Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨМНӨГОВЬ АЙМГИЙГ 2013-2016 ОНД ХӨГЖҮҮЛЭХ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР


НЭГ. ДЭЭГҮҮР ОРЛОГОТОЙ ӨМНӨГОВЬ

Эрүүл чийрэг, ажилтай, орлоготой өрх, гэр бүлийг нэмэгдүүлэх нөхцөлийг  бүрдүүлнэ

1. “Өрх, гэр бүлийг дэмжих хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, шинэ ажлын байр бий  болгон өрхийн  амьжиргааг  дээшлүүлж,  амьдрах  таатай  нөхцөлийг  бүрдүүлнэ.
2. Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг зорилтод бүлгүүдэд чиглэсэн  нийгмийн  халамжийн  бодлого хэрэгжүүлнэ.
3. “Эрүүл иргэн“, “Сүү-тараг” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар эм болон хоол, хүнсний зохистой хэрэглээг төлөвшүүлэн, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүлжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.  
4. Жирэмсэн эх, хүүхдийн хяналт, тусламж үйлчилгээг чанаржуулж,  хүртээмжийг нэмэгдүүлнэ.
5. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэнийг гурван жилд нэг удаа эрүүл мэндийн үнэ төлбөргүй оношлогоонд хамруулна.  
6. Нэг сувилагчид ногдох өвчтөний тоог олон улсын жишигт хүргэж, өвчтөнд үйлчлэх асаргаа сувилгаа, нөхөн сэргээх  эмчилгээний чанар хүртээмж,  үр өгөөжийг дээшлүүлэн, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухааны ололттой хослуулан хөгжүүлж, оношлогоо эмчилгээ хийх  цогц чанартай үйлчилгээ бий болгоно.  

