Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зургаан Засаг даргын томилгоо улс төрийн хэрүүлийн алим болж хувирав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн Засаг дарга нарын асуудлаар мэдээлэл хийлээ. Орон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд болсноос хойш өнөөдрийн байдлаар 15 аймгийн Засаг дарга томилогдоод байгаа юм. Хөвсгөл, Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга томилогдоогүй байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг дараахь мэдээллийг өгсөн юм.
Тэрээр, “Хөвсгөл аймгийн тухайд ИТХ нь гурван удаа хуралдаж нэг хүнээ л дэвшүүлсэн байсан. Ганболд гэх тэр хүнтэй холбоотойгоор АТГ-аас ашиг сонирхолын зөрчилтэй гэсэн бичиг ирүүлсэн. Тиймээс би би өөр хүн томилж ирүүл гэсэн шаардлагыг тавьсан ч “Яахаараа Ерөнхий сайд буцаадаг юм” гэж ярьж байна гэсэн. Тиймээс би Хөвсгөл аймагт Амарбаясгалан гэдэг залуугаар Засаг даргын үүргийг гүйцэтгүүлэхээр захирамж гаргасан.
Дорнод аймгийн ИТХ-аас Бадамсүрэнгийн нэрийг ирүүлсэн. Би буцаасан ч дахин зүтгүүлээд байгаа. Аймаг орон нутгийг том том компаниуд хувьчилж авах гээд байгаад Ерөнхий сайдын хувьд тэвчиж чадахгүй байна.
Дундговь аймгийн ИТХ-ын шийдвэрээс гарсан хүнийг буцаасан. Эхний хурлаа хууль зөрчиж хийсэн. 18 хүнтэй хуралдсан ч дөрвөн төлөөлөгчийн бүрэн эрх нь баталгаажаагүй байсан болохоор хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр буцаасан. Дахин хуралдаж хүнээ явуулахдаа дахид л хууль зөрчсөн. Засаг даргад хоёр хүн нэр дэвшвэл нууцаар санал хураах байтал илээр санал хураасан. Дахин санал хураалт явуул гээд буцаасан. Гурав дахь удаагаа хуралдаад хоёр хүн нь тэнцчихээд байгаа юм. Тиймээс асуудлаа шийдээд ир гээд буцаачихаад байна.
Говьсүмбэр аймагт шүүхийн маргаан үүссэн. Хоёр хүн нь эцэслэн шийдвэрлэгдсэн учир төлөөлөгчдийн харьцаанд өөрчлөлт орсон. Гэтэл сонгуулийн хороогоо хуралдуулахгүй байгаа юм.

Сэлэнгэ аймагт мөн л шүүхийн маргаантай байгаа. Гэхдээ энэ аймагт ажил цалгардаагүй. Говь-Алтай аймгийн ИТХ хуралдахгүй хоёр сар гаруй болсны эцэст хуралдаж хуучин Засаг дарга Амгаланбаярыг сонгоод явуулсан. Би хуулийн хугацаанд судалж байна. Түүнээс надад улс төржсөн зүйл байхгүй. Тиймдээ ч Ардын намын гурван Засаг дарга тэр даруйдаа л сонгогдоод явж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Гишүүдийн асуусан асуулт, Ерөнхий сайдын хариултыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-УИХ-ын гишүүн Н.Энхболд: Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Мэдээлэл сонсч байхад Ерөнхий сайд эхнийхийг нь буцаасан гэсэн хэрнээ ямар шалтгаанаар буцааснаа хэлэхгүй байна. Миний мэдэж байгаагаар Дундговьд ямар ч асуудал байгаагүй. Хуульд нууцаар санал хураах гэсэн заалт байхгүй. Дундговьд болсон шиг зүйл Архангай аймагт болсон ч Засаг даргыг нь батламжилсан. Олон аймагт Засаг даргаа сонгохдоо илээр санал хураасан. Баянхонгор, Төв, Хэнтий гэх мэт олон аймагт. Тэгвэл яагаад хоёр өөр зарчим үйлчлээд байна вэ. Архангай аймагт ч гэсэн ганцхан АН хуралдаад л хүнээ явуулсан түүнийг та батламжилсан шүү дээ.
Түр орлон гүйцэтгэгч гэж хуульд байхгүй. 1996 онд Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрээр түр орлон гүйцэтгэгч гэдгийг үгүйсгэсэн. Тэгэхээр мэдсээр байж ийм шийдвэр гаргав уу.

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Дундговь аймгийн хувьд хоёр хүн нэр дэвшсэн. Хоёр хүн дэвшсэн тохиолдолд нууцаар санал хураах хуультай. Ямар маргаан үүссэн гэхээр 18 хүний бүрэлдэхүүнтэй МАН-ын төлөөлөгчид хуралдсан байгаа юм. Гэтэл үүнээс дөрөв төлөөлөгчийн бүрэн эрх нь баталгаажаагүй байсан юм билээ. Тэгэхээр 14 хүн л хуралдаж, ирц хүрээгүй байсан гэсэн үг. Тиймээс хуулийн дагуу л хуралд гэж хэлсэн.
Түр орлон гүйцэтгэгчийн тухайд М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа хотын Засаг даргын орлогчийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байсан юм билээ. 2004 онд мөн дөрвөн аймгийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилж байсан жишиг байна. Тиймээс өмнө байсан жишгийг баримталсан. Би одоогоор хоёр аймагт түр орлон гүйцэтгэгчийг томилоод явж байгаа.

-УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Ерөнхий сайд аа, жишгээр ажиллахгүй ээ. Хуулийн дагуу л ажиллах ёстой шүү дээ.

-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Та улс төржөөгүй гэж хэлж байна. Бидний бодлоор та улс төржөөд байна. Хөвсгөл аймгийн ИТХ-ын шийдвэрээр сонгогдсон Ганболд гэдэг хүнийг батламжлахгүй гэж гурван удаа буцаасан нь үнэн. Гэхдээ ямар ч үндэслэлгүй буцаасан. Танд татгалзах таван шалтгаан байгаа. Гэтэл энэ шалтгаанаас нэгийг нь ч дурьдаагүй. Байнгын хорооны хуралдаанд зориулж АТГ-ын бичгийг уншлаа. Өчигдөр авсан юм уу. Орон нутгийн сонгуулийн үеэр л Амарбаясгалан гэдэг залуу “Би үүрэг гүйцэтгэгчээр ирнэ” гэж яриад явж байсан. Тэгэхээр энэ бол зохион байгуулалттай зүйл байна. Та үндсэн хууль зөрчлөө. Засаг дарга томилогдтол өмнөх Засаг дарга нь ажлаа үргэлжлүүлнэ гэссэн заалт цагаан дээр хараар бичээстэй бий. Гэтэл та үүнийг зөрчиж үүрэг гүйцэтгэгч томиллоо.

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Би тантай Хөвсгөл аймгийн Засаг даргын талаар ярилцсан. Та нар намайг “Яахаараа Ерөнхий сайд буцаадаг юм бэ” гэж ярьж байна гэсэн. Ганболд гэдэг хүн Хөвсгөлд байдаг ноос ноолуурын үйлдвэрийг эзэмшдэг юм билээ. Энэ бол ашиг сонирхлын зөрчил байна гэсэн үг. Ганболд гэдэг хүнийг биш сонгогдсон төлөөлөгчдөөсөө боломжийн хүнээ гаргаад ир л дээ. Яагаад заавал мөнгө цаасны асуудалтай, татвараас зугтсан хүнийг зүтгүүлээд байгаа юм бэ. Надад Хөвсгөлийг гацаах тухай бодол огтхон ч алга.

-УИХ-ын гишүүнЛ.Энх-Амгалан: Та ард иргэдийн сонголтыг үгүйсгэж болохгүй. Би тантай уулзсан. Ганболд гэдэг хүн болохгүй байна уу гэж асуусан. Тэгэхэд Ганболд ийм асуудлаар болохгүй байна гээд хэлэхгүй яасан юм бэ. Тэгж мэдэгдэж болоогүй юм уу. Таны татгалзсан үндэслэл дээр ямар нэгэн шалтгаан байхгүй байсан болохоор Хөвсгөлийнхөн гурван удаа хуралдаад байна шүү дээ. Одоо дөрөвдэх удаа хуралдах асуудал яригдах нь.

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Би гурван удаа буцаагаагүй. Нэг л удаа буцаасан. Ерөнхий сайд заавал хуулийн зүйл заалт хэлж татгалзах эрхгүй л юм билээ
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Дорнодын талаар товчхон мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-эд Дорнод аймгийн ИТХ анхны хурлаа хийж Бадамсүрэнг 58 хувиар сонгосон. Гэтэл энэ сарын 3-нд тодорхойгүй шалтгаанаар буцаасан. Нэгдүгээр сарын 7-нд дахин хуралдаж 94 хувийн саналаар Бадамсүрэнг дахин сонгосон. Та мөн л ямар ч үндэслэлгүйгээр буцаасан. ИТХ дахин хуралдсан ч та томилоогүй байна.
Миний ажиллаж байсан Монголын алт компани газрын тос боловсруулах үндэсний томоохон төслийг амжилттай хэрэгжүүлээд явж байгаа. Энэ бол дотоодын эдийн засагт маш их хэрэгтэй зүйл. Хувийн компанид аймгийг хувьчлахгүй гэж та юу хэлээд байна вэ. Дээрээс нь та Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчсөн. Та үүнийгээ хэрхэн тайлбарлах вэ?

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Хуулиараа шалтгаан хэлэх ёсгүй. Засаг даргад саналаа хэлэх эрхийг Үндсэн хууль надад олгосон. Компани удирддаг хүнд аймгийн удирдлагыг өгөхгүй ээ. Өнөөдөртөө Ерөнхий сайдын хувьд би буцаах эрхтэй.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Нам доторхи бүлэг фракцын ашиг сонирхол байна. Би Дорнодоос сонгогдсон болохоор сонгогчид маань надад шаардлага тавьж байна. Тантай уулзаж Дорнодын Засаг даргын асуудлаар тайлбар авах гэж таны өрөөний хаалгыг би бараг сар сахиж суусан. Гэтэл та намайг хүлээж аваагүй. Тэгсэн хэрнээ амин хувийн асуудал ярьсан компанийн захирал уулзаад байсан. Танд би цаг гаргаж өгөөч гэж индэр дээр байхад чинь хэлсэн. Тэгэхэд та над руу мэссеж бичээрэй гээд утасныхаа дугаарыг өгсөн. Гэсэн ч та надад хариу өгөөгүй.

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Та Дорнод аймагт мөнгө тараасан. Намайг Дорнод аймагт намайг ажиллахад та надтай хамт суугаагүй. Иргэд чинь надаас чамайг нэхэж байсан юм шүү.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Би таныг Дорнод аймагт ажиллаж Газрын тосны хэлэлцүүлэг хийж, иргэдтэй уулзахад чинь хамт мөр зэрэгцүүлээд сууж л байсан. Харин АН-ын дэвжигчидтэй уулзахад би очоогүй ээ, үнэн.

Энэ мэтээр зургаан аймгийн Засаг даргын томилгооны асуудал Ерөнхий сайд болоод УИХ-ын гишүүдийн дунд багагүй маргаан дэгдээсэн юм. Парламентын хамгийн залуу гишүүн Н.Номтойбаярын хувьд Ерөнхий сайдын хэлсэн тайлбарт сэтгэл дундуур байгаагаа үйл хөдөллөөрөө илэрхийлж, ширээ цохин бухимдаж байгаа нь харагдсан. Харин Ерөнхий сайдын хувьд ёстой л айлын авгай нар шиг хэрүүлийн шинжтэй тайлбар хийж, аливаа асуудлыг бөөрөнхийлж байв. Тэрчлэн хэлсэн үгээ хэлээгүй мэтээр мэлзэж байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний дуран авиад буусан биз ээ. Ийн гишүүд асууж, Ерөнхий сайд хариулсны эцэст гишүүд саналаа хэлсэн юм. Гишүүдийн саналыг хүргэе.

-УИХ-ын гишүүн Сү.Батболд, Асуудлыг бодитой харах хэрэгтэй. Зургаан Засаг дарга сонгогдоогүй нь бүгдээрээ МАН-ын намынх. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр өмнө нь гарсан юм билээ. Энэ шийдвэртэй зарчмын хувьд авч үзэхэд зохистой биш байна. Бүтээн байгуулалтын олон ажил ярьж ирсэн. Тиймээс хоёр нам үүнийг нэг талдаа гаргаж шийдэх нь зөв байх. Зарчимд нийцэхгүй байна шүү дээ.

