Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Монгол тэмүүлэл", 11 дүгээр сургуулийн сурагчид дэлхийн түвшинд үнэлэгдэв

"Монгол тэмүүлэл", 11 дүгээр сургуулийн сурагчид дэлхийн түвшинд үнэлэгдэв

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага буюу /OECD/-аас 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй гурван жилийн давтамжтайгаар "Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ буюу PISA зохион байгуулж байна. Энэ үнэлгээг 2021 онд дэлхий нийтээр зохион байгуулах ёстой байсан боловч цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, 2022 онд ээлжит үнэлгээг зохион байгуулсан. Дэлхийн 81 орны 690 мянган суралцагч оролцож, өөр өөрсдийн орны боловсролын чанарыг тодорхойлоход хувь нэмрээ оруулжээ.

Монгол Улсын хувьд 2022 оны үнэлгээнд анх удаа хамрагдаж, 196 ерөнхий боловсролын сургуулийн 15 настай, 7276 сурагч сонгогдсон байна. Нэг жил хагасын хугацаанд олон улсын үнэлгээний дата боловсруулах ажлыг хийж, өнөөдөр PISA үнэлгээний /2023.12.05/ дэлхийн нээлтээ хийлээ.

Математик, Унших, Байгалийн ухаан гэсэн үндсэн гурван сэдвээр уг шалгалтыг авдаг. Шалгалтыг авахдаа компьютер болон цаасанд суурилсан үнэлгээг хийдэг ч Монголын хувьд компьютерийн шалгалтыг өгчээ. Өнгөрсөн 2022 оны үнэлгээний тухайд нэмэлтээр бүтээлч чадварын даалгаврууд буюу 21 дүгээр зууны ур чадваруудыг даалгавар хэлбэрээр оруулж ирсэн байна. Мөн аль нэг хичээлийг голлох хичээл гэж зарладаг бөгөөд 2022 оны үнэлгээний голлох хичээл математикийн хичээл байсан гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Монгол Улс математикийн хичээлийн үнэлгээнд оролцсон 81 орноос 425 оноо авч, 47 дугаарт жагссан байна. OECD байгууллагын дундаж үнэлгээ 472, Азийн дундаж үнэлгээ 451, Монголын гүйцэтгэл 425 байна. Анх удаа энэ үнэлгээнд хамрагдаж байгаа зургаан орноос нэгдүгээр байр эзэлжээ. Монгол Улс OECD байгууллагын дундаж дүнгээр математикийн үзүүлэлтээр 2,3 жилийн хоцрогдолтой, Азийн дундаж үзүүлэлтээс 1.2 жилийн хоцрогдолтой байна.  Энэ ЭЕШ-ын үнэлгээ биш. Энэ бол гүйцэтгэл.

Харин унших чадвары хувьд OECD байгууллагын дундаж үнэлгээ 476, Азийн дундаж үнэлгээ 427, Монгол Улс 378 байна. Хамгийн муу гарсан үнэлгээ байлаа. Унших чадвар гэдэг нь ойлгож, эргэцүүлэн бодож, эссэ бичиж чадаж байна уу гэдгийг шалгадаг. Монгол хүүхдийн унших чадвар дэлхийн 81 орноос 65 дугаар байранд жагсч, OECD олон улсын байгууллагын дундажаас таван жилийн хоцрогдолтой явж байна. Азийн дундаж үнэлгээнээс 2.5 жилийн хоцрогдолтой гэдэг гүйцэтгэл гарсан байна. Мөн байгалийн ухааны хувьд OECD байгууллагын дундаж үнэлгээ 485, Азийн дундаж 449, Монгол Улс 412 байна. OECD байгууллагын дундаж үнэлгээнээс гурван жилийн хоцрогдолтой, Азийн дундаж үнэлгээнээс 1.8 жилийн хоцрогдолтой явж байна.

Сурагчдын математикийн ур чадварын хувьд монгол хүүхдүүдийн хоёр хүүхдийн нэг нь суурь түвшиндээ хүрэхгүй байгаа бол нэг сайн үнэлгээ байна. Нийт 7276 хүүхдийн 160 хүүхэд нь топ гүйцэтгэлтэй гарчээ.

Хот, хөдөөгийн сургуулийн ялгаа үүссэн байна уу. Нийслэлийн дундаж гүйцэтгэл 447, аймгийн хүүхдүүдийн дундаж 415 байна. Аймгийн хүүхдүүд математикаар нийслэлийн хүүхдүүдээс 1.5 жилийн хоцрогдолтой бол сумын хүүхэд аймгийн хүүхдээс нэг жил, сумын хүүхэд нийслэлийн хүүхдээс 2.5 жилийн хоцрогдолтой байна. Монголын 196 сургуулийн 86 хувь нь олон улсын дундажаас нийгэм, эдийн засгийн үзүүлэлт доогуур байна. Ихэнх нь аймаг, сумд байгаа юм. Дэлхийн түвшинд матемитикийн үзүүлэлтээр топ эгнээнд жагсч байгаа сургууль гэвэл "Монгол тэмүүлэл", 11 дүгээр сургууль, "Эрдмийн өргөө" сургуулиудаас дэлхийн түвшинд хүүхдүүд үнэлэгджээ. Аймгийн төвөөс Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" сургууль, Говь-Алтай аймгийн нэгдүгээр сургууль, Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр сургууль жагсч байгаа бол сумаас Сэлэнгэ аймгийн Мандал сум, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас дэлхийн түвшний хүүхдүүд байна.

Төрийн болон хувийн сургуулиудын гүйцэтгэл хол зөрүүтэй гараагүй байна. Математикаар хувийн сургууль 417, төрийн сургууль 426, унших чадвараар хувийн сургууль 366, төрийн сургууль 380, байгалийн ухаанаар хувийн сургууль 404, төрийн сургууль 414 байна. Үүнээс харахад баян хоосны ялгаа одоохондоо гараагүй байна. Өндөр төлбөр хувийн сургуульд төлсний үр дүн харагдахгүй байна гэсэн үг" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан