Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨР, ЗАСАГ НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН КОМПАНИ ШИГ АЖИЛЛАНА

Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачид хэмээн доог тохуу хийж, басамжилдаг байсан цаг саяхан. Өнөөдөр өнгөт металл олборлогчдын ач буянаар олон аймаг, сумын нутаг сүйдсэн. Гэвч нөхөн сэргээсэн нь бараг үгүй. Зарим газар нутаг сарны гадаргуу шиг болсныг ярьсаар л байгаа. Гэвч сүйтгэгчидтэй буюу алт олборлож байсан тухайн компанитай хариуцлага тооцсон нь ховор. Энд зөвхөн ганцхан баримт дурдъя.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт ашигт малтмалын 80 гаруй тусгай зөвшөөрөл олгосон тухай тоон баримт өнгөрсөн онд гарч байв. Үүний 40 орчим нь алт олборлох лиценз. Тэгвэл өнөөдөр байгаль орчныг хамгаалах хуульд заасны дагуу сүйтгэгдэж, эвдэгдсэн хөрс шороог анх байсан хэлбэрт оруулах ёстой атал овоолж босгосон шороогоо ухсан нүх рүү нь хийснээр нөхөн сэргээлтэд тооцогдож байгааг нутгийнхан ярьсаар. Төв аймгийн Заамарт ч иймэрхүү дүр төрх ажиглагддаг. Хаягдаж орхигдсон хуучин уурхайн туурин дээр амьжиргаагаа залгуулах гэсэн иргэд очин гар аргаар алт угааж буй. Ийм ажил хийж байгаа хүмүүст хууль, хүний ёс гэсэн зүйл огт байхгүй. Зөвхөн алтны төлөө улайран тэмцэж, хэн нэгний амийг ч егүүтгэхэд бэлэн байдаг хэмээн ярих нэгэн ч бий. Гэхдээ яагаад нинжа нар гарч ирсний гол буруутай нь хэн бэ гэдэг сонин. Уг нь, эрхэм алтны компаниудад төрөөс зөвшөөрөл олгохдоо хуулийн дагуу ажиллаж, нөхөн сэргээх ажлаа гүйцэтгээрэй гэсэн гэрээ байгуулсан байлтай. Гэтэл алтыг нь аваад авдрыг хаях зарчмаар хандав тэд. Хуулийг чангатгах үүднээс “урт нэртэй” хэмээн адлагдсаар ирсэн хууль төрүүлэв, парламентаас. Гэвч тусыг эс олсон.
Яагаад гэвэл, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, хил хязгаар тодорхойлоход бэрх, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй гээд л тас цохин, хэрэгжих боломжгүй гэсэн ганцхан шалтаг тавьсан болохоор тэр. Магадгүй энд ашиг сонирхлын зөрчил бий гэсэн хардлага төрүүлдэг нь нууц биш. Хүн бүхэн  эх оронч гээд л цээжээ дэлдэх биз. Тэгвэл алтныхан ашиг олохоос өөр зүйл сэтгэхгүй л байна даа. Өнөөдөр сүйтгэгдсэн газрыг хэн нөхөн сэргээх вэ гэсэн томоос том асуултын тэмдэг бий. Лав л олборлолт явуулсан аж ахуйн нэгжүүд хийхгүй нь ойлгомжтой боллоо. Учир нь, бид авахаа авсан одоо маньд падгүй гэх болохоор. Энэ нь ч батлагдчихсан. Тиймээс төр засаг нөхөн сэргээлтийн компани аятай ажиллахаар болж. Уг ажил тун удахгүй эхлэх биз.
Тодруулбал, нинжа нарын сүйтгэсэн болон социализмын үеийн газрууд, зөвхөн уурхайн чиглэлээр бус цэргийн зориулалтаар ашиглаж байсан газруудыг төсөвт хөрөнгө суулган нөхөн сэргээлтийг нь шийдэх аж. Одоогийн байдлаар 15 аймгийн дөрвөн мянга орчим га талбайн 350 орчим цэгт байгаль орчны нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, шалгалт, судалгаа хийсний үр дүнд дээрх тооны газруудыг тогтоосон гэнэ.
Гэхдээ “нинжа” нар сүйтгэсэн гэж байгаа ч хариуцлагагүй уул уурхай эрхэлсэн аж ахуйн нэгжүүдийн буруутай үйлдлээс л энэ бүхэн үүдэлтэй. Мөн нэгэн сонин зүйл энд бий. Тухайн газарт үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжээр нь нөхөн сэргээлт хийлгэнэ гэх. Ашигт малтмалын чиглэлээр олборлолт эрхэлсэн аж ахуй нэгж нь өнөөдөр амь бөхтэй оршиж байгаа бол заавал нөхөн сэргээлгэх ажээ. Яахав,  үйл ажиллагаа нь явж байгаа компани бий л байх. Гэхдээ ухсан газартаа ургамал ногоо тарьж, бут сөөг суулгах нь юу л бол. Бид ингэж их сүйтгээгүй та бүхний хянаж чадаагүй “нинжа” нар ингэсэн гээд л хойш суух нь лавтай. Үүнээс харахад төрд л бүх хариуцлага ногдох нь. Мөн төсөв бүрдүүлэгч түмэн олны нуруунд уг ачаа дайгдах нь  бололтой.

Э.Мөнгөн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан