Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.БОЛД: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ ТААГҮЙ БАЙНА. ТЭГЭХЭЭР ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ӨСӨХГҮЙ БАЙХ

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг ашигт малтмал эзэлж байгаа. Гэтэл дэлхийн эдийн засаг ойрын хугацаанд хямралаас гарах гарц харагдахгүй байгааг олон улсын эдийн засгийн судлаачид хэлж буй. Ингээд Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд ерөнхий эдийн засагч С.Болдтой гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, ашигт малтмалын үнэ ямар байх талаар ярилцлаа.

-Дэлхийн эдийн засаг хямралтай байна. Өнгөрсөн онд ашигт малтмалын үнийн савлагаа их, нүүрсний үнэ хямдарснаар улсын төсөв бүрдэлт дутахад хүрсэн.  Ер нь, манай улсын эдийн засгийн байдал ямар байв?

-Манай улсын гадаад худалдааны нөхцөл өнгөрсөн онд 14 хувиар муудсан. Үүнд, экспортын бүтээгдэхүүний үнийн нийлмэл индекс 5.6 хувиар буурсан.
Гэтэл импортын барааны үнэ буураагүй. Харин ч 9.9 хувиар өссөн. Энэ нь төлбөрийн тэнцлийн урсгал данс талаасаа гадаад эдийн засгийн сөрөг нөлөө Монголын эдийн засагт орж ирсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны алдагдал өссөн гэж хэлж болно. Эдийн засагт төлбөрийн тэнцлийг хөрөнгө санхүүгийн тэнцэл гэж ярьдаг. Манай улсын эдийн засагт гадаад валютын орох урсгалын дийлэнхийг бүрдүүлдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 640 гаруй сая ам.доллараар буурсан. Үүнийг 2011 онтой харьцуулбал  15 хувиар багассаныг илтгэж байгаа юм. Өнгөрсөн онд эдийн засагт орж ирж байгаа нийт валютын урсгал татарчихсан, гадаад эдийн засгийн сөрөг нөлөөлөл орж ирсэн эгзэгтэй үе байлаа.
-Тэгвэл энэ онд гадаад худалдааны нөхцөл сайжрах уу. Эсвэл хямралын нөлөө үргэлжлэх нь үү?
-Энэ онд ч гэсэн  гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин, гадаад худалдааны тодорхой бус байдал бас үргэлжлэхээр байна. Нөхцөл байдлыг саяхан гаргасан мөнгөний бодлогын шийдвэрт харгалзан үзсэн. Өөрөөр хэлбэл, төв банк бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргахад гадаад эдийн засгийн орчин, Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, суваг зэргийг тооцож үзсэн.
Бид байнга ажиглаж судалдаг. Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдал бол таагүй байна. Цаашид дотоод, гадаад эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах талаас олон зүйл дээр анхаарах хэрэгтэй. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтын орчин ямар байгаа нь хөрөнгө оруулалт буурч буйгаар илэрхийлэгдэж байна. Энэ нь, нэгдүгээрт гадаад эдийн засаг талдаа хөрөнгө босгох орчин таатай биш байгаатай холбоотой. Хоёрдугаарт, дотооддоо хууль эрх зүйн орчны өөрчлөлт болон бу­сад шалтгааны улмаас га­даа­дын хөрөнгө оруулалт урам­шуулагдах уу эсвэл тогтвортой байх, буурах уу гэдэг зүйл байна л даа. Тэгэхээр энэ бүгдийг  бид харгалзан үзэх учиртай. Үүнийгээ  цаашид мөнгөний бодлого шийдвэрт тусгаж байх нь зүйтэй юм. Одоогоор энэ нөхцөл байдал эрсдэлтэй байгаа.
-Энэ жил эдийн засаг хатуу боорцог хэвээр байх нь. Төсвийн орлого бүрдэлт, ашигт малтмалын үнэ ямар байх бол гэсэн төсөөлөлтэй байна вэ?
-Бид төсөөлөл судалгаа хийхдээ макро эдийн засгийн орчны бүх бүрэлдэхүүн хэсгийг ажигладаг. Өөрөөр хэлбэл, бодит сектор, улсын төсөв, гадаад эдийн засаг, банк санхүүгийн салбараа ч хардаг. Ер нь, бодлогын шийдвэр гаргахын цаана судалгаа, анализ, төсөөлөл, тооцоо бий. Тухайлбал, эдийн засгийн орчны бүх хүчин зүйлийг хардаг гэсэн үг л дээ. Гадаад эдийн засгийн орчин тийм ч таатай биш байна гэж дээр хэлсэн. Тэгэхээр түүхий эдийн үнэ огцом өсөх  зураглал байхгүй. Гэхдээ ашигт малтмалын үнэ хэтэрхий унахгүй. Ер нь, экспортын гол нэрийн ашигт малтмалын үнэ харьцангуй тогтвортой байх болов уу гэж төв банк таамаглаж байгаа. Гэхдээ алгуурхан буурахыг ч үгүйсгэхгүй. Энэ бүх эрсдэлийг  харж үздэг л дээ.
