвентүүдэд оролцож, наад зах нь Монголынхоо экологийн цэвэр бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, түншлэл байгуулж чадвал эдийн засгаа өсгөхөд оруулж буй хувь нэмэр нь болно. Хааяа нэг гардаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнгийн үеэр хахдаг эсгий болон арьсан урлалыг эхний ээлжинд онлайн худалдаанд зуучлахад төрийн бодлого хүлээх шаардлагагүй. Цахим орчинд чөлөөтэй ажиллаж дадсан, гадаад хэлээр ойлголцдог “сийрэг толгойтон” л байхад хангалттай. Ийм боломжийг дэлхий нийтэд сүүдрээ тусгасан коронавирус бидэнд олгоод байна. Сүүдэрт дагжин нуугдалгүй, гэрэлтэй талд нь хүчээ сорих цаг ирээд байна. 

Энгийн нэг үйлчилгээний ажилтны бизнес модулыг томруулж хараад, нутагшуулж чадвал Монголын жижигхэн эдийн засгийг хэд дахин нугалсан өсөлт энүүхэнд байгааг хувийн хэвшлийнхэн ойлгож, энэ зүгт боловсон хүчнээ бэлтгэж байгаа. Харин төрийн бодлого тэдэнтэй өрсөлдөж, хорьж хавчих, дүрэм журам тогтоож нугалаа үүсгэн, авлига нэхэх орон зайг бий болголгүй толгой дохин дэмжиж, эрсдлээс хамгаалахад чиглэгдээсэй.

МҮХАҮТ-ын 60 жилийн ойн шилдэг бүтээлийн уралдаанд зориулав.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан