Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.БАТСУУРЬ: СҮХБААТАР АЙМАГТ НЭГ Ч ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ИЛҮҮ ХУВААРИЛААГҮЙ

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ц.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Наран мандах зүгт” олон ангит кино, “Баруун-Уртаас эхэлж байна” хэмээх нэвтрүүлгээр Сүхбаатар аймгийн шинэ дүр төрхийг Монгол орон даяар харцгаасан. Ялангуяа, гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох ажлын талаар иргэд ам сайтай байгаа?

-Өнгөрсөн дөрвөн жилд жишиг байдлаар баригдсан 700 айлын гэр хорооллоос эхний ээлжинд 200 өрхийг халаалт, дулаан, халуун, хүйтэн ус бүхий дэд бүтэцтэй холбох ажлыг Баруун-Уртад өрнүүлсэн. Аймгийн удирдлагын зүгээс 8-10 га газарт байгуулсан 200 орчим өрхийг жишиг хорооллын нэгж болгон дэд бүтэцтэй холбож, дунд нь бүрэн шаталт бүхий утааны шүүлтүүртэй Европ стандартын “Кофтлайн” орчин үеийн халаалтын зуух тавьсан. 200 өрхийг нэг яндантай болгосноор хотын агаарын бохирдлыг багасгасан.
-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гэр хорооллыг инже­нерийн шугамд холбохоор ярьж байгаа ч төр, иргэдийн хоорондох үл ойлголцол үүссэн. Үүнийг хэрхэн шийдсэн бол?
-Сүхбаатар аймагт нэг ч төгрө­гийн хөрөнгө оруулалт илүү хуваа­рилагдаагүй. Гэр хорооллын айлуу­дын хувьд тэгтлээ эмх цэгц­тэй байгаагүй. Хамгийн гол нь, сүхбаатарчууд сэтгэлгээний өөрчлөлтөд орж, чадсан гэдгийг хэлэх нь зөв байх. Зам талбай барих, шугам сүлжээ татахын тулд иргэдийн газрыг хуурч аваагүй, хүмүүс ч дургүйцэж ямар нэгэн асуудал үүсээгүй. Орон нутгийн удирдлага болон ард иргэд хэлэлцээд зөвшилцөлд хүрсэн. Үүний үр дүнд Сүхбаатар аймаг хот болох нөхцөлөө хангаж эхэлсэн. Жишиг маягийн гэр хороолол, бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц, хаус, өндөр зэрэглэлийн хувийн орон сууц, орчин үеийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүгд сүндэрлэх болно. Сүхбаатарчуудын хүсч мөрөөдөж буй зүйл нь хотын соёлтой адилхан сэтгэж, цаашдаа улам хөгжих хүсэл тэмүүлэлтэй байгаа. Сэтгэлгээний өөрчлөлтийг мөнгөөр үнэлэх боломжгүй том зүйл. Иргэд сэтгэлгээгээ өөрчилж чадвал цаашдаа хөгжил хурдан хугацаанд өрнөх бүрэн боломжтой.  
-Хэдэн он гэхэд гэр хорооллоо инженерийн шугамд бүрэн холбож дуусахаар төлөвлөж байна вэ?
-2030 он гэхэд бүрэн холбож дуусгана. Гэхдээ хөгжлөө дагаад хүн ам нэмэгдэнэ. Тийм учраас урьтаж зэрэгцэж хийх зүйл олон байна. Хэдий аймаг маань өдрөөс өдөрт хөгжиж байгаа ч иргэд маань санасан хэмжээнд хүртэл орлоготой болж чадахгүй байна. Тийм учраас орлогод нь таарсан байрны асуудлыг шийдэх ёстой. Тэрнээс бага орлоготой иргэд маань 2-3 өрөө байр авч чадахгүй шүү дээ.
-Орон сууцны нэг ам.метрийн үнэ хэд байна вэ?
-Хамгийн доод талд 570 мянган төгрөг. Дээшээгээ үнийн хувьд хэд ч хүрч болно.  
-2013 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлууд юу байгаа бол. Улсын төсвөөс аймагт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал тусгасан бол?
-Аймгийн урсгал болон орон нутгийн хөгжлийн санд нийтдээ 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орно. Аймгийн ИТХ ху­рал­даад сумдын орлого сан­хүү­жилтийн төлөвлөгөөг баталчихсан байгаа. Засгийн газраас тавьж буй шаардлагын дагуу хөрөнгө оруулалтын зураг төсөл нь хийгдсэн, бодит, үр ашигтай зүйлд зарцуулахыг анхааруулсан. Энэ онд дулааны цахилгаан станц ашиглалтад орно. Аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох ажил үргэлжлэн явна. Бичигтийн боомтыг Баруун-Урттай холбох 277 км авто замын төслийг хэрэгжүүлэх юм. Уг зам нь далайд гарах хамгийн дөт зам буюу Азийг холбосон хоёр дахь гарц болно. Сүхбаатар аймгийн хөгжлийн гол суурь бол мал аж ахуй, хил орчмын аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхай. Хэрвээ 277 км авто замын төсөл шийдэгдчихвэл транзит тээвэр гэдгээрээ аймгийн хөгжилд томоохон нэмэр болох нь дамжиггүй. Аймгийн хэмжээнд сүүлийн 4-5 жил мал сүрэг тасралтгүй өсч байгаа. Жилд 300 орчим тэрбум төгрөгийг энэ салбараас олдог.
-Баруун-Урт яах аргагүй хөгжил болон дэд бүтцээрээ аймгуудыг тэргүүлчихлээ. Цаашдаа сумдуудад ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Хөгжил гэдэг хүний амьдрах таа­тай орчин. Сумаас аймаг руу шилждэг, аймгийн төвөөс хот руу шилжихгүй нутаг оронд нь сайхан амьдруулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Иргэд маань ч гэсэн хүнд сурталгүй, хоггүй цэвэр орчинд амьдрах энгийн зүйл л хүсч байна. Тэрнээс биш Сингапур шиг давхар зам, өндөр барилга байшин мөрөөдөхгүй байгаа. Сүхбаатар аймаг сумдаа орчин үеийн болгон ард иргэдийн хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлэхийн тулд шаардлагатай 540 гаруй тэрбум төгрөгийн хүсэлтийг Эдийн засаг, хөгжлийн яаманд тавь­сан. Мэдээж, тус яамнаас шууд гар­гаад өгөх боломжгүй. Гэхдээ энэ хэм­жээний мөнгөөр зүүн бүсийн хөг­жилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, 60 гаруй мянган иргэн  орон нутагтаа сэтгэл хангалуун амьдрах нөхцөл бүрдэх боломжтой.  
-Аймгуудын удирдлагуу­дад эрх мэдлийг өгснөөр тен­дер зарлан ажил гүйцэтгэх ком­­паниудаа сонгохоор болж бай­на. Ер нь, дэд бүтцийн ажлыг чанартайхан хэл амгүй гүйцэтгээд явчих хэмжээний компани орон нутагт хэр олон бэ. Танай аймгийн хувьд дэд бүтэцтэй холбоотой ажил хэр өрнөж байна?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд  аймгийн удирдлагын зүгээс орон нутагтаа хүчтэй компаниуд бий болгохыг гол бодлогоо болгосон. Зам болон барилгын ажлаа өөрсдөө барьчихдаг байхыг зорьж байна. Ер нь, гэрэлтүүлэг, шугам сүлжээ гээд дандаа Улаанбаатараас компани авчирч хийлгэнэ гэж юу байх вэ.

У.Бадам

0 Сэтгэгдэл
za amjilt aimgiinha hiidiin humuustei eve olson ni sain shuu uhaan gargasan bna lee ulamjlalaa tsug avch yvbal hojim tanii bas neg baharhal bol
za amjilt aimgiinha hiidiin humuustei eve olson ni sain shuu uhaan gargasan bna lee ulamjlalaa tsug avch yvbal hojim tanii bas neg baharhal bol
Сүхбаатар аймгийн Засаг даргыг Ж.Батсуурь гэдэг. Овог буруу бичнэ гэдэг маш том баримтын алдаа шүү. Цаашдаа анхаараарай У.Бадамаа.
Хамгийн их уншсан