-Өнгөрсөн онд ашигт малтмалын үнэ, гадаадын хөрөнгө оруулалт зэргээс шалтгаалж манай улсад орж ирэх гадаад валютын урсгал татарсан гэлээ. Тэгэхээр энэ онд бас ийм зүйл ажиглагдах нь ээ дээ?  
-Ер нь, гадаад валютын  орох, гарах урсгал гэдэг тухайн улсын бизнес, эдийн засгийн идэвхжилтийг илэрхийлэхэд туйлын чухал. Тэгэхээр валютын орох урсгал татарчихаар тухайн улсын эдийн засгийн мөнгө, зээлийн үзүүлэлтүүд удааширна.
Мөн эдийн засгийн өсөлт, төсвийн орлого нь буурдаг. Энэ мэтээр маш олон сөрөг нөлөөлөл бий болдог. Бас  гадаад валютын дотоодын захын ханшид өөрчлөлт гардаг. Иймд өнгөрсөн жил нэлээд амаргүй, гадаад эдийн засгийн эрсдэл өндөртэй байлаа. Гэхдээ Монгол Улс харьцангуй хохирол бага, алгуурхан, боломжийн даваад гарсан. Бид эгзэгтэй ийм үеийг хохирол багатай давсан маань энэ онд макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлын үндсэн зорилтуудаа  хангах суурь нөхцөл нь бүрдлээ гэж хэлж болно.
-Тэгэхээр Монголбанк эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзаж, мөнгөний бодлогын хүүгээ 0.75 хувиар буурууллаа. Үүний шалтгаан нөхцөл нь юунд байна вэ?
-Эрэлтийн шалтгаантай инфляц буурсан. Эдийн засгийн потенциал төвшнөөсөө бодит эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээ хаана байна. Энэ хоёр үзүүлэлтийн зөрүү ямар  байгаа вэ гэдгээр илэрхийлэгддэг л дээ. Уг үзүүлэлт нь  эерэг байгаа тохиолдолд эдийн засгийн идэвхжилт харьцангуй хурдацтай, нөгөө талдаа хэт халалтын шинж тэмдэг илэрнэ гэж судлаачид онолын хувьд үздэг.
Гэхдээ өнөөгийн нөхцөлд Монгол Улсын эдийн засагт үйлдвэрлэлийн зөрүү багассан. Нөгөө талдаа, эдийн засгийн бодит өсөлт удааширч, мөнгө зээлийн өсөлт саарсан байна.  Эдгээр үзүүлэлт эрэлтийн шалтгаантай инфляцыг бууруулах нөхцөл болсон. Мөн энэ оноос эхлэн хэрэгжиж байгаа Төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хуулийг зайлшгүй дурдах учиртай. Уг хууль хэрэгжиж эхэлснээр  төсвөөс шалтгаалсан инфляцын дарамт, эрэлтийг өдөөдөг хүчин зүйлийн сөрөг нөлөө буурахаар байна. Тэгэхээр энэ бүгд нь эрэлтийн шалтгаантай инфляц бага байгааг илэрхийлж буй юм. Нөгөө талдаа, түүнтэй тэнцдэг гол арга хэрэгсэл болох мөнгөний бодлогын хүүний суваг буюу бодлогын хүүг бууруулах хүчин зүйл боллоо.
-Монголбанкны бодло­гын хүү 0.75 нэгж хувиар буурлаа. Иймд арилжааны банкуудын зээлийн хүү хэдэн хувиар буурах бол?
-Ийм тооцоо судалгааг бид дотооддоо хийдэг. Гэхдээ энэ мэдээллийг олон нийтэд цацах нь төв банкны үндсэн зорилтод нийцэхгүй.
Арилжааны банкны хүү гэдэг төгрөгийн гадаад валюттай харьцах ханш шиг зах зээлийн зарчмаар тогтож байх ёстой зүйл. Тэгэхээр төв банк төгрөгийн ханшийг тийм, ийм байна гэж зарла­даггүйтэй адил зээлийн хүү тэд болно гэж хэлэх нь буруу. Иймд арилжааны банкуудын зээлийн хүү тодорхой хэмжээгээр буурах нь гэдэг хүлээлт төв банкинд бий. 

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
улс төржөөгүй мэргэжлийн нүдээр харсан ярилцлага байна. Зарим нь нэг бол МАН-ыг нэг бол АН-ыг тал засаж ярилцлага өгдөг. Энэ ярилцлагад эдийн засагчийн үүднээс ярьсан шиг байна. Валютын ханш нэг хэсэгтээ 1700 орчимд эргэлдэх юм болов уу гэж ойлголоо.Алтны худалдааны татварын үр нөлөө хэзээ гарах вэ гэдгийг хэлэх хүн байна уу хүмүүсээ.
Хамгийн их уншсан