Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баячуудын этгээд зан уу эсвэл ирээдүйгээ харсан бодлого уу

Домогт Жэки Чан өөрийн нөр их хөдөлмөр, авьяасаар олсон 130 сая ам.долларын хөрөнгөө хүүхэддээ өвлүүлж үлдээхгүй, буяны ажилд зориулахаар тусгай санд өгнө гэж мэдэгдсэн тухай өчигдөрхөн “Twitter” дээр бичсэн байв. Зуун сая, тэрбум давсан хөрөнгөтэй хүмүүс дандаа л этгээд хачин зан гаргаж байдаг юм гээд чамархай хавьцаагаа хуруугаа эргэлдүүлж болох ч анхааран сонирхож үзэхээр нэг зүйл байна. Юу вэ гэвэл дэлхийн толгой баячуудын нэг болох Билл Гейтс бүх хөрөнгийнхөө 99 хувийг “Билл ба Мелинда  Гейтс нарын сан” нэртэй буяны санд хандивлан үлдээнэ гэж бүр 2006 онд албан ёсоор мэдэгдсэн.
Цаашлаад, Билл Гейтс тэрбумтан Уоррен Баффеттай хамтраад 2010 онд “The Giving Pledge” нэртэй кампанит ажил явуулж тэрбум ам.доллар гарсан хөрөнгөтэй хүмүүст хандан хөрөнгийнхөө тэн хагасаас багагүй хувийг буяны санд хандивлахыг уриалан, Америкийн олон арван тэрбумтантай уулзаж байсан юм.
Үр дүнд нь хэдхэн сарын дотор дөрвөн тэрбумтан саналыг нь дэмжсэн гэдгээ албан ёсоор мэдэгдэж, хөрөнгийнхөө талаас илүүг нь буяны үйлсэд зориулахаар болж байсан. Өнөөдөр эдний саналыг дэмжигч тэрбумтнуудын тоо нэмэгдсэн нь гарцаагүй. “Тамирын голын мөсийг долоох шахам байж олсон” мөнгөө ингээд зүгээр өгчих ямар ашигтай юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Наанадаж л ядарч зовсон, туслалцаа илүү шаардлагатай байгаа хүн, улсад хандивласан нэр нь сайнаар дурсагдан хоцорно биз. Цаанадаж.... Цаанадаж бас нэгэн чухал зорилго байдаг юм байна.  Энэ талаар  Оросын тэрбумтан, олигархи Владимир Потанин нь “Forbes” сэтгүүлд зориулж нэгэн нийтлэл бичсэнийг уншигч танд хүргэж байна.Сонирхоод үзэхэд илүүдэхгүй гэж бодлоо. Ингээд...