Аймгийн эдийн засаг, төсөв санхүүгийн чадавхийг нэмэгдүүлж орон нутгийн хөгжлийг дэмжинэ
7. Төсвийн шинэчилсэн хуулийг зохистой хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төсвийн төлөвлөлтийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, төсвийн санхүүжилт, тайлагналт, хяналтыг сайжруулна.
8. Татварын шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд иргэн, аж аж ахуйн нэгжүүдэд сургалт, сурталчилгааг үе шаттай зохион байгуулан татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг  төлөвшүүлнэ.
9. Татварын багц хуульд орсон өөрчлөлтийг тухай бүр хуульд заасан хязгаарт нийцүүлэн шинэчлэн тогтоож мөрдүүлэх замаар татварын бааз суурийг өргөжүүлж төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.
10. Орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдэд хөндлөнгийн болон дотоод аудит хийж бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгон, үйл ажиллагааны менежментийг сайжруулна.
11. Орон нутгийн иргэдийн ажиллаж амьдрах, эрүүл тохилог, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор “Орон нутгийн хөгжлийн сан”-г  иргэд олон нийтийн оролцоотойгоор төлөвлөж, зарцуулна.
12. Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт оруулан ил тод байдлыг хангах замаар төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлнэ.
13. Улсын болон орон нутгийн төсөв, зээл, тусламж, хандиваар бий болсон  хөрөнгийг бүртгэлд бүрэн тусгуулах, өмч, хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулан, хяналтын тогтолцоог боловсронгуй болгоно.
14. Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогыг нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн болон газрын гэсэн ангиллаар явуулж  өмчийн алба болон үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүрэн хамруулна.
15. Төрийн сангийн тогтолцоог иж бүрэн нэвтрүүлж, дотоод хяналтыг сайжруулан, ажиллагсдын чадавхийг бэхжүүлэх замаар төсвийн тогтвортой, иж бүрэн, үнэн зөв, ил тод, зохистой хариуцлагатай байх зарчмыг хангана.
16. Иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх, бичил санхүүгийн орчинг өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.  
 Хүнс, хөдөө аж ахуйн салбарын  бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ  
17. Малын индексжүүлсэн даатгалыг давхар даатгалд хамруулах замаар олон улсын стандартын дагуу  мал сүргийг бүрэн бүртгэж, даатгалд хамрах хүрээг өргөжүүлнэ.  
18. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих”  хөтөлбөрийг  хэрэгжүүлж,  өндөр ашиг шимт эрчимжсэн болон туслах аж ахуйг бүс нутгийн боломж нөхцөлийг харгалзан хөгжүүлж, мал аж ахуй, газар тариалан хосолсон “Загвар ферм”-ийг  сумдад байгуулна.
19. Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан омгийн тэмээг үүлдэр болгон баталгаажуулах, Ханхонгор сумын махны хэвшлийн “Өгөөмөр” хонь, Цогт-Овоо сумын нутгийн улаан ямааны генефондыг сайжруулж, омгоор баталгаажуулах ажлыг эрчимжүүлэн,  үнэлэмжийг дээшлүүлнэ.
20. Мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагааг сайжруулан, мал аж ахуйд биотехнологийн дэвшилтэт аргыг  өргөнөөр нэвтрүүлж, мал үржлийн хувийн хэвшлийг дэмжиж, хамтран ажиллана.
21. Малгүй болон цөөн малтай малчин өрхүүдийг малжуулах арга хэмжээ хэрэгжүүлнэ.  
22. Газар тариалан голлон эрхэлж буй Булган, Баяндалай, Даланзадгад, Номгон, Ханхонгор сумдын услалтын системийг шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлж,  Балгасны улаан нуурыг түшиглэн 100-500 га талбайд хүнсний ногооны тариалан эрхлэх цогцолборыг байгуулан, тариалах талбай, хураан авах ургацыг  нэмэгдүүлнэ.
23. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор худаг гаргах, хуучин худгуудыг сэргээн засварлах ажлыг жил бүр төлөвлөн хэрэгжүүлнэ.
24. Малчдын үүсгэл санаачилгаар хийгдэж буй бэлчээр хашиж хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах, гар худаг гаргах, малын тэжээлийн ургамал тариалах зэрэг үйл ажиллагааг  дэмжиж, урамшуулна.
25. Зохиомлоор бороо оруулах технологийг сайжруулан, нийт газар нутгийг хамрах хүртээмжийг нэмэгдүүлж, борооны усыг хөдөө аж ахуйд ашиглах хөв цөөрмийг тохиромжтой  газар нутгуудад байгуулах асуудлыг судлан шийдвэрлэнэ.
26. Төлөөр нь өсгөсөн тэмээ тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг нэмэгдүүлнэ.  
27. Малчдын нөхөрлөл, хоршоодыг дэмжиж, “Зөвлөгөө-мэдээллийн төв”-ийг Даланзадгад суманд  байгуулан, малчдын өдөртэй болгоно.  
28. Хоршоодыг дэмжиж чадваржуулах, тогтмол үйл ажиллагаатай хоршоодын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
29. Олон улсын стандартад нийцсэн хүнсний чанарын лабораторийг Даланзадгад суманд байгуулна.
30. Хүнсний ногооны тариалалт, хураалтыг механикжуулж, хүлэмж, зоорийн аж ахуйг хөгжүүлэн төмс, хүнсний ногоо, сүү, өндөгний хэрэгцээг дотооддоо хангах арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.
31. Нутгийн угшлын хурдан морьдын үржил селекцийн ажлыг эрчимжүүлж, үржүүлэх асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд болон аймгийн Уяачдын холбоотой хамтран судалж шийдвэрлэнэ.

Орон нутгийн хөгжилд үр нөлөөтэй үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлнэ
32. Уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг харилцан уялдаатай хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулан, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлно.
33. Ажлын байрыг нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор уул уурхай бүхий сумдад эрдэс түүхий эд, нүүрс, хуванцар боловсруулалт, замын битум, хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах зэрэг хүнд, хөнгөн үйлдвэрийг, бусад сумдад уул уурхайг дагалдсан боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжинэ.
34. Өндөр технологийг нутагшуулах, судалгаа, туршилт хийх Инновацийн судалгааны төвийг Даланзадгад суманд байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хөрөнгө оруулалтыг  татан төвлөрүүлнэ.
35. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, зах зээлд нийлүүлэх зорилго бүхий “Хөдөө аж ахуйн бирж”-ийг Даланзадгад суманд төвлөрүүлэн байгуулна.
36. Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй “Нийгмийн хариуцлагын гэрээ” байгуулан орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх  нөхцөийг бүрдүүлнэ.
37. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн хяналт шалгалтыг хууль хяналтын байгууллагууд болон нутгийн иргэдтэй хамтран зохион байгуулж, хариуцлагатай уул уурхайг  бий болгоно.
38. Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж, хөрш зэргэлдээ болон гадаадын бусад орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг  өргөжүүлнэ.
39. Стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмжин, хүнсний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг зохион байгуулж, жилд нэгээс доошгүй брэнд бүтээгдэхүүнд “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрх олгоно.
40. Аймгийн төвд эрүүл ахуйн шаардлага хангасан, бизнесийн жишигт нийцэхүйц “Хүнсний худалдааны төв”  байгуулна.
41. Газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг сайжруулах “Капитал-Хөрөнгө” хөтөлбөр хэрэгжүүлэн санхүүгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлнэ.
42. Хөдөлмөрийн бүтээмжийг үнэлэх урамшууллын системийг боловсронгуй болгон шагнал урамшууллын шинэчилсэн бодлого хэрэгжүүлнэ
43. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ.