-УИХ-ын гишүүн М.Энхболд: Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Гишүүдийн асуугаад байгааг сонсохоор Ерөнхий сайд улс төрийн өнгө аястай байдлаар хандаад байгаа юм болов уу. Асуудлаа шийдээгүй байгаа зургаан аймагт МАН олонхи болсон. Гэтэл зарим нэгэн томилогдсон аймгийн Засаг дарга нар шалгуурт нийцээгүй л байна. Тэгэхээр нэг зарчим үйлчлээгүй юм байна гэдэг нь харагдаж байна. Дундговь аймгийн хоёр дахь хуралд АН-аас нэр дэвшээгүй юм билээ. Хуулийн дагуу бол энэ хурлын шийдвэрийг тав хоногийн дотор баталгаажуулах байсан. Гэтэл мушгисан байдалтай яриад байх юм аа.
Говьсүмбэр аймгийн хувьд төлөөлөгчид нь бүрэн баталгаажаагүй байгаа хурлын ирц хүрсэн шүү дээ. Ирц хүрж л байгаа бол хурлын шийдвэр хүчин төгөлдөр гэдгийг хүн бүр мэднэ. УИХ-ын ч бүрэн гүйцэд 76 болж амжаагүй л байна. Гэтэл та юуг нь хүлээгээд байгаа юм бэ. Зарим аймагт төсвөө батлаагүй байгаа болохоор төрийн албан хаагчид нь цалингаа авч чадаагүй байна. 15 аймагт зудын байдалтай болжээ. Аймаг эзэнгүй болчихоогүй гэж хэлж байгаа ч тэр аймгийг удирдаж байгаа хүмүүс тухайн аймгийн эзэн шиг нь байж чадах уу, үгүй юу. Байнгын хороонд гаргасан саналын дагуу та Засаг даргагүй байгаа аймгийн асуудлыг шийдээрэй гэдгийг хэлье.

-УИХ-ын гишүүн Н.Энхболд: Би таны чуулганы хуралдаанд ярьсан зүйлийг бүгдийг нь бичүүлээд аваад ирлээ. Та Ардын намын бүлэгт орох шаардлагагүй гэж хэлсэн байна. Бид яагаад энэ асуудлыг дахин дахин тавиад байгаа юм бэ гэхээр хуулийн дагуу сонгогдсон Засаг дарга нарыг томилохгүй л гэсэн шалтгаан байна гэж ойлгож байна. Энэ Ерөнхий сайд хамгийн их улс төржсөн гэж манай намын дарга хэлснийг та сонссон байх. Ямар ч шалтгаангүй буцаагаад байгаа зүйлийг бид үүнээс өөрөөр юу гэж харах вэ. Улс төржсөн л зүйл биз дээ.

-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Энэ асуудалд анхаарал хандуулахаас өөрцгүй болчихоод байгаа. Хөвсгөлд болоод байгаа зүйлийг танд хүргүүлсэн. Үнэхээр татгалзсан бол бичгээр тодорхой шалтгаан дурьдаад өгөөч. Тэгвэл бид ИТХ-ын дөрөвдэх хурлыг хийхээр болж байх шиг байна. ИТХ-ын дэгийн дагуу хуралдаад шийдвэрийг та баталгаажуулж өгөөрэй.