В.ПОТАНИН: Их өв хөрөнгө хүүхдийг сэдэлгүй, идэвхгүй болгодог

“Forbes” сэтгүүлээс гаргасан судалгаанаас үзвэл Оросын тэрбумтнуудын насанд хүрсэн хүүхдүүдийн дийлэнх нь эцгийнхээ компанид ажилладаг. Энэ баримтаас үндэслээд Орос оронд болоод Оросын нийгэмд таагүй хэд хэдэн дүгнэлт гаргаж болж байна. Юуны өмнө, Орост нийгмийн лифт ажиллахгүй байна. Баян, амжилтад хүрсэн эцэг, эхтэй, муугүй боловсрол эзэмших гэх мэт анхан шатны янз бүрийн дэмжлэг авах боломжтой хүүхдүүд хүртэл өөрийн эцэг, эхийн компанид эсвэл тэдний арын хаалгаар л ажилд орохоос өөр аргагүй болж. Хоёрдугаарт, байдал энэ мэтээр үргэлжилбэл ажиллах чадвар хамгийн өндөртэй бөгөөд амбицтай, эцэг, эхийнхээ цуглуулсан хэд дээр тарвалзаад байх хүсэлгүй хүүхдүүд мэдлэг чадвар нь илүү үгүйлэгдэж, шаардлагатай байгаа газар буюу хилийн чанадад ажил хайна гэсэн үг. Үүнийг харин бид чадвартай боловсон хүчнээ алдах, “тархиа” гадаадад алдах гэж нэрлээд байгаа. Гурав дахь дүгнэлт гэвэл, Орост амжилтад хүрсэн хүмүүс тэр болгон хүүхдүүддээ өндөр сэдэл төрүүлж чаддаггүй.
Орост амжилтад хүрэхийн төлөө зүтгэх, ингэхдээ зөвхөн өөрийн хүчиндээ найдах нь олныг хамарсан үзэгдэл болж чадаагүй нь харамсалтай. Баян эцэг, эхтэй хүүхдүүд хүртэл эцэг, эхийнх нь бэлдээд, “а”, “б”-гүй зурчихсан амьдралыг эсэргүүцэхгүй, тусгаар болохыг хүсэхгүй байна гэдэг чинь ямар нэг зүйл саад болоод байна гэсэн үг. Тэр нь нэг бол өөртөө итгэхгүй байгаа хэрэг эсвэл эцэг, эхийнхээ баялгийг арвижуулалгүй, тэдний бэлдсэн юмаар л амьдрахыг хүсч байгаа нь бүр ч долоон дор хэрэг. Тэтгэврийн хөгшчүүлийн гэж болохоор энэ байр сууринд сайхан зүйл огт үгүй.
Энэ бүхний дээр залуус арилжаа наймаа болон ажил мэргэжил дээрээ тооцоолсон эрсдэлтэй алхам хийх, зоримог шийдвэр гаргахад улам бүр бэлэн биш болсон гэсэн эдийн засгийн ерөнхий чиг хандлага нэмэгдэнэ. Тайван, баталгаатай амьдралтай төрийн алба руу л бүгд хошуурцгаах болж. Би өөрөө Гадаад худалдааны яаманд олон жил ажилласан хүн болохоор улсын албанд хүчин зүтгэхийг огт эсэргүүцэхгүй ч одоогийн байдал арай дэндээд байна.
Хүүхдүүдийг ингэтэл нь өөрийн хүчээр амжилтад хүрэх сэдэлгүй болгож байгаагийн нэг шалтгаан нь эцэг, эхээс нь өвлүүлэн үлдэж байгаа асар их мөнгө гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Бизнесийн салбарт олон жил ажиллахдаа их мөнгө гэдэг өв залгамжлагчдын хувьд мансуурал, хэцүүхэн сорил, хүнд ачаа байдаг гэдгийг тод ойлгож авсан хүн. Өв залгамжлагчид баян бас алдартай эцгийнхээ сүүдэрт л явдаг бөгөөд хүссэн болгон нь шахуу байгаа болохоор амьдралдаа хүсч санагалзах, тэмүүлэх зүйлс, амжилтанд хүрэх сэдэл цөөн. Тиймээс би амьдрах сэдэл, хүслийг нь үгүй хийж, баллаж байдаг тийм их хөрөнгийг хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж болохгүй гэдгийг хатуу баримталдаг.  Хүүхдээ аз жаргалтай байгаасай гэж хүсч байгаа бол саяыг өгч болох ч алахыг хүсвэл тэрбумыг өг. Яагаад вэ гэвэл тэрбумыг авсан хүүхэд хүсэх юм байхгүй, амьдрал нь дуусчихлаа гэж бодно биз дээ? Миний найз Вячеслав Фетисов нэгэн удаа “Оргил дээрээс хийсэн анхны алхам болгон ямагт доошоо чиглэдэг” гэж яг зөв хэлсэн байдаг. Эцэг, эх нь эд хөрөнгийн хувьд цаашид дээшээ тэмүүлэх хүсэлгүй болсон оргилд гаргаад орхичихвол хүүхэд нь доош чиглэсэн анхны алхамыг хийхээс өөр аргагүй болно шүү дээ. Гэтэл би бол хүүхдүүдээ анхны алхмаа өсөх, ахих чигт хийж амьдралаа эхлүүлэх боломж өгмөөр байна. Яг ийм шалтгаанаар би өөрийн хөрөнгөө буяны ажилд зориулахаар тусгай санд үлдээгээд хүүхдүүддээ өвлүүлж өгөхгүй гэсэн шийдвэр гаргасан. Ингэхдээ ар гэрээ ахуйн хувьд бусдаас дутахааргүй авч явахад дэмжлэг үзүүлэх бөгөөд хоёр маш чухал боломж давхар олгоно. Энэ хоёр боломж нь нэг нь боловсрол эзэмш. Ямар ч хязгаарлалтгүйгээр, хүссэн хэмжээгээр сур, боловсрол эзэмшиж ав. Нөгөөх нь гэнэтийн тохиолдолд дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл хүүхдүүд маань боловсрол эзэмших эрхтэй, найдвартай даатгалтай болсон гэсэн үг. Энэ хоёроос бусдыг харин тэд өөрсдөө олж авах ёстой. Ийм шийдвэр гаргасан жишээ олон. Тухайлбал, Уоррен Баффет, Билл Гейтс, “Вымпелком”-ын үндэслэгч манай Дмитрий Зимин байна.
Баффет, Гейтс хоёрын гаргасан санааг АНУ-ын олон баян дэмжиж, дагасан гэхээр нэгийг бодогдуулж байгаа юм. Гэтэл Орост цуглуулсан асар их хөрөнгөө буяны ажилд зарцуулах зорилгоор санд өвлүүлж үлдээхийг баячуудын гаргадаг этгээд зан, хэвийн биш үзэгдэл гэж ойлгож байгаа болохоор нийгэм нь байх ёстой үзэгдэл бус эзэн нь юмаа мэднэ гэсэн өнцгөөр хүлээн авдаг. Гэхдээ явж байгаа хүн л замаа туулах боломжтой гэдэг шүү дээ.
Тодруулга: Владимир Потанин нь Оросын тэрбумтан, улстөрч. Оростоо хамгийн томд ордог компанийн нэг “Интеррос”-ын эзэн, ерөнхийлөгч. Энэ компани нь “Норильский никель” уулын төмөрлөгийн комбинат, “АКБ Росбанк”, “ПрофЭйстет” групп, “ПрофМедиа” холдинг, “Роза хутор” компанийн хувьцаа эзэмшдэг, “Норильский никель” уулын төмөрлөгийн комбинатын ерөнхий захирал. Зөвлөлтийн үед Москвагийн олон улсын харилцааны институтыг “олон улсын эдийн засагч” мэргэжлээр төгссөн, англи, франц хэлтэй. Эхнэр гурван хүүхэдтэй. Охин Анастасия 28 настай, Олон улсын харилцааны сургууль төгссөн, аквабайкийн /Усан дээрх мото спорт/ дэлхийн олон удаагийн аварга. Хүү Иван 23 настай аквабайкийн Оросын олон удаагийн аварга. Бага хүү Василий 13 настай.
Хөрөнгийн хэмжээ нь 14,8 тэрбум ам.доллар. Дэлхийн баячуудын жагсаалтад 46 дугаарт, Оросын баячуудын жагсаалтад дөрөвдүгээрт бичигддэг. 2010 онд хөрөнгөө хүүхдүүддээ үлдээхгүй, буяны санд хандивлана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.
P.S. Хүүхдүүд нь эхнээсээ гадаадын үнэтэй их дээд сургуулиудаа дүүргээд эх нутагтаа эргэж ирж байгаа. Харин манай тэрбумтнууд энэ асуудалд яаж ханддаг юм бол?

Б.Бадрал
 

0 Сэтгэгдэл
манай баячууд морь сувраганд л ханьдав хайргүй өгнө өвчтэй ядарсанд бол мэдэхгүй дээ
манай баячууд морь сувраганд л ханьдав хайргүй өгнө өвчтэй ядарсанд бол мэдэхгүй дээ
mongoliin bayachuud bol tus dem guij bgaa uvchtei hyyhdyyded 100 myangan tug ogchih setgelgyi.ihenh ni..99 huvi ni..
Хамгийн их уншсан