ХОЁР. ДЭЛХИЙН БОЛОВСРОЛТОЙ ӨМНӨГОВЬ

Олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц соёл, боловсролтой иргэнийг төлөвшүүлнэ
44. “Зөв Монгол” хүнийг төлөвшүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн боловсролын салбарт шинэчлэл хийх цогц бодлого хэрэгжүүлнэ.  
45. Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж,  цэцэрлэг, сургууль  болон эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
46. Хүүхдийн авъяас, чадвар, хувь шинжийг нээн хөгжүүлэх  “Авъяас” хөтөлбөрийг  хэрэгжүүлнэ.
47. Орон нутагт эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжлээр  гадаад, дотоодын их, дээд сургуульд оюутан сургаж бэлтгэх, боловсон хүчнийг давтан болон мэргэшүүлэх сургалтад хамруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, Улаанбаатар хотод сурч буй оюутнуудын сурах, хөгжих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн  газрыг өргөтгөн үйл ажиллагааг нь дэмжинэ.
48. Байгууллагын хүний нөөцийн чадавхи, мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн  хөтөлбөр хэрэгжүүлнэ
49.  Малын эмч, мал зүйч мэргэжлээр их, дээд  сургуульд  суралцаж байгаа малчин өрхийн хүүхдийн сургалтын зардлыг орон нутгаас санхүүжүүлж,  мал аж  ахуйг  хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
50. Цэцэрлэг, сургууль, дотуур байрны барилга барих, өргөтгөх, засварлах, тохижуулах замаар хүүхдийн ая тухтай сурч, хүмүүжих орчныг бүрдүүлнэ.
51. “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг дэмжсэн эрүүл хүнсээр хангах асуудлыг шийдвэрлэж, хангамж, хамрах хүрээг нэмэгдүүлнэ.
52. Биеийн тамирын хичээлийг хүүхэд бүрийн эрүүл өсөн хөгжих, авьяасыг хөгжүүлэхэд чиглүүлж, спорт заалыг тоног төхөөрөмжөөр хангаж биеийн тамирын талбайг тохижуулна.  
53. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зориулалтын сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хангах, суралцах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
54. Албан бус боловсролыг насан туршийн боловсролын хэлбэрт шилжүүлэн, сургалтын агуулга, арга зүй, сурах бичиг, орчин хэрэглэгдэхүүн, чанарын үнэлгээ, багш бэлтгэх, мэргэжил  дээшлүүлэх  боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.  
55. Олон улсын стандартын барилга байгууламжийн шаардлагад нийцсэн  Уул уурхайн жишиг сургуулийг  Даланзадгад суманд  байгуулахыг дэмжинэ.  
56. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулж, элсэгчдийг ажил олгогчийн гэрээ, захиалга дээр тулгуурлан төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцлийг бүрдүүлнэ.
57. Мэргэжлийн урлагийн байгууллагын хэв шинжийг өөрчилж, өмнийн  говийн өнгө төрх,  бүжиг дуу хуур, ерөөл магтаал,  давтагдашгүй өв соёлын баялаг,  өв санг  орчин  үеийн  соёл,  урлагтай   уялдуулан  хөгжүүлнэ.
58. Өмнөговийн түүх, уламжлал, соёл, зан заншлыг  түгээн дэлгэрүүлэх  зорилгоор Батмөнх Даян хаан, ерөөл магтаал, үндэсний спорт, өвөрмөц зан үйл  зэрэг  сэдэв, төрлөөр уралдаан тэмцээн, үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.  
59. Аймаг, орон нутгийн Музей, Номын сангуудын сан хөмрөгийг үе шаттайгаар баяжуулна.
60. Иргэдийн эрх зүйн болон эрүүл мэндийн боловсрол, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, “Иргэний боловсрол” хөтөлбөрийг эрх зүйн хөтөч, ухуулагч, эрүүл мэндийн сургагч нарын мэргэшсэн багаар дамжуулан нийгмийн бүлгүүдэд чиглүүлэн хэрэгжүүлнэ.
61. Иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг сайжруулан, “Эрх зүйн туслалцаа үзүүлэх” төвийг бүх суманд байгуулна.
62. Хууль сахиулах албадын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хангах хүний нөөцийн чадавхийг сайжруулна.

ГУРАВ. ДЭД БҮТЭЦТЭЙ ӨМНӨГОВЬ

Бүс, нутгийн дэд бүтцийг хөгжүүлэн эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангах замаар бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлнэ.
63. Аймгийн төв болон сумдад шинээр бий болсон хороолол, хотхон, эзэмшил, өмчлөлийн газруудад инженерийн болон шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулна
64. Даланзадгад, Хүрмэн, Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс сумын чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж,  төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбоно.
65.    Иргэдийн мэдээлэл авах хүртээмжийг сайжруулж, уян дэд бүтцийг сумдад бий болгоно.
66. Гашуун сухайт, Шивээхүрэн хилийн боомт дахь мэргэжлийн байгууллагуудыг интернетийн сүлжээ болон соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэлийн цахим мэдээллийн сантай холбоно.
67. Жижиг, дунд аж ахуй нэгжийн санхүүгийн тайлагналын олон улсын стандарт нэвтрүүлэх үйл  ажиллагааг хэрэгжүүлнэ.
68. Статистикийн мэдээлэл боловсруулалтын үр ашигтай, шуурхай байдлыг бүх шатанд хангасан техник, технологийг нэвтрүүлэн хүчин чадлыг нэмэгдүүлж, мэдээллийн цахим сан бий болгоно.   

Төв, суурин газрын орчны эрүүл ахуй, ая тухтай байх нөхцлийг сайжруулна
69. Говийг ойжуулах, цэцэрлэгжүүлэх үйл ажиллагааг Мод үржүүлгийн газар, Ойн анги, Ботаникийн хүрээлэн  байгуулах замаар үе шаттайгаар хэрэгжүүлнэ.  
70. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хороололд дэд бүтцийг нэмэгдүүлж, утаагүй түлшний шинэ технологийг нэвтрүүлж, уул уурхайн үйл ажиллагаа өргөжиж буй Даланзадгад, Гурвантэс, Цогтцэций сумын төвд агаарын бохирдол, тоосжилтыг хянах агаарын чанарын хяналтын тоног төхөөрөмжийг суурилуулна.
71. Даланзадгад сумын төвд үерийн усыг зайлуулах хамгаалалтын даланг барьж байгуулна.
72. Нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг баруун бүсийн сумдтай холбох хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад оруулна.
73. Даланзадгад суманд олон улсын Нисэх онгоцны буудлыг барьж ашиглалтад оруулна.
74. Даланзадгад сумын төв болон гэр хороололд шинээр авто зам, явган хүний замыг  барих ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
75. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар Даланзадгад, Ханбогд,  Цогтцэций, Гурвантэс сумдад цэвэрлэх байгууламж барина.
76. Аймгийн нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
77. Аймгийн  газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэн, дэвшилтэт технологи нэвтрүүлснээр мэдээллийн нэгдсэн сан, өндөр нарийвчлалын сансрын зураглалтай болгоно.
78. Даланзадгад сумын хүн амын ундны хоёр дахь эх үүсвэрийг шинээр барьж байгуулна.
79. Даланзадгад-Тавантолгой-Зүүн баян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг барих төрийн бодлого чиглэлтэй уялдуулан, орон нутгаас зохих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
80. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган зам, нийтийн үйлчилгээний газруудыг гэрэлтүүлэг,  аюулгүй байдлын хяналтын сүлжээнд иж бүрэн хамруулна.
81. Боловсролын байгууллагын менежментийн  мэдээллийн системийг байгуулж, мэдээллийн технологийг сургалтын орчинд өргөнөөр ашиглана.
82. Аймгийн төвд төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын орчинг утасгүй интернетийн бүсэд хамруулна.
83. Аймаг, сумын төв, суурин газрын гэр хорооллыг интернэтжүүлэх ажлыг эрчимжүүлж, энэ чиглэлд хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

ДӨРӨВ. ДЭГЖИН ХОТТОЙ ӨМНӨГОВЬ

Орчин үеийн шийдэлтэй барилга, хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлж     Даланзадгад  хотыг  улсын зэрэглэлтэй 4 дэх хот болгон хөгжүүлнэ.  
84. Даланзадгад, Ханбогд,  Цогтцэций, Гурвантэс сумдад хог хаягдлын орчин үеийн шийдэлтэй техник, технологийг нэвтрүүлнэ.
85. Ногоон хот төсөл боловсруулан “Эко–Өмнөговийн хотууд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
86. Даланзадгад сум /хот/-ыг бүсийн хөгжлийн тулгуур төв болгох зорилгоор хот төлөвлөлтийг оновчтой боловсруулан хэрэгжүүлнэ.
87.  Аймгийн хэмжээнд “1000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд сумдад  дэд бүтэц барих ажлыг өргөжүүлнэ.
88.Даланзадгад суманд Автовокзал оношлогооны төвийг барьж байгуулна.
89. Аймгийн хэмжээнд төрийн захирааны болон нийгэм, соёлын салбаруудын барилга байгууламжийн засвар шинэчлэлийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, ашиглалтыг сайжруулна.  
90. Даланзадгад сумын гэр хороололын газрыг иргэдийн оролцоотой шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөх замаар иргэд, оршин суугчдын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
91. Говийн бүсийн эмчилгээ оношлогооны төв, Ханбогд, Цогтцэций сумын сум дундын эмнэлэг, 50 ортой амаржих газар,  1200 хүүхдийн суудалтай сургууль, Хүүхдийн ордон, аймгийн Музей, Төв номын сан зэрэг нийгмийн салбарын барилга байгууламжийг шинээр барьж,  иргэдэд нийгмийн  суурь үйлчилгээг  ая тухтай хүргэх орчин  бүрдүүлнэ.
92. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  “Хөгжлийн төв”-ийг байгуулна.
93. Эрүүл мэндийг дэмжих төв, клуб байгуулахыг бодлогоор дэмжиж, “Эрүүл хот, сургууль,    цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн иргэдийн биеийн тамир спортоор хичээллэх таатай  орчинг  бүрдүүлнэ.

 Аюулгүй амгалан орчинг бүрдүүлнэ
94. Улсын хил хамгаалалт болон аюулгүй байдлыг хангах байгууллагын хүч хэрэгсэл, техник хангамжийг сайжруулна.
95. “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэн архи, тамхигүй орчин бүрдүүлж “Эрүүл  идэвхтэй амьдралын клуб”-ыг сумдад байгуулахыг дэмжинэ.
96. Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтоор гуравдагч орны иргэд нэвтрэх асуудлыг  судлан, гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулна.
97. Сумдын Цагдаагийн тасаг болон Замын цагдаагийн тасгийн бүтцийг өргөжүүлж, хүч  хэрэгсэл, техник хангамжийг нэмэгдүүлнэ.
98. Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  иргэдийн идэвхи санаачилгад суурилсан “Иргэдийн зөвлөл” байгуулан амгалан тайван амьдрах нөхцөл  бүрдүүлнэ.
99. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хил дамнан үйлдэгдэх шинэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд холбогдох байгууллагуудын  үйл ажиллагаа, уялдаа холбоог  сайжруулна.

 Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
100.    “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
101.  “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төрийн анхан шатны  үйлчилгээг малчид, иргэдэд  ойртуулах нөхцөлийг сайжруулна.
102. Аймаг, сумыг иргэддээ нээлттэй, иргэдийн оролцоотой асуудлаа шийддэг байхад     чиглэсэн дүрэмтэй болгох, аймаг, сум, багийн өөрөө удирдах ёсны байгууллагын  чадавхи,    чадварыг бэхжүүлэх  арга хэмжээг хэрэгжүүлнэ.
103. “Иргэний танхим”-ийн нээлттэй хэлэлцүүлгийг чанаржуулан, аймгийн Засаг даргын Тамгын газарт  ОНХА /Олон нийттэй харилцах алба/ байгуулж, “Иргэдээ сонсох 5353 төв”–ийг нээн ажиллуулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, олон нийтийн санал асуулга явуулах үйл ажиллагааг  хэрэгжүүлнэ.
104. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зарчмыг баримталж, төр, бизнес, иргэний нийгмийн байгууллагын гурван талт түншлэлийг өргөжүүлнэ.
105. Төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэдэг “Нэг цонх”-ны зарчмыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж  Нутгийн захиргааны  байгууллагын нэгдсэн  байр  барина.  
106. Төрийн архивын  байрыг  стандартад  нийцүүлж,  цахим  тогтолцоог  бүрэн  нэвтрүүлнэ.
107. Төр захиргааны үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг бодитой хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сонирхлын зөрчил, авлигад өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