-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Батболд Ерөнхий сайд байхдаа Хотын дарга Э.Бат-Үүлийг батламжлахад ийм асуудал үүссэн л дээ. Өвлийн бэлтгэлийг хангах асуудлыг ярьсан. Өнөөдөр бас л тийм зүйл ярьж байна. Монгол Улс эмзэг байдалд иржээ. Явж байгаа зүйл нь өшөө авч байгаа шинжтэй л байна. Энэ дөрвөн жилийн хугацааг Монгол Улс ашиглаж чадахгүй бол маш том зүйлийг бид алдах гээд байна. Гудамжинд байсан иргэний хөдөлгөөн, үйлдвэрчний эвлэлийн бүх төлөөлөл парламентад орж ирсэн. Одоо иргэд юу сонгох юм бэ. Монголын улс төрийн чадавхи шавхагдаж байна. Өмд, гутлын хэрүүл хийгээд байвал хэний эрх ашигт нийцэх вэ. Ялангуяа Ерөнхий сайд та гол эрх ашигтайгаа нийцээд урагшаа л хармаар байна. Манай аймагт ч асуудал хүндрээд л байна шүү дээ. Шалтгаан нь надад таалагдахгүй байна гэж хэлж болохгүй. Энэ бол иргэдээ ялгаварлан гадуурхаж байгаа л зүйл. Өнөөдөр сайдууд нь асуудлаа ойлгуулж чадахгүй, орсон хууль нь  унаад л. Ийм нөхцөл байдал бид яаж ойлголцох юм бэ. Хувь хүний эрх ашгийг олон түмний эрх ашгаас дээр тавьсаар байгаад ийм байдалд хүрлээ. Төрийг бэхжүүлэх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дарга нь хууль тайлбарлаад сууж болохгүй ээ.

-УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Та яагаад үг сонсч чадахгүй байчив. Энэ байдал чинь үнэт зүйл рүү ороод байна. Өмчийн эрх рүү, ард түмний эрх ашиг руу ороод байна.
Үүрэг гүйцэтгэгч гэж байхгүй ээ. Хуульд байхгүй хэллэгээр яваад байна. Өнөөдрийн хар дээр цагаанаар бичсэн зүйлээр л явах ёстой. Өнөөдөр бүх засаг захиргаа чинь түр орлон гүйцэтгэгчээр яваад байна. Ерөнхий сайд тавхан үндэслэлээр татгалзах ёстой. Ерөнхий сайдын эрх үүргийг заагаад өгчихсөн гэж гэсэн үг.
Барьцааны улс төрөө хэзээ болох юм бэ. Заавал Засаг даргын орлогчийг АН-аас тавина гээд хэлсэн байна билээ. Ийм байдлаар гурван Засаг дарга сонгогдсон. Энэ мэт барьцааны улс төр хэтрээд байна. Дэмжих юм аа бид дэмжинэ. Дэмжихгүй зүйлээ бид хэлнэ. Үүнийг анхаараач ээ. Тэгэхгүй шүүхийн шийдвэр хүлээгээд байвал яах юм бэ. МАН хэдэн суудлаар илүү болно тэр хүмүүсийг нь шүүхэд өгч байна. Ийм улс төр хийж, буруу жишиг тогтоомооргүй байна. Таны жишгийг дараагийн удаа хэрэгжүүлээд эхэлбэл Монгол Улс урагшлахгүй ээ. Хамтарч ажилламаар байна. Гэхдээ барьцаа, наймаа хиймээргүй байна.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Би хамгийн залуу гишүүн нь л дээ. Таны улс төрийн увайгүй үйлдлийг харахаар үнэхээр бухимдах юм. Нам доторхи фракцийнхаа эрх ашгийг урдаа тавих юм. Тэрэндээ болоод ширээ цохилоо. Хүлцэл өчье. Би дөрөвдүгээр ангид байхдаа Гончигдорж гишүүнийг 1990 онд талбай дээр гараад явж байхад нь харж байсан. Энэ маань намайг улс төрд хөтөлсөн байх.
Ерөнхий сайд та Үндэсний аюулгүй байдлын гишүүн хүн. Би үндэсний аюулгүй байдлыг хангах ажлыг долоон жил хийсэн. Энэ бол маш том хариуцлага.
Та намайг мөнгө тараасан гэлээ. Тийм зүйл огтхон ч байхгүй. Та шалга. Танд бүрэн эрх нь байгаа. Би ажил хийх гэж л энд орж ирсэн. Хамтраад ажиллая гэдгээ би хэлсэн шүү дээ. Ямартай ч ажил хийхийг хүсч байна. Залуучуудад та муу үлгэр дуурайл бүү үзүүл л дээ. Таныг дэмжиж байгаа хүн олон байна. Зургаан аймгийг улс төржүүлээд байх зүйл байхгүй шүү дээ. 

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан