Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ЭНЭ ХАВРААС ЭХЭЛНЭ

Нийслэлийн зарим гэр хорооллын орчим энэ хавраас өнгө төрхөө өөрчлөх нь. Учир нь, гэр хорооллыг дахин төлөвлөлтийг эхлүүлэх, зарим байршлыг тогтоох НИТХ-ын тогтоолыг ээлжит долдугаар хуралдаанаараа тэд өчигдөр хэлэлцэн баталлаа. Ингээд энэ жилээс гэр хорооллын долоон байршилд инженерийн шугам сүлжээг татах ажил эхлэх гэнэ. Нийслэлийн Засаг даргын бүтээн байгуулалт,  хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулснаар гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтөд СХД-ийн 5,6,10 дугаар хороо, Сүхбаатарын 15 болон Баянзүрх дүүргийн 8,12,16 дугаар хороо оржээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Баянхошууны 2,3 га газраас эхлэхээр төлөвлөжээ. Энэ хорооны иргэд дахин төлөвлөлтөд орох хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад уламжилсаны дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  зураг төслийг нь урьдчилсан байдлаар гаргасан гэнэ. Тухайн газар орчмын гэр хороололд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ барьж, байгуулахад 3,3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Түүнчлэн хотын төвийн гэгдэх Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 58 дугаар сургуулийн орчмын 13 га газрын 190 өрхийг дахин төлөвлөлтөд оруулах гэнэ. Төлөвлөлтийн дагуу инженерийн шугам сүлжээг барихад 8,5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Учир нь, тус ерөнхий боловсролын сургуулийн эргэн тойронд эмнэлэг, үйлчилгээний 10 орчим байгууллага байдаг аж. Тэдгээр нь тус бүртээ халаалтын зуухтай учраас нэгдсэн шугам сүлжээтэй болгосноор утаа үйлдвэрлэл бүрэн зогсоно гэж үзэж. Харин хэсэгчилсэн төлөвлөлтөд орсон Чингэлтэйн 13,15 дугаар хорооны хувьд 72 дугаар сургуулийн орчимд  15 га газарт инженерийн  байгууламж барихад 2,7 тэрбум төгрөг зарцуулах ба 3,6 км авто зам барих шаардлагатай гэж үзсэн гэдгээ ч ажлын хэсгийнхэн хэлж байлаа.
Нийслэлийн Засаг даргын бүтээн байгуулалт,  хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын хэлснээр нийслэлээс явуулж буй үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс Ханын материал орчимд хотын захиргааг байгуулахаар төлөвлөж, зураг төлсийг нь гаргажээ. Сонгинохайрхан дүүргийн 5,6-р хороонд хамаарах Ханын материал орчмын дахин төлөвлөлт нь 130 га газрыг хамарч, 12156 хүн оршин суух гэнэ.
Харин Баянзүрх дүүргээс Батлан хамгаалахын их сургуулийн орчим болон 12 дугаар хорооны  Ботаникийн орчимд 15,2 га газарт дахин төлөвлөлтөд орох аж. Гурван тэрбум төгрөгөөр инженерийн байгууламж барьж байгуулахаас гадна  3,7 км авто зам барихаар төлөвлөснөө ажлын хэсгийнхэн ярьж байлаа. Ийнхүү ирэх дөрөвдүгээр сараас эхлэх гэр хорооллыг дахин төлөвлөх эл ажлыг НИТХ-ын төлөөлөгчид дэмжиж байгаагаа илэрхийлээд төлөвлөсөн хугацаандаа хийж гүйцэтгэхийг хариуцсан албан тушаалтнуудад сануулж байлаа.  Энэ талаар ч НИТХ-ын дарга Д.Баттулга “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд  бид алдах эрхгүй. Алдаа гарвал дахин ямар ч улс төрийн хүчин юу гэж ярилаа ч, иргэд итгэхгүй. Тогтоол батлах нэг хэрэг. Харин гэр хорооллоор яваад, зураг төсөл гаргаад ажил болгоно гэдэг нүсэр шүү” хэмээн онцолсон юм. Ийнхүү эхний хэсэгчилсэн дахин төлөвлөлт хэрэгжиж эхэлсэнээр хотын  утаа, хөрсний бохирдлын асуудлыг бага багаар шийдэх юм. Харин энэхүү ажлыг бүрэн дуусгахад зургаан жил зарцуулна хэмээн албаныхан хэлж байлаа.  Дашрамд, өдгөө Улаанбаатарт суурьшиж буй 306,7 мянган өрхийн 39 хувь нь орон сууцны хороололд, 61 хувь нь гэр хороололд амьдардаг байна. Өөрөөр хэлбэл, хотын газар нутгийн 78,8 хувь гэр хороолол, 21,2 хувь нь барилгажсан хэсэг байдаг гэнэ.

Т.Оюунбаяр

0 Сэтгэгдэл
Газрын дээрэмчин би газраа өгөхгүй вНадад байр байгаав
дахин төлөвлөлт хэрэгжүүлж байгаа газарууд нь газарыг арай л хэтэрхий багаар үнэлээд хүчээр тулгаад байнаа арай дэндүү юм аааааааа
Гэр хорооллыг дахин төлөвлөх маш том бодит ажил эхлүүлж байгаа АН даа баярлалаа.Ман ынхан хэзээ ч гэр хорооллыг ярьж байгаагүй юм шүү гэр нэмж өгөөд зуух л өгнө гэж ярьдаг байсан одоо л нэг усанд орох газартай амьдарч байгаад үхэх цаг ирэх нь дээ баярлалаа одоо хүлээх л үлдлээ
Гэр хорооллыг дахин төлөвлөх маш том бодит ажил эхлүүлж байгаа АН даа баярлалаа.Ман ынхан хэзээ ч гэр хорооллыг ярьж байгаагүй юм шүү гэр нэмж өгөөд зуух л өгнө гэж ярьдаг байсан одоо л нэг усанд орох газартай амьдарч байгаад үхэх цаг ирэх нь дээ баярлалаа одоо хүлээх л үлдлээ
Хамгийн их уншсан