  ТАВ. ДАГШИН БАЙГАЛЬТАЙ ӨМНӨГОВЬ
 
Байгальд ээлтэй уул уурхайг  хөгжүүлнэ.
108. “Нэг тонн баялаг - Нэг ширхэг мод” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
109. Аймгийн нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмж олгуулахгүй байх, ашиглалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлж, хамгаалалтын болон хяналтын үйл ажиллагааг сайжруулах зэрэг бодлого баримтална.
110. Уул уурхайн салбарын байгаль орчныг хамгаалах нөхөн сэр­гээх үйл ажиллагааны тайлан, хаалтын төлөвлөгөөг иргэд олон нийтийн оролцоотой хэлэлцүүлэн дүгнэлт гаргадаг тогтолцоонд шилжинэ.
111. Цөлжсөн болон  хууль бус гар аргаар алт олборлосны улмаас эвдрэлд орсон газар, уул уурхайн нөхөн сэргээлтэд говийн бүсийн унаган ургамлуудыг ашиглах, устах аюулд орж байгаа ан амьтан, ургамлыг хамгаалах, уугуул нутагт нь сэргээх, тарималжуулах ажлыг бодлогоор дэмжиж, автозам, төмөр замын дэд бүтцийг барьж байгуулахад ан амьтдын нүүдэллэх боломжийг хангасан гүүр, нүхэн гарцыг зураг төсөлд тусгуулан хэрэгжүүлнэ.

Байгаль орчны менежментийг боловсронгуй болгож, говь нутгийнхаа   байгалийг унаган төрхөөр нь хадгална.
112. Үйлдвэр, уурхай, аж ахуйн нэгж байгууллагуудын гаргаж байгаа хог хаягдалд үнэлгээ өгч ахуйн хаягдлаас ялгаатай жишиг үнэ тогтоон мөрдүүлнэ.
113. Усны зохистой удирдлагыг бий болгон Зөвлөл байгуулж, гүний ус, түүний ай савыг хамгаалах, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж буй усны хяналтын тогтолцоог сайжруулах, цаашид уул уурхайн үйлдвэрлэлд гүний ус ашиглах технологиос татгалзах зэрэг бодлогын арга хэмжээ хэрэгжүүлнэ.
114. Говийн нөхцөлд ургадаг мод, бутлаг ургамлыг таримал­жуулсан, байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, ТББ-ыг дэмжих урамшууллын системийг боловсронгуй болгон хэрэгжүүлнэ.
115. Өмнөговь аймгийн байгалийн ургамлын нөөцийг тогтоож, “Ногоон ном” гарган менежментийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.
116. “Үлэг гүрвэлийн парк”, “Байгалийн музей”, “Элсэн парк”-ыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулж говийн байгаль ор­чин, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц газар болгоно.
117. Хөрш зэргэлдээ орнуудын аялал жуулчлалын салбартай харилцан, хамтран ажиллах үйл ажиллагааг хөгжүүлнэ.
118. “Тэмээний баяр”, “Сайханы сарлаг”, Өмнөговь аймгийн “Есөн гайхамшиг”–ийг түшиглэн  дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
119. Аялал жуулчлал эрхлэгчдийг дэмжиж “Аялал жуулчлалын мастер” төлөвлөгөөг хэрэгжүүлэн, “Аялалын хөтөч” ном гарган, олон улсын болон дотоодын үзэсгэлэн яармагт аймгийн оролцоог нэмэгдүүлэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
120. Соёлын өвийг эрэн сурвалжлах, судлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ.   
121. Дэлхийд ховордсон хоёр бөхтэй тэмээг аймгийн аялал жуулчлалын  “Брэнд үйлчилгээ” болгох бодлого хэрэгжүүлнэ. 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан